| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2023/02202/И |
| Дугаар | 210/МА2024/02162 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/02162
2024 12 13 210/МА2024/02162
П.С , Б.Д нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалагч, шүүгч Ч.Цэнд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч П.С , Б.Д нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч П.М т холбогдох
Хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн 62,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл, алданги болон хохирол 109,053,700 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хандмаа, Б.Эрдэнэсувд, хариуцагч П.М , хариуцагчийн өмгөөлөгч Л.Нинжбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.П.М нь 2019 оны 09 дүгээр сард Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулдаг 365 үйлчилгээний төвийг 350,000,000 төгрөгөөр худалдах саналыг П.С , Б.Д нарт тавьсан. Бид ярилцаад урьдчилгаанд 60,000,000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг графикаар төлөхөөр тохирсон. Тухайн үед П.М нь Америк явах виз, онгоцны тийзийн хугацаа тулсан учир эд хөрөнгийн тооллого хийж хүлээлцэх завгүй байна гэсээр яарч сандарч байсан учир гэрээнд яаруу сандруу гарын үсэг зурж түлхүүрийг гардаж авсан. Ингээд бид П.М ээс түүний өмчлөлийн Хөвсгөл аймаг, Тосонцэнгэл сум, *** дугаар баг, Бөмбөн толгой хороололд байрлах, эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай, үйлчилгээний зориулалттай, *** м.кв ашигтай талбайтай, буудлын 6 өрөө, угаалгын өрөө, үйлчилгээний заал, үйлчлүүлэгчийн ариун цэврийн 2 өрөө, дэлгүүр, кафе, гал тогоо, ажилчдын ариун цэврийн өрөө, хөргүүрийн 2 камер, щитны өрөө, гонхны өрөө, тамбур бүхий 1 давхар *** зочид буудал, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төв болон дээрх хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, үйлчилгээний зориулалттай, *** м.кв ашигтай талбайтай, буудлын 8 өрөө, караоке 3 өрөө, үйлчилгээний заал, үйлчлүүлэгчийн ариун цэврийн 2 өрөө, гал тогоо, гонхны өрөө, тамбур бүхий 2 давхар 365 зочид буудал, үйлчилгээний төвийг хавсралт 1 хөрөнгө хүлээлцсэн актад заасан нийт тоног төхөөрөмж, эд хогшил, түүнчлэн төв замтай холбосон цардсан зам, тоосгон баганатай, 180 м блокон хашаа, автомашин орох 2 том хаалга, 2 явган хаалга, нэгж талбарын 611001504 дугаартай 2727 м.кв талбайтай эзэмшил газрын хамт нийт 350,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.
Гэрээ байгуулах үед П.М нь урьдчилгаа төлбөрт 60,000,000 төгрөг төлөөд ав, хэрэв хугацаандаа үлдэгдэл төлбөрөө төлж чадахгүй бол би өгсөн мөнгийг чинь буцааж өгөөд барилгаа буцааж авна гэж худалдан авах итгэл үнэмшил төрүүлсэн.
1.2.П.С нь П.М т итгэж 365 үйлчилгээний төвийг 1 жил 6 сарын хугацаанд харж хамгаалж, өвлийн хүйтэнд гал алдуулахгүй, паарыг хөлдөөхгүй, цахилгааны өрөнд орчихгүй шиг залгуулж, хичээж зүтгэж, зөвхөн нэг жилд 10 портер түлээ, 6 тн нүүрсээр галлаж, 2 өвлийг үйл ажиллагаа явуулахгүйгээр харж хамгаалсан, дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч бүх үйлчилгээ хаагдаж, орлогогүй, банкны болон хувь хүний зээлийн төлбөр, санхүүгийн хямралд өртсөн.
1.3.П.М нь буудал, рестораны эд хогшлоо шалгаж бүртгэж, цэвэрлэж, засвар хийж, улмаар Б.У гэх хүнд зарахаар тохиролцсон байсан. Тэрээр объектоо буцаан авч Б.У т өгсөн бөгөөд нэхэмжлэгч нарын шилжүүлсэн 62,000,000 төгрөгийг буцааж өгөхгүй байна.
1.4.Энэ бүх хугацаанд уг объектоо бидэнд зарж борлуулах хүсэл зориггүй, зөвхөн Үдийн цай хөтөлбөрөө үргэлжлүүлэн ажиллуулах, цар тахлын үед орлогогүй болно гэдгийг урьдаас мэдэж, түр ажиллуулж байх хүн хэрэгтэй байсан учраас биднийг олзлон дүр эсгэсэн гэрээ байгуулсан болох нь түүний сөрөг нэхэмжлэлээс тодорхой болсон. Мөн түүнчлэн хэзээ ч юу ч бэлэглээгүй хэрнээ гэрээний 1.4 дэх хэсэгт 543,298,240 төгрөгийн эд хогшил, тоног төхөөрөмж, биет бус хөрөнгийг бэлэглэнэ гэх мэтчилэн илт худал бичсэн. Гэрээний 3.3 дахь хэсэгт Энэхүү гэрээг байгуулахдаа худалдаж байгаа эд хөрөнгийн талаар хөлслөгч, барьцаалагч, түрээслэгч зэрэг гуравдагч этгээд байхгүй болохыг мэдэгдэж байна гэж илт худал бичиж, итгэл үнэмшил төрүүлсэн боловч уг объект нь гэрээ байгуулах тухайн үед Хаан банкны барьцаанд байсан байна. Түүгээр ч барахгүй сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг эд хөрөнгийг нэг бүрчлэн тоолж хүлээлгэж өгөөгүй бөгөөд дээр дурдсан шалтгаанаар яаруу сандруу нотариат дээр авч очиж, өөрийн бэлтгэж ирсэн гэрээнд маш яаралтай гарын үсэг зуруулж аваад явсан. П.М нь энэ бүгдийг урьдаас төлөвлөж, бэлтгэн хийсэн.
Иймд талуудын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө түүнд суурилуулсан тоног төхөөрөмж, эд хогшил, холбогдох бичиг баримтын хамт худалдах худалдан авах гэрээ нь дүр үзүүлсэн, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй хууль зөрчсөн гэрээ байсан тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээний дагуу шилжүүлсэн 62,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч П.М ийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.П.С нь 2019 оны 09 дүгээр сард 365 үйлчилгээний төвийг 450,000,000 төгрөгөөр худалдаж авах саналыг тавьсан бөгөөд 2019 оны 10 дугаар сард урьдчилгаанд бэлэн байгаа 40,000,000 төгрөг, ойрын хугацаанд нэмж 20,000,000 төгрөг, 2020 оны хавар 20 үхэр нөөцөлж 50,000,000 төгрөг, 2020 ондоо багтаан 3 азарга хурдны морио дуудлага худалдаанд оруулж 240,000,000 төгрөг төлж дуусгах амлалт өгсөн. П.С нь хурдны удмын адуутай, түүнийгээ уралдуулдгийг нутаг усныхан мэднэ, Улаанбаатар хотын орон сууц барьцаанд тавьж болно, бас том хүү нисгэгч, дунд хүү эмч, бага хүү багш, би өөрөө сургуульд ажилладаг санхүүгийн хувьд бололцоотой тул өөрсдийн хөрөнгөөр худалдаж авч чадна, худалдаж авсны дараа 2 давхар объектыг хувийн эмнэлэг болгоно гэж ярьж байсан.
Ингээд би өөрийн өмч болох Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар баг, Бөмбөнтолгой хороолол хаягт байрлах зочид буудал, үйлчилгээний төв, гараж, зогсоол, махны зоорь, хөргүүр гэх мэт эд хөрөнгийг худалдахаар 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө, түүнд суурилуулсан тоног төхөөрөмж, эд хогшил, холбогдох бичиг баримтын хамт худалдах, худалдан авах гэрээ-г байгуулахад П.С нь төлбөрийг 5 хувааж, 2021 оны 05 дугаар сар хүртэл хагас жилээр сунгаж, энэ хугацаанд бүрэн гүйцэд цаг хугацаанд нь төлбөрийг төлөх боломжтой гэж өөрийн гараар гэрээн дээр бичиж оруулан нотариатаар гэрчлүүлсэн.
2.2.Худалдах, худалдан авах гэрээнд тусгасан 350,000,000 төгрөг нь зөвхөн 2 объектын үнэ гэдгийг худалдан авагч талд ойлгуулж, дагалдах 2 газар, гүний худаг, эрчим хүч, гараж, 60 машины ил зогсоол, 2727 м.кв хашаа, зоорь, эд хогшил, тоног төхөөрөмж, цахилгаан барааг үнэгүй дагалдуулснаас гадна Т ХХК-ийн хэрэгжүүлж байсан сургуулийн Үдийн цайны гэрээ, тусгай зөвшөөрлүүд, стандарт шаардлагад нийцсэн ажлын байрны дүгнэлт, бусад хүчинтэй бичиг баримтууд, төлбөр тооцооны үлдэгдэлгүй санхүүгийн тайланг актаар хүлээлгэн өгсөн. Мөн хөрөнгө хүлээлцэх актыг өөрийн ажилчид болон худалдан авагч талтай нэг бүрчлэн бүртгэлжүүлэн хүлээлцэж, нотариатаар гэрчлүүлсэн. 2019 оны байдлаар Голомт банкны 60 хувиар тооцож зээлийн барьцаанд авах үнэлгээгээр 465.9 м.кв талбайтай нэг давхар объект 295,000,000 төгрөг, 2 давхар 558 м.кв талбайтай объект 377,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Харин газар, гараж, эд хогшил, тоног төхөөрөмж, бусад дагалдах зүйлсийн үнэлгээ тусдаа гэдгийг сайтар ойлгуулж, хүлээлгэн өгсөн.
2.3.Худалдан авагч П.С , Б.Д нар нь гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй, миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2 жилийн хугацаанд ашиглаж үйл ажиллагаа явуулж орлого олсон. Гэрээний төлбөрт 55,000,000 төгрөгийг л надад өгсөн.
Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1.П.С , Б.Д нар гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй тул 2021.03.12-ны өдөр тооллого хийж, 2021 оны 04 дүгээр сард эд хөрөнгөө буцаан хүлээж авахад 2 давхрын буудлын өрөөнүүдээс ус алдаж паркетан шалыг ухсан, рестораны уналттай тааз усны гэмтлээс хугарсан, гоёлын абажур, нүдэн гэрэл, лазер, калорифер, камерүүд шатсан, гадна автомашин ордог төмөр хашаа, тоосгон багана хугарсан, тоосгон хогийн савыг машинаар мөргөж нураасан, цахилгаан бараа, эд хогшил эвдэрч гэмтсэн, ширээ сандлууд дутсан, тос баригч, сангийн хоолой, септик өмхийрсэн, агааржуулалтын сэнс эвдэрсэн, гонхны өрөөний төмөр хаалга хаагдахгүй, усны насосыг шатааж орлуулж тавьсан, цонхны шилнүүд хагарсан, буудлын болон нийтийн ариун цэврийн өрөөний хаалгууд эвдэрсэн, цагаан хэрэглэл, ор дэр, караоке өрөөний тоног төхөөрөмж, буйдан гэмтсэн, 2 дугаар давхрын уулзалтын өрөөнд өөрсдөө амьдарч байхдаа зурагт үзэхийн тулд дээврийг цоолж антены утас оруулснаар борооны ус гоожиж тааз гэмтсэн, бүх зүйл бохир заваан, харанхуй, олон жилийн насжилттай юм шиг болгосон байсныг хагас сар засвар үйлчилгээ хийлгүүлсэн ч анхны байдалд оруулах боломжгүй байсан. Эд хөрөнгөнөөс гадна архины үйлчилгээг түлхүү явуулж байгууллагын нэр хүнд унасан, журмын дагуу тендерт ялаагүй гэх олон сөрөг үр дагаврын улмаас шинэ худалдан авагч Б.У т 300,000,000 төгрөгөөр худалдаж, 50,000,000 төгрөгөөр шууд хохирсон гэдгийг зориуд тэмдэглэж байна.
П.С нь Б.У т худалдсаныг мэдэж байсан төдийгүй надад бид 365 төвийг худалдаж авсан гэж сумынханд ойлгуулсан учраас больсон гэвэл суманд нүүр хийх газаргүй болно, хүмүүст зөвөөр ойлгуулж өгөөч гэсэн хүсэлт тавихад нь сумын удирдлага, захиргааны ажилчид, сургуулийн багш нар, бизнес эрхлэгчдийн төлөөллийн 30 орчим хүнийг ресторанд хүлээн авч, нөхцөл байдлыг тодорхой болгож үлдээсэн.
Б.Д нь Үдийн цай хөтөлбөрийг 2021 оны 05 дугаар сарыг дуустал гэрээний хугацаанд үргэлжлүүлвэл надад өгөх алдангиас барагдуулна гэсэн ч хууран мэхэлж, худалдан авагч Б.У бид хоёрыг төөрөгдүүлж 2022 оны 06 дугаар сар дуустал компанийн орлогыг авснаар дараагийн худалдан авагчийн боломжийг хаасан. Түүнчлэн компанийг ашиглан сургуулийн дотуур байр, мөн цэцэрлэгийн хүнсний тендерийн орлогыг авсан талаараа огт мэдэгдэж байгаагүй.
3.2.Иймд П.С , Б.Д нараас төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн алдангийг гаргуулна. Үүнд:
- 2019.11.15-ны өдрийн 20,0 сая төгрөгөөс 10,0 сая төгрөг 2019.12.06-ны өдөр төлж 10,0 сая төгрөг дутуу,
2019.11.15-2019.12.06, 21 хоног, 20,0 сая*0.1% 20,000 төг, 420,000 төгрөг,
2019.11.15-2020.01.17, 63 хоног, 10,0 сая*0.1% 10,000 төгрөг, 630,000 төгрөг,
2020.01.18-ны өдрийн 8,0 сая төгрөгөөс 2,0 сая төгрөг төлж 6,0 сая*0.1% буюу 6,000 төгрөг, 2020.01.18-2021.04.08, 450 хоног, 2,700,000 төгрөг,
Нийт 3,758,000 төгрөг,
- 2020.05.25-ны өдрийн 50,0 сая төгрөгөөс 2020.06.21-ний өдөр 1,0 сая төгрөг төлсөн,
2020.05.25-2020.06.21, 27 хоног, 50,0 сая*0.1% 50,000 төгрөг, 1,350,000 төгрөг,
2020.06.21-2021.04.08, 292 хоног, 49,0 сая*0.1% 14,308,000,
Нийт 15,658,000 төгрөг,
- 2020.09.30-ны өдрийн 150,0 сая төгрөгөөс төлөлт хийгдээгүй,
2020.09.30-2021.04.08, 190 хоног, 150,0 сая*0.1% 150,000 төгрөг, 28,500,000 төгрөг,
Нийт алданги 47,916,000 төгрөг (3,758,000+15,658,000+28,500,000).
3.3.Хоёр худалдан авагч төлбөрөө төлөөгүй тохиолдолд актад заасан тоног төхөөрөмж, эд хогшлын үнийг суутгаж, өмнө нь төлсөн мөнгийг буцаан олгохгүй байх эрхтэй гэж гэрээний 2.7-д тодорхой тусгасан. 2019 оны 10 дугаар сард худалдах, худалдан авах гэрээний хавсралтаар харилцан тохирч үнэлгээ тавьж хүлээлцсэн актыг худалдагч талаас миний бие болон хөндлөнгийн гэрч С.Э , худалдан авагч талаас П.С , Б.Д нар нэг бүрчлэн хүлээлцэж баримт үйлдэж баталгаажуулсан болно. Тус актын дагуу 2021.03.12-ны өдөр акт үйлдэхэд 219 нэр төрлийн эд хөрөнгөд 41,137,700 төгрөгийн шууд хохирол үүссэн байсныг 2 тал тооллого явуулж баталгаажуулсан, хохирлыг хүснэгтээр харуулсан. Актад үнэлгээ тавигдаагүй маш олон хохирлыг тооцоогүй.
3.4.Сан, холбоо дохиолол, цахилгаан, гадна зам талбай болон 2 объектын гэмтэл доголдлыг Улаанбаатар хотоос засварын бригад авчирч засварлуулсан. Ажлын хөлс, ирэх очих зардал, сан, цахилгаан, барилгын шаардагдах багаж хэрэгсэл зөөвөрлөх тээврийн зардал, хөдөлмөр хамгаалал зэргийг гүйцэтгэгч тал бүрэн хариуцаж, төлбөрийг 2 хувааж шилжүүлэхээр тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, засварын ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Ажлын нийт хөлс, зардал 2021.04.09-ний өдрийн 21/1 гэрээний дагуу 15,000,000 төгрөг болсон. Хөргөх, хөлдөөх 2 камер болон гал тогооны агааржуулалтын системд үүссэн гэмтэлд засвар үйлчилгээ хийлгэхэд 5,000,000 төгрөг болсон.
Иймд П.С , Б.Д нараас гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсний алдангид 47,916,000 төгрөг, хүлээн авсан эд хөрөнгөд учруулсан шууд хохирол болох 41,137,700 төгрөг, объектод хийсэн засвар, үйлчилгээний хөлс 15,000,000 төгрөг, хөргөх, хөлдөөх камер, агааржуулалтын системийн засвар, үйлчилгээний хөлс 5,000,000 төгрөг, нийт 109,053,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4.Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч нарын гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
4.1.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Мэргэжлийн байгууллагын зураг төсвийн дагуу 1,159,947,400 төгрөгийн бүртгэл хийлгүүлсэн, тоног төхөөрөмж, эд хогшил хөрөнгийн үнэ 543,298,240 төгрөг гэдэг. Хариуцагч нь миний эд хогшил, тоног төхөөрөмжид хохирол учруулсан гэж байна. Хэрвээ энэ гэрээгээ хүчин төгөлдөр гэж үзэж байгаа юм бол энэ гэрээний 1.4 дэх хэсгийн дагуу эд хогшлоо өөрөө бэлэглэчихсэн байна. Худалдах, худалдан авах гэрээнээс илүү үнийн дүнтэй эд хогшил, тоног төхөөрөмжийг бэлэглэчихсэн. Бэлэглэлийн гэрээ тусдаа байгуулаагүй боловч гэрээн дээр бол бэлэглэх гээд байгаа. Бэлэглэгчийг гомдоосон ноцтой ямар ч үйлдэл гаргаагүй. Бэлэглэлийн гэрээг цуцалсан гэх талаар ямар нэг баримт хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч нараас бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ буцааж авах гэж байгаа бол энэ бэлэглэлийн гэрээг буцаах хуулийн хугацаа өнгөрсөн.
4.2.Бид талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус учраас алдангийг төлөх болон учирсан хохиролтой холбоотой хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
4.3.Эд зүйл буцаан хүлээлгэн өгсөн гэх акт байна. Гэтэл 2019.10.29-ний өдрийн актад П.С гээд гарын үсэг зуруулсан, Б.Д гийн гарын үсэг байхгүй. Эд хөрөнгийн зураг авахдаа тухайн зураг авахуулж байгаа этгээдэд мэдэгдээгүй. Хариуцагч талын хүсэлтээр ирсэн гэрч Б.Э нь хэрхэн яаж хүлээлгэж өгсөн талаар би мэдэхгүй, мөн акт дээр зуруулсныг би мэдэхгүй гэдэг. Гэтэл хариуцагч талын тайлбарт хүлээлгэж өгөх болон хүлээн авахад Б.Э байсан гэж байна. Анх эд зүйлийг хүлээлгэж өгөөгүй, түлхүүрүүдээ зүгээр орхиод явчихсан, маш яаралтай виз гараад Америк явлаа гэж байсан, хаана нь ямар түлхүүр нь орохоо ч мэдэхгүй хэдэн хүн объектыг нь аваад үлдсэн, нотариат дээр дуудагдаад баахан цаасан дээр гарын үсэг зураад л үлдсэн. Дараа нь хүлээн авах үедээ тооллого хийхдээ нэхэмжлэгч нарыг биечлэн байлгасан боловч акт дээрээ юу бичээд, ямар үнийн дүн тавиад байгаа болохоо харуулаагүй, дарамталж байгаад уг баримтанд гарын үсэг зуруулсан байдаг.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 56.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө, түүнд суурилуулсан тоног төхөөрөмж, эд хогшил холбогдох бичиг баримтын хамт худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч П.М ээс 62,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Д , П.С нарт, нэхэмжлэгч нараас 34,000,000 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 75,053,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 2,375,900 төгрөг, хариуцагчаас төлсөн 865,067 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2,375,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт, нэхэмжлэгч нараас 327,950 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэсэн.
6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
6.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 4.5-д П.М нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй үндэслэлээр гэрээг цуцлах санал гаргаж хүлээлгэн өгсөн эд зүйлүүдэд нэг бүрчлэн тооллого хийх замаар буцаан хүлээн авсан болохыг талуудын хэн алин нь тайлбарласан гэжээ. Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нар нь эд зүйлүүдийг нэг бүрчлэн тооллого хийж хүлээлцээгүй, нэхэмжлэгч зөвхөн П.М ийн бэлдэж ирсэн хүлээлцсэн акт баримт дээр гарын үсэг зурсан талаар шүүх хуралдаан дээр тайлбарласан бөгөөд энэ талаар гэрч мэдүүлдэг.
6.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д Анх эд зүйлийг хүлээлгэж өгөөгүй, түлхүүрээ орхиод явчихсан байсан, яаралтай виз нь гараад Америк явлаа гэж байсан, хаана ямар түлхүүрээр орохоо мэдэхгүй хэдэн хүн объектыг нь аваад үлдсэн, нотариат дээр дуудагдаад баахан цаасан дээр гарын үсэг зураад л үлдсэн, дараа нь хүлээн авах үедээ тооллого хийж нэхэмжлэгч Б.Д г байлгасан боловч акт дээрээ юу бичээд, ямар үнийн дүн тавиад байгаа болохоо харуулаагүй, гарын үсэг зуруулсан гэх нэхэмжлэгчийн хариу тайлбарт ач холбогдол өгөөгүй. Мөн актын нэг хувийг нэхэмжлэгч нарт өгөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл энэ талаар шаардлага гаргаагүй байдаг. Нэхэмжлэгч талыг мөнгөө нэхэж шүүхэд хандах юм бол эргүүлээд нэхэх мэтээр бэлдсэн.
Анх ямар байдалтай хүлээж авсан болохыг гэрчүүд дурддаг, өөрөөр эд хөрөнгө хүлээлцэх үеийн акт баримтын хувийг нэхэмжлэгч талд өгөөгүй тул нотлох өөр зүйл байхгүй. Нэхэмжлэгч талд мэдэгдэхгүй баахан зураг нууцаар дарж, өөрийн ажилтнуудтай байгуулсан гэрээг хавсаргасан байсан. П.М ийн худлаа байгуулсан гэрээнээс үүдэн бусдаас их хэмжээний мөнгө зээлж 100 гаруй сая төгрөгийн өрийн дарамтанд орсон, хуурамч нотлох баримтыг үндэслэж П.М т өгсөн мөнгөнөөсөө 34 сая төгрөг хасуулах нь хохиролтой. Анхан шатны шүүх эд зүйлсийн нэг бүрчлэн тоолж хүлээж авсан мэтээр, авсан зүйлээ нэг бүрчлэн тооллого хийж хүлээлгэн өгсөн мэтээр худал дүгнэлт хийж шийдвэрээ гаргасанд гомдолтой.
6.3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан. Гэвч уг зүйл заалтын дагуу хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хохирол 34,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлхдээ энэхүү хэлцэлд буруутай этгээдийг нэхэмжлэгч нар гэж шүүх тодорхойлсон нь үндэслэлгүй.
Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
2019.10.29-ний өдрийн эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хавсралт буюу хэргийн 1 дэх хавтсын 104-119 дэх тал дахь акт нотариатаар батлагдсан, П.С , Б.Д нар тооллого хийгээд хүлээж авсан. Шүүх хуралдааны явцад эдгээр хүмүүс уг үйлдлийг хийхэд эрүүл саруул байсан уу, хийж байгаа үйлдлээ ухамсарлаж, ойлгож байсан уу гэхэд ойлгож байсан гэдэг. Түүнчлэн 2 жилийн дараа дахиад уг эд хөрөнгөө буцаагаад хүлээж авсан акт үйлдсэн. Уг акт нь хэргийн 1 дэх хавтсын 148-205, 2 дахь хавтсын 1-10 дахь талд байгаа. Актууд нотариатаар батлагдаж нэхэмжлэгч нарын гарын үсэг зурагдсан. Талууд ийм нотлох баримт үйлдчихээд өнөөдөр шүүхэд би юун дээр зурж байгаагаа мэдээгүй, бэлдээд ирсэн цаасан дээр зурсан гэх мэт тайлбар гаргаж, хүний эд хөрөнгийг эвдэж сүйтгэсэн хариуцлагаас зугтах гэж оролдож байна. Уг үйлдлийг нотлох зураг хөрөг, камерын бичлэг байдаг ба нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрдөг тул нөхөн төлөхөө илэрхийлж байсан.
2019.09.18-ны өдөр П.С , Б.Д нар Т.Ц р ХХК-ийг шилжүүлж авснаас эхлээд эд хөрөнгийг яаж ашиглах талаар 45 хоногийн сургалт өгсөн. 2019.10.29-ний өдөр эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч нар мэдээгүй түлхүүр авсан зүйл байхгүй. Цар тахал 2020 оны 01 дүгээр сард болсон ба би 2019 онд урьдчилан хараад мэдэх боломжгүй. Мөн сүүлд 2021 оны 03 дугаар сард нэхэмжлэгчид миний төлбөрийг дахин төлөх боломжгүй гээд 1 сарын хугацаа гуйсан, эвдрэл гэмтэл үүсгэснээ хүсэлтдээ бичсэн байдаг. Мөн актад зөвхөн гарын үсэг зураад орхиогүй, эд хөрөнгө хүлээлцэх үед С.Э гэдэг хүнийг гэрчээр оролцуулж нотариатаар баталгаажуулсан. Мөн худалдан авагч Б.Д хэргийн 1 дэх хавтсын 235 дахь талд, 2 дахь хавтсын 7, 8 дахь талын ард эвдсэн, алга болсон эд хөрөнгийг нэг бүрчлэн жагсааж бичсэн гэжээ.
8.Хариуцагчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
8.1.П.С гийн анхны нэхэмжлэлийн шаардлага нь худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд өгсөн 59,0 сая төгрөгийг гаргуулах байсан бөгөөд П.С нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 62,000,000 төгрөгийг гаргуулах, хамтран нэхэмжлэгчээр Б.Д г нэмэх, П.С , Б.Д нар худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцуулж, хүчин төгөлдөр бус гэрээний дагуу шилжүүлсэн 62,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасны дагуу хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар тодруулсан. П.М болон П.С , Б.Д нар 2019.10.29-ний өдөр "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнд суурилуулсан тоног төхөөрөмж, эд хогшил, холбогдох бичиг баримтын хамт худалдах, худалдан авах гэрээ"-г анхнаасаа сайн дурын үндсэн дээр, хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож байгуулсан талаар талууд маргадаггүй.
П.С , Б.Д нар 2021.03.14-ний өдөр П.М т гаргасан хүсэлтэд "Гэрээний дагуу график төлөлтөө цар тахал хөл хорио тогтоосонтой холбогдон үйл ажиллагаа бүрэн зогссон тул хийж чадаагүй" гэж, мөн шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ "тус төвийг худалдан авахаар ярилцан урьдчилгаанд 60,000,000 төгрөг өгөх гэрээ байгуулж, цувуулж өгсөөр 59,000,000 төгрөг шилжүүлсэн" гэж тодорхойлсон. Улмаар 2023.10.27-ны өдөр МҮХАҮТ-д гаргасан хүсэлтдээ "П.С миний бие бэр Б.Д тэй хамтран 465.9 м.кв болон 558 м.кв үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахаар гэрээ байгуулж үнийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон. Цар тахлын улмаас гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн" гэж үйл баримтыг тодорхойлж ирсэн. Худалдан авч буй эд зүйлийн үнийг худалдан авагч П.С хэсэгчлэн, тодорхой хугацаанд буюу 2019.10.19-2021.05.30-ны өдрийг хүртэл нийт 20 сарын дотор цувуулан төлөх хуваарийг өөрийн гараар гэрээний 2.2-т бичиж баталгаажуулсан талаар талууд мөн маргаагүй.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг тайлбарлавал, худалдан авагч нь худалдагчид гэрээний зүйлийн үнийг нэн даруй бус тодорхой хугацааны дараа бүрэн, аль эсхүл тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх, хэрэв талууд хүү тохиролцсон бол тийнхүү хүүгийн хамт төлөх үүргийг хүлээх бол зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тэдгээрийн байгуулсан гэрээгээр хэдийгээр худалдан авагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдагчаас зээлээр авч буйн төлөө нэмж хүү төлөх талаар тохироогүй буюу гэрээний зүйлийн үнэ "эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ"-ээс нэмэгдсэн шинж агуулаагүй боловч урьдчилгаанд төлсөн 55,000,000 төгрөгөөс гадна 295,000,000 төгрөгийг төлж дуусгах үүрэг хүлээсэн байгаагаас үзвэл зохигчдын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж бид дүгнэж байгаа юм. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт тус тус заасан нь өмчлөх эрх шилжүүлэх буюу өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болж, дараагийн өмчлөгчийн эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой харилцаанд тавьсан шаардлага буюу нэгэнт үүссэн үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах үүргийн эрх зүйн гэрээний дагуу худалдан авагч нь худалдагч талаас гэрээний зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлж улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхэд хамааралтай болно. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой үүргийн эрх зүйн гэрээний нэгэн төрөл бөгөөд тус гэрээний харилцаа үүсэхэд бусад төрлийн гэрээтэй ижил тухайлбал, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээний нэгэн адил гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж хуульчлаагүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийнэ", 263.2 дахь хэсэгт "Гэрээнд дараах нөхцөлийг заавал тусгана", 263.2.1-т "бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ", 263.2.2-т "хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа", 263.2.3-т "төлбөл зохих хүүгийн хэмжээ", 263.2.4-т үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам"-ыг тус тус тусгах ба мөн хуулийн 263.4-т "Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ" гэж тус тус заасан. Зохигчид гэрээг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд гэрээний 2.8-д "төлбөр төлж дууссан тохиолдолд ажлын 3 хоногийн дотор Худалдан авагч талд бүрэн шилжүүлнэ гэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх болзолт нөхцөл, үндэслэлийг зааж оруулсан байна. Гэрээний талууд худалдан авч буй үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг хэрхэн төлөх, хэзээ өмчлөх эрхээ шилжүүлэх талаар гэрээндээ хэлэлцэж тохиролцох нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дахь хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэсэн зохицуулалтад бүрэн нийцэх юм.
8.2.Үл хөдлөх эд хөрөнгө, түүнд суурилуулсан тоног төхөөрөмж, эд хогшил, холбогдох бичиг баримтын хамт худалдах, худалдан авах гэрээ нь зээлээр худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.2-т шүүх нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хууль зөрчсөн хэлцэл, дүр үзүүлэн хийсэн хэлцэл байгуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэгчдийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд огт байгаагүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хуульчилсан байх бөгөөд 62.1.4-т нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт гэж тусгаж, нотлох баримтыг хавсаргасан байх шаардлагыг зааж өгсөн. Уг гомдлын 1.1-д зааснаар нэхэмжлэгчдийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох үндэслэл, шаардлага байгаагүй. Өөрөөр хэлбэл, шүүгч өөрийн санаачилгаар нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дур мэдэн шинээр тодорхойлж өөрөө шийдвэрлэж өгснөөр шүүгч төвийг сахих, хөндлөнгийн байр суурьтай оролцох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчмуудыг бүдүүлгээр зөрчиж, илт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, анхнаасаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан үндэслэл нэхэмжлэлийн шаардлагад албан ёсоор байсан бол бид энэ үндэслэлээр маргах, мэтгэлцэх, шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Шүүх талуудын мэтгэлцэж, маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд байгаагүй зүйлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэлцэл хүчин төгөлдөр бус байх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсгүүдэд заасан үр дагавар үүсэхгүй юм. Өөрөөр хэлбэл, П.М ээс 62,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
8.3.Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.1-т Нэхэмжлэгч Б.Д гээс 2019.09.30-ны өдөр 7,000,000 төгрөгийг "Т.Ц р ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Тухайн цаг хугацаанд бэлэглэлийн гэрээний дагуу П.М ээс Б.Д д "Т.Ц р ХХК-ийн эрхийг шилжүүлсэн байсан байх боловч 2019.10.29-ний өдөр талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, эд хөрөнгийг нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөх хүртэл бодитоор уг компанийн үйл ажиллагааг П.М явуулж байсан нь тогтоогдсон" гэжээ. Хэргийн аль хэсэгт, хэддүгээр талд байгаа, ямар нотлох баримтаар П.М "Т.Ц р" ХХК-ийн үйл ажиллагааг 2019.10.29-ний өдрийг хүртэл явуулж байсан гэж үзсэн нь огт ойлгомжгүй ба уг нотлох баримт энэ хэрэгт байдаггүй. Хэрэв байсан бол шүүгч шүүхийн шийдвэртээ нэрлэн заах үүрэгтэй гэдгийг зориуд тэмдэглэж байна. Нэхэмжлэгчдийн зүгээс ч энэхүү нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эргэлзээгүйгээр нотлоогүй болно. 2019.09.30-ны өдөр "Т.Ц р" ХХК-ийн хувьцаа болон бүрэн эрх П.М ээс Б.Д рүү бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжмэгц Б.Д компанийн дансны гүйлгээний эрхийг банкин дээр очиж өөрийн нэр дээр шилжүүлж аваад компанийнхаа данс руу 7,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. Үүнд П.М огт хамаагүй, П.М энэ мөнгийг авч захиран зарцуулаагүй, авах боломж ч байгаагүй болно. Нөгөөтэйгүүр, хаа хамаагүй "Т.Ц р" ХХК-ийн дансанд шилжүүлсэн мөнгө иргэний хэргийн шаардлагад яг яаж, хэрхэн хамаарч байгаа нь ойлгомжгүй. Үнэхээр нэхэмжлэгчид "Т.Ц р" ХХК-д мөнгөө шилжүүлсэн, уг компаниас авлагатай гэж үзэж байгаа бол тэр хуулийн этгээдээс нэхэмжлэх нь зүй ёсны асуудал гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.7-д "Худалдан авагч тал 365 цогцолборыг түрээсгүй, хүүгүй худалдаж авахаар тохиролцсон бөгөөд хугацаандаа төлбөрөө төлөөгүй, түүнчлэн Худалдагч талыг хохироосон бусад тохиолдолд энэхүү гэрээний 1.1-д болон хөрөнгө хүлээлцсэн актад заасан бүхий л зүйлийг буцаан авах эрхтэй. Буцааж авсан хөрөнгө шаардлага хангахгүй бол урьдчилж төлсөн төлбөрөөс материал, тоног төхөөрөмж, эд хогшлын үнийг суутгаж, урьдчилж төлсөн мөнгийг буцааж олгохгүй байх эрхтэй" гэсэн заалтын дагуу урьдчилж төлсөн 55,000,000 төгрөгийг П.М нь нэхэмжлэгчдэд буцаан өгөхгүй байх эрхтэй юм.
8.4.Уг гомдлын 1.2-т хэлцлийг хүчин төгөлдөр бус байх нөхцөл байдал тогтоогдоогүй тул П.М ийн сөрөг нэхэмжлэлийн хүрээнд хугацаа хэтрүүлсний алдангид П.С , Б.Д нараас нэхэмжилсэн 47,916,000 төгрөгийн нэхэмжлэл бүрэн хангагдах үндэстэй байна.
8.5.Эд хөрөнгөд учруулсан хохирлын тооцооллын тухайд. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.2б хэсэгт Б.Д , П.С нараас 34,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.М т олгох..." гэж эд хөрөнгөд учирсан хохирол гэж тодорхойлсон. Бид эд хөрөнгийн хохирлын хэмжээг талуудын хооронд байгуулсан "Хөрөнгө хүлээлцэх акт" үйлдэх замаар тодорхойлсон. 41,137,700 төгрөгийн хохирол нь актын үнэ тавьсан дарааллын дагуу тавигдсан. Эдгээр дугаарлалтын дагуу тооцоолол хийхэд шууд хохиролд зарцуулсан мөнгөн дүн 41,137,700 төгрөг болсон нь хавтаст хэрэгт авагдсан хүлээлцсэн актаар нотлогдсон. Анхан шатны шүүгч тооцооллын алдаа гаргасан гэж үзэж байгаа тул үүнийг залруулж 41,137,700 төгрөгийн хохирлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй тул өөрчлөлт оруулж өгнө үү.
8.6.Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.2в хэсэгт П.М нь 2021.04.01-ний өдөр 2,000,000 төгрөг, 2021.04.07-ны өдөр 13,000,000 төгрөгийг интернэт" гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байгаагаас үзэхэд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд үүссэн эвдрэл гэмтлийг засварлуулсан гэж үзэхэд эргэлзээтэй интернэтийн үйлчилгээ авсан гэж үзэхээр байна" гэсэн. Барилга объектод зайлшгүй засвар хийх шаардлагатай болсныг талууд хүлээн зөвшөөрч, ямар ажил хийх талаар актын хүснэгт багана бүрд тайлбар бичсэн. Мөн акт хүлээлцэх үед эвдрэл гэмтлийг зургаар баталгаажуулсан. Засварын ажлыг акт хамт хүлээлцсэн ажлыг С.Э оор хийлгэхээр гэрээ хийж 2021.04.01-ний өдөр засварын ажлын урьдчилгаа 2,000,000 төгрөгийг С.Э од шилжүүлж, С.Э засвар хийх бригадад шаардагдах багаж, тоног төхөөрөмж, бензин, тос тослох материалын зардлаа гаргаж Хөвсгөл явахаар болсон. 2021.04.07-ны өдөр С.Э Тосонцэнгэл суманд барилгын бригадтай хамт ирэхэд нь үлдэгдэл 13,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2021.04.24-ний өдөр барилга объектод хийсэн ажлыг хүлээлцэж, гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Засварын ажлыг хариуцаж хийсэн С.Э шүүх хуралдаанд гэрчээр оролцож 15,000,000 төгрөгийн ажлын хөлсөө бүрэн авсан гэх мэдүүлгээ өгсөн. Мөнгөн гүйлгээний баримт дээрх "internet" гэсэн маш олон бичилт нь интернэтээр буюу онлайнаар хийсэн гүйлгээг тодорхойлсон бичилт юм. Засварын ажлын хөлс 13,000,000 төгрөг нь "Тосонцэнгэл 365 ХҮТ-ийн материалын үнэ, ажлын хөлсийг С.Э од" гэсэн гүйлгээний утгатай шилжсэн болох нь баримтаар нотлогддог. Иймд шүүгчийн ташаарсан 15,000,000 төгрөгийн алдааг залруулж засварын ажлын хөлс 15,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг бүрэн хангах үндэслэлтэй байна.
8.7.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.2 г хэсэгт "С.Гантулгад ажлын хөлс 5,000,000 төгрөг бэлнээр хүлээлгэж өгсөн гэж тайлбарлаж бэлэн мөнгөний зарлагын баримтыг хэрэгт баримтаар гаргасан боловч уг баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй байна" гэсэн. 2019.10.29-ний өдрийн гэрээний хавсралт актын 35 дахь мөрөнд 80,000,000 төгрөгийн үнэтэй 41.8 м.куб багтаамжтай гүн хөлдөөгч, 104 м.куб багтаамжтай хөргүүрийн чанар ажиллагааг сайн гэж хүлээлцсэн. Харин 2021.03.12-ны өдөр Хөрөнгийн өнөөгийн байдал, чанарын акт-аар хөргөгч хөлдөөгчийн үүдний салхин 2 ш хөшиг эвдэрснийг засуулах, дотор талын гэрлүүд шатсаныг солиулах, ферон шахуулах, агрегатад үйлчилгээ хийлгүүлэх" шаардлагатайг талууд хүлээн зөвшөөрсөн. Мөн 2019.10.29-ний өдрийн гэрээний хавсралт актын 31 дэх мөрөнд 12,000,000 төгрөгийн үнэтэй Үйлдвэрийн хэсгийн агаар сорох систем нь Шведийн SystemAir REE1, K200L мотор бүхий системийн чанар ажиллагаа сайн гэж хүлээлцсэн. 2021.03.12-ны өдөр хүлээж авахад олон гэмтэл үүссэн байсан. Талууд эвдэрсэн учир гүйцэтгэсэн компаниас инженер авчирч төлбөрт засвар хийх талаар тохирч актад тусгасан. Засварын хөлсийг талууд тогтоох боломжгүй учраас үнэ тавигдаагүй. 2021.04.20-ны өдөр Хөргөх, хөлдөөх, агааржуулах иж бүрэн системийн засвар үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгүүлсэн. 2021.04.23-ны өдөр 5,000,000 төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн. Ажил дуусахад гэрээг дүгнэсэн. Гэмтэл доголдлыг засварласан нь нотлох баримтаар нотлогдож байхад "эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй" гэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Д , П.С нарын хөргөх, хөлдөөх, агааржуулах иж бүрэн системд гэмтэл доголдол үүсгэж, эвдсэн болохоо хүлээн зөвшөөрч нотариатаар гэрчлүүлсэн актыг үндэслэн засварын хөлс 5,000,000 төгрөгийг гаргуулах бүрэн үндэстэй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, П.М ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
9.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
9.1.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол бүхэлдээ үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хүчин төгөлдөр бус хэлцэл, уг харилцаа нь худалдах, худалдан авах гэрээ мөн. Талуудын тохиролцоо Иргэний хуулийг зөрчсөн тул бид дагаж мөрдөх үүрэггүй. Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нотлох баримт нь 2019.10.29-ний өдрийн гэрээний хавсралт, хүлээлгэж өгсөн гэх асуудлыг шүүх анхааралдаа авна уу.
9.2.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах ёстой гэх үндэслэл болсон гэрээний хавсралт гараар бичигдсэн. Гэрч С.Э нь П.С , Б.Д нарт яаж хүлээлгэж өгсөн процессыг мэдэхгүй, тэр баримтыг ах, эгч 2-ын компьютерээс гаргасан баримт гэж хэлдэг. Хариуцагч хүлээж авахдаа С.Э ыг аваад очсон ба би яаж хүлээж авсныг мэднэ, харин хүлээлгэж өгсөн талаар мэдэхгүй гэж хэлдэг. Нэхэмжлэгч талын татгалзлын үндэс нь хүлээж авсан шиг хүлээлгэж өгсөн бол гомдолгүй. Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, учир нь компаниудыг бэлэглэлээр авсан П.С , Б.Д , гэрчээр оролцсон Б.Д гийн нөхөр П.Н ү нар Т.Ц р ХХК-аас гадна Д ХХК гэж мэдэхгүй байсан, Д чинь П.М ийн хүүхэд гэж хэлээд зогсож байсан. Нэхэмжлэгч нар олон хуудас байсан учир ойлголгүйгээр гарын үсгээ зурсан. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч архи тамхи хэрэглэдэг үү, мансууруулах бодис хэрэглэдэг үү, ухаан санаа эрүүл үү гэдэг асуулт асуусанд нэхэмжлэгч архи, тамхи хэрэглээгүй, ухаан санаа эрүүл байсан гэдэг хариулт хэлсэн ба уг гарын үсгээ утга учрыг нь мэдээд зурсан гэх өгүүлбэр хэлээгүй.
9.3.Анхан шатны шүүх 7,000,000 төгрөгийг хангасан. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тухайн компанийн түлхүүр авсан талаар нотолдог. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлтэй хамт хавсаргаж өгсөн баримт 2019 оны 09 дүгээр сард компанийг шилжүүлж өгсөн, мөн 2019.09.10-ны өдөр уг компанийг 800,000,000 төгрөгөөр зээлийн барьцаанд тавьсан, зээл батлагдсаныг нэхэмжлэгч тал аваагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд тусгасан тоног төхөөрөмж, цахилгаан барааг үнэгүй дагалдуулсан, мөн объектын түлхүүрийг гадна саравчинд үлдээсэн гэж бичсэн байдаг.
П.М анхан шатны шүүх хуралдаанд 7,000,000 төгрөг авсан гэж хэлсэн хэр нь одоо болохоор аваагүй гэж яриад байна. 7,000,000 төгрөг Т.Ц р ХХК-ийн дансанд 2019.09.30-ны өдөр орсон. Т.Ц р ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө бэлэглэснийг анхан шатны шүүх дүгнэсэн. Д ХХК, Т.Ц р ХХК-ийн хаяг одоо худалдаж авсан Б.У ын гэрийн хаяг байгааг шүүх анхаарч үзээсэй. Б.У тухайн үед иргэдийн нийтийн хурлын дарга байсан. Уг үл хөдлөх эд хөрөнгийн хаяг Б.У ын хаяг дээр байгаа нь анхнаасаа худалдах зорилгогүй байсан гэж харагддаг
9.4.Үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрөө төлөөгүй, зориулалтын дагуу ашиглаагүй, цар тахлын үе дуусаад 2021 оны 03 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлээд өгчих, зээл аваад үнийг нь төлөөд өгье гэж нэхэмжлэгч өөрөө хариуцагч руу утсаар ярьсан байдаг. Талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулахад төлбөр төлөх хуваариа тохирсон. Уг төлбөр төлөх хуваарь тохирсныг хариуцагч зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж ашигтай байдлаар тайлбарладаг. 2019.10.29-ний өдөр урьдчилгаа төлөөд 2019.11.15-ны өдрөөс гэрээний үүрэг зөрчигдсөн. Хариуцагч нэхэмжлэгчийг нэрээ шилжүүлж өгөөч, зээлд тавиад төлье гэх хүртэл нэг ч удаа шаардлага тавиагүй нь шүүхийн дүгнэлт үндэслэлтэйг нотолж байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлгүй.
9.5.Гэрээний үнэ 365,000,000 төгрөг, гэтэл доголдолд шаардаад байгаа эд хөрөнгийн үнэ 1,700,000,000 төгрөг тул худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр мөн, биш гэдэг асуудал үүснэ. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсэгт хөдлөх эд хөрөнгийг хариуцагч бэлэглэсэн гэж бичсэн байдаг ба 350,000,000 төгрөгт хөдлөх эд хөрөнгийн үнэ ороогүй. Мөн хариуцагчийн ярьсан хөргүүр хөдлөх эд хөрөнгө байхад 350,000,000 төгрөгт ороогүй. Талууд хэд дахин өндөр үнийн дүнтэй гэрээ байгуулчихаад хохирол учруулсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч тал гэрээнээс анхнаасаа татгалзсан, цуцалсан нь ойлгомжгүй, татгалзсан гэж үзэхээр мэдэгдэх ёстой. Гэтэл засвар хийх хүн ирсэн, анхнаасаа мэдэгдэхгүйгээр хүлээж авах акт үйлдээд авсан. Уг үйлдэл нь худалдах, худалдан авах зорилгогүй байсан харагддаг. П.М бүр болохгүй бол би бүх юмаа буцааж аваад өгсөн мөнгийг чинь буцаагаад өгчихнө гэж хэлж уг хэлцлийг хийсэн байдаг гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч П.С , Б.Д нар нь хариуцагч П.М т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн 62,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, алданги, хохиролд нийт 109,053,700 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагад худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй хууль зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэж тодорхойлсон нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлүүлэх шаардлагын үндэслэлд хамаарч байгааг анхан шатны шүүх анхаараагүй, бие даасан шаардлагаар шийдвэрлэсэн нь алдаатай байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
3.1.П.С , Б.Д болон П.М нарын хооронд 2019.10.29-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө, түүнд суурилуулсан тоног төхөөрөмж, эд хогшил, холбогдох бичиг баримтын хамт худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч П.М нь дор нэр бүхий өөрийн өмчлөлийн хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч П.С , Б.Д нар нь нийт 350,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. Үүнд:
а.эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Хөвсгөл аймаг, Тосонцэнгэл сум, *** дугаар баг, Бөмбөнтолгой хороолол хаягт байрлах, *** м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө (буудлын 6 өрөө, угаалгын өрөө, үйлчилгээний заал, үйлчлүүлэгчийн ариун цэврийн 2 өрөө, дэлгүүр, кафе, гал тогоо, ажилчдын ариун цэврийн өрөө, хөргүүрийн 2 камер, щитны өрөө, гонхны өрөө, тамбур бүхий 1 давхар 365 зочид буудал, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төв),
б.эрхийн улсын бүртгэлийн * дугаартай, **Хөвсгөл аймаг, Тосонцэнгэл сум, *** дугаар баг, Цэнгэл хаягт байрлах, ***м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө (буудлын 8 өрөө, караокены 3 өрөө, үйлчилгээний заал, үйлчлүүлэгчийн ариун цэврийн 2 өрөө, гал тогоо, гонхны өрөө, тамбур бүхий 2 давхар 365 зочид буудал, үйлчилгээний төв),
в.тоног төхөөрөмж, эд хогшил (хавсралт 1 Хөрөнгө хүлээлцсэн актад заасан),
г.төв замтай холбосон цардсан зам, тоосгон баганатай 180 м урт блокон хашаа, автомашин орох 2 том хаалга, 2 явган хаалга,
д.газар эзэмших эрх.
3.2.Мөн дээрх өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, эрх шилжүүлэгч П.М нь нэгж талбарын * дугаар**тай, Хөвсгөл аймаг, Тосонцэнгэл сум, *** дугаар баг, Бөмбөнтолгой хаягт байрлах, ****кв талбайтай, худалдааны зориулалттай газар эзэмших эрхийг эрх шилжүүлэн авагч П.С д шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
3.3.Нэхэмжлэгч нар нь хариуцагч анхнаасаа объектыг худалдан борлуулах зорилгогүй дүр үзүүлж гэрээ хийсэн, улсын бүртгэлд бүртгүүлээгүй хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж маргажээ.
Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг бөгөөд дээрх гэрээгээр худалдагч нь гэрээний зүйлийг худалдан авагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж, худалдан авагч нь тодорхой хэмжээний төлбөр төлсөн байх тул дүр үзүүлэн хийсэн үндэслэлд хамаарахгүй. Анхан шатны шүүх гэрээг дүр үзүүлэн хийсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
3.4.Харин шүүх гэрээг Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй үндэслэлээр мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Тодруулбал шүүх худалдах, худалдан авах гэрээ болон өмчийн эрх шилжүүлэх хэлцлийн хэлбэрийн шаардлагыг тусгаарлах зарчмын хүрээнд дүгнэж чадаагүй буюу Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан өмчийн эрх шилжүүлэх хэлцэлд тавигдах шаардлагыг худалдах, худалдан авах гэрээнд хамаарна гэж дүгнэж, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.
3.5.Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, эд хөрөнгийн шилжүүлэг, эд хөрөнгийн үнийн зарим хэсгийг төлсөн бодит үйлдлээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр байна.
4.Гэрээний дагуу хариуцагч нь гэрээний зүйлийг нэхэмжлэгч нарын эзэмшилд шилжүүлсэн, нэхэмжлэгч П.С гаас 55,000,000 төгрөгийг хариуцагчид дансаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.
Мөн нэхэмжлэгч Б.Д гээс 2019.09.30-ны өдөр 7,000,000 төгрөгийг Т.Ц р ХХК-ийн дансанд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх уг төлбөрийг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагчид шилжүүлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй. П.М ээс Т.Ц р ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг 2019.09.18-ны өдөр Б.Д д шилжүүлсэн хэдий ч талууд 2019.10.29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж объект хүлээлцэх, үүнд компанийн нэр дээрх зөвшөөрөл, ажлын байрны дүгнэлт, хяналтын баримтууд, холбогдох гэрээ, баримт бичгийг хүлээлцэх хүртэл компанийн үйл ажиллагааг Б.Д явуулсан нь тогтоогдоогүй, хэрэгт авагдсан Т.Ц р ХХК-ийн 2019.09.24-ний өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, түүнд хавсаргасан зээлийн болон барьцааны гэрээнээс үзэхэд тус компанийн үйл ажиллагааг П.М явуулж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар илүү үндэслэлтэй.
5.Хариуцагч нь гэрээгээр шилжүүлсэн объектыг 2021.03.12-ны өдрийн акт үйлдэж нэхэмжлэгч нараас 2021.04.08-ны өдөр буцаан авсан байна.
5.1.Талууд гэрээний 2.2-т объектын үнэ 350,000,000 төгрөгийг төлөх хуваарь тохирсон байх ба нэхэмжлэгч нь 2019.10.29-ний өдөр төлбөл зохих урьдчилгаа 40,000,000 төгрөгийг төлсөн. Улмаар 2019.11.15-ны өдөр 20,000,000 төгрөг, 2020.05.25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020.09.30-ны өдөр 150,000,000 төгрөг, 2021.05.30-ны өдөр 90,000,000 төгрөг тус тус төлөхөөс 2019.09.30-ны өдөр 7,000,000 төгрөг, 2019.12.06-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020.01.17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020.01.18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020.06.21-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөг төлж, үлдэх хэсгийг төлөөгүй байна.
5.2.Мөн нэхэмжлэгч П.С нь 2021.03.14-ний өдөр хариуцагчид төлбөрийг 1 сарын хугацаанд төлж барагдуулах, төлөлт хийж дуусахгүй бол гэрээ цуцалж 365 үйлчилгээний байгууллагыг буцааж хүлээлгэн өгөх талаар хүсэлт гаргасан ч уг хугацаанд төлөөгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг олгосон боловч гэрээний үүргийг гүйцэтгээгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан тул хариуцагч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч нар нь Ковид-19 цар тахлын нөлөөллийн улмаас үүргээ биелүүлэх боломжгүй байсан гэж тайлбарлаж байх хэдий ч хариуцагчид объектыг буцааж өгснөөс үзвэл хариуцагч гэрээнээс татгалзсаныг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
5.3.Иймд гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нар нь 62,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардсан нь үндэслэлтэй.
6.Хариуцагч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсний алдангид 47,916,000 төгрөг, эд хөрөнгөд учруулсан хохиролд 41,137,700 төгрөг, объектод засвар, үйлчилгээ хийсэн ажлын хөлс 20,000,000 төгрөг, нийт 109,053,700 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан.
6.1.Гэрээний 6.2-т заасан алдангийн талаарх нөхцөл нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн боловч хариуцагч нь гэрээнээс татгалзсан учир алданги төлөхийг нэхэмжлэгч нараас шаардах эрхгүй.
6.2.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2 дахь хэсэгт Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө:, 205.2.3-т үүргийн зүйлийг ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасан, дутаасан, устгасан гэж заасан.
Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ 2019.10.29-ний өдрийн Хөрөнгө хүлээлцэх акт-ыг хавсаргасан байх ба уг актад хүлээлгэн өгсөн хөрөнгийн тоо ширхэг, нэгжийн болон нийт үнэ, чанар байдлыг холбогдох тайлбарын хамт дэлгэрэнгүй тодорхойлж тусгажээ. Улмаар 2021.03.12-ны өдөр Хөрөнгийн өнөөгийн байдал, чанарын акт үйлдэж, хариуцагч нь объектыг нэхэмжлэгч нараас буцаан авсан байх ба эдгээр актуудад талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нар нь тэдний саналыг актад тусгаагүй, эд хөрөнгө ямар эвдрэл гэмтэлтэй гарсан, эвдрэл гэмтлийг хэрхэн үнэлж байгааг харуулаагүй, гарын үсэг зурахыг тулгаж зуруулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хэрэгт энэ талаар баримт авагдаагүй тул эдгээр актыг хүчин төгөлдөр гэж дүгнэнэ.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд хавсаргасан эд хөрөнгийн хохирлын хүснэгтэд нийт 219 нэр төрлийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн хохирлыг 41,137,700 төгрөгөөр тооцож тусгасан байх ба уг хүснэгтийг Хөрөнгийн өнөөгийн байдал, чанарын акт-тай тулгаж үзэхэд зөрүүгүй байна. Тодруулбал актад эд хөрөнгийн чанар байдлыг тусгахдаа засах, солиход шаардагдах үнийн дүнг тодорхойлж тусгажээ. Талууд актыг зөвшөөрч баталгаажуулсан, мөн уг баримтыг үгүйсгэсэн баримтыг нэхэмжлэгч талаас гаргаагүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3-т зааснаар хариуцагчийн сөрөг шаардлагын энэ хэсгийг үндэслэлтэй гэж үзнэ. Анхан шатны шүүх эд зүйлийн эвдрэл, засан сайжруулахад гарах үнийн дүнг нэг бүрчлэн тооцож үзвэл 34,000,000 төгрөг байна гэж дүгнэсэн байх боловч хариуцагчийн тооцооллоос аль хэсгийг ямар үндэслэлээр хангаагүй талаараа дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй.
Иймээс хариуцагчийн энэ талаарх гомдлыг хангаж сөрөг нэхэмжлэлийн тус хэсгийг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах үндэслэлтэй, харин уг шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангах боломжгүй байна.
6.3.Хариуцагч нь объектын засвар, үйлчилгээний хөлсөнд төлсөн 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулахаар шаардсаныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Учир нь талуудын баталгаажуулсан хохирлын 41,137,700 төгрөгийн тооцоонд эдгээр зардал орсон эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байхын зэрэгцээ ердийн элэгдэл, хорогдлоос хэрхэн давсан эвдрэл, гэмтэл болохыг хариуцагч тодорхойлоогүй, энэ талаар нотлоогүй байна.
Түүнчлэн хөргөх, хөлдөөх, агааржуулах системийн засвар үйлчилгээг гүйцэтгэсэн Т тех компаниас инженер авчирч гүйцэтгүүлэхээр актад тусгасан хэдий ч ажил гүйцэтгэсэн гэх Б.Г нь энэ нөхцөлийг хангах этгээд мөн эсэх нь тодорхойгүй тул тухайн баримтуудыг нотолгооны ач холбогдолтой гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 41,137,700 төгрөгийн хэмжээнд хангасан, мөн хууль хэрэглээг зөвтгөсөн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/04454 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.3, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч П.М ээс 62,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.С , Б.Д нарт олгож, нэхэмжлэгч П.С , Б.Д нараас 41,137,700 төгрөг гаргуулж хариуцагч П.М т олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 67,916,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 515,900 төгрөг, хариуцагчаас төлсөн 865,067 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,860,000 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч П.М ээс 467,950 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.С , Б.Д нарт олгож, нэхэмжлэгч П.С , Б.Д нараас 363,638 төгрөг гаргуулж хариуцагч П.М т олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 327,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 844,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ЗОЛЗАЯА