| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2024/02631/И |
| Дугаар | 210/МА2025/00228 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/00228
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/04664 дугаар шийдвэртэй,
*******ын нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох
28,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. 2023 оны 06 дугаар сарын 14-ны өдөр ******* ХК-тай орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээг байгуулж, 2023 оны 06 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд нийт 25,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн эзэмшлийн ******* тоот дансанд төлсөн.
1.2. Тус компанийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг охин компани болох *******" ХХК хэрэгжүүлж байгаа талаар захирал ******* тайлбарласан бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр "*******" ХХК-тай хувьцаат орон сууц хөтөлбөрийн гэрээ, эрхийн гэрээнүүдийг тус тус байгуулсан.
1.3. Гэрээ байгуулагдсанаас хойш 2023 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд сар бүр тогтмол 500,000 төгрөгийг "******* ХХК-ийн эзэмшлийн дансанд шилжүүлсэн. Гэтэл орон сууцаа хүлээж авахыг шаардахад орон сууц хүлээлгэн өгөх боломжгүй, санхүүгийн хүндрэл үүссэн талаар хэлсэн.
1.4. 2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр гэрээнээс татгалзсан хүсэлтээ "******* ХХК-д бичгээр гаргасан боловч өнөөдрийг хүртэл 28,500,000 төгрөгийг буцааж өгөөгүй байна.
Иймд хариуцагчаас 28,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн сууцжуулах хамтын ажиллагааны гэрээг дүгнэсний дараагаар 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хувьцаат орон сууц хөтөлбөрийн мастер гэрээ, Эрхийн гэрээ гэх гэрээнүүдийг байгуулж, талуудын хооронд эрх, үүрэг үүссэн байна.
2.2. Хууль зүйн хувьд нэгэнт үүссэн эрх зүйн харилцааг хуульд заасан үндэслэл журмын дагуу дуусгавар болгох боломжтой. Иргэний хуульд зааснаар гэрээнээс татгалзах, цуцлах нь хуульд заасан нөхцөл бүрдсэн үед, хуулийн үндэслэл журмын дагуу хийгдэхээр байна. Иймээс нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсаныг тогтоолгох шаардлага хууль зүйн хувьд үндэслэлгүй.
2.3. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Хувьцаат орон сууц хөтөлбөрийн мастер гэрээ, Эрхийн гэрээ гэрээнүүдийн хувьд үүссэн хэвээр байгаа үед нэхэмжлэгч мөнгөн төлбөрийг буцаан шаардах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас нийт 28,500,000 /хорин найман сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 371,200 төгрөгөөс илүү төлсөн 1,000 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 370,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч талаас ******* ХХК-тай байгуулсан 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн "Хувьцаат орон сууц хөтөлбөрийн гэрээ-ээс татгалзсаныг тогтоолгож, татгалзсанаас үүсэх үр дагавар болох *******" ХХК-д төлсөн 28,500,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү." гэх нэхэмжлэл гаргасан. Гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг техникийн алдаатай буруу бичигдсэн гэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээгүй.
Мөн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж "*******" ХХК-иас 28,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулж өгнө үү гэх байдлаар өөрчилсөн. Тухайлбал: 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа техникийн шинжтэй алдаа гаргаад татгалзсаныг тогтоолгож гэж биччихсэн. Энэ бол алдаатай зүйл байсан." гэх, "28,500,000 төгрөгийг ... гаргаж өгнө үү гэсэн шаардлагыг гаргаж байна." гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ.", 25.1.1 "эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх" гэж заасныг тус тус зөрчсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбар өгөх хугацаа олгоогүй, нэхэмжлэлийн шаардлага алдаатай гэх байдлаар өөрсдийн дураар шүүх хуралдааны явцад өөрчилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэнд гомдолтой байна.
4.2. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн "Хувьцаат орон сууц хөтөлбөрийн мастер гэрээ"- ний 7.1 дүгээр зүйлийн 7.1.2 "Аль нэг тал Гэрээг цуцлах тухай хүсэлтээ 3-аас доошгүй сарын өмнө бичгээр мэдэгдсэн" гэж заасан. Нэхэмжлэгч талаас өнөөдрийг хүртэл *******" ХХК-д гэрээг цуцлах тухай хүсэлтийг гаргаагүй байна.
Гэтэл анхан шатны шүүх тус гэрээний үүргийг зөрчсөн нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагааг дэмжиж, хуулийн ашигтайгаар тайлбарлаж хариуцагчийн эрхийг зөрчиж, нэхэмжлэгч талд давуу байдал олгож байгаад гомдолтой байна. Тухайлбал: Нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал үүссэн гэх, мөн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь заалт нь гэрээний талууд татгалзах хугацааны талаар тохиролцоогүй тохиолдолд үйлчлэх тухай зохицуулалттай байхад хууль зүйн буруу дүгнэлт хийсэн.
4.3. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн "Хувьцаат орон сууц хөтөлбөрийн мастер гэрээ", "Эрхийн гэрээ"-г тус тус байгуулж, талууд харилцан тохиролцсон. Нэгэнт үүссэн эрх зүйн харилцааг гэрээ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу дуусгавар болдог. Иргэний хуульд зааснаар гэрээнээс татгалзах, цуцлах нь гэрээ болон хуулийн дагуу нөхцөл бүрдсэн тухай нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:
5.1. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээгүй гэж гомдол гаргасан. Манай зүгээс анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон. Мөн ******* нь 2024 оны 01 дүгээр сард гэрээнээс татгалзаж, уг хугацаанд төлсөн мөнгөө буцааж авахаар бичгээр мэдэгдсэн учир гэрээнээс татгалзсаныг заавал шүүхээр тогтоолгох шаардлагагүй.
5.2. Нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаанд 25,000,000 төгрөг төлж, 7 сарын хугацаанд сар болгон 500,000 төгрөг төлсөн бөгөөд нийт 28,500,000 төгрөгийг төлсөн. 2024 оны 01 дүгээр сард гэрээнээс татгалзах талаар бичгээр мэдэгдсэн тул сар болгон төлөх төлөлтөө зогсоосон.
5.3. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7-д гэрээг цуцлах, дуусгавар болгох талаар дэлгэрэнгүй оруулж өгсөн. Нэхэмжлэгч бичгээр мэдэгдэхээс гадна сар болгоны төлөлтөө төлөхгүй бол гэрээг цуцлах зохицуулалтай бөгөөд 2024 оны 01 дүгээр сард уг гэрээ бүрэн цуцлагдсан гэж үзэх боломжтой.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 28,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь зааснаар нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүссэн гэж буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.
4. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
4.1. ******* болон ******* ХК-ийн хооронд 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдаж, ******* ХК-ийг төлөөлж захирал ******* гарын үсэг зурсан, ******* гэрээний урьдчилгаанд 25,500,000 төгрөгийг ******* ХХК-ийн эзэмшлийн ******* тоот дансанд шилжүүлжээ.
4.2. ******* болон ******* ХК 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ гэх нэртэй гэрээний эрх, үүргийг дуусгавар болсонд тооцож, захиалагч ******* ХХК-тай шинээр гэрээ байгуулан орон сууцжуулах төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр тохиролцож, акт үйлдсэн байна.
4.3. Улмаар ******* болон ******* ХХК-ийн хооронд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хувьцаат орон сууц хөтөлбөрийн /мастер гэрээ/, Эрхийн гэрээ-нүүдийг тус тус байгуулж, гэрээг ******* ХХК-ийн ТУЗ-ийн дарга ******* баталгаажуулсан, уг гэрээний хавсралтаар 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ******* нь сар бүр 500,000 төгрөгийг ******* ХХК-ийн эзэмшлийн Төрийн банк ХК дахь ******* тоот дансанд шилжүүлэхээр тохиролцжээ.
5. ******* 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан Хувьцаат орон сууц хөтөлбөрийн /мастер гэрээ/, Эрхийн гэрээ-ний дагуу гэрээнд заасан хэмжээгээр мөнгөн хөрөнгийг шилжүүлж, орон сууцны урьдчилгаа төлж, үлдэх үнийг хэсэгчлэн төлж орон сууцтай болох хүсэл зоригийг илэрхийлжээ.
Харин хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээнд заасан үнэд давуу эрхийн хувьцааг худалдаж, нэхэмжлэгчийн нэрлэн заасан орон сууцыг худалдан авч, үнийн зарим хэсгийг төлж, үлдэх хэсгийг санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрөөр төлүүлж, орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тайлбарлажээ.
Иргэниий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийгч талуудын хүсэл зориг нэгдээгүй байх тул хэлцэл хийсэн гэж дүгнэхээргүй байна.
Хийгдээгүй хэлцлийн хүрээнд түүнээс татгалзах болон цуцлах эрх хэрэгжүүлэх боломжгүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
6. Иймд нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байгаа нь гэрээний дагуу гэж тайлбарлагдахгүй байх тул нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэх учиртай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2024/04664 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг 205 дугаар зүйлийн 205.1 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 370,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Э.ЗОЛЗАЯА