| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0342/Э |
| Дугаар | 391 |
| Огноо | 2019-05-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 391
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Ц.Батбямба,
Шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч О.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г.Сд холбогдох эрүүгийн 1811015740522 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Боржигон овогт Г.С, Монгол Улсын иргэн, 1992 оны 12 сарын 01-ний өдөр Төв аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний эрүүл ахуйн шинжээч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол 6 дугаар байр 46 тоотод оршин суух,
Урьд: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 5 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 272 дугаар шүүгчийн захирамжаар 1 жил 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, /............................
Шүүгдэгч Г.С нь “би Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа н.Ядамдоржийн хүүхэд байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 31-408Б тоотод хохирогч Н.Алтанцэцэгээс түүний дүү Чингантигийг Оюу толгой ХХК-нд ажилд оруулж өгнө” гэж 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 500.000 төгрөг, мөн хохирогч Н.Алтанцэцэгээр дамжуулан хохирогч Х.Уранжаргалын хүү Төрбат, түүний бүл дүү Дөлгөөнтамир нарыг Оюу толгой ХХК-нд ажилд оруулж өгнө” гэж 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг, хохирогч А.Бадамыг Оюу толгой ХХК-нд нягтлан бодогчоор ажилд оруулж өгнө” гэж 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг буюу нийт 2.500.000 төгрөгийн эрхийг тус тус шилжүүлэн авсан;
-2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 57-1198 тоотод хохирогч Х.Амартуяагийн барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавиад нүүрс аваад ир гэж итгэмжлэн хариуцуулсан алтан бөгжний эрхийг завшиж 297.000 төгрөгниий хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Саас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”... Би 2017 оны эхээр Бүжидмаатай найзаараа дамжуулж танилцсан. 2017 оны 1 дүгээр сарын эхээр Бүжидмаагийн гэрт очиж хэд хоносон. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би 7-н буудал орж найзтайгаа уулзах гэж байсан. Найзтайгаа уулзаад буцаад ирье гэхэд Бүжидмаагийн эх Амартуяа чи буцаж ирэх юм бол ирэхдээ нүүрс аваад ирээрэй гээд алтан бөгж, иргэний цахим үнэмлэхээ өгсөн. Нэг Портер нүүрс аваад ирээрэй гэж хэлсэн. Сандайе төвийн ойролцоох Хос гутал дэлгүүрийн нэг давхарт байдаг ломбарданд өөрийнхөө нэрээр 230.000 билүү 250.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би Налайх руу явчихаад ирэхдээ мөнгийг нь алга болгочихсон. Иргэний үнэмлэхийг нь Төмөр замын Сарнай зочид буудалд хонохдоо 7000 төгрөгийн барьцаанд үлдээгээд явсан ...” гэх мэдүүлэг /хх-158х/,
Шүүгдэгч Г.Саас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Х.Уранжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “....Би Алтанцэцэгт өөрийн дүү Төртогтох, Чингантиг, Дөлгөөнтамир гэх өөрийн хамаатны хүүхдүүдийг Оюутолгой ХХК-нд жолоочоор ажилд оруулахаар 1.500.000 төгрөг 2017 оны 04 дүгээр сарын 20-нд бэлнээр тоолж өгсөн. Манай багш Алтанцэцэг гэгч нь анх 2016 оны 04 дүгээр сарын эхээр манай гэрт ирэхдээ Оюутолгойд орон тоо байна надаа оруулж өгөх арын хаалганы хүн байна гэж ярьж байсан. Тэр үед за би хүүхдүүдээ оруулъя хэд орчим болох вэ гэхэд нэг хүүхдийн 500.000 төгрөг өгчих гэсэн юм. Төд удалгүй манай эгч Алтанцэцэг 2017 оны 05 дугаар сарын сүүлээр нөгөө ажилд оруулах ажил бүтэхгүй боллоо мөнгөө авах уу гэсэн би за тэгье гээд 2017 оны 05 дугаар сарын сүүлчээр 1.500.000 бэлнээр нь буцаагаад авсан. Мөнгөө хэнд өгөх хэнд хэлж оруулах талаар надаа огт хэлээгүй би лав өөрийн мөнгөө буцаагаад авсан. Миний хувьд хохирол байхгүй. Би 1.500.000 төгрөгийг өөрөөсөө гаргасан дүү нар маань тэр үед ажилгүй байсан болохоор мөнгөгүй байсан тэгэхээр нь тэгвэл надаас зээлчих ажилд орохоороо эргүүлээд өгөөрэй гэж хэлсэн гэх мэдүүлэг ...” /1хх-21-22х/,
Хохирогч А.Бадамаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ ... 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр миний танил эгч Алтанцэцэг миний таньдаг хүн Оюутолгой ХХК-нд ажилладаг тооцооны нягтлан бодогчийн ажлын байр сул байгаа гэсэн гэж хэлэхээр нь би материал бүрдүүлж Алтанцэцэг эгчид өгсөн. Тэгээд удалгүй Алтанцэцэг эгч над руу утсаар яриад Оюутолгойд ажилд орохын тулд 1.500.000 төгрөг хэрэгтэй юм байна. Яагаад гэвэл чамайг ажилд оруулах хүмүүст өгнө гэсэн. Тэгээд би 2018 оны 05 дугаар сарын эхээр Алтанцэцэг эгчид бичил хороололд байдаг Билиг дэлгүүрийн тэнд 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд би 2018 оны 05 дугаар сарын 20-ны үед Алтанцэцэг эгчээс Оюутолгойд ажилд оруулах хүн маань жоохон байж бай гэсэн гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 06 дугаар сарын эхээр Алтанцэцэг эгч рүү яриад би ажилд орно гэж өгсөн 1.500.000 төгрөгөө авъя гээд 06 дугаар сарын эхээр 1.500.000 төгрөгөө Алтанцэцэг эгчээс бэлнээр авсан. Би Бат-Эрдэнэ гэдэг хүнийг танихгүй. Алтанцэцэг эгч цаашаа хэнтэй ярьж Оюутолгойд ажилд оруулах гэж байгаа талаар юу ч мэдээгүй ...” гэх мэдүүлэг /1хх-24-26х/,
Гэрч Н.Алтанцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тэр хүнийг ажилд оруулж чадах хүн юм болов уу гээд өөрийнхөө танил 4 хүнийг ажилд оруулах зорилгоор тэр эрэгтэйтэй уулзахаар болсон. Уулзахаасаа өмнө утсаар холбогдож ажилд оруулж чадах эсэх талаар нь асуухад “Би Бат-Эрдэнэ гэдэг хүн байна, Нийслэлийн халаасны хулгайтай тэмцэх газарт ажилладаг” гэж хэлсэн. Тэгээд яриа дундаа манай аав Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Ядамдорж гэж хүн байдаг, би өөрөө Нийслэлийн цагдаад ажилладаг хүн байж юу гэж хуурах вэ гэсэн. Би танай ажил хаана байдаг вэ гэж асуухад манай ажил Сансарын 805 дугаар ангийн дэргэд байдаг би одоогоор амралттай байгаа, 05 сарын 22-ны өдөр ажилдаа орно гэж ярьж байсан. Уулзаад ярилцахад Оюу толгой ХХК-д үйлчилгээний ажилтны орон тоо их байна, мөн жолоочийн ажлын орон тоо их байна гэж ярьж байсан. Тэгээд би дүү Нарангаравын хүүхэд болох Чингантиг гэдэг охиныг үйлчилгээний албанд оруулахаар 500.000 төгрөг, миний хуурай дүү Уранжаргалын хүү Төрбатыг хүнд механизмын жолоочийн ажилд оруулахаар 500.000 төгрөг, Уранжаргалын ахын хүүхэд болох Дөлгөөнтамирыг жолоочоор оруулахаар 500.000 төгрөг, хуурай дүү Бадамыг Шатахуун түгээх нефтийн албаны нягтлангаар оруулахаар 1 сая төгрөг өгсөн. Тэр эрэгтэй тэдгээр хүмүүсийг ажилд оруулна гээд иргэний үнэмлэхний хуулбар, цээж зураг, мэргэжлийн үнэмлэхний зураг тус бүрийг 2 хувь хуулбарлуулж авсан. Тэр эрэгтэйтэй ярилцаж тохироод мөнгөө өгчихсөн байсан. 2018 оны 05 сарын 22-ны өдөр Оюутолгойн ээлж солилцоно, тэр үед эдгээр хүмүүс ажилдаа очиж орно, 05 сарын 22-ны өдрөөс өмнө би зохицуулаад ажилд нь оруулчихсан байна, 22-ны өдөр Бөмбөгөр оройтой Хаан банкны үүднээс автобусанд суулгаад авч яваад онгоцоор явуулчихна. Онгоцноос буух үед нь манай эгч тосож аваад ажилд нь оруулчихна гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 05 сарын 22-ны өдөр Чингантигийг явуулахаар ярилцсан байсан учир 2018 оны 05 сарын 21-ны өдөр утас руу нь холбогдоход Бат-Эрдэнэ гэдэг эрэгтэй би ажилдаа орох гээд хуралд сууж байна, жоохон байж байгаад ярья гэсэн. Тэгээд байж байгаад би дахин дуудлага хийхэд би Нийслэлийн цагдаа дээр байна, хувцасны захиалга өгөөд явж байна гэж хэлсэн. Тэгээд уулзахгүй болохоор нь би байн байн залгаад байхад би Нийслэлийн цагдаа дээр хуралтай байж байна, хурлаа тараад залгая гэж мессеж бичсэн байсан. Тэгээд 2018 оны 05 сарын 22-ны өдөр утсаар холбогдоход өнөө өглөө 06:30 цагт хүмүүс явчихсан гэсэн. Би чи юу яриад байгаа юм, би чам руу шөнө 00 цаг болтол залгасан гэсэн чинь би унтаад мартчихаж, одоо 2018 оны 05 сарын 25-ны өдөр дахин явна тэр үед явуулъя, тэр үед явах Төрбатыг бас дуудчих хоёуланг нь явуулчихъя гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш утас нь холбогдохгүй болсон гэх мэдүүлэг ...’’ /1хх-28-29х/,
Гэрч Г.Анхтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн ойролцоох бааранд найз Нарантунгалагийн хамтаар байж байгаад өөрсдийгөө Бат-Эрдэнэ, Гончигоо, Батаа гэж танилцуулсан 3 эрэгтэйтэй танилцсан. Бат-Эрдэнэ бид хоёр ярилцаад сууж байхад чи намайг муу хүнээр бодоод хэрэггүй би Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газарт ажилладаг би хошууч цолтой манай ажил 805-р ангид байдаг би 205 тоотод суудаг чи очиж үзээрэй гэж хэлж байсан. 2018 оны 03 дугаар сарын 07-08-ны үед Бат-Эрдэнэтэй хамт явж байхад би Нийслэлийн цагдаагийн газрын дарга Ядамдорж хурандаагийн хүүхэд байгаа юм, одоо манай аав Чех улс руу явчихсан байгаа гэж ярьж байсан. Бат-Эрдэнэ би хаана ч хүн ажилд оруулж чадна, ажилд оруулах хүн байвал хэлээрэй би Оюутолгойд ажилд хүн оруулдаг гэж хэлсэн. Тэгээд Оюутолгой ХХК-нд ажилд оруулж өгнө гэж ярьсан учир ээж өөрийн шавь Алтанцэцэг рүү яриад Оюутолгой ХХК-нд хүн ажилд оруулж чадах хүн байна гэж хэлсэн байсан. Бат-Эрдэнэ Алтанцэцэг эгчтэй уулзаад хүн ажилд оруулахаар болсон байсан. Алтанцэцэг эгчтэй ярьж байгаад манай гэрт мөнгө авдаг байсан. Бат-Эрдэнэ Алтанцэцэг эгчээс мөнгө авчихаад гараад ажилд оруулах хүмүүстэй уулзахаар явлаа гээд гардаг байсан. Алтанцэцэг эгчээс урьдчилгаа мөнгө, бичиг баримтын хуулбарыг авдаг байсан. Тэгээд би бичиг баримтыг нь аавдаа өгчихсөн Оюутолгойд ажилладаг эгчдээ өгчихлөө гэж хэлдэг байсан. Бат-Эрдэнийг ажилд оруулах хүмүүс юу болж байна гэж асуухад миний дэргэд хүнтэй утсаар яриад ийм мэргэжилтэй хүн байна, ийм хүн байна, бичиг баримтыг нь явууллаа гэж ярьж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-35-36х/,
Гэрч Д.Сэргэлэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын эхээр манай охин Анхтуяагийн найз гэх Бат-Эрдэнэ гэдэг эрэгтэй манай гэрээр ирэх болсон. Манай гэрт Бат-Эрдэнэ ирсэн байх үед бид нар Оюутолгойн компаний талаар ярьж байсан юм. Тэр яриан дунд Бат-Эрдэнэ Оюутолгойд манай эгч ажилладаг хүн ажилд оруулж өгч чадна гаж хэлсэн. Бат-Эрдэнэ манай гэрт анх ирсэн буюу 2018 оны 04 дүгээр сарын эхээр манайд байхад Бат-Эрдэнээс чи хэний хүүхэд юм бэ эцэг, эх чинь хаана юу хийдэг вэ, хаана амьдардаг юм бэ гэж асуухад тэр эрэгтэй өөрийгөө Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ядамждоржийн хуү байгаа юм би өөрөө Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газарт ажилладаг хошууч цолтой гэж ярьж байсан ...’’ гэх мэдүүлэг /1хх-37х/,
Гэрч Б.Түвшинжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... Би эх Алтанцэцэгт 17 цагийн үед хоол хүргэж өгөхөд чи надаас мөнгө аваад Сэргэлэнгийнд аваачаад өг Сэргэлэнгийн гэрт нэг эрэгтэй хүн байгаа түүнд мөнгөө өгөөд бичиг баримт өгсөн талаараа бичиг хийж аваарай гэж хэлсэн. 19 цагийн үед байх Сэргэлэн эгчийн гэрт очиход Сэргэлэн эгч, Анхтуяа, Бат-Эрдэнэ гэх эрэгтэй, Хэнтий аймгийн бөө Ичинхорлоо гэдэг эгч нар байж байсан. Би Сэргэлэн эгчийн гэрт ороод мэнд мэдчихээд нийтэд дунд нь бичиг баримт мөнгөө аваад ирлээ Анхтуяа тийшээ өг гээд эрэгтэйдээ хэлсэн. Тэгээд би ганцаараа гарч яваад ойролцоох дэлгүүрээс нь цаас аваад буцаж ирээд нөгөө эрэгтэйд мөнгө өгөөд мөнгө авсан талаар нь бичиг бичээд гарын үсгийг нь зуруулаад гарсан. Үүний дараа он сарыг нь тодорхой санахгүй байна манай эх Алтанцэцэг хүнтэй уулзаж мөнгө өгөх хэрэгтэй байна гээд би машинаараа хүргэж өгсөн. Тэр эрэгтэй ганцаараа ирээд миний машин дотор ээжтэй уулзаад мөнгөө авсан ...’’ гэх мэдүүлэг /1хх-39х/,
Гэрч Б.Дөлгөөнбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Санжаахандын энэ үйлдэл нь хүн ажилд оруулж өгнө гэж хэлээд бэлнээр мөнгө авдаг байсан. Харин Сэргэлэн гэх хүнд 2 удаагийн үйлдлээр тус бүр 250.000 төгрөг, нийт 500.000 төгрөг бэлнээр өгснийг би харсан. Миний сонссоноор ажилд зуучлагч Сэргэлэн, ажилд оруулж өгнө гэж хэлж байгаа нь Санжааханд юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг /1хх-39х/,
Гэрч Н.Алтанцэцэг, Б.Түвшинжаргал нараас шүүгдэгч Г.Сад мөнгө хүлээлгэн өгсөн баримт /1хх-11-12х/,
Хохирогч Х.Амартуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...Миний охин Бямбадашийн Бүжидмаатай 2016 оны 03 дугаар сараас эхэлж Ганбаатарын Санжааханд гэдэг залуу үерхэж эхэлсэн. Тэгээд манайхаар хааяа орж гардаг байсан. Хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сарын 06-нд ирээд 08-ны өдөр хүнтэй уулзана гээд явсан. Тэгээд явахаар нь би өөрийнхөө алтан бөгжийг өгөөд ломбарданд тавиад портер нүүрс аваад ир гэж хэлээд явуулсан. Тэгээд авч яваад тэр чигтээ алга болсон. Миний бөгж 3.2 грамм жинтэй алтан бөгж байсан. Мөн Санжааханд миний иргэний үнэмлэхийг аваад явсан ...” гэх мэдүүлэг /1хх-144х/,
Гэрч Ч.Бүжидмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...Санжааханд гэдэг хүнтэй найзынхаа хурмаар танилцсан. 2016 оны 10 дугаар сарын сүүлээр танилцсан. Ер нь найзууд байж байгаад 3 сараас эхлэн бид хоёр үерхэж эхэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-145х/,
Ю.Дамно ХХК-ны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ЧД2-322 дугаартай “...эмэгтэй хүний алтан бөгж 297.000 төгрөг ... “ гэх үнэлгээний тайлан /хх-153-154х/,
Шүүгдэгч Г.Сын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-82х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-84х/,
Шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-87-91х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.С нь “би Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа н.Ядамдоржийн хүүхэд байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 31-408Б тоотод хохирогч Н.Алтанцэцэгээс түүний дүү Чингантигийг Оюу толгой ХХК-нд ажилд оруулж өгнө” гэж 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 500.000 төгрөг, мөн хохирогч Н.Алтанцэцэгээр дамжуулан хохирогч Х.Уранжаргалын хүү Төрбат, түүний бүл дүү Дөлгөөнтамир нарыг Оюу толгой ХХК-нд ажилд оруулж өгнө” гэж 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг, хохирогч А.Бадамыг Оюу толгой ХХК-нд нягтлан бодогчоор ажилд оруулж өгнө” гэж 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг буюу нийт 2.500.000 төгрөгийн эрхийг тус тус шилжүүлэн авсан;
-2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 57-1198 тоотод хохирогч Х.Амартуяагийн барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавиад нүүрс аваад ир гэж итгэмжлэн хариуцуулсан алтан бөгжний эрхийг завшиж 297.000 төгрөгниий хохирол тус тус учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Сад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Г.Сыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас чөлөөлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 176 хоног цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.