Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 039

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар цэцэрлэгийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 306 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар цэцэрлэгийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Ители овогт Хавдалын Мерейхан, Уах овогт Битимханы Гүлнар, Молхы овогт Бердений Рахат нарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мурат, хариуцагч Х.Мерейхан нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Өлгий сумын 2 дугаар цэцэрлэгийн эзэмшил газрыг чөлөөлүүлэхийг хүсжээ.

 

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч М.Серикгүл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өлгий сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэг нь 1999 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Өлгий сумын Засаг дарга асан Ы.Хуатайгийн захирамжаар 4540 м2 газрыг эзэмших эрхийг 30 жилийн хугацаатай эзэмшиж байсан. Гэтэл уг газрыг цэцэрлэгийн эрхлэгч байсан Б.Гүлнар нь албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, 3 удаагийн үйлдлээр газрын зураг кадастр хариуцсан хүмүүстэй хуйвалдан багасгаж, улмаар аймгийн Засаг дарга нарыг залилан мэхэлж хууль бус шийдвэр гаргуулан нөхөр Х.Мерейхантай хамт хувьдаа завшиж, мөн нөхрийн хамсаатан болох Б.Рахат нарт хууль бус эзэмшүүлсэн нь иргэн Б.Муратын гомдлын дагуу шалгасан шалгалтын явцад нотлогдон тогтоогдсон талаар аймгийн прокурорын 5/327 тоот тогтоолд тодорхой дурджээ. Энэ асуудлын талаар аймгийн удирдлагад хүсэлт тавихад дээрх хууль бус захирамжуудыг хүчингүй болгож, 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 336 тоот захирамж гаргасан болно. Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн хууль бус хасагдсан нийт 1250,9м2 газрыг Х.Мерейхан, Б.Гүлнар нар хашаа татаж, байшин хаус барьж өдөр тутмын гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байна. Бид уг газарт наадмаас өмнө хүүхдийн тоглоомын талбай тохижуулахаар төлөвлөөд байна. Өлгий сумын 2 дугаар цэцэрлэгийн эзэмшлийн 3930 м.кв бүхий газрыг үндэслэлгүй багасгаж, хариуцагч Х.Мерейханд 243 м.кв газрыг хууль бусаар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 14 дугаар захирамж, хариуцагч Б.Рахатад 397 м.кв газрыг хууль бусаар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 501 дугаартай захирамжууд болон 0304860, 0404671 дугаартай газар эзэмших гэрчилгээг тус тус хүчингүй болгох тухай аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 336 дугаартай захирамж гарсан.

Иймд гарч байгаа эрхийн актуудыг үндэслэн цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглож наадах дээрх эзэмшил газруудыг Х.Мерейхан, Б.Гүлнар, Б.Рахат нарын эзэмшлээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар албадан чөлөөлж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Х.Мерейхан, Б.Гүлнар, Б.Рахат нар шүүхэд гаргасан тайлбартаа: Өлгий сумын 2-р цэцэрлэгийн эрхлэгч М.Серикгүлийн нэхэмжлэлтэй танилцлаа. Ямар ч үндэслэлгүй бид нарыг гэмт, хэрэгтэн болгон гүтгэжээ. Бид хэнтэй ч хуйвалдаагүй, эрх мэдлээ хэтрүүлээгүй, хуулийн дагуу эрх бүхий хүмүүсийн шийдвэрээр уг газрыг эзэмшсэн. Хүнийг хууль бусаар гүтгэж, нэр хүндэд халдсан хүмүүс хуулийн дагуу хариуцлага хүлээх хуультай. Уг цэцэрлэг 4540 м2 газрын гэрчилгээтэй байсан нь үнэн. Харин хажуу талд байсан хуучин номын сангийн одоо Е.Мауейгийн эзэмшилд байгаа байр нь 2005 оны 06-р сарын 08-ны өдрийн 74 тоот Өлгий сумын Засаг дарга Х.Хайсанайн захирамжаар 1225 м2 газар эзэмшиж байснаа аймгийн Засаг даргын 2006 оны 12-р сарын 26-ны өдрийн 392 тоот захирамжаар Өлгий сумын 2-р цэцэрлэгийн газрын хэмжээг 3930 м2 болгон багасган цэцэрлэгийн газраас 600 м2 газрыг Е.Мауейд нэмж, Е.Мауейн газрыг гэр бүлийн хэрэгцээний газар гэж бүгд 1825 м2 болгон нэмэгдүүлсэн. Энэ үед Б.Гүлнар цэцэрлэгийн эрхлэгч байгаагүй. Иймд бидний эзэмшлийн газар цэцэрлэгт огт хамаагүй бөгөөд уг маргаан одоо Захиргааны хэргийн шүүхэд шалгагдаж байгаа тул шийдвэр гартал уг нэхэмжлэлийг түдгэлзүүлж өгөхийг хүсье. Цэцэрлэгийн эзэмшил газар хөдлөөгүй байрандаа байхад газрын кадастрын зургийг харандаагаар засварлаж, иргэн Х.Мерейханы эзэмшлийн газрыг хүчээр Өлгий сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн газар болгож, булааж авч байна. Би зөвхөн шударга үнэнд хүрнэ гэсэн зорилгодоо хүрч чадахгүй байна. Надад тэр 300 м.кв газар, 200 м.кв газар байсан ч хамаагүй. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 306 дугаар шийдвэрээр:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эзэмшлийн 243 м2 газрыг Х.Мерейхан, Б.Гүлнар нарын эзэмшлээс, 397 м2 газрыг Б.Рахатын эзэмшлээс тус тус чөлөөлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Өлгий сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэг нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Х.Мерейхан, Б.Гүлнар нараас 35100 төгрөг, Б.Рахатаас 35100 төгрөг, нийт 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Х.Мерейханы давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 306 тоот шийдвэр нь хэт нэг талыг барьж, нотлох баримтуудыг бүрэн гүйцэд судалж, дүгнэлт хийгээгүй, хэт албадсан байдалтай гарсанд гомдолтой байна. Урьдах гаргасан шүүхийн шийдвэрүүдэд үндэс болгосон нотлох баримтууд нь бүгд хуурамч байсныг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоосон.

Шүүх хуралдааны явцад процессын алдаа гаргаж шүүх хуралдааны процессыг ноцтой зөрчиж, шинээр нотлох баримт гаргаж өгөх, судлах хэсгийг явуулахгүй орхигдуулж, шууд шинэчилсэн байцаалтыг явуулсан. Шүүх хуралдаанд нотлох баримт гаргаж өгөх эсэх талаар асуугаагүй бөгөөд шинээр нотлох баримт гаргаж өгөх гэтэл тэр өнгөрсөн, одоо авахгүй гэж миний шүүх хуралдаанд нотлох баримт гаргаж өгөх, иргэнийхээ хувьд шударгаар мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн. Иймд шүүх хуралдааныг дахин явуулж, миний хуульд заасан эрх үүргийн дагуу нотлох баримтуудыг гаргаж өгөх, хуульд заасан эрх үүргийг хангаж өгөхийг хүсье. Уг шийдвэрт бичсэнээр Өлгий сумын 2 дугаар цэцэрлэгт хэзээ ч 3930 м.кв газар байгаагүй. 2003 оны кадастрын зургаар 3289 м.кв байсан. Хэн ч цэцэрлэгийн газраас авч, хохироосон асуудал байхгүй.

Иймд уг асуудлыг бүр эхнээс нь нарийн шалгаж, миний шинээр гаргаж өгөх нотлох баримтыг хүлээн авч, бодит дүгнэлт гаргасны эцэст уг асуудлыг шударгаар шийдвэрлэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 306 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Өлгий сумын 2 дугаар цэцэрлэгээс хариуцагч Б.Гүлнар, Х.Мерейхан, Б.Рахат нарт холбогдуулан 1250.9 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж Х.Мерейханаас албадан чөлөөлүүлэх газрын хэмжээг 243 м.кв, Б.Рахатаас албадан чөлөөлүүлэх газрын хэмжээг 397 м.кв, нийт 640 м.кв газрыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр маргаан бүхий газарт үзлэг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан журмыг зөрчиж, үзлэгийг бүрэн биш, дутуу хийснээс тухайн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан зураглалыг хэргийн 62 дугаар талд авагдсан 2 дугаар цэцэрлэгийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зурагтай, хэргийн 63 дугаар талд авагдсан хариуцагч Х.Мерейханы эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зурагтай тус тус харьцуулан, маргаан бүхий газрыг хариуцагч нар хууль бусаар эзэмшиж байгаа эсэхийг тодорхойлох, дүгнэх боломжгүй болжээ.

 

Нэхэмжлэгч 640 м.кв газрыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлдээ тодорхой шаардлагыг тусгасан учраас үзлэгээр маргаж буй газрын зураглалыг тодорхой хэмжээстэй үйлдэх нь маргааныг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Түүнчлэн анхан шатны шүүх Б.Рахат, Х.Мерейхан, Б.Гүлнар нарыг Өлгий сумын 2 дугаар цэцэрлэгийн эзэмшил газрыг хэрхэн хууль бусаар эзэмшиж байгаа талаар хариуцагч тус бүрээр нь хэрэгт авагдсан баримтыг үндэслэн дүгнэлт хийгээгүй, тухайлбал хариуцагч Б.Рахат нь маргаан бүхий газраас ямар хэмжээтэй, хэдэн м.кв газрыг хууль бусаар эзэмшиж байгаа үндэслэлийг тодорхойлж бичээгүй бөгөөд маргааны үйл баримт хэрэгт цугларсан баримтаар бодитой тогтоогдоогүй байхад маргаан бүхий газарт үзлэг хийхэд Өлгий сумын 2 дугаар цэцэрлэгийн эзэмшил газар гэх газар нь Б.Рахат, Х.Мерейхан, Б.Гүлнар нарын эзэмшил газартай залгаа орших бөгөөд хооронд нь зааглаж хоёр талаас нь хашаа татсан байдалтай, амбаар, авто гараж баригдсан үл хөдлөх хөрөнгө байсан болох нь ... тэмдэглэлээр /зураглал/ тогтоогдож байна. гэж ерөнхий байдлаар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Иймээс дээрх үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3.-т зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 306 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК