Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/00232

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/04428 дугаар шийдвэртэй,

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ТӨХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 96,490,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХК нь *******тай 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр АҮ/2102 дугаартай үрийн улаан буудай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр тухайн үеийн ******* буюу одоогийн ******* ТӨХХК-д 2000 тонн улаан буудайг 1 кг-ийг 1,450 төгрөгөөр нийлүүлэхээр харилцан тохиролцсон.

1.2. Дээрх гэрээний дагуу 964,9 тонн үрийн улаан буудай нийлүүлж, 1,000,399,105 төгрөг болсон. Үүнээс хариуцагч ******* ТӨХХК нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 357,725,250 төгрөг, 2021 оны 6 сарын 24-ний өдөр 944,889,750 нийт 1,000,302,615 төгрөгийг төлсөн.

Үүнээс үлдэгдэл төлбөр болох 96,490,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ХК-тай 2010 оноос хойш хамтран ажиллаж, хэд хэдэн удаагийн хүсэлтийн дагуу урт хугацааны дэмжлэг олгож, зарим төсөлд хамтран ажиллаж ирсэн бөгөөд ******* ХК нь хамтран ажиллах үедээ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлдэггүй, хугацаа хэтэрсэн өр төлбөрийг удаан хугацаагаар үүсгэсэн асуудал гаргаж байсан боловч бидний зүгээс хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөрийн асуудалд уян хатан хандаж ирсэн.

2.2. ******* ХК нь 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нь АҮ/2014.16 дугаартай өр төлбөр шилжүүлэх, барагдуулах тухай гуравласан гэрээ байгуулсан. Уг гэрээний үлдэгдэл төлбөр болох 548,324,180 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй бөгөөд 96,494,000 төгрөгийг хасаж суутгасан. ******* ХК нь 2014 оноос хойш төлөөгүй 451,834,180 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ТӨХХК-иас 96,490,00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 640,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 640,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. *******" ТӨХХК нь "******* ХК-ийн нэхэмжилж буй 96,490,000 төгрөгийг нэхэмжлэгч *******" ХХК, "*******" ХХК нартай байгуулсан өр төлбөр шилжүүлэн барагдуулах тухай гуравласан гэрээг үндэслэн өмнөх өр төлбөрт нь суутгасан гэж маргадаг. Харин "*******" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа бид уг гуравласан гэрээг байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зурсан ******* нь манай компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байгаагүй, тийм хүн мэдэхгүй, манай компани төлөөлөгчийн газаргүй. Гэтэл уг гэрээнд төлөөлөгчийн газрын тамга дарагдсан байна" гэсэн тайлбар гаргадаг.

Нэхэмжлэгчийн дээрх тайлбартай холбоотойгоор "******* ХК-ийн захирал *******гийн ярилцлага болоод мэдээллийн хэд хэдэн сайтад *******ыг "*******" ХК-ийн удирдлагаар ажиллаж байсныг нотлох мэдээллүүдэд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан ч шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан.

Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ шүүх улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэх бөгөөд хариуцагчийн хэвлэл мэдээллийн байгууллагад ******* нь ******* ХК-ийн гүйцэтгэх захирал, салбар төлөөлөгчийн газартай болох талаар мэдээлсэн гэх тайлбараар улсын бүртгэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй" гэжээ. Хэдийгээр улсын бүртгэлийн газраас ирсэн баримтад ******* ХК-ийг төлөөлөгчийн газартай байсан гэх мэдээлэл хувийн хэрэгт авагдаагүй" гэсэн, мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд *******ыг гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан мэдээлэл байхгүй ч эдгээр баримтууд нь бодит байдалд нийцэхгүй байсан тул бид тухайн баримтыг дахин магадлан шалгах ёстой гэж хүсэлтүүд гаргаж байсан.

Түүнчлэн хариуцагчийн зүгээс шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргийн хүрээнд маргаан бүхий нөхцөл байдлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан талаар шүүхэд тайлбарлаж байсан. Гэтэл шүүгч олон эргэлзээ бүхий асуудлыг магадлахгүйгээр хэргийг зөв шийдвэрлэхэд хангалттай ажиллагаа явуулж, цугласан баримтуудад тал бүрээс нь харьцуулалт хийхийг урьтал болголгүй, шүүх хурлаа л хурдан хийж болсон, болоогүй шийдвэр гаргахыг л чухалчилсны үр дүнд үндэслэлгүй шийдвэр гарсан.

Мөн ******* ХК төлөөлөгчийн газартай байгаагүй гэх тайлбарын хувьд манай компани нь ******* ХК-тай цөөнгүй тооны гэрээг байгуулж байсан бөгөөд түүний нэг нь 2012 оны 06 сарын 12-ны өдрийн 2012 оны хаврын тариалалтад зориулж олгох ургамал хамгааллын бодисын гэрээ юм. Уг гэрээнд ******* ХК-ийн гүйцэтгэх захирал *******г төлөөлж ******* ХК-ийн менежер *******ын гарын үсэг болон ******* ХК-ийн төлөөлөгчийн газар гэх тамга дарагдсан байдаг. Үүнээс харахад ******* ХК нь төлөөлөгчийн газар гэх тамгыг ашиглаж байсныг уг гэрээ нь илтгэж байхад мөн нотлох баримтаар хүлээн авахаас татгалзсан.

4.2. Шүүх хуралдааны явцад "*******" ХК нь *******тай 2014 оны 04 сарын 10-ны өдрийн "өр төлбөр шилжүүлэн барагдуулах тухай гуравласан гэрээ"-г байгуулснаа хүлээн зөвшөөрөхгүй, өр төлбөргүй мэтээр тайлбаруудыг өгч байсан, мөн улсын бүртгэлийн газраас ирсэн баримтуудтай холбоотойгоор бид 2024 оны 10 сарын 22-ны өдөр Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж, улмаар дараах үйл баримтууд тогтоогджээ. "*******" ХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь *******ыг ******* ХК-д хувьцаа эзэмшигч байсан, хувьцаа эзэмшигч нар нь л компанитай холбоотой шийдвэр гаргаж байсан гэж мэдүүлсэн ба харин ******* нь 2014 оны 04 сарын 10-ны өдрийн "өр төлбөр шилжүүлэн барагдуулах тухай гуравласан гэрээ"-д "*******" ХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүдийг тус тус өгчээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний худалдагчийн эрх, үүрэг тогтоосон хэсгийн 4.5-т "Худалдагч нь сантай тооцоо нийлэхдээ өмнөх өр төлбөрийг гаргаж хасаж тооцуулах үүрэгтэй гэж заасан. Уг гэрээний нөхцөлөөс ******* ХК ньг дэмжих санд өр төлбөртэй байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгааг харж болно. Хэрвээ урьд өмнө ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй бол гэрээнд ийм нөхцөлийг тусгах шаардлагагүй байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

5.1. ******* ХК нь 1996 онд байгуулагдаж, 2012 онд ******* гэх хүн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Энэ хугацаанд 4 хувьцаа эзэмшигчтэй байсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар тогтоогдоно. Мөн ******* ХК нь ******* гэх захиралтай байгаагүй, салбар төлөөлөгчийн газартай байгаагүй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдоно. Гэтэл өөр захиралтай байсан мэтээр тайлбарлаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг үгүйсгэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй тул хариуцагчийн гэр асуулгах, үзлэг хийлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь үндэслэлтэй.

5.2. Иргэний хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн үнэн зөв байх ёстой бөгөөд үүнийг гэрч асууж эсхүл үзлэг хийснээр өөрчлөх боломжгүй.

5.3. Талуудын хооронд үрийн улаан буудай худалдах, худалдан авах гэрээ 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан. ,,, яамны *******гийн ажлын албаны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар ******* ХК нь *******д хугацаа хэтэрсэн өр төлбөргүй болохыг тодорхойлж, Санхүү бүртгэл, хөрөнгө оруулалтын газрын дарга санхүүгийн тамга дарж, гарын үсэг зурсан албан бичгийг хэрэгт нотлох баримтаар өгсөн.

5.4. 2014 онд байгуулсан гурвалсан гэрээг хариуцагч талаас баримтаар гаргаж өгсөн ба энэхүү гурвалсан гэрээний дагуу төлбөр суутгаж авсан гэж мэдэгддэг боловч тухайн гурвалсан гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ба гэрээг дуусгавар болгож, тооцоо нийлсэн акт байхгүй.

Салбар төлөөлөгчийн газрын тамга, гэрээнүүд нь манай компанийн үндсэн тамга, гэрээ, улсын бүртгэлийн дугаарууд бүгд зөрүүтэй байдаг. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах шатанд нэг бүрчлэн шинжлэн судалсан.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ТӨХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 96,490,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ. Үүнд:

3.1. Хариуцагч ТӨХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбартаа 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Өр төлбөр шилжүүлэх, барагдуулах тухай гурвалсан гэрээ-ний үлдэгдэл өр төлбөрт ******* ХК-ийн нэхэмжилж буй 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үрийн улаан буудай худалдах, худалдан авах АҮ/2102 дугаартай гэрээгээр төлөх 96,490,000 төгрөгийг суутгаж авсан гэжээ. Харин нэхэмжлэгч ******* ХК талуудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Өр төлбөр шилжүүлэх, барагдуулах тухай гурвалсан гэрээ байгуулагдаагүй гэж маргасан.

Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотолгооны хуваарилалтын дагуу хариуцагч ТӨХХК талуудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Өр төлбөр шилжүүлэх, барагдуулах тухай гурвалсан гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ХК төлбөртэй гэдгийг нотлох үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тайлбараа нотлохоор гэрчээр *******ыг асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хангахгүй орхижээ.

Учир нь 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Өр төлбөр шилжүүлэх, барагдуулах тухай гурвалсан гэрээнд ******* ХХК-ийг төлөөлж уг компанийн гүйцэтгэх захирал ******* гэж гарын үсэг зурагдаж, ******* ХК төлөөлөгчийн газар гэсэн тамга дарагдаж, компанийн регистрийн дугаарыг гэж тэмдэглэж, хаягийг аймаг сум, 5 дугаар баг, үйлдвэр гэж тодорхойлжээ.

Түүнээс гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон ******* ХХК-иудын хооронд 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан гэх санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээнд түрээслэгчээр ******* ХК, компанийн регистрийг , захирлаар ******* гэж тус тус тусгагдсан байна. Гэтэл нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээнд компанийн регистрийг , хаяг , сум, 5 дугаар баг гэж тус тус тэмдэглэгдсэн байна.

Иймд *******ыг гэрээнд гарын үсэг зурсан эсэх, дээр дурдсан тамгыг дарсан эсэхийг тодруулахаар түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах тухай хариуцагч талаас хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШЗ2024/23272 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл хэрэг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй байгаа тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх учиртай. Иймээс энэ талаар гаргасан хариуцагч талын гомдол үндэслэлтэй.

 

4. Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд байгаа мэдээлэлд анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтээр үзлэг хийгээгүй гэх давж заалдах гомдол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл хамааруулан үзээгүй болно.

Түүнчлэн хариуцагч ТӨХХК-ийн давж заалдах гомдолдоо 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Авилгатай тэмцэх газарт гомдол гаргасан, уг ажиллагааны явцад ******* ХК-ийн гүйцэтгэх захирал ******* болон *******ыг өгсөн гэх мэдүүлэгүүд өгсөн гэж дурдсан боловч анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд уг баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иймд хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй болно.

 

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7, 167 дугаар зүйлийн 167.1.5-д тус тус зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/04428 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ТӨХХК нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЗОЛЗАЯА