Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/00229

 

 

 

 

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/04217 дугаар шийдвэртэй,

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй,

******* ХХК, ******* нарт холбогдох

 

Гэрээний үүрэгт 90,423,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ******* ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орон сууцны төлбөрт 85,423,000 төгрөгийг компанид шилжүүлсэн. Мөн гараашийн төлбөрт компанийн захирал *******ын хувийн дансанд 5,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн.

1.2. Хариуцагч компани орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар тохиролцсон ч 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс хойш барилгын талбайд огт ажил хийгдээгүй учир 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр бид гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэд төлсөн мөнгөө буцаан авах хүсэлт гаргасан. Компаниас 3 сарын дотор төлбөрийг өгнө гэсэн боловч 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэрээ цуцлах албан бичиг ирүүлсэн.

Иймд орон сууцны үнэд төлсөн 85,423,000 төгрөг, гараашийн үнэд төлсөн 5,000,000 төгрөг, нийт 90,423,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ******* ХХК-тай хэлцэл хийсэн гэх боловч гэрээнд ******* гарын үсэг зураагүй, ******* гарын үсэг зурсныг сүүлд мэдсэн. Иймд бодитоор *******тай орон сууц захиалгын гэрээ хийгээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:

3.1. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр орон сууц захиалагч ******* гараашийн төлбөрийн урьдчилгаанд 5,000,000 төгрөгийг хувийн данс руу шилжүүлсэн тул буцаан өгөхөд татгалзах зүйлгүй. Мөн тус өдөр орон сууц захиалгын гэрээ хийж, компанийн дансанд төлбөрөө төлсөн нь үнэн гэжээ.

 

 

4. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ******* ХХК-иас 85,423,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Бид өмгөөлөгч тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанд хариуцагчийн зүгээс өмгөөлөгчтэй оролцох, хуулиар олгогдсон эрхээ хамгаалуулахаар хүсэлт гаргасан. Мөн өмгөөлөгчөөс тухайн шүүх хуралд оролцох боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай тухай хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт шүүхэд гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.3 дахь хэсэгт заасны дагуу өмгөөлөгчөөр хууль ёсны эрхээ хамгаалуулах боломжоор хангалгүй шүүх хуралдааныг хийж, шийдвэр гаргасан. Дээрхээс шалтгаалж анхан шатны шүүхэд талуудын мэтгэлзэх зарчим зөрчигдөж, хэргийг үнэн зөв шийдвэрлээгүй.

5.2. Хамтран нэхэмжлэгчээр тогтоосон ******* нь шүүх хуралдаан болон шүүхийн ажиллагааны үед ямар нэг бие даасан шаардлага гаргаагүй буюу үндсэн нэхэмжлэлийн хүрээнд шууд хэргийг авч хэлэлцэж, шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийн дагуу нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гэрээ нь хүчин төгөлдөр бус бөгөөд тус гэрээтэй холбоотой ямар нэг шаардлага гаргах боломжгүй байхад тус ******* гэдэг хүнийг тус гэрээтэй холбоотой мэтээр тайлбарлан хамтран нэхэмжлэгчээр татаж, хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлсөн төлбөрийг ямар ч хамааралгүй гуравдагч этгээд буюу *******т олгохоор шийдвэрлэсэн нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл ******* нь бие даасан шаардлага гаргаж, түүнийг шүүх хүлээн авч, хянан хэлэлцэх буюу тусдаа шүүхийн ажиллагаа явагдах ёстой байхад нэгтгэн хянан хэлэлцэж, хүчин төгөлдөр бус гэрээтэй холбоотой төлбөрийг Ө.Хуягтбаатарт олгохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нь хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 85,423,000 төгрөг, гараашийн үнэд шилжүүлсэн 5,000,000 төгрөг, нийт 90,423,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* 5,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч ******* ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* болон ******* ХХК-ийн хооронд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан гэх боловч уг гэрээнд ******* гарын үсэг зураагүй, түүний нэрийг ******* бичсэн талаар талууд маргаагүй. Уг гэрээгээр ******* ХХК нь Хан-Уул дүүрэг, , гудамж, ******* apartment, Б блок, 9 давхар, ******* тоот 3 өрөө орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд барьж, ашиглалтад оруулахаар, ******* нь орон сууцны үнэд 85,423,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ болох үүргийн хэлцлийг заавал бичгийн хэлбэрээр байгуулахыг хууль шаардахгүй юм.

Иймд үүргийн хэлцлийн хувьд уг гэрээ нь ******* болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт тус тус нийцжээ.

3.1. Анхан шатны шүүхэд ******* нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2024/17078 дугаар захирамжаар хамтран нэхэмжлэгчээр оролцуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийг дэмжиж оролцож байх тул тэрээр тухайлан нэхэмжлэл гаргах шаардлагагүй болно. Иймд *******ыг энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэл гаргаагүй болон түүнийг гуравдагч этгээдээр оролцуулах байсан гэх агуулгаар гаргасан хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

4. Нэхэмжлэгч ******* нь өөрийн эзэмшлийн Хаан банк ХК-ийн ******* тоот данснаас орон сууцны үнэд 85,423,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-ийн эзэмшлийн Хас банк ХК дахь ******* тоот дансанд шилжүүлэхдээ ******* гэх утгыг, гараашийн үнэд 5,000,000 төгрөгийг хариуцагч *******д шилжүүлэхдээ ******* гарааш урьдчилгаа гэх утгыг тус тус заажээ. Иймд нэхэмжлэгч ******* гэрээний дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгэжээ.

 

5. Гэрээний 1.6-д зааснаар хариуцагч ******* ХХК орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан барьж улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах үүргийг гүйцэтгээгүй нэхэмжлэгч ******* Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй, энэ эрхээ зөв хэрэгжүүлжээ.

Иймд орон сууцны үнэд төлсөн 85,423,000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

6. Түүнчлэн хариуцагч ******* нь гараашийн үнэ болох 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэснийг буруутгахгүй.

7. Мөн анхан шатны шүүх *******ыг гэрээнээс татгалзсны үр дагаврыг шаардах эрхгүй гэж дүгнэж түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдэлд тэрээр давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн холбогдох шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байна.

8.1. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2024/13991 дүгээр захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн гаргасан өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулжээ.

8.2. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2025/21137 дугаар захирамжааар хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг хангасан байна.

8.3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2025/22007 дугаар захирамжаар талуудын эвлэрэн хэлэлцэх хугацаа авах, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг тус тус хангаж, шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанзул нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтдээ 2024 оны 10 дугаар сарын 16, 18, 21, 23, 24, 28-ны өдрүүдэд хуралтай болохоо мэдэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хуралдааныг товлон зарласан байна.

8.4. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхээр анхан шатны шүүх удаа дараа хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/04217 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 587,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Э.ЗОЛЗАЯА