| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 102/2024/06779/И |
| Дугаар | 210/МА2025/00224 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/00224
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2024/05679 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****-д холбогдуулан гэр хорооллын дахин төлөвлөлийн хүрээнд гэрээгээр хүлээсэн орон сууц хөлсөлсний зардал төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 2024 оны 02 дугаар сараас 07 дугаар сарын төлбөрт 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь орон сууц хөлслөх зардалд тооцож орон сууц өмчлөлд нь шилжүүлж өгсөн, орон сууц хөлслөх 1 сарын зардлыг 1,500,000 төгрөг байхаар тохиролцоогүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
3. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан гэрээгээр ***** нь нэхэмжлэгчид 64.31 м.кв талбайтай 3 өрөө орон сууц барьж хүлээлгэн өгөх, ***** өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 8 хороо, Дэнжийн 11-51 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрыг хариуцагчид чөлөөлж шилжүүлж өгөхөөр тохиролцсон байна.
Ийнхүү нэхэмжлэгч нь газраа чөлөөлсөнтэй холбоотой орон сууцыг барьж хүлээлгэн өгөх хүртэлх түр суурьшуулах буюу орон сууц хөлслөхөд гарсан зардлыг хариуцагч хариуцахаар талууд харилцан тохиролцжээ.
3.1. Дээрх гэрээтэй холбоотойгоор талуудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Газар чөлөөлөх, орон сууцжуулах тухай гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ тус тус байгуулагдсан.
2015 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Газар чөлөөлөх, орон сууцжуулах тухай гэрээ-нд 2016 оны 05 дугаар сарын 30, 2017 оны 12 дугаар сарын 04, 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оржээ.
Нэхэмжлэгч нь газраа чөлөөлж өгсөн тул эдгээр гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлтөөр түүний орон сууц хөлслөхөд гарсан зардлыг хариуцагч хариуцах тохиролцоо хэвээр үргэлжилсэн бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр талууд орон сууц хөлслөх 1 сарын төлбөрийг 600,000 төгрөг байхаар тохиролцсон.
3.2. Нэхэмжлэгчийн 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 01 дүгээр сард орон сууц хөлсөлсний төлбөрийг хариуцагч нь 1 сарын 1,500,000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн ба энэ хугацаанаас хойш дахиж зардал төлөөгүй.
Хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууц барьж хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгээгүй бөгөөд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх нь 2024 оны 07 дугаар сарын 29-ны өдөр цуцлагдсан байна.
3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоожээ.
4. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд талуудын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүсчээ.
Харин уг гэрээний газар чөлөөлсөнтэй холбоотой үр дагаврыг шийдвэрлэх үүднээс нэхэмжлэгчийн орон сууц хөлслөхөд гарсан зардлыг хариуцагч хариуцахаар талууд харилцан тохиролцсон нь үүрэг үүсгэсэн хэлцлийн харилцаанд хамаарна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцжээ.
4.1. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу нэхэмжлэгчийн 2024 оны 02 дугаар сараас 07 дугаар сарын хооронд орон сууц хөлслөх зардлыг төлөх үүргээ гүйцэтгээгүй тул анхан шатны шүүх 1 сарын төлбөрийг 1,500,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэдийгээр 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр талууд орон сууц хөлслөх 1 сарын төлбөрийг 600,000 төгрөг байхаар тохиролцсон байгаа боловч уг зардлын хэмжээг хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сараас эхлэн 1,500,000 төгрөг болохыг зөвшөөрч төлж эхэлжээ.
Иймд анхан шатны шүүх талууд орон сууц хөлслөх 1 сарын зардлыг 1,500,000 төгрөг байхаар тохиролцсон гэж зөв дүгнэсэн тул үүнд холбогдох хариуцагчийн гомдлыг хангахгүй.
4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь орон сууц хөлслөх зардалд тооцож нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууц шилжүүлж өгсөн гэж маргасан боловч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.
Мөн хариуцагчийн гаргасан нэхэмжлэгч нь бодитоор орон сууц хөлсөлж байсан эсэх нь тодорхойгүй гэх гомдлыг хангахгүй. Учир нь нэхэмжлэгч нь газраа чөлөөлж өгснөөр түүнд орон сууц хүлээлгэж өгөх хүртэлх хугацааны түр суурьшуулах зардлыг хариуцагч хариуцах үүргийг гэрээгээр хүлээсэн тул нэхэмжлэгч нь бодитоор орон сууц хөлслөөгүй эсэхийг нотлох үүргийн хуваарилалт хариуцагчид өөрт нь ногдоно.
4.3. Ийнхүү анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Иргэний хуулийн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 9,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь арилжааны гэрээний үүргийг шаардаагүй, харин үүрэг үүсгэсэн хэлцлийн хүрээнд шаардлага гаргасан тул энэ шаардлагад хамаарахгүй Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсгийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь оновчгүй байгааг залруулж өөрчлөлт оруулна.
4.4. Тусгайлсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ, 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрт 7 хоногийн дотор давж заалдах гомдол гаргана гэж заасныг анхан шатны шүүх шийдвэр үйлдэхдээ анхаараагүй байгааг дурдвал зохино.
5. Дээр дурдсан дүгнэлтээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2024/05679 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 274 дүгээр зүйлийн 274.1 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Т.БАДРАХ