| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2023/02087/И |
| Дугаар | 210/МА2024/02026 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2024/02026
2024 11 25 210/МА2024/02026
М.Н-нгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/03662 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч М.Н-нгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч С.С-ад холбогдох
35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагч С.С-, түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.М.Н-н нь 2013 онд Улаанбаатар хотод амьдардаг өөрийн найз Б.Б-трт Ланд круйзер-100 маркийн тээврийн хэрэгсэл захиж байсан ба 2013 оны 12 дугаар сард Улаанбаатар хотод ирж, *** УБВ улсын дугаартай, Ланд круйзер 100 маркийн, хар өнгийн тээврийн хэрэгслийг 35,000,000 төгрөгөөр худалдан авч, үнийг нь дараа төлөхөөр тохиролцсон.
С.С- нь 2014 оны 03 дугаар сард М.Н-н рүү утсаар ярьж, *** УБВ улсын дугаартай, Ланд круйзер маркийн тээврийн хэрэгслийн үнийг шилжүүлээрэй гэж хэлсэн тул М.Н-н нь Төрийн банкин дахь С.С-ын ***тоот дансанд 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 14,000,000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 16,000,000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг шилжүүлж, тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлсөн.
1.2.Гэтэл С.С- нь М.Н-нгээс төлсөн тээврийн хэрэгслийн үнэ болох 35,000,000 төгрөгийг тээврийн хэрэгслийн өмчлөгч А.Г ад шилжүүлэн өгөөгүйн улмаас 2022 оны 08 дугаар сард А.Г нь М.Н-нд холбогдуулан уг тээврийн хэрэгслийн үнэ 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан бөгөөд 3 шатны шүүх надаас уг мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.
1.3.М.Н-н, С.С- нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй. С.С- нь өөрийн дансаар шилжүүлэн авсан мөнгийг Б.Б-тр болон А.Г ад өгсөн болох нь тогтоогддоггүй бөгөөд өөртөө авч ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.
Иймд С.С-аас 35,000,000 төгрөгийг гаргуулан М.Н-нд олгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Би М.Н-н болон А.Г гэдэг хүмүүсийг огт танихгүй. Миний төрсөн ах Б.Б-тр нь 2014 онд надад хандан Би дансаараа мөнгө авч болохгүй байна. Эхнэр мөнгөний хэрүүл хийгээд хэцүү байна. Би М.Н гаас мөнгө авах ёстой юм. Чиний дансаар дамжуулаад авъя гэсэн тул би зөвшөөрч, дансанд мөнгө орсон даруйд тухайн мөнгийг бэлнээр авч өөрийн ах Б.Б-трт аваачиж өгсөн.
Нэхэмжлэгч нь миний ах Б.Б-трт тээврийн хэрэгсэл захиж байсан тухайгаа нэхэмжлэлдээ дурдсан байна. Үүнээс үзэхэд миний ах Б.Б-тр болон нэхэмжлэгч нарын хооронд 2013 онд худалдах, худалдан авах хэлцэл үүссэн байхаар байна. Мөн тухайн автомашины өмчлөгч А.Г нь миний ах Б.Б-троор дамжуулан нэхэмжлэгчид автомашинаа шилжүүлсэнтэй хэн ч маргадаггүй болно.
Иймд нэхэмжлэгч М.Н-н болон миний ах болох Б.Б-тр нарын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь миний ах Б.Б-тртой байгуулсан гэрээний үүргээ биелүүлж, түүнд автомашин худалдан авсан мөнгийг шилжүүлсэн. Гэвч ах Б.Б-тр нь миний дансаар авах хүсэлтэй байсан тул нэхэмжлэгч нь миний данс руу шилжүүлсэн үйл баримт л болсон. Миний хувьд нэхэмжлэгч М.Н-н гэх хүнийг огт танихгүй бөгөөд түүн рүү холбогдож, ярьж, мөнгө нэхэж, дансны дугаараа өгч байгаагүй.
2.2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан шаардах эрх нь нэхэмжлэгч хариуцагчид эд хөрөнгөө шилжүүлсэн ба энэ шилжүүлэг нь ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүй байх тохиолдолд үүсдэг. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болон бусад үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь автомашин худалдан авсан төлбөрийг миний ах Б.Б-трт миний дансаар шилжүүлэн дамжуулан төлсөн үйл баримт тогтоогдож байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ худалдаж авсан автомашины төлбөрөө төлсөн гэдэг. Гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
Тухайн мөнгийг би авч хэрэглээгүй, өөрийн төрсөн ах Б.Б-трт өгсөн. Цаашлаад нэхэмжлэгч нь тухайн мөнгийг шилжүүлэх гол зорилго нь миний ах Б.Б-тртой байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор шилжүүлсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.С-аас 35,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Н-нд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 332,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан хариуцагчаар татагдах этгээдийг буруу тогтоосон. С.С- нь энэхүү маргааны хариуцагч биш юм. Учир нь нэхэмжлэгч М.Н-н нь автомашин худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг миний ах Б.Б-трт шилжүүлсэн. Нэхэмжлэгч М.Н-нгийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Б.Б-трт мөнгө шилжүүлэх байсан. Иймд Б.Б-трын хүсэлтийн дагуу миний дансанд 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тодруулбал М.Н-нгийн худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг А.Г ад шилжүүлэх үүргийг Б.Б-тр хүлээсэн. Миний хувьд тухайн төлбөрийг өөрийн дансаар дамжуулж Б.Б-трт өгсөн. Харин М.Н-нтэй аливаа төрлийн хэлцэл хийгээгүй тул үүрэг хүлээх боломжгүй юм. Иймд С.С- намайг хариуцагч гэж үзэх үндэслэлгүй байна.
Цаашлаад нэхэмжлэгч нь автомашин худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөрийг Б.Б-трт өгөхөөр болсон байх бөгөөд Б.Б-трын хүсэлтийн дагуу С.С- миний дансанд шилжүүлсэн гэх үйл баримт нь гэрчийн мэдүүлгүүд болон шүүх хуралдааны мэтгэлцээний явцад тогтоогдсон.
4.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох ач холбогдол бүхий нотлох баримтуудыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд анхан шатны шүүх үүнд огт дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч М.Н-н нь миний ах Б.Б-троор дамжуулан А.Г аас автомашин худалдан авсан бөгөөд тэдний хооронд ямар төрлийн хэлцэл, гэрээ байгуулагдсан нь өнөөдрийг хүртэл тодорхой бус байна. Мөн нэхэмжлэгч М.Н-н нь С.С- миний дансанд шилжүүлж буй төлбөр нь худалдах, худалдан авах гэрээний төлбөр юм уу эсхүл өөр төрлийн тохиролцооны төлбөр юм уу гэдэг нь тодорхой бус. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч нь мөнгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр ....Найдансүрэнгээс... гэж л шилжүүлж байсан. Б.Б-тр нь ....нээс мөнгө авах ёстой юм. Чиний дансаар авчихъя. Өөрийнхөө дансаар авчихвал эхнэртэй мөнгөний маргаан үүсэх гээд байна... гэж хэлж байсан. Үүнээс үзэхэд М.Н-н нь урьдын төлбөр тооцооны төлбөрийг ч төлсөн байх магадлалтай байна.
Гэтэл дээрх эргэлзээтэй нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүйгээр, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн нь үндэслэлгүй юм.
4.3.Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулалгүй, хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг болон С.С-ын дансны хуулгаар миний бие М.Н-нгийн шилжүүлсэн мөнгийг бэлнээр гаргаж, Б.Б-трт өгсөн нь хангалттай нотлогддог. Гагцхүү хэргийн үйл баримт 10 жилийн өмнө болсон байх тул миний бие өөрийн санаж буйгаар шүүхэд үнэн зөв мэдүүлсэн боловч цаг хугацааны хувьд жаахан зөрүүтэй байсан. (Энэ нь хэргийн бодит байдлыг гуйвуулах, үнэн зөв нөхцөл байдлыг тогтооход эргэлзээтэй гэх хэмжээнд биш болно) Гэвч шүүх нотлох баримтыг зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай байдлаар дүгнэсэнд туйлын гомдолтой байна.
4.4.Иргэний хуулийн 492 дугаар зүйл бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх заалтыг энэхүү харилцаанд буруу тайлбарлаж хэрэглэсэн, Учир нь нэхэмжлэгч болон гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг Б.Б-трт шилжүүлэх хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр С.С-ын дансанд шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Б.Б-трт гэрээний үүргээ биелүүлсэн нь тогтоогддог. Б.Б-тр нь тухайн мөнгийг хэний дансаар хүлээн авах, хэрхэн зарцуулах, хэнд өгөх нь түүний бүрэн эрх юм.
Иймд М.Н-н нь Б.Б-трт төлбөр төлөх үүргээ биелүүлсэн байх тул С.С- намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Дээрх бүгдээс нэгтгэн үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1.Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс М.Н-н, А.Г нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул дахин нотлох шаардлагагүй. Харин төлбөр мөнгө хэрхэн өгч, авалцсан талаар маргаантай. М.Н-н нь С.С-ын хэлсний дагуу 35,000,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн бөгөөд М.Н-н автомашины төлбөр төлөгдчихлөө гэж ойлгон 2014-2022 он хүртэл явсан. Гэтэл А.Г нь М.Н-нд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа би С.С- руу ярихад М.Н-н ах өрөө төлсөн гээд 35,000,000 төгрөгийг өгсөнгүй, тийм учраас мөнгөө гаргуулж авъя гэх тайлбарыг гаргасан ба 2 шатны шүүхээс М.Н-нгээс 35,000,000 төгрөгийг гаргуулж, А.Г ад олгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа.
5.2.Хэрвээ С.С- нь М.Н-н рүү яриагүй байсан бол М.Н-н С.С-ын дансыг мэдэх боломжгүй бөгөөд С.С- нь цаашаа машины төлбөрийг төлнө гэж авсан учраас М.Н-нгээс С.С-ын данс руу 4 удаагийн гүйлгээгээр 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Машины төлбөрийг М.Н-н нь 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн бөгөөд С.С-ын манай ах 2 хоногийн өмнө над руу яриад дансаа өг гэж гуйсаар байгаад миний дансыг авсан гэх тайлбараас үзэхэд тухайн цаг хугацаанд буюу 2014 оны 03 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Б.Б-тр Монгол Улсад байхгүй байсан нь Хил хамгаалах ерөнхий газрын албан бичгээр тогтоогддог бөгөөд С.С-ын гаргасан тайлбар үгүйсгэгдэнэ. Түүнчлэн хариуцагч С.С- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтвортой тайлбарыг гаргаагүй. Өөрөөр хэлбэл 2 удаа 10 сая гаруй төгрөгөөр хувааж аваад ахдаа өгсөн, мөнгө орж ирсэн даруйд өгсөн гэх зөрүүтэй тайлбарыг гаргасан. Мөн гэрч Н.Алтантэвш мөнгө аваад ахад аваачиж өгсөн гэсэн атлаа манай ах над руу ярьсан гэж зөрүүтэй мэдүүлдэг. С.С- нь М.Н-нгээс өгсөн мөнгийг тухай бүр авч өгсөн үйл баримт дансны хуулгаар тогтоогддоггүй бөгөөд 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 31,400,000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 14,000,000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 200,000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус авсан.
5.3.М.Н-н, С.С- нарын хооронд ямар нэг гэрээний харилцаа үүсээгүй учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар С.С-ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гомдлыг хангах нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч М.Н-н нь хариуцагч С.С-ад холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...2013 оны 12 дугаар сард Б.Б-тртой тохиролцож *** УБВ улсын дугаартай, Ланд круйзер 100 маркийн, хар өнгийн тээврийн хэрэгслийг 35,000,000 төгрөгөөр худалдан авч, үнийг Б.Б-трын дүү С.С-ын дансанд шилжүүлсэн боловч С.С- мөнгийг Б.Б-тр болон тээврийн хэрэгслийн өмчлөгч А.Г ад өгсөн болох нь тогтоогдоогүй, шүүхийн шийдвэрээр би А.Г ад 35,000,000 төгрөг төлөх болсон, С.С- мөнгийг өөртөө авч ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж,
хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...ах Б.Б-трын хүсэлтийн дагуу дансаа ашиглуулсан, миний дансанд М.Н-нгээс 35,000,000 төгрөг шилжүүлснийг авч ах Б.Б-трт өгсөн гэж тус тус тайлбарлаж мэтгэлцжээ.
4.М.Н-н нь Төрийн банк ХК дахь С.С-ын эзэмшлийн ***тоот дансанд 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 14,000,000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 16,000,000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтыг хэргийн нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон, энэ талаар зохигч маргаагүй.
5.Б.Б-тр 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон байна.
6.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШШ2022/00943 дугаар шийдвэрт үндэслэсэн ба уг шийдвэрээр М.Н-нгээс тээврийн хэрэгслийн үнэ 35,000,000 төгрөг гаргуулж А.Г ад олгож шийдвэрлэсэн байна.
Тус хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээс үзвэл, М.Н-н хариуцагчийн байр сууринаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх бөгөөд тэрээр ...2013 оны 12 дугаар сарын 20-дын үеэр Б.Б-тр над руу утсаар залгаж 2 ширхэг Ланд 100 байна, чи ирж үзэхгүй юу гэхэд нь би Улаанбаатарт очиж уг машинуудыг нь үзсэн. Тэгээд нэг машиныг нь авъя гэхэд наадах чинь 35,000,000 төгрөгийн үнэтэй, чи мөнгөө бүрэн гүйцэд хийчихээр чиний нэр дээр шилжүүлэг хийлгээд явуулъя. Одоо машинаа аваад явж байгаарай гэсэн учраас уг машиныг авч ирсэн Б.Б-тр чи манай дүү С.С-аагийн Төрийн банкны ***гэсэн данс руу хийчихээрэй, мөнгөө бүрэн хийж дуусахаар чинь би машины бичиг баримтыг шилжүүлье өгье гэж хэлсэн. Тийм учраас би Төрийн банкин дахь С.С-ийн *** тоот данс руу нь 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 14,000,000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 16,000,000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн Б.Б-тр нь 2014 оны зун амарч ирээд буцахдаа иргэний үнэмлэхийн хуулгаа өгчих, машиныг чинь одоо очоод шилжүүлээд өгье гээд миний иргэний үнэмлэхийн хуулгыг аваад явсан. Би А.Г гэдэг хүнийг огт танихгүй Удалгүй Б.Б-тр нас барсан байсан. 2015, 2016 онуудын аль нэгэнд машинаа техникийн үзлэгт хамруулахад тухайн машин миний нэр дээр шилжсэн байсан гэсэн тайлбар гаргаж, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг А.Г тай бус Б.Б-тртой байгуулж, үнийг бүрэн төлснөөр тээврийн хэрэгсэл түүний нэр дээр шилжсэн гэх агуулгаар маргажээ.
7.Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө, 211.2 дахь хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулбал, М.Н-н нь Б.Б-тртой үүссэн эрх зүйн харилцааны хүрээнд тээврийн хэрэгслийн үнэ төлөх үүргийг гүйцэтгэхдээ Б.Б-трын нэрлэн заасан этгээд болох С.С-ын дансанд шилжүүлжээ.
Талуудын мэтгэлцээний хүрээнд С.С-ын данснаас зарлага хийгдсэн цаг хугацаа, үнийн дүн зэргийг шүүх дүгнэх нь буруу биш боловч төлбөр хийгдсэнээс 5 сарын дараа Б.Б-тр нас барсан энэ нөхцөлд нотлох баримтыг М.Н-нгийн дээрх тайлбартай харьцуулж үзэх шаардлагатай. Уг тайлбараар М.Н-нгээс мөнгө шилжүүлсний дараа Б.Б-тр тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шилжүүлж өгөхөөр түүний иргэний үнэмлэхийн хуулбарыг авч явсан, улмаар тээврийн хэрэгсэл М.Н-нгийн нэр дээр шилжсэн байх тул Б.Б-тр 35,000,000 төгрөгийг С.С-аас хүлээж аваагүй гэж үзэхээргүй байна.
Үүнээс гадна дээр дурдсан шүүхийн шийдвэрээр М.Н-нг тээврийн хэрэгслийн үнийг А.Г ад төлөөгүй гэж дүгнэсэн нь тухайн төлбөрийг С.С-аас шаардах үндэслэл болохгүй. Учир нь С.С- нь зөвхөн Б.Б-трын хүсэлтийн дагуу тухайн цаг хугацаанд М.Н-нгээс төлбөр хүлээн авсан этгээд бөгөөд С.С-, А.Г нарын хооронд аливаа харилцаа үүсээгүй.
Анхан шатны шүүх хариуцагч С.С-ыг нэхэмжлэгч М.Н-нгийн шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг Б.Б-трт дамжуулан өгсөн болохоо баримтаар нотлоогүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
8.Дээрх үндэслэлээр С.С-ыг М.Н-нгийн шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг Б.Б-трт шилжүүлэлгүй үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчид холбогдуулан гаргасан 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/03662 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч С.С-ад холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Н-нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 332,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА