Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0641/З |
Дугаар | 221/МА2020/0017 |
Огноо | 2019-12-26 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2020/0017
Б.Г нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 718 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Б.Г нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн Б.Г 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 718 дугаар шийдвэрээр:
“Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 45 дугаар зүйл, 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, нэхэмжлэгч Б.Г урьд эрхэлж байсан Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин ........... (............) төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Тус хэргийн шүүх хуралдаанд Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын дарга Б.Д өөрийн биеэр гэрчээр оролцож, нэхэмжлэгч Б.Г талаар албан ёсны бодит гэрчийн тайлбарыг шүүх хуралдааны явцад гэрчлэн тайлбарласан.
Өөрөөр хэлбэл Дорнод аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Г нь Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын Хяналт бүрдүүлэлтийн албаны даргаар ажиллаж байхдаа гэрчээр оролцсон дарга Б.Д өдөр тутмын шууд удирдлага дор ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгч Б.Г хууль бус бодит үйл баримтын талаар мэдүүлэхээр гэрчээр шүүх хуралдаанд оролцсон болно. Тухайлбал гэрч Б.Д
1. Нэхэмжлэгч Б.Г нь албан ажлаас удаа дараа хоцордог, энэ тухай шаардлагыг Гаалийн ерөнхий газрын удирдлагаас байнга тавьдаг бөгөөд түүнийг биелүүлдэггүй, дахин давтагддаг,
2. Ажлын цагийн ирцийн бүртгэлд хамрагддаггүй,
3. Албаны даргын улирлын, хагас жилийн, болон бүтэн жилийн хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнадаггүй, тайлант хугацаанд тайланг өөрийн биеэр бичиж өгдөггүй,
4. Өөрийн шууд удирдлагад ажилладаг гаалийн улсын байцаагч нартай ёс зүйгүй хүч хэрэглэн харьцдаг,
5. Гаалийн ерөнхий газрын удирдлагаас албан ажлын шаардлага тавих болон үүрэг даалгавар өгөхөд түүнийг биелүүлдэггүй зэргийг тодорхой үйл баримтад үндэслэн, Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын даргын хувьд гэрчилсэн байдаг.
Энэхүү гэрчийн тайлбар нь аливаа бичгэн болон бусад төрлийн нотлох баримтуудаас хамгийн бодитой, мөн шууд нотлогдох үнэн байтал шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрчийн энэхүү нотлох баримтыг харгалзан үзэлгүй, тэр ч бүү хэл “нотлох баримтаар нотлогдохгүй байна” гэсэн үндэслэлээр шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “шүүх нотлох зарчим”-ыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 718 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Маргаан бүхий тушаалаар Б.Г Гаалийн газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, тус газрын харьяа Дорнод аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилсноос үзэхэд нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан, мөн сэлгэн томилсон агуулгатай, харин хариуцагчийн төлөөлөгчөөс “сэлгэсэн” гэж тайлбарлах бөгөөд энэхүү тайлбар болон тушаалын хууль зүйн үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон, хуульд заасан бусад үндэслэлээр тус тус төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах боломжтой, гэтэл Б.Г нь ажлын үр дүнгийн гэрээг 2017 онд “А” буюу 94.4, 2018 онд “А” буюу 95.5, 2019 оны 1 дүгээр улиралд мөн л “А” буюу 94 оноогоор тус тус үнэлэгдсэн, иймд хуульд заасанчлан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх боломжгүйгээс гадна үр дүнгийн гэрээ, түүний биелэлтийг дүгнэсэн байдал нь хуулийн энэ шаардлагыг хэрхэн хангаж буйг илтгэх гол үзүүлэлт болно.
Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлд зааснаар гаалийн улсын байцаагч албан үүрэгтээ хайнга хандсан, мөн хуульд заасан бусад үндэслэлээр өргөсөн тангарагаа зөрчсөн тохиолдолд ногдуулах сахилгын арга хэмжээний нэг нь “албан тушаалыг 3 сар хүртэл хугацаагаар бууруулах” шийтгэл байдаг, гэвч энэ тохиолдолд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулаагүй байх бөгөөд үүнийг ч шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрдөг.
Дээрх хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т “Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болох”-оор; энэ хүрээнд Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/106 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах журам”-ийн 5.2-т “Энэхүү журмаар зохицуулаагүй бусад асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж; Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 34/31 дүгээр журамд “төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж тус тус заасан байдаг.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариу тайлбар болон давж заалдах гомдолд гаргаж буй үндэслэлүүд нь нэхэмжлэгчийг сэлгэх бус харин ч түүнд сахилгын шийтгэл ногдуулах байсан гэх агуулгатай, гэвч тушаалд энэ талаарх хуулийн заалтыг үндэслээгүйгээс гадна “сахилгын шийтгэл ногдуулаагүй, сэлгэсэн” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь холбогдох хууль, журамд нийцээгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөн Төрийн албаны зөвлөлийн “Хууль хэрэгжүүлэн ажиллах тухай” 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 792 дугаар албан бичигт энэ талаар тодорхой дурдсан төдийгүй эрх хэмжээнийхээ хүрээнд одоогийн маргаан бүхий тушаалаа хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж, хариу мэдэгдэхийг хариуцагчаас шаарджээ.
Гэхдээ нэхэмжлэгчийг буруутгаж буй зөрчлүүдийг хариуцагчаас баримтаар хангалттай тогтоогоогүй нь шүүхээс нэхэмжлэлийг хангах, түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл болж байгаагаас бус нэхэмжлэгчийг албан үүргээ гүйцэтгэхдээ огт алдаа дутагдал гаргаагүй гэж дүгнээгүй, иймд магадгүй хуульд заасан журмаар буюу гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн дагуу зөрчлийг хангалттай тогтоосон тохиолдолд хуульд заасан шийдвэр гаргах хариуцагчийн эрхийг энэхүү магадлалаар хязгаарлахгүй болохыг тэмдэглэв.
Өөрөөр хэлбэл давж заалдах гомдолд дурдсанчлан зөвхөн Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын дарга Б.Д гэрчийн мэдүүлэг нь нэхэмжлэгчийг буруутгах, цаашлаад албан тушаал бууруулах хангалттай үндэслэл болж чадахгүй.
Учир нь үр дүнгийн гэрээний биелэлтээс гадна хэрэгт авагдсан 2017-2018 оны цаг ашиглалтын мэдээгээр нэхэмжлэгч 100 хувь гэж бүртгэгдсэн нь Б.Д энэ талаарх мэдүүлгийг үгүйсгэхийн зэрэгцээ бичгийн тайлбарт дурдсан бусад зөрчлүүд нь баримтаар тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд дан гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчийг буруутгах нь хангалтгүй.
Мөн Б.Г зан харьцааны зохисгүй байдлын талаарх нэр бүхий ажилтан, албан хаагчдын бичгээр гаргасан хүсэлтийн талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн болох нь тодорхойгүй, тэдгээрээс тайлбар, тодруулга аваагүй, зан харилцаа, ёс зүйн хувьд үнэхээр удирдах албан тушаал хаших боломжтой эсэхийг шалгаж тодруулаагүй нь хариуцагчийн буруу.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 718 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН