| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 101/2024/06950/И |
| Дугаар | 210/МА2025/00227 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/00227
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2024/05232 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох,
гэм хорын хохиролд 28,922,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
***** нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн өглөөний 06 цагийн орчим, өөрийн эзэмшлийн ***** УБВ улсын дугаартай Toyota Land Cruiser-200 маркийн авто машиныг жолоодож явахдаа Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Их монгол улсын гудамж, Маршал таун хотхоны гэрлэн дохиотой замд "*****" ХХК-ийн эзэмшлийн ***** УНИ улсын дугаартай Toyota Land Cruiser 300 маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан.
Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс ***** нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9, 1.3-т заасан заалтуудыг зөрчсөн болохыг тогтоож, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Уг ослын улмаас 27,572,100 төгрөгийн хохирол учирсан болох нь "***** ХХК-ийн хийсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон.
Иймд эд хөрөнгөд учирсан хохирол 27,572,100 төгрөг, үнэлгээний төлбөр 1,200,000 төгрөг, ачилтын хөлс 150,000 төгрөг, нийт 28,922,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Зам тээврийн осолтой холбоотой маргаан байхгүй, харин ***** ХХК-ийн хийсэн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 27,572,100 төгрөг, ачилтын хөлс 150,000 төгрөг гарсныг хүлээн зөвшөөрөхгүй.
Үнэлгээгээр автомашины сэлбэгүүдийг хэт өндөр үнэлсэн, бүх эд ангийг шинээр солихоор дүгнэсэн, хэт нэг талыг барьсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч *****аас 28,772,100.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,561.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 301,810.50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Миний бие *****аас 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр итгэмжлэл авсан.
Хэрэгтэй 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр танилцаж гарын үсэг зурсан байхад шүүх хуралдааны товыг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн мэтээр баримт нөхөж гүйцэтгэсэн байна. Мөн дээрх хугацаанд 2024 оны 10 дугаар сарын 08, 29-ний өдөр шүүх хуралдааны товыг тогтоосон боловч тов тогтоосон болон хойшлуулсан захирамж, тов мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй.
Шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдэхгүйгээр хуурамч баримт үйлдэж хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг ноцтой зөрчсөн.
***** ХХК-ийн хийсэн үнэлгээ нь зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэлсэн, бүх эд ангийг засварлах боломжтой байхад шинээр солихоор дүгнэсэн, хэт нэг талыг барьж, бодитой дүгнэлт гаргаагүй, эргэлзээтэй, тодорхой бус байх тул хохирлын үнэлгээг дахин тогтоох зорилгоор шинжээч томилох хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
Нэхэмжлэгч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны баримт, мэдүүлэг гэх мэт бүх баримтыг хуулбарлан авч шүүхэд өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Шүүх хуралдаан болдог өдөр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга залгахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөр шүүх хуралдаанд оролцох гэж байна гэх хариуг өгч байсан. Үнэлгээний байгууллагын хохирлыг бодитойгоор үнэлсэн. Зөрчлийн хэргээс авч нотлох баримтаар гаргаж өгсөн баримтууд нь хуулийн шаардлага хангасан.
Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ***** ХХК нь хариуцагч *****ид холбогдуулан зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 28,922,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд эд хөрөнгийн хохирлын үнэлгээг зөвшөөрөхгүй гэх мэтгэлцээний байр суурийг илэрхийлсэн.
3. Анхан шатны шүүх хариуцагч талыг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлүүлэхээр гаргасан хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх үндэслэлд хамаарч байна.
3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 77 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхтэй бөгөөд энэхүү эрхийг хангах үүднээс шүүх зохих журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдэх ёстой.
Анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн захирамжаар тус хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10.00 цагт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлож, товыг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****эд мэдэгдсэн баримт үйлджээ.
Гэтэл ***** нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр *****аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэлийг авч, улмаар 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хэргийн материал, хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй танилцсан тул түүнд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тов мэдэгдсэн гэж дүгнэх үндэслэлгүй.
Мөн хэргийн 89 дэх талд хариуцагч *****ийн гэрийн хаяг бичигдсэн мэдэгдэх хуудас авагдсан байгаа боловч хүргүүлсэн, хүлээн авсан талаарх аливаа тэмдэглэл бичигдээгүй, гарын үсэг зурагдаагүй.
Иймд анхан шатны шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэж, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр нь хангаагүй байна.
3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ, хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тайлбараа баримтаар нотлох үүргийг хүлээдэг.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор осолд өртсөн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг 27,572,100 төгрөгөөр тогтоосон ***** ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хэрэгт баримтаар гаргаж өгсөн.
Уг үнэлгээний тайланг хариуцагч тал эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор хангахгүй орхисон атлаа хариуцагчийг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж буруутгасан нь мэтгэлцээний тэнцвэртэй байдлыг алдагдуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.
4. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчийн үүргийн дагуу холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн баримтыг нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.
5. Дээр дурдсан дүгнэлтээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2024/05232 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,560 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.БАДРАХ