Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 453

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

            улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Ж.Н /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Ж.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911013840576 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Луу гүн овогт Ж.Н, 1971 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгой 3 дугаар гудамж 33б тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6-161б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД..............

/Яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүгдэгч Ж.Н нь 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6-161б тоотод Ч.Содхүүтэй маргалдаж улмаар түүний зүүн гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

    Шүүгдэгч Ж.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр орой бид хэд ууж сууж байгаад маргалдсан. Ширээн дээр хутга байсан далд хийё гэж бодож байсан. Тэгээд нэг мэдэхэд болгоомжгүй үйлдлээр хутгалсан байсан. Би маш их гэмшиж байна” гэв.

Хохирогч Ч.Содхүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 7-ны өглөө манай найз ирээд манай гэрт нэг шил архи уучихаад яваад өгсөн ба би найзыгаа явсаны дараа хамтран амьдрагч Солонгийн хамтаар Наран эгчийнд ороод бид нар 1 шил стандарт нэртэй архи хувааж уусан ба архи ууж байх үед Наран эгч манай эхнэр Солонгийг өөрийнхөө хамтран амьдрагч Зулаа гэх залуутай хардаад маргалдаад байсан. Тэгээд би эхнэрээ өмөөрөөд яахаараа дандаа ингэж хардаж байдаг юм гээд маргалдаж байхад Наран эгч нэг мэдэхэд хутга барьчихсан байсан ба би чаддаг юм бол дүрчих балай авгай минь гэж хэлтэл хутгаараа миний зүүн гуяны ард хэсэгт дүрчихсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-12-13х/,

Гэрч Б.Солонгоос мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нараа намайг өөрийн хамтран амьдрагч Зулаа гэгчтэй хардаж маргаан эхэлсэн. Тэр үед манай хамтран амьдрагч намайг өмөөрч Нараатай маргалдаж эхэлсэн. Гэнэт Нараа ширээн дээрээс нэг зүйл шүүрч аваад Содхүүгийн биеийн зүүн талд хүрэх шиг болсон. Тэр үед Содхүү шалан дээр шууд эвхрээд унасан. Тэгээд хайраа намайг хутгалчихлаа шүү дээ гэж байсан. Тэгэнгүүт би очиход биеийнх нь зүүн талаас нь цус гараад байсан ...” гэх мэдүүлэг /хх-16-17х/,

Яллагдагч Ж.Н мэдүүлэхдээ: “...нэг шил архи уучихаад дуусаад Солонго архинд явсан ба удаж байгаад ирсэн ба Содхүү нь эхнэрээ ямар удаан явдаг юм гээд хоорондоо маргалдаад байхаар нь би боль гээд голоор нь орсон ба маргалдаад байхаар нь ширээ рүү хартал ширээний булан дээр хар өнгийн бариултай хутга байхаар нь холдуулж тавъя гэж бодоод авсан боловч би хутга авснаас хойш болсон зүйлийг санахгүй байгаа ба нэг хартал Содоогийн гуянаас цус урсаж байсан ...Би Содхүүгийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-29х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №5662 тоот дүгнэлтэд:

“1. Ч.Содхүүгийн биед гэмтэл учирсан байна.

2. Зүүн гуяны гадна дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Бусадтай эсэргүүцэн тэмцэлдсэн гэхээр өөр гэмтэл тогтоогдохгүй байна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-23х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Н нь 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6-161б тоотод Ч.Содхүүтэй маргалдаж улмаар түүний зүүн гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба хохирогч Ч.Содхүү нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.