Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

             Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн  ******* сумын иргэн *******ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: ******* сумын Засаг дарга *******т холбогдох *******ыг ******* сумын Баянговь багийн Засаг даргаар томилох захирамж гаргахыг даалгаж, томилохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгох   шаардлага бүхий  нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын  14-ны  өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.                                        

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

               Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ******* сумын Баянговь багийн Засаг даргад нэр дэвшүүлэх багийн иргэдийн Нийтийн Хурал болж санал хураалтаар ******* нь олонхын санал авсан байдаг. Үүний дүнгээр багийн иргэдийн хурал шийдвэр гаргаж багийн Засаг даргаар томилуулах саналаа хүргүүлсэн. Уг саналыг Засаг дарга хүлээж авалгүйгээр томилохоос татгалзсан. Татгалзсан үндэслэлээ *******д албан бичгээр ирүүлсэн байдаг. Уг албан бичигт Сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Үндсэн хууль зэргийг бариад өнөөдөр томилохоос татгалзаж байгаагаа *******д мэдэгдсэн. Ингээд үзэхээр сонгуулийн тухай хууль болон багийн сонгууль хууль журмын дагуу явагдсан явагдаагүй гэдэгт сумын Засаг дарга дүгнэлт хийх эрхгүй байгаа. Баянговь багийн иргэдийн Нийтийн Хурал буюу багийн Засаг даргыг сонгох сонгуулийн үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл хууль бус болсон талаар өнөөдөр албан ёсны шийдвэр эрх бүхий албан байгууллагаас гараагүй байгаа. Багийн Засаг даргын хариу тайлбарт багийн иргэдийн Нийтийн Хуралд хориг тавьсан энэ хоригийн хариу ирээгүй байгаа гэдгээр тайлбар ирүүлсэн байсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар сумын Засаг дарга аль хуралд хориг тавих нь 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт маш тодорхой байгаа тухайн шатны Засаг дарга тухайн шатны хуралд хориг тавих болохоос багийн иргэдийн Нийтийн Хуралд хориг тавьдаг албан тушаалтан биш. Тийм болохоор багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан тогтоол ямар нэгэн байдлаар хүчингүй болоогүй байгаа. Яагаад гэхээр олонхын санал аваад нэр дэвшээд ирж байгаа Засаг даргыг хуульд заасан гурван шаардлагыг хангасан хангаагүй дээр дүгнэлт хийхээс тэр багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр багийн Засаг даргын сонгууль хууль бус болсон юм уу гэдэгт сумын Засаг дарга дүгнэлт хийх, шийдвэрлэх эрхгүй албан тушаалтан байгаа. Өнөөдрийн байдлаар хурал болох хугацаанд тэр багийн иргэдийн Нийтийн Хурлын санал хураалт ямар нэгэн байдлаар шүүхээс энэ санал хураалт хууль бус болсон талаар шийдвэр гараагүй байгаа. Тийм учраас *******ыг томилохоос татгалзаж байгаа нь хууль бус юм гэж үзэж байна. Багийн Засаг даргыг сонгох санал хураалтанд 243 хүн санал өгсөн байдаг. Надад олонх нь буюу 124 хүн санал өгсөн байгаа. Засаг даргын яриад байгаа насанд хүрээгүй хүн санал өгсөн гэдгийг би мэдэхгүй. Багийн Засаг дарга даргыг сонгох сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргаж өгсөн байх шаардлагатай.  Би Баянговь багийн сонгууль ийм болсон гэж нэхэмжлэл гаргаагүй хориг тавьсан гэдэг дээр нэхэмжлэл гаргасан гэжээ.

               Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/39 дугаартай албан бичгээр *******д хариу өгсөн байгаа. Насанд хүрээгүй хүүхэд оролцсон гээд захиргааны хариуцлага тооцуулах өргөдөл явж шүүхээс шийдвэр гарсан байгаа болохоос Баянговь багийн иргэдийн Нийтийн Хурлын нийт санал хураалт хууль бус болсон болоогүй гэдэг дээр шийдвэр гараагүй. Сумын Засаг даргаас Баянговь багийн Засаг даргыг томилохоос татгалзсан албан бичигт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10, 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, Сонгуулийн тухай хуулийн 3.1.1, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9, 60 дугаар зүйлийн 60.3, 61 дүгээр зүйлийн 61.2 дахь заалтуудыг барьсан байгаа. *******ыг ямар үндэслэлээр татгалзсан гэдэг нь хуульд заасан гурван шаардлага байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт баг хорооны Засаг даргад нэр дэвшигч нь дараах шаардлага хангасан байна. 26 дугаар зүйлийн 26.6.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэрээр тогтоосон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, 26 дугаар зүйлийн 26.6.3 дахь хэсэгт ялгүй байх гэсэн гурван шаардлагыг нэр дэвшигч хангасан байх шаардлагатай энэ албан бичгээс нь харахад хурлын шийдвэрт хориг тавьж байна гэдгээр сумын Засаг дарга яриад байна. Энэ нь албан бичгээс тодорхой харагдаж байгаа. Албан бичигт байгаа 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт юу байдаг вэ гэхээр тухайн хурал Үндсэн хууль бусад хууль тогтоомж зөрчсөн, эсхүл өөрийнх нь бүрэн эрхэд үл хамаарах түүнчлэн хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэргүй болон бусад шийдвэр гаргасан бол Засаг дарга холбогдох шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт хориг тавина гэж байгаа. Тухайн хурал нь сумын Засаг даргын хувьд сумын хурал байгаа. Багийн иргэдийн Нийтийн Хуралд Засаг дарга хориг тавих эрхгүй албан тушаалтан гэтэл хориг тавих гэдгээр шийдвэрээ гаргасан байгаа. Засаг даргаас гарч байгаа ямар нэгэн шийдвэр захирамжид үндэслэх ёстой байсан гэвч иргэнд мэдэгдэхдээ *******д гэж байгаад мэдэгдсэн. Тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын санал хураалт хууль ёсны дагуу явагдсан явагдаагүй гэдэг байдлаар эрх бүхий байгууллагын ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа. Тэр хурлын үйл явцад энэ нэхэмжлэлийн хүрээнд дүгнэлт хийх боломжгүй юм гэдгийг тайлбарлаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбарласан байгаа. Баянговь багийн иргэдийн Нийтийн Хурлын санал хураалт хүчин төгөлдөр байсан уу, байгаагүй юу гэдэг асуудалд Засаг дарга дүгнэлт хийх эрхтэй хүн биш. Хуралд албан ёсны шийдвэр нь очсон юм уу гэдэг нь эргэлзээтэй. Өөрөө хориг тавьсан гэдгээр тайлбарлаж байгаа болохоос томилохоос яагаад татгалзсан талаар хуралд хүргүүлсэн хүргүүлээгүй нь эргэлзээтэй байгаа. Хуралд энэ хүнийг дахиад нэр дэвшүүлсэн бол ажлын 5 хоногт  багтаагаад томилох үүрэг нь Засаг даргад байгаа. Багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг эргүүлээд өөрт нь томилохоос татгалзсан талаарч очоогүй. Мөн 7 хүний санал нөлөөлөх ч юм уу, нөлөөлөхгүй ч юм уу. Сонгуулийн дүнгийн талаар ярихгүй ч гэсэн Мөнх-Эрдэнэ гэдэг хүний ах дүүгийн хүүхэд нь байсан өөрийнх дагуулж ирсэн хүүхэд байсан гэдэг яриа гарч байсан. Хэрвээ шаардлагатай гэвэл тэр асуудал хүртэл шалгагдах байсан байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.         

             Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Тус багийн хуралдааныг багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга удирдаж явуулсан санал хураах сонгууль явагдах дараалал журмыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэ танилцуулж хуралдааны нарийн бичгээр Ц.Эрдэнэчимэгийг олонхын саналаар баталсан. Багийн Засаг даргын эхний санал хураалтанд 5 хүн оролцсон. Багийн Засаг даргын 2 дахь шатны санал хураалтаар ******* 126 хүний санал, И.Мөнх-Эрдэнэ 119 хүний санал авсан.  Багийн Засаг даргын сонгууль явагдаж иргэдийн дундаас шуугиан ихээр гарч 2 дахь шатны санал хураалт явагдах үед иргэд дургуйцэж 20-оод хүн санал хураалтанд оролцоогүй. Маргааш нь ******* сумын Засаг даргын Тамгын газарт тус багийн иргэд олноороо ирж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Ганболд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэ нартай уулзсан. 2017 оны 01 дүгээр сарын 11-ий өдөр ******* сумын сумын Засаг дарга *******т гэж хаяглагдсан өргөдөл багийн хурал болон Засаг даргын сонгууль хууль бус болсон тухай 102 хүний гарын үсэгтэй өргөдөл ирүүлсэн болно. Тухайн өргөдөлд тооллогын комисс батлагдаад иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох сонгуулийн санал тоолж байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэ нь тооллогын үйл ажиллагаанд биечлэн оролцсон  байсан.  Мөн багийн Засаг даргын анхны сонгуулийн тооллогын явцад олон нийтийн байцаагч Д.Мөнхдэлгэр нь санал тоолох үйл ажиллагаанд оролцож саналын хуудсыг хянаж баталгаажуулаагүй байхад галд хийж шатааж устгасан. Тухайн хурлын хөтөлсөн баримт бичиг нь албан ёсны бус нэрсийг гүйцэд тодорхой бичээгүй саналын хуудас санал авсан хүний саналтай зөрсөн иргэдийн Нийтийн Хурлын сонгуульд нийт 275 хүн санал өгсөн.  Хурлын явцад тэмдэглэл гүйцэд биш санал тооллогын хуудсын зарцуулалт дутуу, хурлын тэмдэглэл байхгүй байсан. 18 насанд хүрээгүй иргэдээс  санал авсан.  Б.Угтахбаяр, Ч.Мөнхбаасан, Б.Болдбаатар, Б.Баасансүрэн, М.Сувдмаа, Б.Сувд, Д.Баасанжаргал нар  18 насанд хүрээгүй байж санал өгсөн. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар хориг тавьсан бөгөөд багийн иргэд Цагдаагийн байгууллагад  шалгуулсан.

                Тухайн хуралд дээд шатны Засаг дарга хориг тавьна гэсэн заалт нь хүчингүй болсон Засаг даргад томилох хамааралтай болсон учраас томилох дээр хориг тавьсан байгаа. Өмнө нь мөрдөгдөж байсан хуулиар 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн өөрчлөлт дээр энэ үүссэн нөхцөл Баянговь багийн хурлын байдал дээр холбогдуулаад ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид хориг тавих эрх байсан боловч хуульд өөрчлөлт ороод  хүчингүй болсон байгаа. Өмнөх хэлсэн шаардлагуудыг үндэслээд томилоогүй байгаа. Засаг даргаар томилохоос татгалзсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

              Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:. Иргэн *******д тухайн Баянговь багийн Засаг даргаар томилохоос татгалзсан хариу тоотоор хүргүүлсэн байгаа.  Хэрвээ татгалзах байсан бол татгалзсан үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа энэ үндэслэл тогтоогдсон байсан бол татгалзах байсан гэж байр сууриа илэрхийлээд байх шиг байна. Багийн Засаг даргыг хэн томилдог гэдгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мэдэж байгаа байх. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар тухайн сумын Засаг дарга багийн Засаг даргаа томилдог байгаа. Иргэдийн Нийтийн Хурлаас өгсөн шийдвэр гээд байгаа шийдвэр тооллогын комиссын дүнгээр энэ хүнийг томилох ёстой гэсэн хуулийн заалт байхгүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дэх хэсэгт зааснаар тухайн албан тушаалтныг томилуулах саналыг явуулдаг байгаа. Тухайн санал хууль зүйн үндэслэлтэй юу гэдэг дээр дүгнэлт хийж тухайн Засаг даргыг томилох эсэх асуудал сумын Засаг даргад эрх, үүрэг нь байгаа. 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг барьж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гээд байна. Тухайн хурал гэдгийг сумын иргэдийн Нийтийн Хурал гэдгийг зааж өгөөгүй. Багийн Засаг даргыг томилох уу үгүй юу гэдэг асуудал сумын Засаг даргын эрх, үүрэгт байдаг. Тухайн хурал гэдэг дээр сумын иргэдийн Нийтийн Хурал гэж зааж өгөөгүй. Нэр дэвшигчийг татгалзсан тухай хүсэлтээ иргэдийн Нийтийн Хуралд явуулсан байдаг. Засаг дарга иргэдийн Нийтийн Хуралд татгалзсан тухайгаа явуулсан. Энэ дээр иргэдийн Нийтийн Хурал тухайн асуудлыг дахиад шийдэх ёстой, шийдээгүй байгаа. Энд нэхэмжлэл гаргасан байхад сүүлд тухайн зөрчлийг шалгуулсан асуудал яриад байгаа. Хариуцагчийн энэ Засаг даргыг томилохгүй байгаа гол шалтгаан нь энэ иргэдийн Нийтийн Хурлаас гаргаад байгаа шийдвэр нь хууль бус болсон ямар учраас хууль бус болсон юм бэ гэхээр сонгуулийн насны биш 7 хүүхэд санал өгсөн  байгаа энэ асуудлыг шалгахаар эрүүгийн журмаар гомдол гаргаад шалгагдсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь Баянговь багийн Засаг даргаар томилохоор татгалзсан нь хууль бус болохыг тогтоож Засаг даргаар томилохыг даалгаж өгнө үү гэж байна. Хууль бус гэдэг нь нотлох баримт гаргаж өгөөд нотлогдсон асуудал байхгүй. Томилох ёстой гэсэн хуулийн заалт байхгүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар багийн Засаг даргатай холбоотой эрх зүйн асуудал тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт баг, хорооны хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Засаг даргаар томилуулах нэр дэвшүүлэх, санал болгох  сумын дүүргийн Засаг даргад уламжлах, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн. 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно. Тэгэхээр нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлээд байгаа иргэдийн Нийтийн Хурлаас томил гэж хэлсэн тийм учраас томилох ёстой гэсэн байр сууринаас хандаад байх шиг байна. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилоно гэж байгаа. 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй. Тэгэхээр сумын Засаг дарга ******* томилохоос татгалзах эрх нь нээлттэй иргэдийн Нийтийн Хурлаас томил гэсний дагуу заавал томилох ёстой гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсгийг зөрчсөн. Энэ нь Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.  Засаг даргыг томилоод байгаа хурал хүчин төгөлдөр бус байна. Насанд хүрээгүй 7 хүүхэд тухайн сонгуульд орсон болох нь нотлогдож байгаа. Үүнээс харахад тухайн сонгууль хууль бус явагдсан. Саналын комиссын дүн дээр ******* 124 хүний саналаар томилогдсон байгаа. Дараагийн хүн 119 хүний санал авсан ингээд харахаар 5 хүний зөрүүтэй байгаа. 7 хүн энэ сонгуульд ороогүй байсан бол Мөнх-Эрдэнэ гараад ирэх бүрэн боломжтой байсан. Сонгуулийн дүнд нөлөө үзүүлэхүйц зөрчил гаргасан насанд хүрээгүй 7 хүн санал өгсөн байгаа. *******ын гаргасан тухайн Засаг даргыг томилохоос татгалзсан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

               Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн *******ыг ******* сумын Баянговь багийн Засаг даргаар томилох захирамж гаргахыг даалгаж, томилохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

               ******* сумын Баянговь багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж 04 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дэх хэсэгт баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж зааснаар багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн олонхийн буюу 124 санал 51.0 хувийн санал авсан Сумъяа овогтой Батжаргалыг Баянговь багийн Засаг даргад нэр дэвшүүлэн томилуулахаар сумын Засаг даргад өргөн мэдүүлсэн байна.              

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Энэ хуулийн 26,2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол багийн Засаг даргыг сумын Засаг дарга томилох бөгөөд хуулийн 26.4 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан буюу сумын Засаг дарга нь багийн Засаг даргаар томилуулахаар санал болгосон нэр дэвшигчийг томилохоос татгалзах эрх нь хуулиар олгогдсон, гэхдээ томилохоос татгалзсан нь үндэслэлтэй байхыг ойлгоно.

Сумын Засаг дарга ******* нь томилохоос татгалзсан шалтгаанаа тухайн багийн иргэдийн Нийтийн Хуралд насанд хүрээгүй 7 иргэн оролцож санал өгсөн байгаа нь хууль зөрчсөн гэсэн тайлбарыг гаргасан.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно”, хуулийн 23.11-т “Засаг даргад нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах буюу огцрох тухай хүсэлтийг нь хэлцэлцэх тохиолдолд аймгийн төвийнхөөс бусад сумын багийн Хуралд багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцсон бол хүчинтэйд тооцно” гэж заасан. Өөрөөр хэлбэл багийн Засаг даргад нэр дэвшүүлэх багийн иргэдийн Нийтийн Хуралд тухайн багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл буюу Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д “... Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ...” гэж зааснаар 18 насанд хүрсэн сонгуулийн насны иргэд  оролцсон тохиолдол  хүчинтэйд тооцохоор байна.

               Гэтэл ******* сумын Баянговь багийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны иргэдийн Нийтийн Хуралд Б.Угтахбаяр, Ч.Мөнхбаасан, Б.Болдбаатар, Б.Баасансүрэн, М.Сувдмаа, Б.Сувд, Д.Баасанжаргал гэсэн 7 иргэн 18 насанд хүрээгүй байхдаа багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хуралд оролцож санал өгсөн байгаа нь хавтаст хэргийн материалд авагдсан Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан нэр бүхий 7 иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрчээр асуусан тэмдэглэл болон Цагдаагийн дэслэгч Г.Дашдэлэгийн насны байдлыг харуулсан /Б.Угтахбаяр нь 1999 оны  12 дугаар сарын 30-нд төрсөн ба тухайн санал өгдөг өдөр 17 нас 7 хоногтой, Б.Баасансүрэн нь 1999 оны 01 дүгээр сарын 23-нд төрсөн ба санал өгөх өдөр 17 нас 17 хоногтой,  Ч.Мөнхбаасан нь 1999 оны 11 дүгээр сарын 26-нд төрсөн ба тухайн санал өгөх өдөр 17 нас 1 сар 12 хоногтой, Б.Болдбаатар нь 1999 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн ба тухайн санал өгөх өдөр 17 нас 9 сар 2 хоногтой,  Д.Баасанжаргал нь 1999 оны 06 дугаар сарын 04-ны өдөр төрсөн  ба тухайн санал өгөх өдөр 17 нас 7 сартай,  М.Сувдмаа нь 1999 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн ба  тухайн санал өгөх өдөр 17 нас 15 хоногтой,  Б.Сувд нь 1999 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн ба тухайн санал өгөх өдөр 17 нас 5 сартай байсан/           хүснэгт зэргээр нотлогдож байна.

Иймд Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг дарга *******  Баянговь багийн Засаг даргаар *******ыг томилохоос татгалзсаныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсгүүдэд заасныг урдирлага болгон ТОГТООХ нь:

               1.  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10, 23.11, 26 дугаар зүйлийн 26.4  дэх хэсгүүдэд заасныг баримтлан *******ын нэхэмжлэлтэй, ******* сумын Засаг дарга *******т холбогдох *******ыг ******* сумын Баянговь багийн Засаг даргаар томилох захирамж гаргахыг даалгаж, томилохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

               2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

               3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

              4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ЗОЛБАДРАХ