Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/00139

 

  

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/05066 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

28,930,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, 23,100,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК, ******* органик ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* нь 5 жилийн өмнө сүлжээний бизнес хийж байхдаа *******тэй танилцаж найзууд болсон. ******* нь өөрт нь болон ар гэрт мөнгөний асуудал тулгарсан зэргээр *******оос тусламж хүсэж, мөнгө байвал өгөөч, тодорхой хугацааны дараа боломжтой болоод эргүүлэн өгнө гэж хэлж, дараах мөнгийг ******* банк ХК дахь өөрийн ******* тоот данс, ******* банк ХК дахь ээж *******ийн тоот дансаар авч ашигласан. 2021.12.06-ны өдөр 17,000,000 төгрөг, 2022.03.14-ний өдөр 300,000 төгрөг, 2022.03.27-ны өдөр 500,000 төгрөг, 2022.04.18-ны өдөр 3,100,000 төгрөг, 2022.05.18-ны өдөр 400,000 төгрөг, нийт 21,300,000 төгрөг.

Мөн ******* нь *******ийн дээрх дансаар дамжуулан 2021.08.25-ны өдөр 300,000 төгрөг, 2021.08.31-ний өдөр 200,000 төгрөг, 2021.09.13-ны өдөр 600,000 төгрөг, 2021.09.23-ны өдөр 500,000 төгрөг, 2021.10.05-ны өдөр 100,000 төгрөг, 2021.10.12-ны өдөр 50,000 төгрөг, 2021.10.16-ны өдөр 300,000 төгрөг, 2022.03.04-ний өдөр 30,000 төгрөг, 2022.04.26-ны өдөр 100,000 төгрөг, 2022.05.10-ны өдөр 4,500,000 төгрөг, нийт 6,680,000 төгрөг, ******* банк ХК дахь өөрийн дансаар 2021.10.30-ны өдөр 100,000 төгрөг, 2021.11.17-ны өдөр 100,000 төгрөг, 2021.12.01-ний өдөр 150,000 төгрөг, 2022.06.06-ны өдөр 350,000 төгрөг, 2022.06.10-ны өдөр 150,000 төгрөг, 100,000 төгрөг, нийт 950,000 төгрөг, бүгд 7,630,000 төгрөгийг авсан.

******* нь *******тэй 2022.08.09-ний өдөр уулзаж мөнгө хэрэг болсон тул өгсөн мөнгөө бөөнд нь авах талаар хэлэхэд буцааж өгөхгүй гэх зүйл хэлсэн. Дээрх мөнгийг хариу төлбөргүйгээр өгөх үүрэг үүсээгүй, тухайн мөнгийг хариу төлбөртэй, зээлдүүлэгчид өөрт нь хэрэг болсон даруй буцааж авах нөхцөлөөр өгсөн. Талууд хооронд үүссэн энэ харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг амаар харилцан тохиролцож байгуулсан гэж үзэхээр байна. Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндсэн шинж нь нэг талаас зээлийн гэрээний санал гаргах түүнийг хүлээн авснаар байгуулагддаг. Өөрөөр хэлбэл харилцан хүсэл зоригоо илэрхийлснээр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцох үндсэн шинжийг агуулдаг. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч ******* үүргээ биелүүлж зээлдэгч *******д 21,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Талууд зээлийг буцааж төлөх талаар хугацаа тогтоогоогүй тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгчийн буцаан шаардсанаар зээлдэгч мөнгийг буцаан төлөх үүрэгтэй гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* нь 2021 онд сүлжээний бизнес хийж, компанийн маркетинг, борлуулалтаар хамтарч ажиллах саналыг *******д тавьсны үндсэн дээр ******* нь өөрийн ажиллаж байсан компанийн төслөөсөө чөлөө авч, *******той хамтарч ажиллахаар болсон. *******, ******* нар анд найзын харилцаатай байсан. Талууд хамтарч дотоодын брэнд болох Чанар брэндийн биеийн тамирын хослол, гоо сайхны бүтээгдэхүүн, савангийн үйлдвэрлэлийг хийхээр болж, ******* борлуулалт, маркетингийг хариуцан сарын 1,500,000 төгрөгийн цалин, нэмэлтээр борлуулалтын орлогын 3 хувийг авахаар тохиролцсон. ******* ХХК болон ******* органик ХХК шинээр үүсгэн байгуулагдсан компани учраас баримт бичиг, үйл ажиллагаагаа жигдрүүлж амжаагүй байсан. 2021 онд компанийн үйл ажиллагаа жигдэрч эхэлж байсан учраас хөрөнгө оруулалт татахаар ажиллаж, хөрөнгө оруулалт авч чадах юм бол тухайн хөрөнгө оруулалтаасаа 50,000,000 төгрөгийн урамшууллыг олгох талаар талууд харилцан тохиролцож хамтарч ажилласан. 2021 оны 07 дугаар сараас хойш ******* компанийн маркетинг хийснээр компанийн нэр хүнд, борлуулалт өссөн. Улмаар тухайн компаниуд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулан олон нийтэд танигдсан брэнд бүтээгдэхүүнтэй болсон. *******г ажиллаж байх хугацаа буюу 2021-2022 онуудад компанийн борлуулалт огцом өсөж, хөрөнгө оруулалт татаж, ажилчдын тоо нэмэгдсэн. Үйл ажиллагаа жигдрээгүй байсан компанийг өнөөдрийн түвшинд авчрах хэмжээнд ажиллаж чадсан тул 2022 онд *******г шилдэг ажилтнаар шагнаж, өргөмжлөл олгон, хамт олноороо хэлэлцэж компанийн 5 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. ******* сарын 1,500,000 төгрөгөөр цалинжиж, борлуулалтын 3 хувийн урамшууллаа биеийн тамирын хослол хувцасны компани болох ******* ХХК, саван үйлдвэрлэлтэй холбоотой ******* органик ХХК-аас тус тусад нь авдаг байсан. Энэ талаар гэрчийн и-мэйлд хийсэн үзлэгийн тэмдэглэлээс харах боломжтой. ******* 2022 оны 06 дугаар сараас хойш ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн. Ажиллахгүй болсон талаар мэдэгдсэнтэй холбоотой ******* 17,000,000 төгрөг болон холбогдох мөнгийг хариуцагчид өгсөн. Нэхэмжлэгч, хариуцагчтай аман тохиролцоо хийсэн ба ямар нэгэн байдлаар хөлсөөр ажиллах, хөдөлмөрийн гэрээ, бичгийн гэрээ байгуулаагүй. Энэ байдлаас болж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах нөхцөл бий болж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* нь хамаарал бүхий 2 компанийн талаас дээш хувийн хувьцаа эзэмшигч. Нэхэмжлэгч анх хариуцагчид хамтран ажиллах саналыг тавьсан бөгөөд цаашид урамшуулал олгохоо хүлээн зөвшөөрч, өөрийн дансаар урамшуулал олгосон. Хэрвээ зээлсэн бол зээлсэн гэх агуулга бүхий гүйлгээний утга байх нь зүйтэй. Компани мөнгөгүй үед захирлын дансаар хийгдсэн цалин гэх утгатай гүйлгээ нь цалин, ******* гэх утгатай гүйлгээ нь бусдад зээлсэн мөнгө байна гэж ойлгож болохгүй. Үүгээр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлох боломжгүй. Би зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэж байгаа учраас үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* нь ******* ХХК, ******* органик ХХК-ийн борлуулалт, менежмент дээр ажиллах санал тавьсныг ******* зөвшөөрсөн. Компани үүсгэн байгуулагдаад 4 жил гаруй болсон хэдий ч борлуулалт менежмент тал дээр дутагдалтай зүйлүүд их, тогтворжиж эхлээгүй байсан. Бид үндсэн цалин 1,500,000 төгрөг дээр борлуулалтын үнийн дүнгийн 3 хувийг хоёр удаа хувааж авахаар тохиролцож ажлаа эхэлсэн. 2021 оны 10 дугаар сард анхны хөрөнгө оруулалт яригдаж байх үед хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******од хандан амьдралд мөнгө хэрэгтэй байгаа талаар хэлж, хөрөнгө оруулалтаас нэг удаа 50,000,000 төгрөгийг гаргаж өгөх хүсэлтийг тавьсан. Тэр үед ******* ХХК-д 400,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, шаардлагатай өөрчлөлтийг хийж үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн. Монголдоо япон стандартыг нийлүүлж, Шинэ монгол харүмафүжи сургуультай гэрээ байгуулсан. Үүний дараа борлуулалтын алба дахин зохион байгуулалтад орж, том гэрээнүүдийг байгуулсан. Цар тахлын үед хил гааль хаалттай, дотоодын үйлдвэрлэгчдийн хямралтай үед ч бид борлуулалтын хэмжээгээ хангалттай өсгөж чадсан. Цаг үеийн нөхцөл байдалд тулгуурлан чухал шийдвэрийг тухай бүрт гарган компанид ашигтай байдлаар хамтарч ажилласан. Сошиал хуудсаар цөөн тоогоор борлуулагддаг байсан органик бараа бүтээгдэхүүнийг ажилд орсон ондоо дистрибьютр компаниудаар дамжуулан 300 гаруй цэгт худалдсан. Мөн томоохон сүлжээ дэлгүүрүүд , , , т зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд бараагаа нийлүүлж эхэлсэн.

Анх хөрөнгө оруулалт орж ирсний дараа *******ын амалсан амлалтыг сануулж, 17,000,000 төгрөгийг гаргуулан авсан, ярилцаж тохиролцсон урамшууллаа авч байна гэж ойлгосон. ******* нь 2022 оны 06 дугаар сар хүртэл компанид хоёргүй сэтгэлээр хандан ажиллаж ирсэн. Гэтэл ******* нь урамшуулалд олгосон мөнгийг зээлсэн гэж нэхэмжилсэн. Ажил үүрэг гүйцэтгэх хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Бид хөлсөөр ажиллах гэрээг амаар байгуулсан. Гэрээний хугацаанд нэг удаагийн 50,000,000 төгрөгийн урамшуулал, ажил үүрэг гүйцэтгэх хугацаанд сар бүр 1,500,000 төгрөгийн цалин, борлуулалтын 3 хувийг цалингийн урамшуулал байдлаар авахаар харилцан тохиролцсон. Гэрээ байгуулахдаа тодорхой хугацаа тохиролцохгүйгээр ******* ХХК, ******* органик ХХК-уудын борлуулалт, маркетингийн үйл ажиллагааг хэвийн хэмжээнд хүрэх хүртэл ажил үүргийг хариуцан явуулахаар харилцан тохиролцсон. Тус хоёр хуулийн этгээдийн борлуулалт, маркетинг менежмент хэвийн хэмжээнд хүрсэн хэмээн сөрөг нэхэмжлэлээ гаргасан байгаа тул 50,000,000 төгрөгийн үлдэгдэл 23,100,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* нь *******тэй 50,000,000 төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгоно гэх гэрээ байгуулаагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийг үндэслэж гаргаж байна гэж ойлгож байна. Хууль зүйн хувьд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар урамшуулал яригдахгүй, хөлсөөр ажиллах гэрээний хөлс гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу цалин хөлс байдаг. Гэтэл хөлсөөр ажиллах гэрээтэй холбогдуулж *******оос урамшуулал нэхээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлд ******* нь *******од хандан амьдралд нь мөнгө хэрэгтэй байгаа талаар хэлж, хөрөнгө оруулалтаас нэг удаа 50,000,000 төгрөгийг гаргаж өгөөч гэх хүсэлтийг тавьсан тухай бичсэн байна. Өөрөөр хэлбэл, ******* амьдрал ахуйд мөнгө хэрэгтэй байна, зээлээч гэдэг хүсэл сонирхлыг илэрхийлсний дагуу ******* буцааж авах хариу төлбөртэй мөнгө зээлдүүлсэн. ******* нь зээлсэн мөнгөө урамшуулал гэж ойлгоод яваад байсан байна.

******* компанид ажилласан, компани *******г ажиллуулсан нь үнэн, компани хариуцагчийн ажилласан хугацааны цалинг өгсөн. ******* компанид ажиллаад, давхар *******той хөлсөөр ажиллах тохиролцоотой байсан буюу нэг үйл явдалд хоёр төрлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна. Хэрвээ компанид ажилласан бол компанитайгаа гэрээгээ дуусгаад, урамшууллаа дуусгаад явна. Хөдөлмөрийн тухай хуулиар урамшууллыг зохицуулна, цалингийн бүрдэл хэсгийн нэг хэлбэр. Тус хуульд зааснаар хөдөлмөрийн хөлс, урамшуулалтай холбоотой маргаан байгаа бол ажилтан нь ажил олгогч байгууллагаасаа 90 хоногийн дотор шаардаж асуудлаа шийдвэрлүүлэх ёстой. Гэвч хариуцагч 90 хоногт шаардлага гаргаагүй байж ажилласан хугацааны урамшуулал авах ёстой гээд хувьцаа эзэмшигчээс нэхэмжилж байна.

Хөлсөөр ажиллах гэрээ, түүнтэй адилтгах бусад үүрэг үүсгэсэн гэрээ талуудын хооронд огт байгуулагдаагүй, 50,000,000 төгрөгийн урамшуулал олгоно гэдэг зүйл байгаагүй, *******оос *******д 50,000,000 төгрөг төлнө гэх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч шаардлагаа нотлоогүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК, ******* органик ХХК тус тус шүүхэд тайлбар гаргаагүй байна.

 

6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 28,930,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******од холбогдох хариуцагч *******гийн 23,100,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 401,480 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 273,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 401,480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1.Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагап нийцээгүй.

Талууд бичгээр гэрээ байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 17,000,000 төгрөгийг андаас нь гэсэн утгаар ******* банк ХК дахь ******* тоот хариуцагчийн дансанд, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд 4 удаагийн гүйлгээгээр 4,300,000 төгрөгийг Нямод, Гантүвшин гэсэн утгаар ******* банк ХК дахь тоот *******ийн дансанд тус тус шилжүүлсэн ба үүнийг зээлийн гэрээний харилцаа гэж тодорхойлсон. Дээрх 2 дансны дэлгэрэнгүй хуулга хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч нь дурдсан цаг хугацаанд ойролцоо үнийн дүн, ижил утга бүхий төлбөрүүдийг хариуцагчид шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх уг төлбөрүүдийг зохигчийн шаардлага, татгалзалд хэрхэн хамааралтай, ач холбогдолтой талаар тодруулаагүй, талуудыг мэтгэлцүүлээгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх үүргээ биелүүлээгүй. Мөн хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ******* ХХК, ******* органик ХХК-уудад борлуулалт, маркетингийг хариуцан ажиллахаао нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцалж гэрээний үлдэгдэл төлбөр 23,100,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдагдсан төлбөрүүд нь ******* ХХК, ******* органик ХХК-уудад холбоотой эсэхэд шүүхээс дүгнэлт өгч чадаагүй.

7.2.Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.1-т Нэхэмжлэгч *******, хариуцагч *******д 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 28,930,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтад талуудын хэн аль нь маргахгүй байна гэж буруу дүгнэсэн. Учир нь тоот данс буюу өөр хүний дансанд шилжүүлсэн баримт авагдсан байхад хариуцагчаас гаргуулахаар буруу шийдвэрлэсэн.

7.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гуравдагч этгээд ******* ХХК-аас 2020-2023 оны санхүүгийн тайлан, НӨАТ тайлан гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй, уг хүсэлтээр талуудын хэлэлцэн тохиролцсон гэх 50,000,000 төгрөгийн боломжийг хангаж хөрөнгө оруулалт татаж чадсан эсэхийг тодруулах байсан.

Мөн шийдвэрийн 5.1.2-т Иймээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхийн тулд хариуцагч *******д эргүүлж төлөх үүрэг хүлээсэн байх ёстой. Энэ талаар шүхээс дүгнэлт хийж, нэхэмжлэгч тал холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлдэгчээс зээлсэн мөнгө шаардсан талаар мэдэгдэл бичсэн чат зэргийг үндэслэж дүгнэх ёстой байсан. Хэрэв зээлсэн бол гүйлгээний утга андаас нь гэх мэтээр хийгдэхгүй, зээлэв гэсэн утгатай орж ирэх байсан. Шүүхэд хандах хүртэл ямар нэгэн байдлаар төлбөр шаардаж байгаагүй. ******* ХХК-ийн хувьцааг 2022.04.18-ны өдөр шилжүүлж өгсөн. Анх нэхэмжлэл гаргахдаа үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжилж байсан зэргийг харгалзан үзээгүй. Мөн ******* ХХК, ******* органик ХХК-уудад хоёуланд нь ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан, ярилцаж тохиролцож байсан 3 хувийн урамшууллаа шилжүүлж байсан, нэхэмжлэгч талаас 50,000,000 төгрөгийн хэлцэл хийсэн, цалин хөлс тохирсон, 3 хувийн урамшуулал эдлэх талаараа байнга мэдүүлж ирсэн. Талууд гэрээ байгуулалгүйгээр харилцан тохиролцож хуулийн этгээдийн борлуулалтыг нэмэгдүүлсэн тохиолдолд мөнгө хөрөнгө өгөх талаар нэхэмжлэгч нь амалсан, энэ нь баримтаар тогтоогдож, шалтгаант холбоо нь харагдаж байгааг шүүх бодитоор дүгнэж чадаагүй гэжээ.

 

8.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

8.1.Уг маргааныг өмнө анхан шатны шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээс зарим дансны хуулгыг тодруулах ёстой гэдэг байдлаар анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Буцаасан үндэслэлийн дагуу талуудаас гаргаж өгсөн баримтын хүрээнд шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэл гаргахдаа 23,100,000 төгрөгийг хөлсөөр ажиллах гэрээний гүйцэтгэлд авах ёстой ба уг гэрээг цуцалж байна, өмнө авсан 28,930,000 төгрөг хөлсөөр ажиллах гэрээний урамшуулалд авсан хөлс гэж маргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан талаар нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 50,000,000 төгрөгийг урамшуулалд олгох талаар нотлогдоогүй. Харин нэхэмжлэгч талаас 28,930,000 төгрөгийг хариуцагчид өгсөн нь нотлогдсон.

8.2.Төлбөр мөнгө шилжүүлсэн асуудал нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний асуудал гэдгийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Мөн давж заалдах гомдолд *******ийн дансаар 4,300,000 төгрөг авсныг *******гээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дурдсан. ******* нь *******гийн ээж нь бөгөөд хариуцагч ажиллаж байх хугацаандаа *******оос мөнгө зээл авахдаа ээжийнхээ дансаар авч байсан. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хариуцагчийн дансыг битүүмжилж барилт хийсэн. Уг хэрэгт 2022 онд анхан шатны шүүхэд *******ийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцохдоо *******ийн дансаар орсон мөнгийг хариуцагч авснаа хүлээн зөвшөөрсөн гэсэн учраас *******ийг хамтран хариуцагчаар татахаас татгалзсан.

Давж заалдах гомдолд шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.1-д 28,930,000 төгрөгт маргахгүй гэж хууль зүйн дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй гэсэн. Анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг тодруулахад хариуцагч мөнгө авсанд маргахгүй, харин хөлсөөр ажиллах гэрээний үлдэгдэл хөлсийг авах ёстой гэж маргасан гэсэн. Уг мөнгийг ******* авсан эсэхэд маргаагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

8.3.Мөн анхан шатны шүүх процессын алдаа гаргаж хэргийн оролцогчдыг мэтгэлцүүлээгүй гэх гомдол гаргасан боловч хариуцагчийг 5-6 удаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөө солих, хэргийн материалтай танилцах боломжийг олгосон. Хариуцагч шүүх хуралдаанд ирэх болгонд хүсэлт, шинээр нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргадаг. Гуравдагч этгээдээр татагдсан компаниудын нийгмийн даатгалын тайланг шүүхийн журмаар бүрдүүлж хэрэгт хавсаргасан. Хариуцагч сүүлд НӨАТ-ын тайланг гаргуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх уг хэрэгт ач холбогдолгүй гэх үндэслэлээр хангахгүй орхисон.

Иймд анхан шатны шүүх процессын алдаа гаргаагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,930,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөлсөөр ажиллах гэрээний урамшуулалд 23,100,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3.Хэрэгт авагдсан баримтаар дор дурдсан үйл баримт тогтоогдсон байна.

3.1.Нэхэмжлэгч нь ******* банк ХК дахь өөрийн эзэмшлийн тоот данснаас 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд 21 удаагийн гүйлгээгээр нийт 28,930,000 төгрөгийг ******* банк ХК дахь хариуцагчийн эзэмшлийн ******* тоот данс, хариуцагчийн ээж гэх *******ийн эзэмшлийн ******* банк ХК дахь тоот дансанд шилжүүлсэн.

3.2.Хариуцагч нь 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 06 дугаар сард нэхэмжлэгчийн хамаарал бүхий ******* ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байсан.

Дээрх үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

4.Нэхэмжлэгч нь 28,930,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн тул хариуцагч буцаан төлөх үүрэгтэй гэж, хариуцагч нь нэхэмжлэгч уг мөнгөн хөрөнгийг ******* ХХК, ******* органик ХХК-ийн борлуулалтыг хариуцан ажилласны урамшуулалд олгосон тул буцаан төлөх үндэслэлгүй, урамшууллын үлдэгдэл 23,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тус тус тайлбарлаж мэтгэлцжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

 

4.1.Зохигчид бичгээр гэрээ байгуулаагүй байх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дээр дурдсан мөнгөн шилжүүлгүүдэд үндэслэн гаргасан.

а.Уг шилжүүлгийн баримтуудад гүйлгээний утгыг нямод, нямодоос, гантүвшин, андаас нь гэж бичсэн байх бөгөөд зээл олгох агуулга тусгагдаагүй байна.

б.Мөн 21 удаагийн гүйлгээний цаг хугацаа, давтамж, дүнг хооронд нь харьцуулбал, 2021 оны 10 дугаар сараас (100,000 төгрөг, түүнээс бага дүнтэй гүйлгээ хийсэн) бусад хугацаанд сард гол төлөв 2 удаагийн давтамжтай хийгджээ.

Тодруулбал, 2021.08.25-ны өдөр 300,000 төгрөг, 2021.08.31-ний өдөр 200,000 төгрөг, 2021.09.13-ны өдөр 600,000 төгрөг, 2021.09.23-ны өдөр 500,000 төгрөг, 2021.10.05-ны өдөр 100,000 төгрөг, 2021.10.12-ны өдөр 50,000 төгрөг, 2021.10.16-ны өдөр 300,000 төгрөг, 2021.10.30-ны өдөр 100,000 төгрөг, 2021.11.17-ны өдөр 100,000 төгрөг, 2021.12.01-ний өдөр 150,000 төгрөг, 2021.12.06-ны өдөр 17,000,000 төгрөг, 2022.03.14-ний өдөр 300,000 төгрөг, 2022.03.27-ны өдөр 500,000 төгрөг, 2022.04.18-ны өдөр 3,100,000 төгрөг, 2022.04.26-ны өдөр 100,000 төгрөг, 2022.05.10-ны өдөр 4,500,000 төгрөг, 2022.05.18-ны өдөр 400,000 төгрөг, 2022.06.06-ны өдөр 350,000 төгрөг, 2022.06.10-ны өдөр 250,000 төгрөг.

в.Харин 2022.03.04-ний өдрийн 30,000 төгрөгийн гүйлгээ бензин гэсэн утгатай байх ба нэхэмжлэгч нь ийм утга бүхий бусад төлбөрийг нэхэмжлэлд оруулаагүй гэж тайлбарласан тул энэ гүйлгээг талуудын маргаанд хамааралгүй гэж үзэв.

4.2.Үүний зэрэгцээ тухайн цаг хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчийн хамаарал бүхий ******* ХХК-д борлуулалтын менежерээр сард 1,500,000 төгрөгийн үндсэн цалин, мөн хийсэн борлуулалтын 3 хувиар тооцон урамшуулал авах нөхцөлөөр ажиллаж байсан болох нь тус компанийн нягтлан бодогч Э.Мөнхжаргал, хүний нөөцийн ажилтан Г.Нямжаргал нарын гэрчийн мэдүүлгүүд, цалингийн баримтууд, Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлангууд, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

4.3.Дээрх үйл баримтаас дүгнэхэд, нэхэмжлэгч нь 28,930,000 төгрөгийг зээлийн гэрээний үндсэн дээр хариуцагчид шилжүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна. Учир нь, зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн харилцан илэрхийлэл бөгөөд нэг талаас зээлдүүлэгч нь зээлдэгчийн хүссэн мөнгийг чөлөөтэй, эсхүл тодорхой зорилгоор захиран зарцуулах эрхтэй шилжүүлэх, нөгөө талаас зээлдэгч нь хүлээн авсан мөнгийг тодорхой хугацааны дараа хүүтэй эсхүл хүүгүйгээр буцаан төлөхөөр харилцан тохиролцдог. Хэргийн баримтаар зохигч талуудын хүсэл зоригийн ийм илэрхийлэл тогтоогдоогүй ба мөнгөн хөрөнгийн аливаа шилжүүлэг нь зээлийн гэрээ байгуулагдсаны нотолгоо болохгүй юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг хариуцагчтай зээлийн гэрээ байгуулж, түүнд зээл өгсөн болохоо нотолж чадаагүй гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх хэргийн оролцогчдын нотолгооны үүргийг буруу хуваарилж, мөнгөн хөрөнгийг урамшуулалд авсан гэх татгалзлаа хариуцагч нотлоогүй гэж дүгнэж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

4.4.Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч болон ******* ХХК, ******* органик ХХК-уудын хооронд үүссэн гэрээний харилцаа, тэдгээрийн үүргийг тодорхойлох боломжгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн зүйл нь уг гэрээний үүрэг болоогүй нөхцөлд энэ талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх үндэслэлгүй.

4.5.Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь 28,930,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, түүнд холбогдуулан гаргасан 28,930,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

5.Харин ...гуравдагч этгээд ******* ХХК-аас 2020-2023 оны санхүүгийн тайлан, НӨАТ-ын тайлан гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй... гэсэн агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй. Анхан шатны шүүх хариуцагч талын уг хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

6.Хариуцагч нь хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 23,100,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан ба анхан шатны шүүх тэдгээрийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт улсын тэмдэгтийн хураамж 302,600 төгрөг төлсөн байх тул түүнийг шүүхийн шийдвэрийг энэ хэмжээгээр зөвшөөрөөгүй буюу сөрөг нэхэмжлэлд холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/05066 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******д холбогдох, 28,930,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******од холбогдох, 23,100,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 302,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД   Ч.ЦЭНД

 

 Д.ЗОЛЗАЯА