Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2016/00426

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт оршин суух, Совогт М-ийн Ггийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт оршин суух, Ж овогт Т-ы Шд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г, хариуцагч Т.Ш, орчуулагч А.Е, нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгөнөөс 2500000 төгрөгийн үнэтэй 8х8 хэмжээний блокон байшин, хашаа болон 1200000 төгрөгийн үнэтэй БӨА ****** улсын дугаартай Элентра машин, 120000 төгрөгийн хоолны шүүгээ, 300000 төгрөгийн үнэтэй хөлдөөгч, тус бүр нь 120000 төгрөгийн ор 2ш, 8000 төгрөгийн зурагтын тавиур, 20000 төгрөгийн болон 40000 төгрөгийн хивс тус бүр нэг зэрэг нийт 4500000 төгрөгийн эд зүйлийг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өлгий сумын 4 дүгээр багт нөхөр Т.Ш, хоёр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Бид 1993 онд гэр бүл болсон юм. Бид сайн сайхан амьдарч байсан юм. Миний нөхөр 1995 оноос архи ууж, согтуу ирж надыг байнга зоддог болсон юм. Би хүнд хэлэхээс санаа зовоод нуугаад өнгөрдөг байсан юм. Заримдаа гэрт хонохгүй, архидаад алга болдог. Чи хаагуур яваад байна гэхэд чи дуугүй сууж бай. Миний хаагуур явах нь чамд ямар хамаатай юм вэ гэж өдөржингөө хэл амаар доромжилдог юм. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд согтуугаар надыг хэд хэдэн удаа зодлоо. Би эрүүлжүүлэхийн цагдаа дуудаж өгч явуулчихдаг юм. Би аваарт орсноос болж энэ жил хотод хагалгаа хийлгэж 2 сар болоод ирсэн чинь гэр орны хамаг юмыг архинд зарсан байна лээ. Мөн согтуу болоод ирчхээд хэлэх, хэлэхгүй үгээр надыг дайрч доромжилдог юм. Говь-Алтай аймагт сурч байгаа оюутан Ш.Е болон гэрт байгаа охиноо хүртэл байнга хэл амаар доромжилдог. Хүүхдээ гэртээ оруулахгүй зовоогоод байдаг юм. Би их гомдолтой байна. Хамгийн сүүлд гэхэд 3 дугаар сарын 23-ны өдөр гэртээ баахан хүмүүстэй согтуу байхад бага охин гэрээс хувцсаа авах гэхэд түүнийг гэртээ оруулахгүй хэл амаар доромжилсон байна. Тэгээд би цагдаа дуудаж бариулан эрүүлжүүлэхэд өгсөн болно. Тэр олон ч удаа эрүүлжүүлэгдсэн. Сая эвлэрүүлэн зуучлагч дээр өөрийгөө хаяа нэг архи уудаг болно. Г бол архи уудаг ажлаас тараад гэртээ ирдэггүй, ирвэл шөнө орой ирдэг юм. Хүмүүс түүнийг бусадтай явдаг гэж ор үндэсгүй надыг гүтгэж өөрийн дутагдлаа хаацайлж байлаа. Ер нь их худалч, их л дээрэлхүү этгээд байгаа юм. Би түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэж цагдаагийнханд хэлдэг байсан юм. Засрах байх гэж би удаан хугацаагаар харлаа. Засрах нь байтугай улам архаг архичин болж зодож, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг болж улам давраад байна. Ийм хүнтэй нэг дор амьдрах ямар ч аргагүй болоод би өнгөрсөн оноос тустай хүүхдүүдтэйгээ амьдарч байна. Миний нөхөр ажил хийдэггүй архи уугаад яваад байдаг хүн юм. Би 2011 онд байгууллагаас 2 сая төгрөгийн цалингийн зээл авч 2013 онд блокон байр бариулсан юм. Мөн цалингийн зээл өөрийн цуглуулсан мөнгөөр архинаас гарах байх гэж итгээд Т.Шд өөрийн төрсөн дүү охины нөхрөөс БӨА-****** улсын дугаартай Элентра машиныг маш хямдханаар 1200000 төгрөгөөр худалдан авч өгсөн юм. Иймд Т.Ш бид хоёрын 1993 онд гэрлэсэн гэрлэлтийг цуцалж, Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгчийн үнэлсэн зүйлүүдээс бидэнд 2500000 төгрөгийн үнэтэй 8х8 хэмжээний блокон байшин, хашаа болон 1200000 төгрөгийн үнэтэй БӨА ****** улсын дугаартай Элентра машин, 120000 төгрөгийн хоолны шүүгээ, 300000 төгрөгийн үнэтэй хөлдөөгч, тус бүр нь 120000 төгрөгийн ор 2ш, 8000 төгрөгийн зурагтын тавиур, 20000 төгрөгийн болон 40000 төгрөгийн хивс тус бүр нэг зэрэг нийт 4500000 төгрөгийн эд зүйлийг гаргуулан өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч М.Г шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Бид хоёр 1993 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсон. 1995 онд том охин Ш.Е төрсөн. Одоо Говь-Алтай аймагт анагаахын Их сургуульд сурч байгаа. Хоёр дахь охин болох Ш.Н нь энэ жил төгсөж Ховд аймгийн Их сургуульд математикийн багшийн ангид хуваарь авсан. Бид хоёр эхлээд сайхан амьдарч байсан. Сүүлд нь нөхөр маань архинд орсон. 2015 онд том хагалгаанд ороод 2 дугаар сарын үед буцаж ирэхэд гэрийг архичдын гэр болгосон байсан. Гэртээ амьдрах ямар ч боломжгүй болоод одоо тусдаа байр хөлсөлж амьдарч байгаа. Би өвчтэй байгаад 7 сар болж байгаа. Энэ хугацаанд нэг ч удаа эргэж ирээгүй. Охидыг хэл амаар доромжилдог. Дундын хөрөнгийн хувьд 3 ор, нэг шкаф болон өдөр тутмын хэрэгцээний зүйлүүд байгаа. Эдгээрийг хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа учраас аваад явсан. Т.Ш нь зарим байхгүй хөрөнгөнүүдийг тайлбартаа нэмж бичсэн байна. Миний бие нэмэлт тайлбартаа бүгдийг нь бичсэн байгаа. Эсгий гэрийг би хотод онош тогтоолгож, эмчилгээ хийлгэх явах үед мөнгөний хэрэгцээ гарч Т.Ш өөрөө зарж мөнгийг надад явуулсан. Одоо байшин, газар, машин болон бусад эд хөрөнгөнүүдийг гаргуулах хүсэлттэй байна. Мөн гэрлэлтийг цуцалж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Т.Ш шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М.Ггийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу тайлбар бичиж байна. М.Г бид хоёр 1993 онд гэр бүл болсон одоо хүртэл 23 жил хамт амьдарсан. Түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлд намайг зоддог хэл амаар доромжилдог. Гэр орноос хөөдөг гэж бичсэн нь худлаа. Харин хаяа нэг архи уудаг нь үнэн юм. Хүүхдүүдийг зодох байтугай загнаж үзээгүй. Том охин Ш.Еийн сургалтын төлбөрийг гурван жил би өөрийн тэтгэвэр, тэтгэмжийн 12 дугаар сарыг зээлдэн авч төлж ирсэн. М.Г намайг эр нөхөр гэж тодгүй бөгөөд чи хөгшин гэж хэл амаар доромжилдог, ажлаас тараад шөнийн 02, 03 цагт гэрийн барааг харна. Намайг тоодоггүй, надад сэтгэлгүй өөр хүнтэй сэтгэлтэй байдаг байх гэж бодлоо. Тийм учир надаас салах шалтгаанаар нэхэмжлэл гаргаж байна. 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр би хөдөө ажиллаад явсан үед тэр өдөр М.Г, түүний ах нь болох М.Р бэр эгч Х.А, *********** БӨТ улсын дугаартай Д.Х гэдэг жолоочийн портер машинаар миний бүх гэр орны бүх зүйлийг миний зөвшөөрөлгүйгээр ачаад явсан байна. Үүнд хөргөгч 1ш, угаалгын машин 1ш, тоос сорогч 1ш, плетка-1ш, хоёр хүний ор 1ш, нэг хүний ор 2ш, сунадаг ширээ 1ш, цайны ширээ 1ш, сандал 6ш, хоолны шүүгээ 6 хос 1ш, зурагт 1ш, зурагтын тавиур 1ш, ширээний компьютер 1ш, ширээтэй хамт, 2х4 хэмжээний хивс 4ш, 2х3 хэмжээний хивс 4ш, гал тогооны бүх сав суулга, гал түлдэг том зуух 1ш, 80 уньтай эсгий гэрийг ачиж явсан байна. Ачиж байгааг манай хөрш нар харсан нотолж болно. Элентра машин эвдээд явахгүй сэлбэгт өгсөн юм. Би хүүхдүүдийн хамт амьдарч цааш нь хүмүүжүүлмээр байна. Би эхнэр М.Ггийн нэхэмжлэлд дурдсанаар хүлээн зөвшөөрөхгүй байна. Би салахгүй. Би архи уухгүй 3 сар болж байна. М.Ггаас уучлалт хүсье. Одоо эвлэрч сайхан гэр бүл болж хоёр хүүхэдтэй хамт эвтэй гэр бүл болж амьдаръя. Миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Ш шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие урьд шүүх хуралдаан хойшлогдох үед тайлбараа бүгдийг ярьсан байгаа. Бид хоёр 1993 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж тэрнээс хойш хоёр хүүхэдтэй болсон. Түүнээс хойш 23 жил сайн сайхан амьдарч ирсэн. Би архинд орсон архичин хүн биш. Манай эхнэр 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хотод эмчилгээнд явсан. Тэр үед надад 50000 төгрөг байгаад тэрийг өгсөн. Эхнэр маань хот явахад Асылбек гэдэг цагдаа намайг өдөр болгон эргээд явдаг байсан. Тухайн үед гэртээ байсан. Ямар ч архи уугаагүй. Эхнэр маань хотод байхад би нэг хүнтэй хамт нүүрс зардаг байсан. Тэгээд эхнэр маань хотоос 2016 оны 01 дүгээр сарын 21-нд ирээд хөдөө яваад өгсөн байсан. улмаар 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэрт байгаа бүх зүйлийг ачиж аваад гэрийг хоосон үлдээгээд нүүгээд явсан. Тэрнээс хойш хоосон байшинд ганцаараа амьдарч байгаа. Бид хоёр тусдаа амьдраад 7, 8 сар болж байна. Энэ хугацаанд өөрийнхөө хоолоо олж идээд явж л байна. Явахдаа надад юу ч хэлэлгүй явсан учраас гомдоод хойноос нь очоогүй. Эсгий гэрээс эхлээд насаараа цуглуулсан бүх хөрөнгийг минь хууль бусаар ачаад явсан. Би их гомдолтой байна. Би гэрийнхээ хөрөнгөнөөс нэг ч зүйлийг архинд зараагүй. Би эхнэрээсээ салмааргүй байна. Яагаад гэвэл би хоёр хүүхдийн эцэг хүн байна. Намайг амьд байх үед хоёр хүүхдээ хагас өнчин болгож явмааргүй байна. Өөрөө хөдөлмөрлөх чадвартай, эрүүл ухаантай, юм хийж чаддаг хүн учраас хүүхдүүдээ асарч хамгаалж чадна. Тийм учраас би гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхгүй байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч М.Г нь Т.Шаас гэрлэлт цуцлуулж, Өлгий сумын 4 дүгээр багт байрлалтай 2500000 төгрөгийн үнэтэй 8х8 хэмжээний блокон байшин, хашаа болон 1200000 төгрөгийн үнэтэй БӨА ****** улсын дугаартай Элентра машин, 120000 төгрөгийн хоолны шүүгээ, 300000 төгрөгийн үнэтэй хөлдөөгч, тус бүр нь 120000 төгрөгийн ор 2 ш, 8000 төгрөгийн үнэтэй зурагтын тавиур, 20000 төгрөгийн болон 40000 төгрөгийн хивс тус бүр нэг зэрэг нийт 4500000 төгрөгийн эд зүйлийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1.Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

-хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч М.Г, хариуцагч Т.Ш нар нь 1993 онд хууль ёсны эхнэр нөхөр болсон нь хавтаст хэрэгт авагдсан 1993 оны 08 сарын 21 өдрийн 050 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байна. Шүүхээс гэрлэгчид М.Г, Т.Ш нарт хуульд заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №45 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлд: Уригдсан тал Т.Ш М.Г намайг хүндэтгэдэггүй, архи уудаг, ажил тарсны дараа гэртээ ирдэггүй. Шөнө орой ирдэг, хүмүүс Гг бусадтай явдаг гэж хэлдэг. Би хааяа нэг архи уудаг нь үнэн. Гэхдээ гэр орондоо агсам тавьж байгаагүй. Би ч гэсэн Гтай цаашид хамтран амьдрах боломжгүй. Бид хоёр тустай амьдраад 6 сар болсон одоо эвлэрэх боломжгүй гэж байгаа тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгов гэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч М.Г, хариуцагч Т.Ш нар нь тусдаа амьдраад 8 сар болж байгаа байдал, хоорондоо эвлэрч чадаагүй, хамт амьдрах боломжгүй болсон нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №45 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, гэрлэгчдийн шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариуцагч Т.Ш нь удаа дараа гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж торгуулийн захиргааны арга хэмжээ авагдаж байсан тухай торгуулийн хуудас, захиргааны шийтгэл ногдуулах тухай тэмдэглэл, Т.Ш нь 2016 оны 3 дугаар сарын 24, 29-ний өдрүүдэд эрүүлжүүлэгдсэн тухай аймгийн Цагдаагийн газраас олгосон гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн талаарх лавлагаа зэрэг нотлох баримтад дүгнэлт хийхэд гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж байнга хэрүүл, маргаантай, байнга архи уудгаас болоод гэр бүлийн хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд ноцтой хохирол учирч болзошгүй зэргийг харгалзан үзээд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

2.Гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн хувьд:

-Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч хариуцагч нар хуваарьт хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж, М.Г, Т.Ш нарын 1995 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Ш.Е, 1997 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Ш.Н нар нь насанд хүрсэн байх ба Ш.Е нь одоо Говь-Алтай аймгийн анагаах ухааны их сургуулийн салбарт 3 дугаар курсийн оюутан, Ш.Н нь энэ жил 12 дугаар анги төгссөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр, тэд одоо эх нь болох М.Гтай хамт амьдарч байгаа нь тэд нарын шүүхэд нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн хүсэлтээр тус тус нотлогдож байна.

Хариуцагч Т.Ш нь шүүх хуралдаанд ... дундын эд хөрөнгийн бүгдийг нь М.Г нь ачиж явсан ба одоо байшин газартай хамт үлдсэн. Түүнийг авна гэвэл хоёр охин болон эхнэртээ өгөхөд татгалзах зүйлгүй. Харин элентра машиныг эвдэрч явахгүй болохоор нь запасанд өгсөн. Баян-Өлгий аймгийн авто тээврийн газарт уг элентра машины улсын дугаарыг хураалгасан ба улсын дугаар нь одоо хасагдан гэж мэдүүлж байх боловч уг зохигч нарын ************ улсын дугаартай элентра маркийн машин биш Eхсel маркийн тээврийн хэрэгсэл нь ************ дугаартай Т.Шы нэр дээр бүртгэлтэй байгаа болох нь аймгийн Автотээврийн төвийн даргын 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 138 дугаар албан бичгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч М.Г, хариуцагч Т.Ш нарын дундын эд хөрөнгө болох Өлгий сумын 4 дүгээр багт байрлах, 600 м.кв газартай, хувийн сууцны зориулалттай, 70 м.кв талбайтай, дөрвөн өрөө байшин буюу 2300000 төгрөг, хөлдөөгч буюу 300000 төгрөг, хоолны шкаф буюу 120000 төгрөг, хувцасны шкаф буюу 60000 төгрөг, триллаж толь буюу 45000 төгрөг, ор 2 хүний буюу 120000 төгрөг, ор 2 ширхэг буюу нэг бүрийн үнэ 120000 төгрөг, зурагт буюу 60000 төгрөг, зурагтын тавиур буюу 80000 төгрөг, сандал 4 ширхэг буюу нэг бүрийн үнэ 2500 төгрөг, хивс 1 х 0,5 метрийн хэмжээтэй 4 ширхэг буюу нэг бүрийн үнэ 7500 төгрөг, хивс 1,2х1 метрийн хэмжээтэй буюу 20000 төгрөг, хивс 2х1.2 метрийн хэмжээтэй буюу 40000 төгрөг, плитка буюу 25000 төгрөг, ************ улсын дугаартай Eхсel маркийн машин буюу 1200000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгөнүүдийг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн үнэ ханшны тодорхойлолтыг үндэслэн гэр бүлийн 4 гишүүнд тэнцүү хуваах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын дундын эд хөрөнгөнөөс 1200000 төгрөгийн үнэтэй буюу ************ улсын дугаартай Eхсel маркийн машиныг хариуцагч Т.Шд үлдээж, хариуцагчийн шүүх хуралдаанд Eхсel маркийн машинаас бусад дундын эд хөрөнгийг эхнэр М.Г, охин Ш.Е, Ш.Н нарт өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн мэдүүлгийг үндэслэн хариуцагч Т.Шаас доорх дундын эд хөрөнгийг гаргуулан М.Г, Ш.Е, Ш.Н нарт олгох нь зүйтэй байна.

Үүнд: -Өлгий сумын 4 дүгээр багт байрлах, 600 м.кв газартай, хувийн сууцны зориулалттай 70 м.кв талбайтай дөрвөн өрөөбайшин буюу 2300000 төгрөг, хөлдөөгч буюу 300000 төгрөг, хоолны шкаф буюу 120000 төгрөг, хувцасны шкаф буюу 60000 төгрөг, триллаж толь буюу 45000 төгрөг, ор 2 хүний буюу 120000 төгрөг, ор 2 ширхэг буюу нэг бүрийн үнэ 120000 төгрөг, зурагт буюу 60000 төгрөг, зурагтын тавиур буюу 80000 төгрөг, сандал 4 ширхэг буюу нэг бүрийн үнэ 2500 төгрөг, хивс 1 х 0,5 метрийн хэмжээтэй 4 ширхэг буюу буюу нэг бүрийн үнэ 7500 төгрөг, хивс 1,2х1 метрийн хэмжээтэй буюу 20000 төгрөг, хивс 2х1.2 метрийн хэмжээтэй буюу 40000 төгрөг, плитка буюу 25000 төгрөг, бүгд 3510000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгө болон Eхсel маркийн машины зөрүү үнэ болох 90000 төгрөгийг тус тус хариуцагч Т.Шаас гаргуулан М.Г, Ш.Е, Ш.Н нарт олгож, нэхэмжлэгч шүүхэд дундын хөрөнгөнөөс 4500000 төгрөгийн эд зүйлийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гарсан ба түүний илүү нэхэмжилсэн 900000 /4500000-3600000/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Гэр бүлийн дундын хөрөнгөнөөс М.Г, Ш.Е, Ш.Н нарт оногдох хөлдөөгч буюу 300000 төгрөг, хоолны шкаф буюу 120000 төгрөг, хувцасны шкаф буюу 60000 төгрөг, триллаж толь буюу 45000 төгрөг, ор 2 хүний буюу 120000 төгрөг, ор 2 ширхэг буюу нэг бүрийн үнэ 120000 төгрөг, зурагт буюу 60000 төгрөг, зурагтын тавиур буюу 80000 төгрөг, сандал 4 ширхэг буюу нэг бүрийн үнэ 2500 төгрөг, хивс 1 х 0,5 метрийн хэмжээтэй 4 ширхэг буюу буюу нэг бүрийн үнэ 7500 төгрөг, хивс 1,2х1 метрийн хэмжээтэй буюу 20000 төгрөг, хивс 2х1.2 метрийн хэмжээтэй буюу 40000 төгрөг, плитка буюу 25000 төгрөг үнэтэй зэрэг эд хөрөнгө нэхэмжлэгч М.Ггийн эзэмшилд байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа угаалгын машин 1 ш, тоос сорогч 1ш, сунадаг ширээ 1 ш, цайны ширээ 1ш, ширээний компьютер ширээтэй хамт 1 ш, гал түлдэг том зуух 1ш, 80 уньтай эсгий гэр зэрэг дундын эд хөрөнгөтэй гэж бичсэн боловч 80 уньтай эсгийг гэрийг М.Г өвдөж Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр явахад мөнгөний хэрэгцээ гарч зарсан мөн үлдсэн дээрх эд хөрөнгө байхгүй болох нь шүүх хуралдаанд М.Г,Т.Ш нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Сариг овогт Маулийн Г, Жантекей Секел овогт Тогтаганы Ш нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Нэхэмжлэгч М.Г, хариуцагч Т.Ш нар нь хуваарьт хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

3. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 126.2 дахь хэсэг, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт зааснаар 1200000 төгрөгийн үнэтэй буюу ************ улсын дугаартай Eхсel маркийн машиныг хариуцагч Т.Шд үлдээж, хариуцагч Т.Шаас Өлгий сумын 4 дүгээр багт байрлах, 600 м.кв газартай, хувийн сууцны зориулалттай, 70 м.кв талбайтай, дөрвөн өрөө байшин буюу 2300000 төгрөг, хөлдөөгч буюу 300000 төгрөг, хоолны шкаф буюу 120000 төгрөг, хувцасны шкаф буюу 60000 төгрөг, триллаж толь буюу 45000 төгрөг, ор 2 хүний 120000 төгрөг, ор нэг буюу 240000 төгрөг, зурагт буюу 60000 төгрөг, зурагтын тавиур буюу 80000 төгрөг, сандал 4 ширхэг буюу 10000 төгрөг, хивс 1х0,5 метрийн хэмжээтэй 4 ширхэг буюу 30000 төгрөг, хивс 1,2х1 метрийн хэмжээтэй буюу 20000 төгрөг, хивс 2х1.2 метрийн хэмжээтэй буюу 40000 төгрөг, плитка буюу 25000 төгрөг зэрэг эд хөрөнгө болон Eхсel маркийн машины зөрүү үнэ 900000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Г, Ш.Н, Ш.Е нарт олгож, нэхэмжлэгч М.Ггийн илүү нэхэмжилсэн 900000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бүгд 160010 /70200+89810/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, түүний улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2860 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас, хариуцагч Т.Шаас 142750 /70200+72550/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Гд олгосугай.

5. Шүүхийн шийдвэрийн хувийг гэрлэгчдийн гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Маншукт үүрэг болгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

8.Энэ шийдвэрийг зохигч,гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ