| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00256/И |
| Дугаар | 00323 |
| Огноо | 2016-06-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 00323
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1986 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Булган аймагт төрсөн, 30 настай, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг 3Б хэсгийн 5-5 тоотод оршин суух Булган овогт Цэндсүрэнгийн Отгонжаргал /РД:ГН86050906/,
Нэхэмжлэгч: 1987 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймагт төрсөн, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 5Б хэсгийн 5-4 тоотод оршин суух Хар халбага овогт Болормаагийн Сувд-Эрдэнэ /РД:ГЖ87041404/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Зүүнтүрүүнд байрлах Хангайн гурил ХХК,
Хариуцагч: 1986 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Булган аймагт төрсөн, 30 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Булган аймгийн Хангайн гурил ХХК-ийн менежер ажилтай, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Барилгачдын 2-1 тоотод оршин суух Шар сахалт овогт Баттулгын Эрдэнэболд /РД:УА86032915/ нарт холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай 132/2016/00256/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Отгонжаргал, Б.Сувд-Эрдэнэ, тэдгээрийн өмгөөлөгч М.Даваасүрэн,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч: 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Булган аймагт төрсөн, 34 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Булган аймгийн Хангайн гурил ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 46-15 тоотод оршин суух Боржигин овогт Сарантуяагийн Нямсүрэн /РД:ЧЕ82080179/, хариуцагч Б.Эрдэнэболд, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Отгонжаргал, Б.Сувд-Эрдэнэ нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний биеБ.Сувд-Эрдэнэ 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс, Ц.Отгонжаргал 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Хангайн гурил ХХК-д савлагчаар ажилд орон ажиллаж байтал 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102 тоот тушаалаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс гадны биет гарсан хэмээн буруутган цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гурилаас дахин гадны биет гарсан байна та нарыг ажиллуулахгүй гэж менежер Эрдэнэболд хэлэн үйлдвэрийн хашаанд ч оруулахгүй болсон. Бид нар халагдсан тушаалаа авъя гэж удаа дараа хандсан боловч захирал Нямсүрэн Улаанбаатархотоос ирж байж тушаал гаргана ирээгүй байна гэсээр өнөөг хүрээд байгаа. Халагдсан тушаал, цалин хөлсгүй болсон бид Хүний эрхийн үндэсний комисс, аймгийн Мэргэжлийн хяналтын газар зэрэгт хандахад Хүний эрхийн үндэсний комиссоос Хангайн гурил ХХК-д хүний хөдөлмөрлөх эрхийг хэрхэн зөрчиж байгаа талаар зөрчлүүдийг нэрлэн заасан мэдэгдэл хүргүүлж 7 хоногийн дотор хариу ирүүлэхийг мэдэгдсэн боловч ямар нэг хариуг өгөөгүй. Биднийг савласан гурилд гадны биөт оруулсан гэж буруутгаж ажил хийлгэхгүй байгаа ч үнэхээр ийм зүйл байсныг нотолж, шалтгаан нөхцлийг тогтоосон зүйл байхгүй, ажлаас халж байгаа бол халагдсан тушаалыг халагдсан өдөрт нь өгөх Хөдөлмөрийн хуулийн 43-р зүйлийн 43.3 дахь заалтыг хэрэгжүүлж үүргээ биелүүлээгүй. Бид нар өнөөг хүртэл хууль ёсныхүчин төгөлдөр ажлаас халагдсан тушаал гардаж аваагүй бөгөөд ХЭҮК-т гаргаж өгсөн тамга тэмдэггүй тушаалын хуулбарыг олж авсан. Энэ байдлаас болоод ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэх боломжгүйбайгаа. Иймд биднийг Хангайн гурил ХХК-ийн савлагчийн ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Нямсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болох гурилаас үйлдвэрлэлийн бус гадны биет чулуу, төмөр, шил гарч бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа нь удаа дараа давтагдаж байгаа үндэслэлээр Ц.Отгонжаргал, Б.Сувд-Эрдэнэ нарт Хангайн гурил ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102 тоот тушаалаар цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан юм. Гэтэл дээрхи зөрчил арилахгүй дахин зөрчил гарсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг зогсоож, ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нарын гарагсан зөрчил нотлогдсон тул ажлаас чөлөөлсөн тушаал хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Эрдэнэболд шүүхэд гаргасан тайлбартаа: ...Ц.Отгонжаргал, Б.Сувд-Эрдэнэ нар нь Хангайн гурил ХХК-д хөдөлмөрийн харилцаатай ажиллаж байсан. Тус байгууллагын гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Иргэн Б.Эрдэнэболд намайг хариуцагчаар татсан нь ойлгомжгүй байна. Миний бие Хангайн гурил ХХК-д борлуулалт хариуцсан менежерийн албан тушаалд хөдөлмөрийн харилцаатай ажил гүйцэтгэдэг ажилтан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Б.Сувд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нартай эвлэрлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нартай харилцан тохиролцож эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Эрдэнэболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: Нэг талаас Булган аймгийн Хангайн гурил ХХК-ийн захирал С.Нямсүрэн, менежер Б.Эрдэнэболд, нөгөө талаас тус компанид савлагч ажилтай байсан Ц.Отгонжаргал, Б.Сувд-Эрдэнэ бид доорх нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд талууд гарын үсгээ зурж, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Нямсүрэн Хангай гурил ХХК-ийн тамгыг дарж баталгаажуулжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Отгонжаргал, Б.Сувд-Эрдэнэ нар нь Булган аймгийн Хангайн гурил ХХК, Б.Эрдэнэболд нарт холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нар ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Хангайн гурил ХХК-ийн төлөөлөл нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх буюу 6 сарын хугацааны цалин сард 450000 төгрөг, нийт 2700000 төгрөгийг Ц.Отгонжаргал, Б.Сувд-Эрдэнэ нарт тус бүрт нь олгохоор тохирч, мөнгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц олгохоор Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тулзохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаарБулган аймгийн Булган сумын 6 дугаар баг 3Б хэсгийн 5-5 тоотод оршин суух Булган овогт Цэндсүрэнгийн Отгонжаргал, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 5Б хэсгийн 5-4 тоотод оршин суух Хар халбага овогт Болормаагийн Сувд-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Зүүнтүрүүнд байрлах Хангайн гурил ХХК, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Барилгачдын 2-1 тоотод оршин суух Шар сахалт овогт Баттулгын Эрдэнэболд нарт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нар ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Хангайн гурил ХХК-ийн төлөөлөл нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх буюу 6 сарын хугацааны цалин сард 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, нийт 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг Ц.Отгонжаргал, Б.Сувд-Эрдэнэ нарт тус бүрт нь олгохоор тохирч, мөнгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц олгохоор харилцантохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Хангайн гурил ХХК, хариуцагч Б.Эрдэнэболд нараас 50675 /тавин мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ