| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04998/И |
| Дугаар | 210/МА2025/00215 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/00215
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/05297 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох
7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Миний бие нэг нутгийн дүү болох *******тэй 2022 оны 05 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Цэцэрлэг суманд аавынх нь ажил явдал дээр таарахад надад Би нэг койнд орсон ашиг ихтэй байгаа, хадам ээждээ койн цуглуулж байгаад байр авч өгсөн. Та элсээч, би таныг Ултима койнд оруулж өгнө, 1 жилийн хугацаатай байршуулна, 3 сарын дотор үндсэн мөнгөө буцаан авна, үлдсэн нь таны ашиг болно гэж хэлсэн. Үүнд итгээд би банкнаас 7,000,000 төгрөгийн зээл авч, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******* банк ХК дахь *******гийн ******* тоот данс руу шилжүүлсэн бөгөөд 3 сарын хугацаанд үндсэн мөнгөө өгөөгүй. Архангай аймаг дахь Цагдаагийн газарт 2023 оны 04 дүгээр сард гомдол гаргахад ******* удахгүй өгнө гэж мэдүүлсэн. Үүнээс хойш *******тэй холбогдож мөнгөө өгөхийг шаардахад байр зарагдахаар өгнө, ээжийн бие тааруу байна гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан надаас зээлж авсан 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
******* нь Архангай аймгийн Цэцэрлэг суманд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр аавыг минь нас барах үеэр манай аавынд ирсэн. Би энэ үед Ултима койнд хөрөнгө оруулалт хийсэн байсан. Манай суманд ч мэдээлэл аль хэдийн тараад ******* эгч ч сонссон байсан. Намайг Улаанбаатар хотод буцаж ирснээс хойш сарын дараа 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******* нь миний данс руу койн авна гэж 7,000,000 төгрөг хийсэн. Би энэ мөнгөөр нь тухайн өдөр Ултима койн авсан, ханш нь 28,399 доллар байсан. Тэгээд Фрэйм /Fram/ 550 багцыг 2,000,000 төгрөгөөр авч, өөрийнх нь нэр дээр аккаунт үүсгэсэн байгаа, уг компани одоо ч үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн үеэсээ ханш нь унасан, 6, 7 дугаар сард 1,000,000 төгрөгийн ашиг гарах юм байна авах уу гэхэд наадахаар чинь яах юм бэ, ханш өсөхийг харъя гэж ярьсан боловч намайг Архангай аймгийн Цагдаагийн газарт 2023 онд өгч шалгуулсан. Энэ мөнгийг би хувьдаа зээлж аваагүй учраас төлөхгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан *******гээс 7,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******гээс 126,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэж буруу дүгнэжээ. Бодит байдал, хэргийн үйл баримт нь нэхэмжлэгч *******гийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлд ******* надад хандаж нэг койнд орсон ашиг ихтэй байгаа, та элсээч би таныг Ултима койнд оруулж өгнө, нэг жилийн хугацаатай байршуулна, 3 сарын дотор үндсэн мөнгөө буцааж авна, үлдсэн нь таны ашиг болно гэж хэлсэн. Миний бие итгээд 7,000,000 төгрөгийг банкнаас зээл авч 2022 оны 05 дугаар сарын 30-нд *******гийн ******* банк ******* тоот дансанд шилжүүлсэн гэсэн тайлбар нь сайн дураараа виртуал зах зээлд хөрөнгө оруулалт хийсэн болох нь гэрч болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байхаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна.
4.2. Гэтэл шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, илт хууль бус шийдвэр гарсан бөгөөд нэхэмжлэгч ******* нь өөрийн санаачилгаар сайн дураараа 7,000,000 төгрөгийг виртуал зах зээлд койн худалдаж авах зорилгоор хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоосон нотлох баримт болон оролцогч нарын мэдүүлгийг тал бүрээс нь үндэслэж бодитой дүгнэлт өгч чадаагүй, хуульд нийцээгүй шийдвэрийг гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1.******* нь надаас 7,000,000 төгрөг аваад 3 сарын дотор энэ мөнгөний чинь ашиг танд орж ирнэ, тэр үед танд энэ мөнгийг чинь эргүүлж өгье гэж хэлсэн. Гэвч хариуцагч хугацаандаа мөнгөө төлөхгүй байсан тул мөнгөө өгөөч гэж шаардахад хариуцагч ээжийн бие муу байна, байр зарагдахгүй байна гэдэг байсан. Надад койн байхгүй. Миний дүү *******гийн нэр дээр койнд орсон. Би өөрийн мөнгөө буцааж авах хүсэлтэй байна.
5.2.Талуудын хооронд хөрөнгө оруулалт хийхтэй холбоотой гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгч ******* рүү мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ Энхбуян гэж бичсэн. *******тэй түүний аавын ажил явдал дээр таарахад ******* нь би өөрөө койн аваад орон сууц худалдаж авсан. Надад хөрөнгө мөнгө хэрэгтэй байна, 7,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлээч гэж хэлэхэд нэхэмжлэгч мөнгө зээлсэн боловч хариуцагч зээлийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй, зээлсэн мөнгөө эргүүлэн авахаар хариуцагчаас удаа дараа шаарддаг байсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш хэсэг хугацааны дараа уулзах гэтэл койны газраа намайг хүлээж авсан. Тухайн үед нэхэмжлэгчийн нэр дээр койн үүсгэсэн талаараа хэлээгүй. Хариуцагч хамт ажилладаг байсан 2 хүнээ гэрчийн мэдүүлэг өгүүлсэн. ******* ******* гэх хаягаар койны аккаунт үүсгэсэн гэж тайлбарладаг. ******* гэдэг хүн ******* хүн биш.
5.3.*******гаас авсан мөнгийг ******* өөрийн дансаар авч, буцаагаад өөр хүний данс руу буюу өөрийнхөө хамаарал бүхий этгээд рүү шилжүүлсэн. Үүнээс харвал талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******* банк ХК дахь хариуцагчийн ******* тоот дансанд 7,000,000 төгрөгийг Энхбуян гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн талаар зохигч маргаагүй байна.
4.Нэхэмжлэлд шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ ... ******* Би нэг койнд орсон ашиг ихтэй байгаа, хадам ээждээ койн цуглуулж байгаад байр авч өгсөн. Та элсээч, би таныг Ултима койнд оруулж өгнө, 1 жилийн хугацаатай байршуулна, 3 сарын дотор үндсэн мөнгөө буцаан авна, үлдсэн нь таны ашиг болно гэж хэлсэн. Үүнд итгээд би банкнаас 7,000,000 төгрөгийн зээл авч, *******гийн данс руу шилжүүлсэн гэж,
хариуцагч нь нэхэмжлэгч 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр миний данс руу койн авна гэж 7,000,000 төгрөг хийсэн. Би энэ мөнгөөр нь тухайн өдөр нь Ултима койн авсан ... фрэйм /Fram/ 550 багцыг 2,000,000 төгрөгөөр авч өөрийнх нь нэр дээр аккаунт үүсгэсэн. ...Энэ мөнгийг би хувьдаа зээлж аваагүй гэж тус тус тайлбарлаж мэтгэлцжээ.
Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь дээрх 7,000,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн агуулгаар тайлбарлажээ.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагчийн татгалзал баримтаар тогтоогдоогүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөөр түүний нэр дээр койн худалдан авсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, гэрч гийн Би ******* эгчийн нэрээр *******, нууц үг нь *******amp; гэсэн мэйл хаяг нээгээд нууц дугаарыг нь Долгорсүрэн эгчид өгсөн гэх мэдүүлэг өөр нотлох баримтаар тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ. Хариуцагчийн хариу тайлбарт хавсаргасан 3 хуудас бичгийн баримт дээрх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, мөн хариуцагч 7,000,000 төгрөгийг ******* банк ХК дахь тоот дансанд dogoo гэсэн утгаар шилжүүлснийг түүний татгалзлыг нотлосон баримт гэж үзэх үндэслэлгүй байна.
6.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон боловч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж алдаатай дүгнэснийг дор дурдсанаар залруулна.
Зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн харилцан илэрхийлэл бөгөөд нэг талаас зээлдүүлэгч нь зээлдэгчийн хүссэн мөнгийг чөлөөтэй, эсхүл тодорхой зорилгоор захиран зарцуулах эрхтэй шилжүүлэх, нөгөө талаас зээлдэгч нь хүлээн авсан мөнгийг тодорхой хугацааны дараа хүүтэй эсхүл хүүгүйгээр буцаан төлөхөөр харилцан тохиролцдог. Хэргийн баримтаар зохигч талуудын хүсэл зоригийн дээрх илэрхийлэл тогтоогдоогүй ба мөнгөн хөрөнгийн шилжүүлэг нь зээлийн гэрээ байгуулагдсаны нотолгоо болохгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг тусгасан байгааг шүүх анхаараагүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн этгээд болон хөрөнгө олж авсан этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгч этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас түүнд шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг буцаан шаардсан нь үндэслэлтэй.
7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/05297 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 282 дугаар зүйлийн 281.1 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА