| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/00840/И |
| Дугаар | 151/ШШ2016/01001 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 151/ШШ2016/01001
| 2016 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 151/ШШ2016/01001 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Заамар сум, 4-р баг, Төв 3-р хэсэг, 1-р гудамж, 15 тоотод оршин суух, 55 настай, эмэгтэй, Доржсүрэн овогт Цэндсүрэнгийн Цэрэндулам /РД:НН61091567/-ын,
Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Цэрэндулам, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Цэрэндулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн “Ундарган” бригадад 1980 оны 6 дугаар сарын 24 өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэл анх илгээлтээр хоньчноор ажиллаж байсан. 1983 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс Төв аймгийн Заамар сумын 8 жилийн сургуульд үйлчлэгчээр ажилд орсон. Мөн миний эх Цэндсүрэнгийн эцгийг Наваан гэдэг байсан. Төв аймгийн Заамар сумын 8 жилийн сургуулийн боловсон хүчин хөдөлмөрийн дэвтэр нээж бичихдээ Наваан гээд миний өвөг эцгээр нээсэн байсан. Хөдөлмөрийн дэвтрийг Наваан гэж овоглосон байсныг түрүү жил л мэдсэн. Иймд миний зарим бичиг баримтын овог нэр зөрүүтэй байгаа учраас шүүхэд хандсан. Одоо Төв аймгийн Заамар сумын сургуульд өнөөдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байгаа. Иймд 079429 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 043923 дугаартай, 106545 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тус тус тогтоож өгнө үү. Мөн 1980 оны 6 дугаар сарын 24-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн “Ундарган” бригадад хоньчноор ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Цэрэндулам нь овог нэр зөрүүтэй болсон, Заамар нэгдлийн “Ундарган” бригадаас гарсан тушаал архиваас гарахгүй байгаа тул 079429 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 043923 дугаартай, 106545 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр тус тус тогтоолгож, мөн 1980 оны 6 дугаар сарын 24-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн “Ундарган” бригадад хоньчноор, мөн Заамар сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсныг сэргээн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Ц.Цэрэндулам нь Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн “Ундарган” бригадад 1980 оны 6 дугаар сарын 24 өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд хоньчноор, Төв аймгийн Заамар сумын 8 жилийн сургуульд 1983 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан гэх боловч, хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Д.Цэндсүрэнгийн 1961 оны 10 дугаар сарын 1-ний өдөр олгосон төрсний гэрчилгээний хуулбар /хх-7/,
2. 1981 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-8/,
3. 1983 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-11/,
4. 043923 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-12-14/,
5. Төв аймгийн Заамар нэгдлийн 1930 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн илгээлтийн эздийг ажилд томилох тухай 70 дугаартай тушаал /хх-15/,
6. Төв аймгийн Заамар сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Ажилд томилох тухай 47 дугаартай тушаал /хх-16/,
7. Төв аймгийн Заамар сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Ээлжийн амралтыг олгох тухай 22 дугаартай тушаал /хх-17/,
8. Төв аймгийн Заамар сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Шагнах тухай 9 дугаартай тушаал /хх-18/,
9. Төв аймгийн Заамар сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай 16 дугаартай тушаал /хх-19/, Ц.Цэндсүрэнгийн цалингийн түүвэр /хх-20/,
10. 1985 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр олгосон Баярын бичгийн хуулбар /хх-21/,
11. 1987 оны 3 дугаар сарын 7-ны өдөр олгосон Баярын бичгийн хуулбар /хх-22/,
12. 1994 оны 2 дугаар сарын 4-ний өдөр олгосон Сайшаалын үнэмлэхийн хуулбар /хх-23/,
13. Төв аймгийн архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 586 дугаартай албан тоот /хх-24/,
14. Төв аймгийн Заамар сумын засаг даргын Тамгын газрын 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2/74 дугаартай албан тоот /хх-25/,
15. 106545 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-26/, Б.Нандинчигийн бичсэн тодорхойлолт түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх-31/,
16. Гэрч Б.Даваасүрэнгийн бичсэн тодорхойлолт /хх-37/, мэдүүлэг түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-38-40/,
17. Гэрч Ж.Наранцэцэгийн бичсэн тодорхойлолт, түүний гэрчийн мэдүүлэг, үйлдвэрчний бат илэрхийлэх /хх-41-45/,
18. Гэрч Н.Гантогоогийн мэдүүлэг түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх-46-47/,
19. Ц.Цэрэндуламын нас тогтоолгож байсан шүүхийн шийдвэрийн хуулбар /хх-48/,
20. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 45/011110 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /хх-51/,
21. Үндэсний төв архивын 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдринй 03-2/757 дугаартай лавлагаа /хх-52/,
22. Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 629 дугаартай албан тоот /хх-53/,
23. 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн улсын бүргэгчийн тодорхойлолт /хх-54/,
22. Төв аймгийн Заамар сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 01/75 дугаартай тодорхойлолт /хх-57/,
23. Төв аймгийн Заамар сумын Нийгмийн даатгалын байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн тодорхойлолт /хх-58/ зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байх ба 1981 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Заамар нэгдлийн 1980 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн илгээлтийн эздийг ажилд томилох тухай 70 дугаартай тушаалыг ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэж, Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн “Ундарган” бригадад 1980 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх хугацаанд хоньчноор ажилласныг тогтоож шийдвэрлэв.
Улсын бүртгэлийн ерөнхий газар Иргэний баримтын архивын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 45/011110 төрсний бүртгэлийн лавлагаагаар Цэрэндуламын төрсөн эх Цэндсүрэнгийн эцэг нь Наваан болох нь тогтоогдож байх тул дээрх бичгийн нотлох баримтыг үндэслэн 079429 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 043923 дугаартай, 106545 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Ц.Цэрэндулам мөн болох нь нотлогдон тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Цэрэндуламыг 079429 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 043923 дугаартай, 106545 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг, мөн Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн “Ундарган” бригадад 1980 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хоньчноор, Төв аймгийн Заамар сумын 8 жилийн сургуульд 1983 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд үйлчлэгчээр тус тус ажилласныг тогтоож, тогтоогдохгүй байгаа 1982 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Цэрэндуламыг 079429 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 043923 дугаартай, 106545 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг, мөн Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн “Ундарган” бригадад 1980 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хоньчноор, Төв аймгийн Заамар сумын 8 жилийн сургуульд 1983 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд үйлчлэгчээр тус тус ажилласныг тогтоож, тогтоогдохгүй байгаа 1982 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Цэрэндуламын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ