Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 505

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

            улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Б.Ж /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911016440671 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Бор нүдэн овогт Б.Ж, 1985 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 86-1269 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ..........................................................

          Шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Дарамдоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

    Шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн үед ажлынхантайгаа явж байсан. Би түүнтэй мэндэлсэний дараагаар ширээн дээр суусан юм. Удахгүй тэрээр намайг өөрийнхөө эхнэртэйгээ хардаж эхэлсэн. Ямар ч үндэслэлгүйгээр эхнэртэйгээ хардаад байхаар нь би түүний нүүрэн тус газарт цохисон” гэв.

Хохирогч С.Дарамдорж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би 2019 оны 06 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчим эхнэр болон түүний найзууд Ичинноров, Отгоо гэх хүмүүсийн хамт Олон нуур караокед орж үйлчлүүлсэн юм. Уг бааранд байж байхад Жаргалсайхан гэх залуу манай ширээн дээр ирж суусан бөгөөд өмнө нь Ичинноровыг танидаг байсан юм шиг байна лээ. Тэгээд хамтдаа архи ууж байгаад 01 цаг болж байхад баар хаахаар  нь хамтдаа баарнаас гарсан бөгөөд гэр лүүгээ явсан юм. Тэр үед Жаргалсайханы гэр нь манайхтай ойрхон байдаг байсан юм байна лээ араас дагаад байхаар нь тухайн үед би мэдэхгүй болохоороо түүнийг хариач ахын дүү гэсэн чинь за гээд яваад өгсөн. Ичинноров болон Отгоо нарын гэр мөн манай гэртэй ойр байдаг болохоор хамт явж байсан. Манай эхнэр Отгоо нар түрүүлээд нилээн зайтай бараагүй холдоод явсан байсан юм. Тэр үед Ичинноров бид хоёр хамт явж байсан чинь Жаргалсайхан буцаж гүйж ирээд шууд намайг өшиглөхөөр нь би зөрүүлж өшиглөсөн чинь голоор Ичинноров ороод салгах гэж оролдож байтал Жаргалсайхан гартаа байсан хатуу зүйлээр баруун нүдний орчим нэг удаа цохисон. Тэгэнгүүт нь би хойшоо саваад унасан. Босоод ирэхэд миний хөмсөгнөөс цус гараад байсан. Энэ үед Жаргалсайхан цаашаа яваад гэртээ орохоор нь би цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-10-13х/,

Гэрч Х.Ичинноров мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...тэгээд тэндээс гэр гэр лүүгээ харих гээд явж байсан чинь Жаргалсайхан Энхжаргал, Отгоо хоёрыг дагаад яваад байсан бөгөөд Энхжаргал Жаргалсайханыг хөөсөн чинь цаашаа яваад өгсөн. Энэ үед Дарамдорж хойноос явж байснаа гэртээ харихгүй доошоо явна гээд байхаар нь би Дарамдоржийг сугадаад гэртээ харь гээд явж байтал Жаргалсайхан гүйж хүрч ирсэнээ Дарамдоржийн бие рүү нь өшиглөсөн чинь Дарамдорж эргээд Жаргалсайханыг өшиглөөд гараараа цохиод авахаар нь би салгасан чинь чи хойшоо бай гээд намайг угзрахад би газарт унасан. Энэ үед Жаргалсайхан, Дарамдоржийг доороо оруулж байгаад зүүн гартаа чулуу барьж байгаад Дарамдоржийн нүүр лүү нь цохичихсон. Дарамдоржийн зүүн билүү баруун хөмсөгний орчимд нь язарсан, цус гарч байсан ...” гэх мэдүүлэг /хх-18х/,

Яллагдагч Б.Ж мэдүүлэхдээ: “...тухайн өдөр би бааранд ажлын найз нарын хамт архи ууж байгаад найз нар явсаны дараа зүс таних хүмүүс болох Дарамдорж, Ичинноров болон тэр хоёртой хамт явж байсан 2 эмэгтэйн хамт уг бааранд дахин нэг шил архи хувааж уугаад баарнаас гарч явсан бөгөөд тухайн үед Ичинноров болон Дарамдорж нараас бусад нь түрүүлээд явсан байсан үед би Дарамдоржтой “хамт явж байх үед хөөснөөс” болж уур хүрээд маргалдаж байгаад түүний нүүрэнд нь газраас чулуу аваад 2-3 цохиж унагаасан ...” гэх мэдүүлэг /хх-26-27х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №6912 тоот дүгнэлтэд:

“1. С.Дарамдоржийн биед духны шарх, зулгаралт, баруун нүдний зовхи, дээд уруулын зулгаралт, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлийн аль ч үед үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-20х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Дарамдоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.