Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2016/00425

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.М даргалж, шүүгч А.Жархынгүл, шүүгч Б.Мангилик нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ****дугаар баг, Б **** тоотод оршин суух, утас *****, РД:******Ж овогт А-ын Тгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:- гийн Өлгий сумын ** дугаар баг, Б ***** тоотод оршин суух, утас *****, РД:*****Т овогт Ж-ын Мт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Т, хариуцагч Ж.М, иргэдийн төлөөлөгч Е.А, гэрч Х.Д, Х.М, А.Р, Ж.А, А.Н, У.А нар, орчуулагч А.Е , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэлийн шаардлага: Усыг нь хэрэглэх боломжгүй худаг гаргасны хохирол 1209400 төгрөгийггаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 4 дүгээр сарын эхээр хашаандаа энгийн уурхайн худаг гаргаж өгөх тухай хүсэлтээ тус багт оршин суудаг, худаг гаргах ажил эрхэлдэг Ж.Мт хэлж амаар тохироод худаг гаргах газрыг зааж өгснөөр ажил эхэлсэн юм. Худаг гаргах гол зорилго бол ахуйн болон ундны ус ашиглах, гол шаардлага нь тус хашаанд буй 2 айлын усны хэрэгцээг хангаж байх учиртай байсан юм. М нь 10 хоногийн дотор дуусгаж өгнө гэж, нэг метрийн хөлсийг 40000 төгрөгөөр тохиролцож, дотор нь хийх бетонон цагиргийн материалыг нь авч өгөөд нэг цагираг хийсэн хөлсөнд 8000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Худаг гаргах ажлыг заримдаа М өөрөө ирж хийхээс гадна өөр хоёр хүнийг өөрийн бригадын хүн хэмээн авч ирж ажиллуулдаг байв. Тэр хоёр хүн нь сайн ажиллахгүй байна, гэхдээ анх чамтай тохиролцсон тул зөвхөн чамтай харьцана гэдгийг Мт удаа дараа сануулж байсан. М нь 10 хоног биш 4 дүгээр сар бүтэн гаргаж дуусаагүй. 1-2 цаг ажиллаад өөр худагруу явж, заримдаа 2-5 хоног хүртэл ирэхгүй байсаар 5 дугаар сарын эхээр 17,5 м гүн малтаж дууслаа, ус гарлаа гэсэн. Усны ундаргад хүргэх үеэр Ж.М нь 20м 150 мм-ийн турбо хэрэгтэй байна. Бид худгийн дотор турбог зоож байрлуулан усыг түүн дотроос авахаар хийнэ гэхээр 160000 төгрөгөөр өнгөт турбо авч өгсөн. Уг турбоог худгийн дотор 1-2 м-ийн гүнд оруулан усны түвшинг дээшлүүлнэ гэсэн боловч ямар нэгэн ашиг тусаа өгөлгүй бидний хохирол болж үлдсэн. Уг турбоог М өөрөө авна, эсвэл борлуулж өгнө гэсэн боловч одоо хүртэл ямар нэгэн хэрэгцээнд хэрэглэх боломжгүй үхмэл хөрөнгө болж хашаанд байна. Турбоог газрын гүнд оруулна гэж олон хоногоор хугацаа алдаж усны түвшин дээшилж, хана нь нурж эхэлсэн. Одоо цагираг тавина гэсэн боловч бас л хэд хоногоор сураг тасарсан. Араас нь явж байж 2 ш бетонон цагираг авч ирж тавихад нэг нь тавих явцад хагаран бутарч ашиглах боломжгүй болсон. Нэг цагирагтай үлдээж хэд хоног өнгөртөл усны түвшин дээшилж, цагиргаас дээш гарснаас болж нүхний хана нь нурж эхний тавьсан кольцоог дарсан, нүхний ёроолын хана нь нурснаас том ангал үүссэн байхад машинаар чулуу ачиж ирж дахиад 3 цагираг тавьж байж гадна талыг чулуугаар дүүргэж өгсөн. Дараа нь 3 цагираг хийж нийтдээ 7 цагираг тавьсан. Сүүлдээ тавьсан 3 цагираг нь буруу байрлагдаж, анх тавьсан цагиргууд нь хагаран бутарч худгийг ашиглах боломжгүй болсон. Худаг гаргах явцад М нэг хэсэг мөнгийг урьдчилгаа болгож авсан бөгөөд ажиллаж байгаа 2 залуу ээж, эхнэр хүүхэд нь өвчтэй байна, мөнгөний хэрэгцээ маш ихээр гарч байна гэж уйлах шахам гуйж байхаар миний хүү Ерболат өрөвдсөндөө үлдэгдэл мөнгийг өгсөн байна. Ингэж малтсан худаг нь шаардлага хангахгүй болж битүүрсэн. Өнгөрсөн намар усны түвшин багассан 12, 1 дүгээр саруудад дахиж цэвэрлэж, янзалж өгнө гэж амлалт авсан Мт олон удаа хэлж ямар ч тус болсонгүй. Нодлин цэвэрлэсэн хөлсөнд 110000 төгрөг өгөх, турбоог гагнан холбоход 32000 төгрөг бүгд 142000 төгрөг өгөх ёстой бөгөөд өвөл цэвэрлэж өгсөний дараа энэхүү үлдэгдэл хөлсийг өгье гэж тохиролцсон. Худаг малтсаны хөлсөнд өгсөн 720,000 төгрөг /18*40000/, 7 кольцонд 4 уут цемент 50,000 төг /4*12500 төг, сараалжлах арматур төмөр 92400 төгрөг /84*1100 төг/, элсэн хайрга 3 цагирагт 20000 төгрөг, 7 цагираг хийсний хөлс 56000 төгрөг /7*8000төг/, турбо авсан 260000 төгрөг, цэвэрлэгээ, гагнуурын 142000 төгрөг, чулуу ачиж ирсэн машины хөлс 11000 төгрөг, бүгд 1351400 төгрөгийн зардал гарсан. Үүнээс 142000 төгрөгийг бид өгөөгүй байгаа бөгөөд үлдсэн хохирлын хэмжээ 1209400 төгрөг болж байна. Иймд ус авах боломжгүй болсон худагт гарсан хохирлыг зохих хууль тогтоомжийг үндэслэн Мээс гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Т шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие 2015 оны 3 дугаар сарын сүүлээр 4 дүгээр сарын эхээр М гэдэг залуутай худаг гаргахаар амаар тохирч ажил гүйцэтгэгч гэрээг амаар байгуулж худгийг малтаж эхэлсэн. Анх гүн рүү нэг метр ухахад 40 000 төгрөгөөр, дотор нь тавих бетон цагиргийн материалыг авч өгөөд хийсэн хөлсөнд 8000 төгрөг өгөхөөр болж, үүнийг 10-15 хоногийн дотор бэлэн болгож хүлээлгэж өгнө гэж тохиролцсон. М нь өөрөө хэдэн хоног ажиллаж байгаад алга болсон. Тэгээд өөр хүн авч ирээд ажиллуулсан. Тэр хоёр хүн ажил хийхгүй цалгардуулж байсан. Тэгээд Мтэй уулзаж энэ хоёр залуу чинь ажил хийхгүй байна, нэлээн удаж байна гэж хэлсэн. Тэгэхэд энэ хоёр залуу бол манай бригадын хамт ажиллаж байгаа хүмүүс юм. Үнэ, хөлсийг би өөрөө тохирсон. Та ерөнхийдөө надтай ярьж байвал зохицуулна гэсэн. Тэгээд 5 дугаар сарын сүүлчээр 17 метр малтаж дууслаа гээд нэгдүгээрт цагираг хэрэгтэй байна. Хоёрдугаарт цэвэр байх үүднээс, мөн усны ундарга нэлээн гүнд орох боломжийг бүрдүүлж өгье. Тиймээс та 20 метр 150 мм-ийн өнгөт зэвэрдэггүй турбо авч өгөөрэй гэсэн. Тэгээд 20 метр турбог авч өгөөд тэрнийг гагнаад турбог худгийн гүн рүү оруулна гэсэн. Гэтэл тэр нь орох ямар ч боломжгүй юм байна. Тэгээд турбоны хувийн жингээр ороод цааш нь шаванцар хөрстэй байсан тул ороогүй. Тэр турбогоор хэдэн өдөр ноцолдоод цааш нь оруулж чадаагүй учраас турбогийн хамгийн доод талын метр хэртэй газрыг цоолж нүх бий болгосон. Тэндээс орсон ус, дотор нь байрлуулсан насосын татах хүч хоёр тохироогүй учраас нэг удаа татаад доторхус нь дуусаад, гаднаас шүүрч орох усны хэмжээ багасаад хангаж чадахгүй болохоор ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй юм байна гэж бодоод ер нь болъё, нуралт үүсэж магадгүй гээд турбог авч хаясан. 20 метр турбог нэг метрийг 13 000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр турбо хэрэгцээнээс гарч одоо хүртэл хашаанд хэвтэж байна. Тэгээд М хоёр цагираг авчирч тавьсан. Нэг цагираг нь сайн хатаагүй байсан тул тавих явцад бутарч худагт үлдсэнийг цэвэрлээд нэг л цагираг тавьсан. Тэгээд Мт материалыг нь авч өгөөд 3 цагиргийн захиалга өгөөд хөлсийг нь өгч чи яаралтай тавьж өгөхгүй бол болихоо байлаа гэж хэлсэн. Тэгээд М зөвхөн бидний худгийг биш нэг удаад 4,5 хүний худгийн захиалга авчхаад нэг хүн дээр ганц хоёр цаг ажиллаад тэр хооронд давхисаар хугацаа алдсаар байгаад 5 сарын дундуур болсон. Тэр үед усны түвшин дээшлээд нуранга үүсэж эхэлсэн. Нуранга үүссэнээс болж нөгөө ганц цагиргийг шороо дарчихсан. Улмаар манай хүүхдүүд портер машинтайгаа чулуу ачиж ирээд нөгөө ангалыг дүүргэж Мээс 3 цагираг авчирч тавьсан. Тэрийг тавихад цагиргийн нэг нэгний амсарт эгц тараагүй. Муруй байсан учраас том ангал үүсэж нэг тал руу гулсаж хазгай болсон байсан. Одоо 3 кольц тавих ёстой. Нийтдээ 7 кольц тавиарай гэдгийг Мт би өөрөө хэлсэн. Тэгээд яаралтай 3 кольц тавьж өгөөрэй гэхэд би завгүй байна. Өөр худаг гаргаж байна. Манай хашаанд хэв байна. Цагираг хийдэг хүн олвол та нар өөрсдөө хийгээрэй. Хүн олж чадахгүй бол би олж өгье гэсэн. Тэр хүүхэд нь өнөөдөр гэрчээр ирсэн Н гэдэг хүүхэд байсан. Тэр бид хоёр хэвийг авч ирээд нэг цагиргийг тэр оройд нь хийсэн. Тэгэхэд 3 кольцийн хөлсийг авъя гэсэн боловч би хийсэн даруйд чинь өгч байя гээд татгалзаж өгөөгүй. Н маргааш өглөө ирнэ гэж хэлчхээд ирээгүй. Тэгээд маргааш орой нь өөрсдөө үлдсэн 2 цагиргийг хийсэн. Ингээд 3 хоногийн дотор 3 цагираг бэлэн болсон. Одоо тавьж өгөөрэй гэж хэлж байсан. М нь худгийн дотроос шороо татаж авдаг хоёр лебетктэй байсан. Нэг нь арай хүчин чадал нь их байсан. Тэрийг өөр газар зоочихсон байгаа гэсэн. Манай хашаанд жижиг нь зоолттой байсан. Тэр дийлэхгүй гэхээр нь би олон удаа гуйж очсон. Тэгсээр байгаад 7 дугаар сарын дундуур болсон. Тэгээд тэр хооронд манай хүү байшин барьж байсан. Усны хэрэгцээ маш их байсан. Худаг нь дутуу учраас жаахан ус гараад татарчихдаг байсан. Хөрш айлаас урт шаланкаар ус татаж байшингаа барьсан. Тэр олон удаа очиж гуйсан. Ерөөсөө маргааш хийж өгнө гээд татгалздаг байсан. Маргааш өглөө очъё, нөгөөдөр очъё гэсээр байгаад хугацаа алдаж 4 кольц тавьсны дараа нуранга үүсээд дахиж дарчихсан. Тэгээд 3 кольц тавих явцад М өөрөө ирж цэвэрлэсэн. Цэвэрлэхэд усны түвшин дээшилсэн байна. Ерөөсөө цэвэрлэх боломжгүй байна. Ямар ч байсан 3 кольцийг жаахан цэвэрлээд тавьж өгье гээд тавьж өгсөн. 17, 18 метр худгийн гүн орж шалгах ямар ч боломжгүй байсан. Тэгээд 3 кольцийг тавихад бас л ангал үүсээд доторх 4 кольцны эсрэг тал руугаа хазгай байрлаад хүн орж чадахааргүй болчихсон. Тэрийг анх бид нар мэдээгүй. М нь цэвэрлэгээ дутуу боллоо. Энэ цэвэрлэгээг би 12, 1 дүгээр сарын үе буюу ус татарсан үед хийгээд хүлээлгэж өгье гэсэн. Тэгээд эцсийн хөлсийг чин тэр үед өгье, цэвэрлэгээний хөлс гээд тусдаа өгье. Ямар ч байсан бодит ажил болгож өгөөрэй гээд гуйгаад үлдсэн. Тэгээд 12 сар хүртэл олон удаа утастсан. Маргааш очлоо, өглөө очлоо гээд хугацаа алдсаар 4 сар болсон. Сүүлд нь утсаа ерөөсөө авдаггүй. Ингэсээр байгаад хугацаа алдаад хавар өөр хүнээр цэвэрлэгээгээ хийлгэе гээд өөр залуу авч ирээд үзүүлсэн чинь цаашаа явах ямар ч боломжгүй байна. Би цэвэрлэж чадахгүй юм байна. Энэ худгийг цэвэрлээд ч худаг болохгүй юм байна гээд гарч хүрэлгүй татгалзаж явсан. Худаг гаргах явцад захиалагчийн хувьд мөнгө төгрөгөө авна гэсэн үед нь өгч байсан. Мийн явуулсан хоёр залуу ээж нь өвчтэй байна, мөнгөний хэрэг байна гээд гуйгаад байхаар нь манай хүү урьдчилаад өгсөн байсан. Тэгээд ямар нэгэн өш хонзон ч байхгүй. Тэгээд гүйцэтгэх ажлын маань үр дүн байхгүй болж, нөгөө худаг маань нүх болж хувирсан. Нийтдээ 1 351 400 төгрөгийн зардал гарсан гэж бодож байгаа. Тэр хооронд цагираг хийсэн, шороо зөөхөд гарсан зардал зэргийг оруулаагүй. Үүнээс Мийн сүүлд нь цэвэрлэгээний хийсний хөлс 110 000 төгрөг, мөн турбог дотор нь оруулаад нэг нэгэндээ холбоод гагнасан байсан. Түүнд 32 мянган төгрөг гарсан. Тэгээд нийт 142 000 төгрөгийг өгөөгүй байгаа. 1 351 400 төгрөгөөс 142 000 төгрөгийг хасаад 1209400 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд: 720 000 төгрөг бол худаг малтсаны хөлс, 7 цагирагт 4 уут цемент зарцуулсан. 12 500 төгрөгөөр 4 уут цемент гэхээр 50 000 төгрөг болж байгаа. Бетоны цагиргийн доторх цагаачлах арматур төмөрт зориулж 84 метр төмрийг 1 100 төгрөгөөр үржүүлээд 92 400 төгрөг, элсэн хайрга худалдаж авахад 20 000 төгрөг, долоон цагираг хийсний хөлс 56 000 төгрөг, өнгөт турбо худалдаж авсан 260 000 төгрөг зэрэг зардлууд орж байгаа. Үүнийг хариуцагчаас гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Ж.М шүүхэд өгсөн тайлбартаа: Миний бие 2015 оны 3 дугаар сараас эхлэн А.Тгийн хашаанд энгийн уурхайн худаг гаргаж өгөхөөр болж ажлаа эхэлсэн юм. 16,5 метр гүнээс 4 дүгээр сарын сүүлээр малтаж дуусаад эзэн нь А.Тд кольцоо өгөөрэй нийт 6-7 ширхэг кольцоо шаардлагатай хэмээн хэлсэн юм. Т нийт 3 ширхэг кольцоо өгсөн бөгөөд үлдсэнийг нь бид өөрснөө хийж байгаад худаг дотор байрлуулна гэж надаас кольцооны хэвийг надаас авч үлдсэн байсан. Үүний дараа нэлээн хугацаа өнгөрч тухайн үед кольцоог бүрэн хийж дуусаагүй явдлаас болж усны түвшин ихсэж худаг дотор нь нурсан болно.Энэ нь А.Тгийн өөрийн буруутай үйлдлээс болсон юм. Мөн оны 9-р сард дотор нурсан шороог 200000 төгрөгөөр тохирч цэвэрлэж өгсөн боловч тус мөнгийг өгөөгүй өдий хүрч байгаа.Иймд А.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.М шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид нар усны түвшинд хүргээд 3 кольцо хийсэн байсан. Тэр үед өөрсдөө Ховд явсан байсан. Кольцо бэлэн болох хүртэл усны түвшин дээшилж магадгүй гэж бэрдээ хэлсэн гэсэн. Өөрсдийнх нь буруугаас болж усны түвшин дээшилж кольцоог шороо дарчихсан. Угаасаа нурахаар газар байсан. Усны түвшин бол өдөр болгон дээшилж байсан. Өөрсдийнхөө буруугаас болсон зүйлийг надаас болсон гэж буруугаа надад тохоод байна. Би нэг удаа цэвэрлэж өгсөн. Тэгэхэд усны түшин өндөр байсан учраас ёроолд нь хүрч чадаагүй. Тэгээд үлдсэнийг 1, 2 дугаар сарын үед цэвэрлэж өгье, хөлсөө өгчхөөрэй гэж хэлсэн. Өмнө нь бас ажил хийлгэчхээд мөнгөө өгөөгүй. Хэрэв мөнгө өгсөн бол бүх зүйл болох байсан. Бид нар малтаж усны түвшинд хүргэсэн. Цагираг тавьсан байдлаас харахад байдал нь тодорхой байгаа. Энэ хүний хэлж байгаа бүх зүйл үндэслэлгүй байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаан дээр гэрч нарын мэдлүүлэг, зохигчдын тайлбарлаж байгаа байдал зэргийг ач холбогдолтой эргэлзээгүй үнэн зөв талаас дүгнэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч А.Т нь 2015 оны 4 дүгээр сарын эхээр хариуцагч Х.Мтэй энгийн гүний уурхайн худагийг 10 хоногийн хугацаанд гаргуулах, үнэ хөлсийг нь төлж өгөхөөр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх аман гэрээ байгуулсан байна.

Хариуцагч Х.М гэрээндээ заасан худаг гаргах үүргээ гүйцэтгэж 17,5 метрийн гүнээс худагны ус гаргасан нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн гэрч Х.Д, Х.М, А.Р, Ж.А, А.Н, У.Анарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3-д зааснаар ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, багаж, тоног төхөөрөмжийг гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх үүрэгтэй байхад нэхэмжлэгч А.Т нь худагт хийгдэх бетон цагираг \кальцо\-ийг бүрэн бэлэн болгоогүй, усны төвшин нэмэгдээгүй байхад 7 ширхэг бетон цагираг хийх ёстойгоос зөвхөн 2 ширхэг бетон цагираг хийснээс хэд хэдэн удаа нуралт үүсэж, удаа дараа янзалж байсан нь мөн гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох худаг малтсаны хөлсөнд өгсөн 720000 төгрөг /18метр х 40000 төгрөг/, 7 кольцонд 4 уут цемент 50000 төгрөг /4 уут х 12500/, сараалжлах арматур төмөр 92400 төгрөг /84 ш х1100 төг/, элсэн хайрга 3 цагирагт 20000 төгрөг, 7ш бетон цагираг хийсний хөлс 56000 төгрөг /7ш х 8000төг/, турбоны үнэ 260000 төгрөг, гагнуурын үнэ 142000 төгрөг, чулуу ачиж ирсэн машины хөлс 11000 төгрөг, бүгд 1351400 төгрөгийн зардал гарсан, үүнээс гангуурын үнэ 142000 төгрөгийг нэхэмжлэгч өгөөгүй гэх боловч эдгээр хохирол гарсан эсэхийг хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар нотлож чадаагүй болно.

Иймээс нэхэмжлэгч А.Тгийн нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33580 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-дзаасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтланхариуцагч Төлек овогт Жанагавылын Мээс усыг нь хэрэглэх боломжгүй худаг гаргасны хохирол1209400 /нэг сая хоёр зуун есөн мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Жадик жанат овогт Абилхасын Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч А.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33580 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн иржшийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн доторБаян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргахэрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.М

ШҮҮГЧИД А.ЖАРХЫНГҮЛ

Б.МАНГИЛИК