| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 184/2020/02491/И |
| Дугаар | 210/МА2025/00226 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/00226
*******-ийн хүсэлттэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2024/04291 дугаар шийдвэртэй,
Хүсэлт гаргагч: *******-ийн дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй,
Нэхэмжлэгч: ******* ТӨХК-ийн 57,959,210.61 төгрөг гаргуулах,
Нэхэмжлэгч: ******* ТӨХК-ийн 42,002,706 төгрөг гаргуулах,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн 26,610,832 төгрөг гаргуулах
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн 25,264,500 төгрөг гаргуулах
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн Эрдэнэ хотод баригдаж буй ***** хотхоны 1 давхрын нэг бүр нь 80 м.кв талбай бүхий 102, 103 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай тус тус нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хэрэг гүйцэтгэгч *****, нэхэмжлэгч ***** ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, нэхэмжлэгч ***** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, нэхэмжлэгч ***** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарын агуулга:
1.1. ***** 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдан, гадаад худалдаа, барилгын угсралт эрхлэх чиглэлээр 2016 оны дунд үе хүртэл үйл ажиллагаа эрхэлж ирсэн.
2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ***** ХХК-ийн 160 айлын Блу даймонд хотхоны барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллаж байх хугацаандаа 2,267,119,963 төгрөгийн бараа материал, ажил үйлчилгээг 43 аж ахуй нэгж, иргэдээс авч, 1,170,730,075 төгрөгийн төлбөрийг барагдуулж, 1,132,361,664 төгрөгийн өр төлбөрийг барагдуулж чадаагүй.
***** ХХК төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн учраас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02879 дугаар шийдвэрээр дампуурсанд тооцож, татан буулгасан. Тус дампуурлын хэрэгт ***** нэхэмжлэгчээр оролцож, 1,132,361,664 төгрөгөө нэхэмжилсэн боловч хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр зөвхөн шүүхийн шийдвэртэй 955,823,433 төгрөгийн өр төлбөрийг баталгаажуулж ***** ХХК-ийн үлдсэн хөрөнгөөс хувь тэнцүүлэн олгохоор болсон.
2017 оноос манай компаниас авлагатай аж ахуйн нэгж, иргэд шүүхэд хандсан бөгөөд одоогийн байдлаар 12 аж ахуй нэгж байгууллага иргэдэд шүүхийн шийдвэрээр өр авлагаа барагдуулахаар байна. Компанийн нэр дээр өмчлөлийн ямар ч үл хөдлөх эд хөрөнгө, мөнгө байхгүй.
Иймд ***** нь ямар ч хөрөнгөгүй болсон, хүлээсэн үүргээ хууль болон гэрээнд заасан хугацаанд төлж чадахгүй б*****лд байгааг харгалзан үзэж, дампуурсанд тооцож өгнө үү.
1.2. Хариуцагч талаас ***** ХХК болон ***** ХХК-ийн нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа.
***** ТӨХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрнө. Гэрээний сунгалт хийгдээгүй тул алданги төлөхгүй. Нэхэмжлэгчээс ирүүлсэн эрчим хүчний тооцооллоор тооцож үзэхэд 30,175,010 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь нотлогдож байгаа.
***** ХХК-ийн хувьд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 02741 дугаар шийдвэрээр 25,264,500 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн байхад үндэслэлгүйгээр 42,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.
1.3. ***** ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй.
Учир нь 2 байр өгөх гэрээний нөхцөл бүрдээгүй, 2 дахь байрыг хүлээлгэж өгөөгүй байхад дураараа орсноо хүлээлгэж өгсөн гэж байна. Бид ***** ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй гэжээ.
2. Нэхэмжлэгч ***** ТӨХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
"*****" ХХК нь цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас тус компанид 2017 оны 03 дугаар сараас эхлэн 2020 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр болох 57,959,210.61 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч ***** ХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Талууд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 01 тоот "Бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээ"-г байгуулсан.
"*****" ХХК гэрээний үүргээ бүрэн биелүүлж сайн чанарын зуурмагийг заасан хугацаанд нийлүүлсэн, харин "*****" ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл "*****" хотхоны 1 давхрын нэг бүр нь 80 м.кв талбай бүхий 102, 103 тоот 2 ширхэг 2 өрөө байрны түлхүүрийг манай компанид гардуулан өгсөн боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүй.
Иймд "*****" ХХК-нийг Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багт баригдсан "*****" хотхоны 1 давхрын нэг бүр нь 80 м.кв талбай бүхий 102, 103 тоот 2 ширхэг 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд мөн болохыг тогтоож, тус орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлэхийг "*****" ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч ***** ТӨХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр талууд эвлэрч 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2016/01879 дугаар захирамж гарсан боловч төлбөрөө төлөөгүй. Иймд хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэл 42,002,706 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч ***** ХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
*****-тай 2015 онд гэрээ байгуулж хөөсөнцөр хавтанг гэрээгээр тохирсон хугацаанд чанарын доголдолгүйгээр нийлүүлсэн.
Гэвч "*****" ХХК нь гэрээнд заасны дагуу төлбөрийг саадгүй шилжүүлэх үүргээ үл биелүүлснээс өнөөдрийн байдлаар үндсэн төлбөр 28,000,000 төгрөг, алданги 14,000,000 төгрөгийн хамт нийт 42,000,000 төгрөгийг төлөөгүй тул "*****" ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч ***** ХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
*****-тай 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулж, Эрдэнэт хотод орон сууцны барилгын 592,43 м.кв цонх, хаалгыг гэрээт хугацаанд хийж дуусгасан ба ажлын үлдэгдэл төлбөр болох 26,610,832 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
7. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийн агуулга:
*****-ийн 2017-2019 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтээр тооцоход өөрийн хөрөнгийн 744.2 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орж, 2017 оноос төлбөрийн чадваргүй болжээ. *****-ийн үйл ажиллагаа ***** ХХК-ийн дампуурлаас шалтгаалан зогссон нь төлбөрийн чадваргүй болоход шууд нөлөөлсөн.
Хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс тус компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33-р зүйлийн 33.1.1-т заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж *****-ийг татан буулгах санал оруулж байна гэжээ.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасны дагуу *****-ийг дампуурсанд тооцон, татан буулгаж,
Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу *****-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч ***** ТӨХК-д 40,392,244 төгрөг, нэхэмжлэгч ***** ТӨХК-д 42,002,706 төгрөг, нэхэмжлэгч ***** ХХК-д 26,610,832 төгрөг, нэхэмжлэгч ***** ХХК 25,264,500 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч ***** ХХК-ийн Орхон аймгийн Эрдэнэт хотод баригдаж буй "*****" хотхоны 1 давхрын нэг бүр нь 80 м.кв талбай бүхий 102, 103 тоот орон сууцны өмчлөгчөөр ***** ХХК-ийг тогтоож тус тус нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, нэхэмжлэгч ***** ТӨХК-ийн шаардлагаас үлдэх 17,566,966 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу *****-ийг дампуурсанд тооцон, татан буулгасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц компанийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч /*****/-т шилжүүлж,
*****-ийг татан буулгах ажиллагааг явуулж, дуусгавар болгож, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч /*****/-т даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг мэдэгдэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5, 41.1.12, 41.1.15-т зааснаар хүсэлт гарагч *****-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч ***** ТӨХК 70,200 төгрөг, ***** ТӨХК 367,963 төгрөг, ***** ХХК 70,200 төгрөг, ***** ХХК 70,200 төгрөг, ***** ХХК 70,200 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгч ***** ХХК 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч *****-иас дээрх дүнг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгож,
Дампуурлын тухай хуулийн 15 дугаар дүгээр зүйлийн 15.1-д зааснаар ***** /***** ХХК/, ***** ХХК, SB Industrial ХХК-иуд болон иргэн Ж.***** нар нь нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэснээс хойших хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдаж шийдвэрлэсэн.
9. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Түүнчлэн хэрэг гүйцэтгэгчийн дампуурсан компанийн эд хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхэд шүүх хөндлөнгөөс шууд оролцон халдаж, хэн гэдэг нэхэмжлэгчид хэдэн төгрөг, ямар хөрөнгө өгөхийг захирамжилсан буруу шийдвэр гаргасан.
***** нь ***** ХХК-ийн дампуурлын хэрэгт нэхэмжлэгчээр орж, ***** ХХК-д зөвхөн нэг ширхэг 3 өрөө байр өгөхөөр хэрэг гүйцэтгэгч шийдвэрлэсэн байхад тус шийдвэрээр 2 ширхэг 3 өрөө байр өгөхөөр шийдвэрлэж байгаа нь ***** ХХК-ийн хэрэг гүйцэтгэгчийн хуулиар олгогдсон эрхэд халдсан буруу шийдвэр болсон. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
10. Давж заалдах гомдолд өгсөн нэхэмжлэгч ***** ТӨХК, ***** ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн өгсөн тайлбарын агуулга:
Гомдол нь тус нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
11. Давж заалдах гомдолд өгсөн нэхэмжлэгч ***** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Тус компани гэрээгээр хүлээсэн бетон зуурмаг нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн. Энэ гэрээний нийт дүн бол 364,320,000 төгрөг бөгөөд үүний төлбөрт 2 орон сууц авах ёстой байсан тул дээрх орон сууцуудыг хүлээж аваад одоо хүртэл эзэмшиж байна. ***** ХХК-ийн дампуурлын хэрэгт энэ орон сууцууд хамааралгүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
12. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хэрэг гүйцэтгэгчийн гаргасан тайлбарын агуулга:
Шүүхийн шийдвэр Дампуурлын тухай хуульд нийцэж гарсан. Шүүх нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэх эрхтэй бөгөөд зохих баримтын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.
2. Хүсэлт гаргагч ***** нь дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлт гаргасан, түүнд холбогдуулан ***** ТӨХК 57,959,210.61 төгрөг гаргуулах, ***** ТӨХК 42,002,706 төгрөг гаргуулах, ***** ХХК 26,610,832 төгрөг гаргуулах, ***** ХХК 25,264,500 төгрөг тус тус гаргуулах, ***** ХХК ***** хотхоны 1 давхрын нэг бүр нь 80 м.кв талбай бүхий 102, 103 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн б*****л болон нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, маргаанд хамаарал бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх үндэслэлд хамаарч байна.
3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар шүүгч хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарлах замаар тэдгээрийн эрх зүйн б*****л болон шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг явуулах ёстой б*****г.
Энэ дампуурлын хэрэгт анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШЗ2023/08506 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэл гаргах хугацааг сэргээж, гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаар шийдвэрлэсэн.
Үүнтэй холбоотойгоор ***** ХХК нь урьд *****-д холбогдуулж шүүхээс хүлээн авахаас татгалзаж байсан 28,968,637 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг энэ хэрэгт ирүүлснийг шүүх хүлээн авсан, мөн ***** ХХК нэхэмжлэл гаргахад төлөх тэмдэгтийн хураамжийг төлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсонд шүүхийн зүгээс хэргийн материал танилцуулсан байна.
Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ***** ХХК болон ***** ХХК-ийг нэхэмжлэгчээр тодорхойлсон атлаа тэдгээрт холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхигдуулсан. Энэ нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх эдгээр компани нь шүүхэд нэхэмжлэл ирүүлээгүй учир нэхэмжлэл гаргаагүйд тооцож байна гэх дүгнэлт өгсөн байна.
Нэгэнт нэхэмжлэгчээр тооцсон, нэхэмжлэл гаргах хугацааг нь сэргээсэн, үүнтэй холбоотойгоор тухайн нэхэмжлэгчид шүүхэд урьд гаргаж байсан нэхэмжлэлээ ирүүлсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, тэмдэгтийн хураамж төлсөн байгаа учир одоо ***** ХХК болон ***** ХХК нь дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэл гаргаж буй эсэхийг тодруулах нь шүүхийн үүрэг юм.
Ийнхүү анхан шатны шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлэх шүүхийн оролцоог хэрэгжүүлээгүйгээс шалтгаалж ***** ХХК болон ***** ХХК нь дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч мөн эсэх, ямар нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй эсэх нь тодорхойгүй болжээ.
3.2. Нэхэмжлэгч ***** ХХК нь *****-тай 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний дагуу 364,320,000 төгрөгийн бетон зуурмагийг нийлүүлсэн тул үүний төлбөрт тооцож Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багт баригдсан, ***** хотхоны 1 давхрын нэг бүр нь 80 м.кв талбай бүхий 102, 103 тоот 2 ширхэг 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан.
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргахдаа дээрх орон сууцнуудын заримыг ***** ХХК-иас хүлээн аваагүй учир нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй, мөн ***** ХХК-ийн барьсан орон сууцны барилга ***** ХК-ийн барьцаанд байгаа гэх тайлбарыг гаргасан байна.
Ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар зохигч маргасан, зохих улсын бүртгэлийн лавлагаа хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлд эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Учир нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнийг шилжүүлэх асуудал нь улсын бүртгэлд үндэслэгддэг тул энэ талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөхдөө эрх бүхий байгууллагын бүртгэлийн баримт бичгийг үндэслэх ёстой. Үүнээс шалтгаалж хариуцагч нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх боломжтой эсэх, эсхүл гуравдагч этгээдийн өмчлөлд байгаа эсэх нөхцөл б*****л тогтоогдоно.
Өмнө дурдсанчлан шүүхээс хэргийн оролцогчид эрх, үүргийг тайлбарлан өгөх замаар тэдгээрийн эрхээ хэрэгжүүлэх боломж нөхцөлийг хангаж хэргийн үйл баримтыг тодруулах ёстой.
Хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тодруулах ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй.
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2024/04291 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 969,707 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.БАДРАХ