Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 498

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

            улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Б.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911014290672 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигон овогт Б.Э, 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бага  боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 7-403 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хариуцах чадвартай, ...........................

          Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд Н.Үүрийнтуяаг бусадтай хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би оройн 19:00 цагийн үед ажлаа тараад нийтийн байранд очиход Н.Үүрийнтуяа, Чагнаа, Ганцоож нар ирсэн байсан. Тэгээд Ганцоож намайг хоёулаа архи, согтууруулах ундааны зүйл уух уу гэхээр нь бид уусан. Би хохирогчийн нүүр болон цээжин тус газарт нь цохисон юм” гэв.

Хохирогч Н.Үүрийнтуяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр манай найз Сарантуяа болон Төмөрхуяг нар намайг нийтийн байрандаа дуудаад байсан бөгөөд 22 цагийн орчим тэдний нийтийн байранд очсон юм ...тэгээд эмэгтэйчүүд нь нэг өрөөндөө пиво уусан, эрэгтэйчүүд нь болохоор өөр өрөөнд архи уугаад суусан. Ингээд эмэгтэйчүүд бас нөгөө өрөө рүү архи уух гээд орохоор нь би уухгүй гээд ууж байсан өрөөндөө үлдээд унтах гээд хэвтэж байтал нөгөө өрөөнөөс Эрхэмбаяр хаалга онгойлгож хүрч ирээд намайг хэвтэж байхад нүүр лүү нилээд хэдэн удаа дэвсэлсэн. Тэгээд нөгөө өрөөнд байсан хүмүүс болиулах гээд өрөө рүү орж ирэх гэж байхад нь Эрхэмбаяр хаалга дараад дээрээс дэвслээд байсан. Тэгээд Сарантуяа, Баярсайхан, Чагнаадорж гурав хаалга түлхэж орж ирээд салгасан ...” гэх мэдүүлэг /хх-9-12х/,

 

Яллагдагч Б.Э мэдүүлэхдээ: “...би 2019 оны 04 дүгээр сарын 28-ны орой ажлаа тараад 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Өнжүүлийн нийтийн байранд найзындаа хонох гэж очтол Үүрийнтуяа, Сараа, Бороо, Чагнаа, Үүрийнтуяагийн ах Ганцоож, Өсөхөө, Баяраа гэх хүмүүс архи уугаад сууж байсан. Би нөгөө өрөө рүү ороод унтаж байтал Үүрийнтуяагийн ах Ганцоож орж ирээд хоёулаа ганц юм ууя мөнгө байна уу гэхээр нь би мөнгө өгч Ганцоож гараад нэг шил архи авч ирсэн. Орж ирээд бид 2 уугаад байж байхад Бороо, Чагнаа 2 ороод ирсэн ба бид 4 архиа уусан ...цаад өрөөнд маргаан болоод байхаар нь би очтол Үүрийнтуяа, Чагнаа 2 нөгөө өрөө рүү зөрөөд орсон. Би маргааныг зогсоогоод эргээд унтаж байсан өрөөндөө ортол Чагнаа, Үүрийнтуяа 2 тэврэлдээд унтаж байсан. Би Чагнааг юу хийж байгаа юм гээд босгох гэтэл босохгүй тэврээд хэвтээд байсан. Ингээд Чагнаа босч ирээд уучлаарай гэж хэлсэн ба Үүрийнтуяаг барьж аваад нүүр рүү нь 3 удаа цохисон ... “ гэх мэдүүлэг /хх-24-25х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 4-ны өдрийн №5515 тоот дүгнэлтэд:

“1. Н.Үүрийнтуяагийн биед 2 нүдний эргэн тойрон, зүүн хацар шанаа, баруун сарвуунд цус хуралт, цээжний баруун хэсгийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-18х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд Н.Үүрийнтуяаг бусадтай хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх ба прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.