Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00176

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/05317 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

191,625,0000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

орон сууцны 90 хувийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13302/ энхтайвны өргөн чөлөө гудамж, 4 дүгээр байр, С блок, 17 тоот хаягт байрлах 85.5 м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Хамтран өмчлөгч ,,,,,,,,ийн аав ,,,,,,,,,, уг орон сууцанд үнэ төлбөргүй амьдран суугаад 7 жил гаруй хугацаа өнгөрч байна. ,,,,,,,, бид хоёр 2018 оноос эхлэн тусдаа амьдрах болсон бөгөөд би уг орон сууцны үнээс өөрт ногдох хэсгийг авах гэсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй.

Иймд зах зээлийн ханшаар 299,250,000 төгрөгөөр үнэлэгдэх дээрх орон сууцны үнээс өөрт ногдох хэсэгт 149,625,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Мөн ,,,,,,,,ийн аав ,,,,,,,,,,ийн амьдарч байсан хугацааны 7 жилийн түрээсийн төлбөр нь 1 сарын 1,000,000 төгрөгөөр тооцоход 84,000,000 төгрөг болно. Үүнээс надад ногдох 50 хувь буюу 42,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс намайг хамтран өмчлөгч болохыг тогтоосон. Энэ үед ,,,,,,,, надад 30,000,000 төгрөг өгье гэж байснаа дараа нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж 60,000,000 төгрөг өгч эвлэрэх хүсэлт гаргасан боловч бид зөвшөөрөөгүй. Дээрх байдлаар нэхэмжлэгч нь намайг хамтран өмчлөгч гэдгийг зөвшөөрч байсан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. Талууд маргаан бүхий орон сууцыг худалдан авах үед үерхэл нөхөрлөлийн харилцаатай байсан учраас хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. ,,,,,,, нь тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд 10 хувьд нь хөрөнгө оруулсан. ,,,,,,,,ийн зүгээс 90 хувийн хөрөнгө оруулж энэ хэсгийнхээ хэмжээнд аав С.,,,,,,,,эд үнэ төлбөргүй ашиглуулж байгаа болно. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийгөө өнөөдрийг хүртэл хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй учраас адил тэнцүү хэмжээгээр эзэмшиж, ашиглаж захиран зарцуулах эрхтэй гэж буруу ойлгосоор ирсэн.

Нэхэмжлэгч нь уг орон сууц худалдан авахад оруулсан 10 хувийн төлбөр болох 17,955,000 төгрөгөөс илүү хэмжээгээр хөрөнгө оруулаагүй ба тэрээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн өмчлөгч биш болох нь баримтаар тогтоогдсон.

Үл хөдлөх эд хөрөнгийг ,,,,,,,,,,эд эзэмшүүлж ашиглуулснаар ямар нэгэн хариу төлбөр авахаар тохиролцоогүйгээс гадна ямар нэгэн байдлаар ашиг орлого олоогүй.

Иймд 191,625,0000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. ,,,,,,,, нь маргаан бүхий орон сууцыг худалдан авахаар 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ,,,,,,,,,, ХХК-тай гэрээ байгуулж, 2018 оны 09 дүгээр сар хүртэл нийт 97,304,000 төгрөгийг төлсөн бол ,,,,,,, 3,900,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 73,220,000 төгрөгийг төлж барагдуулахын тулд 2018 оны 09 дүгээр сард өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авахдаа ,,,,,,,тэй үерхэж нөхөрлөлийн харилцаатай, цаашид гэр бүл зохиох хүсэл сонирхолтой байсан тул хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн.

Хууль бус итгэмжлэлийн дагуу ,,,,,,,ийн эх ,,,,,,,,,, нь ,,,,,,,,, ББСБ ХХК-д 2019 оны 05-09 дүгээр сард орон сууцны зээлийн төлбөрт нийт 11,125,000 төгрөгийг төлсөн.

Иймд маргаан бүхий орон сууцны 90 хувийн өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,ээс эрхийн улсын бүртгэлийн ,,,,,,,, дугаартай, нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран /13302/ Энхтайвны өргөн чөлөө гудамж, 4 дүгээр байр, С блок, 17 тоот хаягт байршилтай 85.5 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны үнийн 50 хувь болох 91,704,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 99,921,000 төгрөгт холбогдох хэсэг болон орон сууцны 90 хувийн өмчлөгч болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, 906,075 төгрөг, 367,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 965,925 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,ээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид 616,470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,д олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүх 2017 оны ханшаар бодож орон сууцнаас ногдох хувийг гаргуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн. Нэхэмжлэгч зах зээлийн ханшийг судлан 149,625,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч орон сууцны үнийн дүн дээр маргаагүй байхад анх авсан үнээр үнэлж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

,,,,,,,, нь аавыгаа 1 жилийн хугацаатай, сарын 700.000 төгрөгөөр суулгана гэж тохиролцож, 2017 онд орон сууцанд оруулсан. Нэхэмжлэгч нь өөрийн өмчийн 50 хувийг шаардах эрхийг хүрээнд түрээсийн төлбөрийн 50 хувийг шаардах эрхтэй.

Иймд 149,625,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч нь нотлох баримт гаргаж өгөх замаар өөрийн ажиллаж олсон мөнгөөрөө байрны төлбөр төлөхөөс гадна хувийн хэрэгцээгээ хангах хэмжээний цалин хөлс авч байсан болохоо нотолсон.

Хариуцагчаас шаардлага болон татгалзлынхаа үндэслэл болгон гарган өгсөн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг нотолгооны ач холбогдолгүй гэж үзсэн үндэслэлээ шүүх тодорхойгүй байдлаар орхигдуулж, ерөнхий байдлаар дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар аливаа эрх зүйн этгээдийн өмчлөх эрхийн төрөл ялгамжтай байдлаар буюу 2 төрлөөр хуульчилж эрх зүйн ялгаатай үр дагавар үүсгэдэг хуулийн зохицуулалтын алинд нь хамаарч байгааг тайлбарлалгүйгээр ерөнхийлөн иш татаж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж чадаагүй.

Талуудын хооронд үүссэн үерхэл нөхөрлөлийн харилцаанаас улбаалан үүссэн хөрөнгийн эрх нь хамтран өмчлөх дундын өмчлөлийн төрлөөр бүртгэгдсэн. Дээрх хуулийн урьдчилсан нөхцөлүүдээс харахад талуудын өмчлөлийн зүйл нь дундаа хамтран өмчлөх төрөлд хамаарах тул Иргэний хуулийн 487 дугаар зүйлд заасан дундаа хэсгээр өмчлөх эрхийн зохицуулалт хэрэглэгдэхгүй.

Талуудын хамт амьдарч байх явцад тэдгээрийн үл хөдлөх эд хөрөнгө нийлж, холилдсоны улмаас хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн эрх үүссэн тул Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3 дахь хэсэгт тус тус зааснаар хамтран өмчлөх эд хөрөнгийн эрхэд хамаарч, хэрэв маргаан гарвал эд хөрөнгийг бий болгоход дийлэнх хэсгийг оруулсан этгээд өмчлөгчөөр, нөгөө этгээд оруулсан хөрөнгөө нэхэмжлэн авах эрхтэй.

Иймд ,,,,,,,,ээс гаргуулж шийдвэрлэсэн төлбөрийг 73,749,000 төгрөгийн хэмжээгээр хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд өгсөн хариуцагч талын тайлбарын агуулга:

Өмчлөгчид зөвшөөрөөд ,,,,,,,,,,ийг орон сууцандаа амьдруулсан, үүнтэй холбоотой гэрээ байгуулаагүй, хариуцагч хөлс авсан зүйл байхгүй. Мөн үнэлгээний талаарх нэхэмжлэлээ нэхэмжлэгч баримтаар нотлоогүй. Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын өгсөн тайлбарын агуулга:

Зохигч нь тухайн орон сууцны хамтран өмчлөгч болох нь захиргааны шүүхээр тогтоогдсон, энэ үед хариуцагч нь үүнийг зөвшөөрөөд 60,000,000 төгрөг өгөхөөр санал тавьж байсан. Мөн хариуцагч нь зөвхөн өөрийн хөрөнгөөр орон сууц авсан болохоо баримтаар нотлоогүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад зохигчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,д холбогдуулан хамтран өмчилдөг 4 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсэгт 149,625,000 төгрөг, орон сууцыг ,,,,,,,,,,эд 2017 оны 06 дугаар сараас 2024 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд хөлслүүлсний төлбөрт 42,000,000 төгрөг, нийт 191,625,0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр буюу орон сууцны 90 хувийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

 

3. ,,,,,,,, ,,,,,,,, нар 2016 оноос 2018 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд Бүгд Найрамдах Солонгос улсад хамтран амьдарсан байна.

Энэ хугацаанд ,,,,,,,, нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ,,,,,,,,,, ХХК-иас Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Х Апартмент С блок байрны 4 давхрын 17 тоот, 85.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг нийт 183,408,000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлж барагдуулсан.

Ингэхдээ 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ,,,,,,,,, ББСБ ХХК-иас ,,,,,,,, нь орон сууцны зээлийн гэрээний дагуу 73,220,000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлж авсан ба уг зээлийн үүргийг гүйцэтгүүлэхээр байгуулсан барьцааны гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр ,,,,,,, орсон.

 

3.1. Дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөр ,,,,,,,, ,,,,,,,, нар 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн.

Энэ бүртгэлийг хүчингүй болгуулахаар гаргасан ,,,,,,,,ийн нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2023/0319 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал дахин нотлохгүй.

 

3.2. Маргаан бүхий орон сууцанд 2017 оны 06 дугаар сараас ,,,,,,,,ийн аав ,,,,,,,,,, гэр бүлийн хамт амьдарч байна.

 

3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсний үндсэн дээр зөв тогтоожээ.

 

4. Анхан шатны шүүх ,,,,,,,, ,,,,,,,, нар нь гэрлэлтийн бүртгэлгүй тул худалдан авсан маргаан бүхий орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарахгүй, харин дундын өмчид хамаарна гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

4.1. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг орон сууцыг худалдан авахад урьдчилгаанд 3,900,000 төгрөг, орон сууцны зээл төлөхөд 11,125,000 төгрөг, нийт 14,305,800 төгрөг төлсөн тул энэ хэмжээнд түүнд ногдох хөрөнгийн хэмжээ тодорхойлогдоно гэж маргасан.

Энэ талаар анхан шатны шүүх зохигчийн хамтын амьдралтай байх хугацаанд нэхэмжлэгч нь Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж олсон орлогоороо орон сууцны төлбөрийг хамтран төлсөн, уг төлбөр төлөлтийн оролцоог хариуцагч баримтаар няцаагаагүй гэж дүгнэлт өгсөн нь нотлох баримтын хуваарилтад нийцэж байна.

Учир нь зохигч хамт амьдарч байх хугацаандаа маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд энэ үед нэхэмжлэгчийн орон сууц худалдан авахад оролцсон оролцоог хариуцагч үгүйсгээгүй зохих бүртгэлийг зөвшөөрч хийлгэсэн, өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээг заагласан, хэсгээр өмчлөх хөрөнгийн хувь хэмжээг харилцан тохиролцсон баримтгүй.

 

4.2. Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас өөрийн орлого, орон сууц худалдан авах гэрээний болон зээлийн гэрээний төлбөрийг төлсөн баримтыг гаргаж өгсөн байгаа боловч энэ нь зохигчийн харилцан зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн буюу тухайн хөрөнгийг тэнцүү хэмжээгээр өмчилж буй үйл баримтыг үгүйсгэхгүй юм.

Ийнхүү зохигч нь орон сууцыг ямар хувь хэмжээгээр дундаа хэсгээр өмчлөх талаар харилцан тохиролцоогүйг харгалзан шүүхээс өмчлөгч бүрийг орон сууцыг тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д нийцэж байна.

Дээрх дүгнэлтээр анхан шатны шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан орон сууцыг анх худалдан авах үеийн ханш болох 183,408,000 төгрөгийн 50 хувь буюу 91,704,000 төгрөгийг нэхэмжлэгчид ногдох хувьд тооцож хариуцагчаас гаргуулж, хариуцагчийн гаргасан орон сууцны 90 хувийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч нь орон сууцны үнийг зах зээлийн ханшаар 299,250,000 төгрөг гэж тодорхойлон уг үнийн дүнгийн 50 хувь болох 149,625,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч үүнийгээ баримтаар нотлоогүй тул холбогдох гомдлыг хангахгүй.

 

4.3. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нь дундын өмчөөс өөрт ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардсанаар цаашид тухайн орон сууцыг өмчлөх эрхээс татгалзсан үр дагавар үүсгэж буйг шийдвэрлэлгүй орхигдуулсныг залруулж өөрчлөлт оруулна.

Иймд эрхийн улсын бүртгэлийн ,,,,,,,, дугаартай, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран /13302/ Энхтайвны өргөн чөлөө гудамж, 4 дүгээр байр, С блок, 17 тоот хаягт байршилтай 85.5 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөс ,,,,,,,ийг хасч бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт нийцнэ.

 

5. Дундын өмч болох орон сууцыг ,,,,,,,,,,эд 2017 оны 06 дугаар сараас 2024 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд хөлслүүлсний төлбөрт 42,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

,,,,,,,,,, нь өмчлөгч нарын зөвшөөрөлтэйгөөр орон сууцыг эзэмшсэн байх бөгөөд зохигчийн зүгээс ,,,,,,,,,,эд орон сууцыг хөлслүүлэх, хөлс тооцох аливаа хэлцэл хийсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Харин анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсгийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг залруулж зохих өөрчлөлтийг оруулна.

 

6. Дээр дурдсан дүгнэлтийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/05317 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,ээс 91,704,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,д олгож, эрхийн улсын бүртгэлийн ,,,,,,,, дугаартай, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран /13302/ Энхтайвны өргөн чөлөө гудамж, 4 дүгээр байр, С блок, 17 тоот хаягт байршилтай 85.5 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөс ,,,,,,,ийг хасч бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж,

нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 99,921,000 төгрөгт холбогдох хэсэг болон орон сууцны 90 хувийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 812,505 төгрөг, хариуцагчийн 2,096,530 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ