Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 00321

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймгийн Орхон суманд 1957 онд төрсөн, эмэгтэй, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, 11 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух, өмгөөлөгч ажилтай, Дархан овогт Маналжавын Даваасүрэнг /РД:ГЮ57090265/-ийн төлөөлөн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Орон нутгийн өмчийн албанд холбогдох

Байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00283/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: төлөөлөгч нэхэмжлэгч М.Даваасүрэн, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Төлөөлөн нэхэмжлэгч М.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Ганчулуун нь 2003 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Булган сумын төвд байрлалтай 8 дугаар байрны 08 тоотод 20.9 м/кв-т талбайтай 2 давхар 3 өрөө орон сууцыг тухайн үед уг орон сууцны өмчлөгч байсан Б.Түвшинжаргалаас худалдан авахаар харилцан тохиролцож, түүнтэй үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулснаар өмчлөх эрх Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар Ганчулуунд шилжсэн ч Түвшинжаргал нь байрны гэрчилгээ байхгүй өмнө амьдарч байсан хүнээс шууд бэлэн мөнгөөр нь худалдан авсан гэсэн байна. Түүнээс хойш буюу 2003 оноос өнөөдрийг хүртэл Ганчулуун хүүхдүүдтэйгээ болон түүний аав, ээж амьдарсаар ирсэн байна. Ганчулуун үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахаар Улсын бүртгэлийн хэлтэст хандахад байрыг хувьчилсан баримт шаардсан. Энэ дагуу Аймгийн архивт очиж баримт шүүлгэхэд 8 дугаар байрны буюу бага хувьчлалаар олгосон байруудын хувьчилсан эрхийн бичгийн хувь архивт ирээгүй гээд баримт олдоогүй тул нэгэнт хувьчлагдсан, амьдраад 13 жил шахам болж буй байрны гэрчилгээгээ олгуулахаар Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахад Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн шалгаад 8 дугаар байрыг хувьчлагдсан талаар холбогдох байгууллагуудаас нотлох баримт гаргуулан, анхны оршин суугчдаас тайлбар авах, мөн тухайн байранд оршин сууж байсан хүмүүсийн лавлагааг Булган сумын хүн амын тооллогын бүртгэлээр баталгаажуулан холбогдох баримтуудыг бүрдүүлсэн байхаар нь Улсын бүртгэлийн хэлтэст хандахад бүртгэх боломжтой боллоо гэж ойлгоннэхэмжлэлээсээ татгалзан, дээрхи баримтуудыг хуулбарлан аваад Улсын бүртгэлийн хэлтэст дахин хандтал заавал өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр авчир гээд бүртгээгүй болно. Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 8 дугаар байрыг Булган аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа /АДХГЗ/-ны Өмч хувьчлалын комиссын 1991 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2 дугаар тогтоолоор мөн оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дуудлага худалдаагаар худалдаалахаар болж, уг хурлын протоколд 8 дугаар байр 12 айлын сууц үндсэн өртөг 247.6 мя/төгрөг, суугчдын санал хусэлтийг харгалзан гэрээгээр хөлсөө төлж суудгийг үндэслэн давуу эрх эдлүүлж сууц сууцаар нь хувьчлалд хамруулахаар тогтов, 1 сууц 25 ширхэг тасалбар, 8 дугаар байрны оршин суугчдын өргөдөл, байраа эрхийн бичгээрээ авах хүсэлтийг зөвшөөрөв гэж тэмдэглэсэн байна. Мөн комиссын 1991 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын 5 дугаар протоколд "9 дүгээр сарын 15-нд зарласан дуудлага худалдаагаар 11 цэг худалдахаар зарласны 4 нь буюу ногооны зоорь, 1 дүгээр халуун ус, Малчны хорооны халуун ус, АҮ цэг борлогдоогүй" бусад нь борлогдсон гэснээс харахад 8 дугаар байр 09 дүгээр сарын 15-ны дуудлага худалдаагаар бүрэн хувьчлагдсан нь нотлогдож байна. 8 дугаар байрны 08 тоот орон сууцыг хувьчлахад тухайн байранд Булган сумын иргэн Сэр-Од амьдарч байсан тул хувьчлан авчээ. Эрхийн бичиг болон бусад байрны холбогдолтой баримтуудаа алга болгосон, уг Сэр-Од нь энэ байранд 1975-1998 онд амьдарч байгаад Лувсандаш гэдэг хүнд малаар худалдсан тухайгаа захиргааны хэргийн шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ тодорхой ярьсан байдаг. Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны 1/757 тоот Сэр-Од нь 1981-1998 онд дээрхи хаягт оршин сууж байсан бүртгэлтэй болохыг тодорхойлсон. Мөн С.Лхагважав гэдэг хүн гаргасан тодорхойлолтондоо уг орон сууцыг 1998 онд Лувсандашаас худалдан аваад 1999 онд Түвшинжаргалд худалдсан болохоо тодорхойлдог. Ж.Ганчулуун 2003 онд Түвшинжаргалаас худалдан авч өнөөдрийг хүртэл түүний емчлөлд байгаа нь Түвшинжаргалтай хийсэн худалдах худалдан авах гэрээ, уг байранд 2004-2013 онд иргэн Жамъян, 2013-2015 онд Ж.Ганчулуун нар байж байртай холбоотой гэрээ байгуулан төлбөртооцоо хийж байсан тухай Булган аймгийн Дулаан ус хангамж, НАА-н Булган Мээж ХХК-ийн тодорхойлолт, 2003-2015 онд "ЭБЦТС" ТӨХК-тай Жамъян нэрээр төлбөр тооцоог хийж байсан гэсэн тодорхойлолт, 2003-2005 оны хүн амын тооллогын бүртгэлд Ганчулуун аав, ээж, хүүхдүүдийн хамт уг байранд 5 ам бүлээр бүртгэгдсэн бүртгэл, 5 дугаар багийн Засаг даргын 2009 оноос хойш Жамъян, Сүндэв нар амьдарч байсан тухай тодорхойлолт зэргээр нотлогдож байна. Ж.Ганчулуун Улсын бүртгэлийн хэлтэст өмчлөх эрхийн гэрчилгээгээ авахаар хандсан боловч тус байгууллагаас Булган сумын 8 дугаар байрны орон сууцнууд 1991 онд өмч хувьчлалын комиссын шийдвэрээр бага хувьчлал буюу ягаан тасалбараар оршин суугч иргэдэд нь олгосон болох нь тогтоогдсон боловч тухайн 8 тоот орон сууцыг хэн хэрхэн авсныг тодорхойлох нотлох баримт байхгүй байна гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна. Өмч хувьчлалын үед амьдарч байсан эзэн Сэр-Од хувьчлан авсан тухайгаа гэрчлээд байгаа боловч хувьчлан авсан баримт нь байхгүй түүнийг олж авах боломж нөхцөлгүй тул Өмч хувьчлалын ажлыг залгамжлан өмчийн асуудлыг хариуцаж буй Орон нутгийн өмчийн албыг хариуцагчаар татаж, тухайн байр ороннутгийн өмч биш хувийн өмч болохыг, анхны өмчлөгчөөс дамжиж худалдагдсаар 2003 онд худалдан авсан Ж. Ганчулууны өмч болохыг тус тус тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Энхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Тус алба нь 2011 оны 7 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдаж орон нутгийн өмчит төр төсвийн байгууллагын өмчийн харилцааг зохицуулж ажилладаг. Байгуулагдсанаас өмнөх өмч хувьчлалын асуудал манай албанд хамааралгүй болно. Иймээс Ж.Ганчулууны байр нь орон нутгийн өмчид хамааралгүй гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваасүрэн нь Булган аймгийн орон нутгийн өмчийн албанд холбогдуулан Ж.Ганчулууныг Булган аймгийн Булган сумын 8 дугаар байрны 08 тоотод байрлах 20.9 м/кв-т талбайтай 2 давхар 3 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрч Б.Сэр-Одын мэдүүлэг, Булган аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1991 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2 дугаартай тогтоол, өмч хувьчлалын комиссын хурлын 1991 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн протоколд 8 дугаар байрны 12 айлын сууц үндсэн өртөг 247,6 мянган төгрөг. Үүнийг суугчийн санал хүсэлтийг харгалзаж гэрээгээр хөлсөө төлж дуудлагыг үндэслэн давуу эрх эдлүүлэх, Сууц сууцаар нь хувьчлалд хамруулахаар тогтов. 1 сууц 25 ширхэг тасалбар , 8 дугаар байрны оршин суугчдын өргөдөл байраа эрхийн бичгээрээ авах хүсэлтийг зөвшөөрөх гэж шийдвэрлэсний дагуу оршин суугчид орон сууцаа 25 ширхэг ягаан тасалбараар өмчлөн авч байсан байх бөгөөд уг маргаан бүхий орон сууц нь хувьчлагдаснаасаа хойш өөр бусдад худалдагдаж байгаад иргэн Ж.Ганчулуун 2003 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тухайн үед уг орон сууцны өмчлөгч байсан Б.Түвшинжаргалаас худалдан авахаар харилцан тохиролцож, түүнтэй үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж худалдан авсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, орон сууц худалдах худалдан авах тухай гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Ж.Ганчулуун нь дээрх орон сууцыг худалдан авсан байх боловч тэрээр Улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ аваагүй байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр үүсэх хуулийн зохицуулалттай бөгөөд Ж.Ганчулуун нь өмчлөгчөөр бүртгүүлж улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар Улсын бүртгэлийн газар удаа дараа ханджээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Энхжаргалын тус алба нь 2011 онд байгууллагдаж орон нутгийн өмчит төр, төсвийн байгууллагын өмчийн харилцааг зохицуулж ажилладаг. Байгууллагдснаас өмнөх өмч хувьчлалын асуудал манайд хамааралгүй. Иймээс Ж.Ганчулууны Польш-12 байр нь орон нутгийн өмчид хамааралгүй болно гэсэн тайлбараас үзэхэд Ж.Ганчулууныг дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоход маргаагүй байна гэж үзэхээр байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заасан байх ба Ж.Ганчулууннь уг орон сууцанд 2003 оноос хойш аав, ээжийн хамт амьдарч хууль ёсоор эзэмшиж байсан нь 2003-2005 оны хүн амын бүртгэл, байртай холбоотой гэрээ байгуулан төлбөр тооцоо хийж байсан тухай Булган аймгийн Дулаан ус хангамж, НАА-н Булган Мээж ХХК-ийн тодорхойлолт, 2003-2015 онд "ЭБЦТС" ТӨХК-тай Жамъян нэрээр төлбөр тооцоог хийж байсан гэсэн тодорхойлолт, Булган сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд Булган аймгийн Орон нутгийн өмчийн албанд холбогдуулан гаргасан М.Даваасүрэнгийн төлөөлөн нэхэмжлэлтэй Ж.Ганчулууныг Булган аймгийн Булган сумын 8 дугаар байрны 08 тоотод байрлах 20.9 м/кв-т талбайтай 2 давхар 3 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Энхжаргал нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар шүүхэд хүсэлт гаргасан, нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-дзаасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ганчулууныг Булган аймгийн Булган сумын 8 дугаар байрны 08 тоотод байрлах 20.9 м/кв-т талбайтай 2 давхар 3 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН