| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 181/2022/03417/И |
| Дугаар | 210/МА2025/00225 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/00225
******* ХХК болон ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2024/04447 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох
11,514,800 төгрөг гаргуулах, барилгын каркасны өмчлөх эрхэд халдахгүй байхыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
21,349,998 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК, ******* нарт холбогдох
80,046,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ***** ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ***** ХХК-ийн төлөөлөгч *****, түүний өмгөөлөгч *****, нэхэмжлэгч ***** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** /цахимаар/, түүний өмгөөлөгч *****, хариуцагчийн өмгөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ***** ХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ***** ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулж, ***** аймгийн ***** сум, 1 дүгээр багийн спорт заалны барилгын каркас хийх, барих ажлыг 71,000,000 төгрөгөөр ажил гүйцэтгүүлэхээр тохирч, төлбөрийн 90 хувь буюу 63,900,000 төгрөгийг төлсөн.
Хариуцагч нь ажил гүйцэтгэхээр хугацааг хойшлуулж 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэж өгөх ёстой байсан боловч каркасыг дутуу угсарч үлдээсэн.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх гэж заасны дагуу дутуу гүйцэтгэсэн ажлын хөлс 10,875,000 төгрөг, гэрээний 6.1-д заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх 90 хоногийн алданги 639,000 төгрөг, нийт 11,514,800 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Мөн хариуцагч нь үлдэгдэл 10 хувийн төлбөрийг төлөөгүй гэх шалтгаанаар угсарсан каркасыг ачиж явж манай компанийн өмчлөлд халдаж болзошгүй байгаа тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу барилгын каркасны өмчлөх эрхэд халдахгүй байхыг даалгаж өгнө үү.
1.2. Хариуцагч компани нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр 27,502,723 төгрөгийн үнэлгээтэй ажлыг дутуу гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон. Иймд ажлыг бүрэн дуусгаагүй тул аливаа алданги, төлбөр төлөх үндэслэлгүй.
Манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрийг гэрээнд заасан нөхцөл, хугацаанд төлсөн бөгөөд ямар нэгэн үүргээ зөрчөөгүй. Хариуцагчийн зүгээс ***** аймагт 14 хоног сул зогсож, ажилчдын цалин, буудал, хоол төлөвлөсөн ажлаа алдаж, тодорхой хэмжээний алдагдал цаг хугацаа алдсан гэсэн нь ямар ч баримтгүй бөгөөд манай компанийн үйл ажиллагаанд хамааралгүй.
Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.
2. Нэхэмжлэгч ***** ХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
2.1. Манай компани ***** аймгийн ***** сумын 3 дугаар багийн сургуулийн спорт заалны барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр ***** аймгийн Засаг даргын Тамгын газартай 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулсан.
Уг ажлын каркасыг угсруулахаар 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ***** ХХК-ийн захирал *****аар төлөөлүүлж ***** ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлсөнд 70,353,000 төгрөгийг ***** ХХК-ийн гүйцэтгэх захирал *****ын дансанд шилжүүлсэн.
***** ХХК болон ***** ХХК-ийн хоорондын маргаантай асуудлаас болж манай компани гэрээний дагуу ажлын хөлсийг бүрэн төлсөн боловч хийгдсэн ямар ч ажилгүй болж хохирч үлдсэн.
***** ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, ***** сумын 3 дугаар багийн спорт заалны каркасны угсралтыг огт хийгээгүй, гэрээний дагуу бэлдсэн материалуудаа буцааж ачиж явсан. Гэрээний 6.1-д заасны дагуу хугацаа хэтэрсэн 124 хоногийн алданги тооцоход 9,693,080 төгрөг болж байна.
Иймд ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд шилжүүлсэн 70,353,000 төгрөг, алданги 9,693,080 төгрөг, нийт 80,046,080 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2.2. Мөн шүүхээс талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн тохиолдолд дээрх 70,353,000 төгрөгийг дансаар хүлээн авсан *****оос гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
3.1. Нэхэмжлэгч ***** ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн боловч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй.
Уг ажлын хувьд каркасны суурь дээр 10 см-ийн зөрүү гарсан. Энэ нь зургийн компани дам нурууны огтлолын хэмжээг буруу тавьсны улмаас каркасны А нурууны хэмжээ 10 см-аар богинодсон байсан. Үүнийг талууд харилцан ярилцаад захиалагч болон гүйцэтгэгчийн буруу биш, зургийн компанийн буруу гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Иймд нэхэмжлэгч ***** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
3.2. ***** ХХК нь *****ад итгэмжлэл хийж өгөөд гэрээ байгуулаагүй. ***** нь бие дааж манай компанитай гэрээ байгуулсан. Манайх *****ын компаниар нэмэгдсэн өртгийн албан татварын бичилтийг хийсэн тул ***** ХХК-тай л гэрээ хийсэн гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгч ***** ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
3.3. ***** ХХК нь эцсийн санхүүжилт болох 7,100,000 төгрөгийг шилжүүлээгүй. Иймд уг төлбөрийг ажил гүйцэтгэх гэрээний 6.2-т заасны дагуу 450 хоногийн алдангид 3,195,000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.
Гэрээний үүргийн дагуу ажлаа хүлээлгэн өгөөд санхүүжилт, тээврийн зардал, угсралтын үнийг нэхэмжилсэн боловч өнөөдөр маргааш гэж худал ярьсаар манай компани санхүүжилт хүлээж 14 хоног ***** аймагт сул зогсож, ажилчдын цалин, буудал, хоолны зардал гаргаж, төлөвлөсөн ажлаа алдаж алдагдал хүлээсэн.
Мөн дараагийн ажил буюу ***** сумын 3 дугаар багаас материалаа буцаан татаж нэмэлт зардлууд гарсан. Уг зардал нь ***** ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гарсан зардал юм.
***** сумын 3 дугаар багаас материалаа буцаан татах ажлыг хийсэн 3 хүний 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх 26 хоногийн цалин 7,199,998 төгрөг, ажилчдын буудал, хоол, хэрэглээний зардал 3,900,000 төгрөг болсон.
Иймд нийт 21,349,998 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***** ХХК-иас 11,514,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***** ХХК-д, 70,353,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***** ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгч ***** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас барилгын каркасны өмчлөх эрхэд халдахгүй байхыг даалгах тухай хэсгийг, нэхэмжлэгч ***** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 9,693,080 төгрөг болон хариуцагч *****од холбогдох хэсгийг, хариуцагч ***** ХХК-ийн 21,349,998 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ***** ХХК-иас төлсөн 269,400 төгрөг, нэхэмжлэгч ***** ХХК-иас төлсөн 558,181 төгрөг, хариуцагч ***** ХХК-иас төлсөн 264,670 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***** ХХК-иас тэмдэгтийн хураамжид 199,187 төгрөг, шинжээчийн ажлын хөлсөнд 350,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***** ХХК-д, тэмдэгтийн хураамжид 509,715 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***** ХХК-д тус тус олгож шийдвэрлэсэн.
5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Шүүх хэт нэг талын баримталсан буюу шинжээчийн дүгнэлтийг үнэлж үндэслэлээ болгох, бусад баримттай харьцуулан үнэлэхдээ хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тулгуурласан төсөв болон зарлагын баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг үнэлээгүй, орхигдуулсан.
Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан 10,403,888 төгрөгийн төсвийг шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдаагүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй.
"*****" ХХК-ийн төлөөлөгчийн хэлж байгаагаар 53,025,000 төгрөгтэй тэнцэх каркасыг угсарч байршуулсан гэж тайлбарласан. Шинжээчийн дүгнэлтээр 27,592,723 төгрөгөөр тогтоолоо гэж үзвэл 53,025,000+27,592,723=80,617,723 төгрөгийг өртөгтэй болж байгаа нь төмөр каркасны үнэ 71,000,000 төгрөг болон урьдчилгаанд өгсөн 63,900,000 төгрөгийн алинд ч тохирохгүй төсөв байхаар харагдаж байна.
"*****" ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд 140,000,000 төгрөгт тооцож 14,000,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн ондоо "*****" ХХК-д хамааруулж тайлагнасан. Гэтэл "*****"ХХК-ийн байгуулсан гэрээний мөнгөн төлбөр нь 63,900,000 болон 70,353,000 төгрөг, нийт 134,253,000 төгрөг болсон.
Улаанбаатар хотоос ***** аймаг руу 3 багийн каркасаа ачаад, ажлыг хийж гүйцэтгэхээр авч очсон ба бараа материалыг тухайн үед хүлээн авсан баримт үйлдсэн нь хэрэгт авагдсан, мөн ажлыг хийж гүйцэтгэхээр очсон ажилчдыг Цагдаагийн газраас асууж тодруулсан, зэрэг ажлыг хийж гүйцэтгэхэд зардлууд гарч, гарсан зардлаа нэмэгдсэн өртгийн албан татварын баримтдаа зардлын тооцооллоо гаргаж тайлагнасан зэрэг үйл баримт хэрэгт авагдсан.
Нэмэгдсэн өртгийн албан татварын зөрүүний алдагдал зэргийг сөрөг нэхэмжлэлд оруулан тооцоолсон байхад дан ганц хариуцагчийг буруутгах байдлаар шийдвэрлэж байгаад гомдолтой байна.
Иймд 21,349,998 төгрөгийг ***** ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***** ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга:
Шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн хийсэн ажлын хэмжээ гарсан тул нэмж төлөх ажлын хөлс байхгүй. Сул зогссонтой холбоотой гарсан зардал гэдэг нь манай компанийн үйл ажиллагаатай холбоогүй, мөн баримтаар тогтоогдоогүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***** ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагчийн гомдол нь тус компанийн нэхэмжлэлд хамааралгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ***** ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг арилгахад гаргах зардал, алдангид 11,514,800 төгрөг гаргуулах, барилгын каркасны өмчлөх эрхэд халдахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийг ***** ХХК-д холбогдуулж,
нэхэмжлэгч ***** ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 80,046,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч ***** ХХК, *****од холбогдуулан тус тус гаргажээ.
Хариуцагч тал ***** ХХК-тай байгуулсан гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн, ***** ХХК-тай гэрээ байгуулаагүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ***** ХХК-иас 21,349,998 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
3. ***** ХХК нь ***** аймгийн ***** сумын 1 дүгээр багийн сургуулийн спорт заалны каркас барих, ***** ХХК нь ***** сумын 3 дугаар багийн сургуулийн спорт заалны каркас барих ажлыг тус тус хийж гүйцэтгүүлэхээр ***** ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.
Хариуцагч нь ***** ХХК-тай гэрээ байгуулаагүй гэж байгаа боловч гэрээнд заасан ажлын хөлсийг хүлээн авсан, гэрээнд заасан ажил болох ***** аймгийн ***** сумын 3 дугаар багийн сургуулийн спорт заалны каркасыг барихаар бэлтгэж байсан үйл баримтаар тухайн тайлбар үгүйсгэгдсэн.
3.1. ***** ХХК нь ажлын хөлсөнд 63,900,000 төгрөг, ***** ХХК нь 70,353,000 төгрөгийг тус тус хариуцагчид шилжүүлэн өгсөн.
3.2. ***** ХХК-тай байгуулсан гэрээнд заагдсан 18м х 12м х 6h хэмжээтэй төмөр каркасыг гагнаж бэлдэж хар саарал өнгөөр будах, улмаар тээвэрлэн ажлын талбайд угсрах ажлыг хийж гүйцэтгэн 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээлгэн өгсөн байна.
Гэрээнд зааснаар хариуцагч нь 71,000,000 төгрөгийн үнэ бүхий ажлыг хийж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх ёстой байсан боловч уг ажлыг дутуу гүйцэтгэсэн, энэхүү дутуу ажлыг дахин хийж гүйцэтгэхэд 27,502,723 төгрөгийн зардал гарах болохыг шинжээч ***** ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр тогтоогджээ.
3.3. Харин ***** ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ***** ХХК нь ***** аймгийн ***** сумын 3 дугаар багт бэлтгэл ажлыг хийж, зохих ачааг буулгасан боловч үүнийгээ буцааж авч явсан бөгөөд аливаа барилга угсралтын ажил хийж гүйцэтгээгүй.
3.4. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоожээ.
4. Анхан шатны шүүх ***** ХХК-ийн нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
4.1. ***** ХХК нь гэрээгээр хүлээсэн ***** аймгийн ***** сумын 3 дугаар багийн сургуулийн спорт заалны каркас барих ажлыг гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй тул ***** ХХК нь гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд урьдчилж шилжүүлсэн 70,353,000 төгрөг, алданги 9,693,080 төгрөг, нийт 80,046,080 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Гэрээнээс татгалзаж буй тохиолдолд талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд алданги шаардах эрхгүй.
Мөн хариуцагч ***** нь ***** ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх этгээдийн хувьд ***** ХХК-тай гэрээ байгуулж, гэрээнд заасан ажлын хөлсийг хүлээн авчээ.
Иймд анхан шатны шүүх ***** ХХК-иас 70,353,000 төгрөг гаргуулж ***** ХХК-д олгож, энэ нэхэмжлэлээс үлдэх 9,693,080 төгрөг гаргуулах болон хариуцагч *****од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.
Энэ шийдэлд зохигч гомдол гаргаагүй.
4.2. Өмнө дурдсанчлан ***** ХХК нь 71,000,000 төгрөгийн үнэ бүхий ажлыг хийж гүйцэтгэн ***** ХХК-д хүлээлгэн өгөх ёстой байсан боловч уг ажлаас С төмөр 15 ширхэг, каркас туслах татуурга 1,356.89 кг дутуу, каркас чих таваг 1000 кг, К труба 6 ширхэг тус тус дутуу хийсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр эдгээр дутуу ажлыг дахин хийж гүйцэтгэх материалын зардал нь 14,725,872 төгрөг, ажиллах хүчний зардал нь 12,776,851 төгрөг, нийт 27,502,723 төгрөг болох нь тогтоогдсон.
Хариуцагч нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгснөөс хойш дээрх доголдлыг арилгаагүй бөгөөд нэхэмжлэгч ажлыг хүлээн авахдаа доголдлын талаарх шаардлагыг тавьж гэрээний үлдэгдэл ажлын хөлс 7,100,000 төгрөгийг олгоогүй байна.
Ийнхүү захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авах үедээ ажлын доголдлын талаарх шаардлагыг тавьсан боловч гүйцэтгэгч доголдлыг арилгах арга хэмжээ аваагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд ажлын хөлс 10,875,000 төгрөг, алданги 639,000 төгрөгийг ***** ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэж байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас барилгын каркасны өмчлөх эрхэд халдахгүй байхыг даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч ***** ХХК давж заалдах гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу энэ талаар дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.
5. ***** ХХК-д холбогдуулан гаргасан ***** ХХК-ийн гэрээний эцсийн санхүүжилт 7,100,000 төгрөг, алданги 3,195,000 төгрөг, ажилчдын цалин, буудал, хоол, хэрэглээний зардал 11,099,998 төгрөг, нийт 21,349,998 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх нотолгооны хуваарилалтыг зөв хийж, үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгчээ.
5.1. Шинжээч ***** ХХК-ийн дүгнэлтээр хариуцагч нь ***** ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 71,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй, эсрэгээрээ тухайн компанийн дутуу гүйцэтгэсэн ажлыг дахин хийхэд 27,502,723 төгрөгийн зардал гаргах болохыг тогтоогдсон тул хариуцагч нь ажлын хөлс, алдангийг шаардах эрхгүй.
Мөн сөрөг нэхэмжлэлээр шаардсан ажилчдын цалин, хоол хүнс, орон байр, хэрэглээнд зарцуулсан гэх 11,099,998 төгрөгийн зардал гаргасан болохоо хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй.
Уг шаардлагыг нотлохоор банкны дансны хуулга гаргаж өгсөн боловч хэрэгт хамааралтай болох нь тогтоогдоогүй, мөн гаргасан зардлын тооцоо нь хариуцагч өөрөө үйлдсэн нэг талын баримт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхгүй.
5.2. Шинжээч ***** ХХК-ийн дүгнэлтэд дурдсан тээврийн зардал 4,071,253 төгрөг, төмөр каркасны ажлын ажиллах хүчний зардал 6,332,636 төгрөг гэх 10,403,889 төгрөгийн төсвийн тооцоолол нь хариуцагчийн дутуу хийж гүйцэтгэсэн ажлыг дахин гүйцэтгэхэд гарах ажиллах хүчний зардал 12,776,851 төгрөгийн бүрдэлд хамаарч байгаа буюу нотолгооны хуваарилалтын хувьд сөрөг нэхэмжлэлийн нотлох баримтад хамаарахгүй байна.
Мөн хариуцагч нь гэрээгээр гүйцэтгэх ёстой ажлыг бүрэн гүйцэтгээгүй талаарх дүгнэлт дээр өгөгдсөн тул гэрээний эцсийн санхүүжилт 7,100,000 төгрөг, алданги 3,195,000 төгрөгийн шаардлагыг хангуулахаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
5.3. "*****" ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд 140,000,000 төгрөгт тооцож 14,000,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн ондоо "*****" ХХК-д хамааруулж тайлагнасан гэх гомдлыг хүлээн авахгүй.
Учир нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад энэ талаар заагаагүй, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын баримт үйлдсэн, тайлагнасан нь гэрээнд заасан ажлыг бодитоор гүйцэтгэсэн гэж дүгнэх үндэслэл болохгүй.
6. Дээр дурдсан дүгнэлтийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2024/04447 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ***** ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ***** ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Т.БАДРАХ