Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2023/0678/з |
Дугаар | 001/ХТ2024/0069 |
Огноо | 2024-06-24 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2024/0069
“Г м ж х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи,
уул уурхайн кадастрын хэлтсийн даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2023/0911 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2024/0119 дүгээр магадлалтай, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШХТ2024/0200 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрийн ашигт малтмалын ашиглалтын MV-017637, MV-017638 дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлүүдийн 8 дахь жилийн төлбөрийг хүлээн авч, тусгай зөвшөөрлүүдийн хавсралтад бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай;
2.Хэргийн нөхцөл байдал: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга “ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй” үндэслэлээр “Г м ж х” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан.
3.Нэхэмжлэгчээс “... “тусгай зөвшөөрлийг цуцалсан мэдэгдлийг албан ёсоор хүлээж аваагүй байх хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, зөрчлөө арилгаж, ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлсөн байхад тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус, мөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй” гэж, хариуцагчаас “... нэхэмжлэгч ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй, цуцалсан мэдэгдлийг албан ёсны хаягаар нь хүргүүлсэн” гэж тус тус маргажээ.
4.Анхан шатны шүүх: “ ... “төлбөрийг заавал биечлэн очиж төлөх шаардлагагүй, цахим банк, бусад хуулийн этгээдээр дамжуулан төлөх боломжтой байсан, цуцалсан мэдэгдлийг нэхэмжлэгчийн албан ёсны хаягаар хүргүүлсэн, маргаан бүхий акт гарахаас өмнө төлбөрийг алдангийн хамт төлсөн боловч хуулиар тогтоосон хугацаа хэтэрсэн” үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5.Давж заалдах шатны шүүх: “... “тусгай зөвшөөрлийн төлбөрийг хэдийд ч төлөх боломжтой байсан, хариуцагч өөрт бүртгэлтэй хаягаар мэдэгдлийг хүргүүлсэн“ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О гомдолдоо:
6.1.Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр тайлбарлан хэрэглэсэн.
6.2.Цуцлах шийдвэр гарахаас өмнө төлбөрийг алдангийн хамт төлсөн байтал давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй.
6.3.Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг анх олгосноос тооцоход 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө, эсхүл алдангийн хамт 11 дүгээр сарын 20-ноос өмнө төлөх үүрэгтэй байна.
6.4.Цуцалсан шийдвэр 17 хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гарсан.
6.5.Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШХТ2024/0200 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
8.Хариуцагчаас нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
9.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалын хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.
10.Ашигт малтмалын газрын Кадастрын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 468, 469 дүгээр шийдвэрээр “Т” ХХК-д С аймгийн Э сумын “Х”, “Х-1” нэртэй газарт 420.24, 362.38 га талбайд олгогдсон ашигт малтмал ашиглалтын MV-017637, MV-017638 дугаар тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 417, 418 дугаар шийдвэрээр “Г м ж х” ХХК шилжүүлэн авсан, тусгай зөвшөөрлүүдийн 8 дахь жилийн ээлжит төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 20, алдангийн хамт 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй байжээ.
11.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заасан.
12.Нэхэмжлэгч “Г м ж х” ХХК ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилийн төлбөр, алдангийг хуулийн хугацаанд нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө төлөлгүй, хугацаа хэтрүүлж 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төлсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
13.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу “Г м ж х” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн боловч хариуцагчаас тухайн үед цуцлалгүй тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлснөөс хойш буюу 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “...заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй” үндэслэлээр цуцалсан нь уг шийдвэрийг хууль бус гэх үндэслэл болно.
14.Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчид эрх олгосон шийдвэр тусгай зөвшөөрлийг мөн хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу дуусгавар болготол эрх зүйн үйлчлэлтэй байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллага болохын хувьд Ашигт малтмалын тухай хуулиар тухайлан зохицуулаагүй бол ерөнхийлөн зохицуулсан Захиргааны ерөнхий хууль, түүнд тусгагдсан зарчмыг шийдвэр гаргах ажиллагаандаа мөрдөх ёстой. Маргаан бүхий тохиолдолд “Г м ж х” ХХК тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлснөөр нөхцөл байдал өөрчлөгдсөн буюу “тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй” зөрчил арилсан байхад тухайн үндэслэлээр хариуцагч маргаан бүхий актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн гэх үндэслэл болно.
15.Анхан болон давж заалдах шатны шүүх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс эрх нь хүчин төгөлдөр байх хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлснөөр Ашигт малтмалын тухай хуулийн 34.7, 56.1.2-т заасан цуцлах үндэслэл арилсан гэж үзэх, улмаар уг үндэслэлээр гаргасан захиргааны актыг бодит байдалд байхгүй зөрчилд хариуцлага тооцсон агуулгатай, хууль бус болох талаар дүгнэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 217[1], 2020 оны 240[2], 2022 оны 63[3] дугаар тогтоолуудаас зөрүүтэйгээр хуулийг тайлбарлаж хэрэглэжээ.
16.Эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2023/0911 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2024/0119 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “Г м ж х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрийн ашигт малтмалын ашиглалтын MV-017637, MV-017638 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг тус тус хүчингүй болгож, тусгай зөвшөөрлүүдийн 8 дахь жилийн төлбөрийг хүлээн авч, хавсралтад бичилт хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Д.БАТБААТАР
[1] “Аз макс” ХХК ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, 128/2019/0070/з, УДШ (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2019/0217,
[2] “Сансар сүлжээ” ХХК ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, 128/2019/0608/з, УДШ (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2020/0240,
[3] “Витварерсранд” ХХК ба Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс, 128/2022/0334/з, УДШ (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2020/063.