| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0405/Э |
| Дугаар | 452 |
| Огноо | 2019-05-31 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 452
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Б.Байгалмаа,
Шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,
Хохирогч Н.Одгэрэл, Бадамдоржийн Лхагвасүрэн, Л.Дэлгэрсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н.Сүх-Очирт холбогдох эрүүгийн 1911000210032 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигон овогт Н.С, 1971 оны 03 сарын 07-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймаг Хэрлэн сум 10 дугаар баг, Хивсний 12-2б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,
Урьд: 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 төгрөгийн торгох ял,
- 1993 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дундговь аймгийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ял,
- 1995 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 2, 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял,
- 2001 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял,
- 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ял,
- 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял дүйцүүлэн хасч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай /РД:.............../.
Шүүгдэгч Н.С нь /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/ 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, “Сан” зочид буудлын 501 тоот өрөөнд хохирогч О.Амаржаргалаас “БНХАУ-ын иргэнээс хямд юань авч өгнө” гэж 9 сая төгрөгийг залилан авсан,
- 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Баянзүрх-2 худалдааны төвийн худалдагч, хохирогч Н.Одгэрэлээс өөрийгөө “Оточ” эмнэлгийн нярав гэж танилцуулан эмнэлэгтээ болон захирлынхаа гэрт 2 ширхэг бүтэн үхрийн мах буюу 391,6 кг үхрийн махыг худалдаж авна гэж залилан авч 2.741.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 11 дүгээр сарын 17-21-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт хохирогч Б.Лхагвасүрэнгийн 9 тооны адууг худалдан борлуулж өгнө гэж хуурч, адуу борлуулсан мөнгө болох 6.332.400 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авч залилсан,
- 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт хохирогч Б.Лхагвасүрэнгээс 252 кг үхрийн махыг нь БНХАУ-ын иргэдэд өндөр үнээр зарж борлуулж өгнө гэж залилан авч 1.134.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт хохирогч Л.Дэлгэрсайханд 537 кг хонины махыг БНХАУ-ын иргэдэд өндөр үнэтэй зарж өгнө гэж хуурч бусдад худалдаж 2.577.600 төгрөгийг залилан авч бусдад нийт 21.785.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Соос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Н.Соос яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 12 дугаар сард ...би Дэлгэрсайханд “...хятадуудад махыг чинь боломжийн үнээр зараад өгөхийг бодъё” гэж хэлсэн ба Дэлгэрсайхан нь “...би одоо махаа аваад ирье, наад 2 хятадаа байлгаж байгаарай” гэж хэлээд махаа авчирахаар явсан ...Зах дээр ирэхэд Дэлгэрсайхан нь 20 гулууз бүтэн хонины мах авчирчихсан байсан ба надад ...уг 20 гулууз хонины махыг хятадуудад бөөндөөд 1 кг-ийг нь 7000 төгрөгөөр бодоод зараад өгөөч гэж гуйсан ба би түүнд зөвшөөрч “20 хонины махыг нь Хятадуудад зүс таних Туяа гэх махны худалдагч эгчээр дамжуулаад зараад өгье, зарж олсон мөнгийг нь чамд өгье” гэж Дэлгэрсайханд хэлээд түүний 20 хонины махыг жинлээд Туяа эгчид өгч мөнгийг бодож авсан. Нийт 2 сая гаруй төгрөг /2.8 сая төгрөг/ болж байсан санагдаж байна. Үүний дараа би Дэлгэрсайханы машин руу ороод түүнд “...нийт 2.8 төгрөг болж байна” гэж хэлээд мөнгийг нь үзүүлэхэд Дэлгэрсайхан нь надад “...бага байна, үнийг нь нэмээд зарах боломжгүй байсан юм уу” гэж хэлэхээр нь би ...за би тэгвэл чамд хамт ирсэн 2 хятадаасаа мөнгө нэмээд аваад өгье” гэж хэлээд “Мандал” нэртэй буудал руу түүнийг дагуулж явсан. Буудлын гадна ирээд би Дэлгэрсайханд хандаж “...чи машиндаа түр байж бай, энэ буудалд 2 хятад маань байрлаж байгаа, би мөнгө нэмээд аваад ирье гэж хэлээд тус буудал руу орсон. Үнэн хэрэгтээ бол 2 хятад маань тухайн үед өөр буудалд байсан юм. Би Дэлгэрсайханыг гадаа хүлээлгэчихээд “Мандал” буудал руу орсон ба ресепшинээс нь хэдэн зүйл асууж байгаад куртикээ тайлаад буцаж гарч Дэлгэрсайхан дээр очиж түүний “овгийг” асуучихаад эргээд тус буудал руу ороод куртикээ өмсөөд буудлын арын хаалгаар гараад явсан” гэх мэдүүлэг /1хх-217-218х/, мөн сэжигтнээр мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 19-нд би Амаржаргал Дашдорж нарын гэрт очиж хоол, цай ууж ярилцаж суусан. Амаржаргал надаас оны өмнө урагшаа явмаар байна хямдхан юань авмаар байна таньдаг хятад хүн байна уу гэж асуусан. Тэгэхэд нь би ах нь хамт байгаа Хятадуудаас асууя тэд нар орой 17 цагийн үед буудалдаа очино тэр үед нь хамт очиж уулзъя гэж хэлсэн. Орой 17 цаг болоход би Хятадуудтайгаа ярьчихлаа юань байна ирээд ав гэж байна гээд бид 3 гэрээ гараад Чингэлтэй дүүрэгт байрлах “Сан” гэх зочид буудалд очсон. Тэр буудалд би урд өдөр нь хоносон юм. Би тэр хоёрыг гадаа машинд нь үлдээгээд дотогш орж 501 тоот өрөөний төлбөрийг өгч орсон өрөөндөө орж гадуур хувцсаа үлдээгээд Амаржаргал Дашдорж хоёрыг өрөөнд оруулж ирсэн. Тэгээд би тэр хоёроос 9 сая төгрөг бэлнээр тоолж аваад манай хятадууд энэ буудалд 2 өрөөнд хуваагдаад орсон байгаа би мөнгийг чинь өгөөд юань аваад ирнэ гэж хэлээд гадуур хувцсаа үлдээгээд гараад явсан. Буудлаас гараад урагшаа алхаад нэг дэлгүүрээс куртик худалдаж аваад такси авч 1-р хороолол Хонконг гэх зочид буудалд очиж хоносон ...Эмчилгээний мөнгө хэрэг болоод танидаг хүнээ залилсан юм ...Надад 28 ширхэг булган шуба байхгүй байсан. Залилах зорилгоор худал хэлж очиж уулзсан юм” гэх мэдүүлэг ба яллагдагчаар дахин өгсөн ...сан зочид буудалд ямар хятад иргэн байгаагүй. Би хохирогч нарт худал хэлж мөнгө авсан” гэх мэдүүлэг /хх-79х/, “ ...Эмч надад АТМ-ээс мөнгө авч өгөхөөр Баянзүрх-2 зах руу надтай хамт явсан ба АТМ-с надад 602.000 төгрөгийг 172 кг үхрийн маханд тааруулж өгсөн. Эмч тухайн үед мөнгөө надад өгчихөөд явсан ба намайг зах дээр зогсдог махны ченж гэж бодсон байх. 602.000 төгрөгийг авсныхаа дараа надад гэнэт “...би худалдагчийн өгсөн махыг нь 2 дахин бага үнээр зарчихлаа, одоо яаж түүнд ийм бага мөнгө буцааж өгнөө ...” гэсэн бодол төрсөн ба тухайн үед би ганцаараа зогсож байсан учраас Баянзүрх-2 захаас шууд холдоод, худалдагч эмэгтэйд мөнгийг нь өгөлгүй, нэг махыг нь эмнэлэгийн үүдэнд үлдээсэн чигээр нь орхиод явчихсан” гэх мэдүүлэг /1хх-113-114х/, “...Лхагвасүрэн нь Дорнод аймгаас 20-30 км-ын зайд идээшүүлж байсан адуунуудаас 9 тооны адуу заруулахаар ачиж ирсэн ... Би түүний адууны махнуудыг хятадуудад зарж мөнгийг нь шилжүүлье гэж хэлээд явсан ба 1 кг-ыг нь 4.300 төгрөгөөр бодож нийт 6 орчим сая төгрөгөөр зарсан. Гэхдээ би Лхагвасүрэнд ийм бага мөнгөөр зарсан гэдэгээ хэлээгүй бөгөөд тэр намайг 15 сая төгрөгөөр махнуудыг нь зарсан гэж бодож байгаа. Яагаад гэвэл би Лхагвасүрэнгээс махыг нь 15 сая төгрөгөөр зараад өгье гэж хэлээд аваад явсан” гэх мэдүүлэг /1хх-181х/,
Хохирогч Н.Одгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Баянзүрх 2 худалдааны төв дээр лангуу түрээслэж мах зарах ажил хийдэг байсан юм. Манай лангуу дээр үхрийн мах байсан. Тэгээд оточ эмнэлгийн нягтлан байна хоёр бүтэн үхрийн мах авъя гэхээр нь би хүү рүүгээ утсаар яриад үхрийн махтайгаа хамт падан бичүүлж өгөөд явуулсан. Дараа нь суруулийн мах авна гэхээр нь эхлээд авсан махныхаа мөнгийг шилжүүлчихээд аваарай гэсэн чинь хамтад нь шилжүүлнэ гэж хэлээд 12 хонины махыг аваад явсан. Тэгээд 3-4 цаг болоод утас нь холбогдохгүй алга болсон юм. Манай хүү нөгөө мах авсан хүний утас нь холбогдохгүй байна гэхээр нь албан ажил хийдэг хүн утас нь цэнэггүй болсон байлгүй гэж хэлсэн. Тэгээд тэр орой мах буулгасан гэх айлд очиж лавлахад бэлэн мөнгөөр мах авсан гэдгийг мэдсэн” гэв.
Хохирогч Бадамдоржийн Лхагвасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Н.Сыг танихгүй. Шүүгдэгч нь хашаандаа байшин барьж байгаа гээд мод хэрэгтэй байна гэхээр нь мод өгсөн. Дараа нь дахин ирээд мод авах хэрэгтэй байна гэхээр нь би өгөөгүй. Манай ах дүү нар Хятад улсаас ирээд мах авч байгаа 1 кг махыг чинь 10.000 төгрөгөөр борлуулаад өгье гэхээр нь би итгээд Хаан банкны дансаа бичээд өгсөн. Тэгээд утас нь холбогдохгүй байхаар нь ээжээс нь асуухад Н.С Манжуур явсан удахгүй ирнэ гэхээр нь орой нь гэрт нь очсон. Би Н.С гэх хүнд мах өгсөн махныхаа мөнгийг авах гэсэн юм өөрийнхөө Хаан банкны дансыг өгсөн гэж хэлсэн. Би тэр үед залилуулсанаа мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Би 6.332.400 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Хохирогч Л.Дэлгэрсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мах зарж байхад надтай ирж уулзаад би таны махыг борлуулаад өгье гэж хэлсэн. Та ирээд намайг автобуснаас тосоод аваадах гэхээр нь тосож авахад би аймгийн тамгын газарт очиж хүнтэй уулзах ёстой гэхээр нь хүргэж өгсөн. Би нутгийнхаа ахын махыг өндөр үнээр борлуулаад өгье гэхээр нь махаа өгсөн. Тэгэхээр нь би 20 хонины махыг өгсөн юм. Тэгээд “Мандал” зочид буудал руу очиход, зочид буудлын үүдэнд тав 70 маркийн машин байхаар нь манай Хятадууд байгаа юм гэж ярьж байсан. Тэгээд буудалд руу яваад орсон юм. Удахгүй Н.С руу залгахад утсаа тасалсан юм. Тэгээд би зочид буудлын решевшингээс асуухад буудлаас гараад явсан гэж хэлсэн. Тэгээд би зүүн урагшаа давхиж очоод Н.С гэх хүнийг битгий гаргаарай миний махыг хүнд өгчихөөд мөнгийг минь аваад явчихлаа гэж хэлсэн. Би шүүгдэгчээс махныхаа мөнгийг гаргуулж авмаар байна” гэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-24-29х/,
Хэргийн газраас хураан авсан шүүгдэгч Н.Сын ногоон өнгөтэй, малгайтай куртикийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх-34х/,
Хохирогч Н.Одгэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр лангуун дээрээ зогсож байтал 40 орчим насны нэг эрэгтэй хүн ирээд 2 ширхэг үхрийн мах худалдаж авах гэсэн юм гэхээр нь 1 кг махыг 7000 төгрөгөөр зарахаар тохирч агуулах дээр байсан хүү Сүрлэг-Ориг руу явуулсан. Ингээд хүү дээр очоод махаа жигнэхэд 391 кг, 600 гр болж нийт 2.741.000 төгрөг болсон. Эхний үхрийн мах болох 172 кг үхрийн махыг нь манай хүүтэй ачиж яваад захирлындаа буулгана гээд захын урд талд байдаг 65 дугаар байранд нэг айлд буулгасан гэсэн. Дараагийн махыг Оточ эмнэлгийн хашаан дотор буулгасан байсан. Ингээд тэр эрэгтэй мөнгийг нь бөөнөөр нь өгнө ахиад 12 хонины мах авна гэж бэлдүүлээд агуулахын түлхүүртэй хүн нь ирж байгаа гэж хүлээлгэж байгаад гэнэт алга болчихсон. Тэгээд хүлээгээд ирээгүй, утас нь холбогдохгүй болохоор нь эхний мах буулгасан захирал гэх айлд нь очиход тэр хүнийг огт танихгүй мах зарна гэхээр нь холбогдож аваад 650.000 төгрөг бэлнээр нь өгсөн байсан. Харин эмнэлэг нь маргааш өгнө гээд өгөөгүй байсан болохоор махаа буцааж авсан” гэх мэдүүлэг /1хх-95х/,
Гэрч С.Сүрлэг-Оригоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Ээж над руу утсаар залгаж “...одоо чам руу нэг хүн явуулъя, чи түүнд мах үзүүлчих” гэхээр нь би 2 ширхэг үхрийн махыг шилж сонгож аваад, бэлдсэн байсан ба ээжийн хэлсэн хүн над руу ирж, миний бэлдэж тавьсан махыг үзээд 1 кг-ийг нь 7000 төгрөгөөр бодож авахаар тохирсон. Тэр хүн захирал руугаа /эмч/ яриадахъя гээд гадаа утсаар яриад зогсоод байсан. Удалгүй түүний захирал гэх хүн нь хүрч ирээд хоорондоо нэг их удаан зүйл ярилгүй бэлдсэн махнаас 2 үхрийн махыг миний машинд ачуулсан ба бид нар тус махыг хүргэж өгөхөөр эмнэлэг рүү нь явсан. Тэрхүү эмнэлэг дээр нэг махыг нь буулгаж үлдээсэн ба мөнгөө хараахан аваагүй байсан. Үүний дараа бид үргэлжлүүлээд “Баянзүрх-2” захын зүг буюу тэр залуугийн захирлын гэрт нь очиж үлдсэн нэг үхрийн махыг нь буулгасан ба мах авдаг залуу нь захирлынхаа хамт түүний гэрт орсон. Тэр үед би мах худалдан авсан залуугаас "...махныхаа тооцоо төлбөрийг хийх хэрэгтэй байна” гэж хэлэхэд өнөөх залуу “...мөнгө чинь удахгүй дансаар ороод ирнэ, мөн үүнээс гадна 10 хонины гулууз мах, 1 үхрийн өрөөл мах 6 үхрийн өвчүү нэг үхрийн хавирга нэмж авна” гэж хэлсэн болохоор нь би түүнд итгээд найдвартай хүн байна гэж бодсон. Хэсэг хугацааны дараа захирлын гэрлүү нь явж мөнгөө авья гэж асуухад би чиний махны мөнгийг 4000 төгрөгөөр бодоод саяын залууд 600.000 гаруй төгрөгийг өгчихсөн шүү дээ” гэж хэлсэн ... Дотроо “...биднийг залилчихсан тодорхой болчихлоо” хэмээн бодож цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг /1хх-99/,
Гэрч Д.Ганбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...40 гаруй насны нэг эрэгтэй буюу өөрийгөө Зоригоо гэж танилцуулсан 2 махыг үзүүлсэн бөгөөд харин цаана нь бас өөр залуу махаа янзлаад байж байсан ... Зоригоо гэх залуу надад “...1 кг-ийг нь 4000 төгрөгөөр бодоод ав гэж хэлсэн. Надад “...би эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа юм тиймээс 1 үхрийн махыг нь эмчилгээний төлбөрт зарцуулж, харин нөгөөг нь та бэлэн мөнгөөр нь худалдаад авчих” гэхээр нь би түүнд зөвшөөрсөн ... Би түүнд мөнгийг нь өгөх гээд хамтдаа АТМ-руу явж ... 650.000 төгрөгийг гаргаж өгсөн ба үүний дараа бид 2 тийшээ салцгаасан. Үүнээс хэдэн цагийн дараа намайг гэртээ байж байхад нэг хүн хаалга тогшоод байсан ба очоод онгойлгоход өнөөх мах буулгасан залуу байсан ба надаас “...нөгөө ах хүү хаана байна, гар утсаа салгаад алга болчихлоо, мөнгөө авах гэсэн юм” гэж хэлэхэд нь би түүнд “...юу яриад байгаа юм та нар ах дүүс биш юм уу, би тэр Зоригоо гэх залууг танай ах гэж бодсон шүү дээ” гэж хэлэхэд тэрхүү мах буулгадаг залуу “...бид танихгүй хүнд залилуулчихсан байна” гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. ...Эмнэлэг дээр ирээд 1 үхрийн махыг нь ченж залуугийн машинд ачиж өгөөд явуулсан, Харин нөгөө махыг нь би буцааж өгөөгүй, яагаад гэвэл би түүнд мөнгийг нь төлсөн юм” гэх мэдүүлэг /1хх-101-102х/,
Эд зүйлийн үнэлгээ /1хх-104х/,
Хохирогч Б.Лхагвасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надад анх хэлэхдээ Н.Сүх- Очир нь “чи надад тус болсон юм чинь би чамд тусалъя. Манай ах, дүү нар Хятадаас ирээд мал мах авч байгаа би сая хөдөөгөөр жолоочоор нь явж байгаад ирлээ” гэж хэлээд чиний адуунуудыг 1 кг махыг нь 10.000 төгрөгөөр авна гэхээр нь эхлээд 6 тооны адуугаа авчирч 2018 оны 11 сарын 17-ны өдөр бүгдийн бойлох гээд буудай зүсмийн даагыг бойлж байхад Н.С нь ирээд амьдаар нь бүгдийн өгнө гэхээр нь бойлсон даагаа түрүүлээд өгчихсөн юм. Маргааш нь амьдаар нь авахаа болчихсон гэнээ гэж ирээд орой 4 адууг нь бойлж өгөөд бор зүсмийн гүү нь том хээлтэй байсан тул хөдөө буцаасан юм. Тэгээд үлдсэн 4 тооны адуугаа 2018 оны 11 сарын 20-нд хөдөөнөөс авчирч бойлоод бас өгсний дараа Н.С нь хэлэхдээ “мөнгөгүй байна 3 хоногийн дараа данс руу чинь 15.000.000 төгрөг орно" гэж хэлээд тэрнээс хойш утас нь холбогдохгүй, олдохгүй болсон юм ... Миний борлуулсан гэх адуунуудын мөнгийг Н.С нь 2018 оны 11 сарын 17-ны өдөр өөрийнхөө данс руу 1 дааганы мөнгө, 2018 оны 11 сарын 18-ны өдөр 4 тооны адууны мөнгийг бэлнээр, 2018 онь 11 сарын 20-ны өдөр өөрийнхөө данс руу 4 тооны адууны мөнгийг шилжүүлж авсан гэж “Галт” бойны нягтлан Зулаа гэдэг хүн хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-132х/,
Гэрч Г.Мөнхзулаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайх Хятад улсын хөрөнгө оруулалттай адууны мах худалдан авч борлуулдаг бөгөөд 2018 оны 11 сарын 17-ны өдөр Н.С гэх залуу 1 тооны адууг зараад өөрийнхөө Хаан банкны 5411120587 дугаартай дансанд 498.200 төгрөгийг шилжүүлж авсан. Маргааш нь буюу 2018 оны 11 сарын 18-ны өдөр 4 тооны адуу зараад 2.887.200 төгрөгийг бэлнээр авсан юм. Мөн 2018 оны 11 сарын 20-ны өдөр бас 4 тооны адууг зараад өөрийнхөө данс руу 2.947.400 төгрөгийг шилжүүлж авсан” гэх мэдүүлэг /1хх-135х/,
Эд зүйлийн үнэлгээ /1хх-144/,
Н.Сын “Хаан банк”-ны дэлгэрэнгүй хуулга /1хх-149-150х/,
Хохирогч Б.Лхагвасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай ажил дээр 40 гаруй насны эрэгтэй хүн орж ирээд өөрийнхөө нэрийг “Даваа” гэж хэлсэн. Тэгээд би “ чи юу хийдэг юм бэ? гэхэд “би махны ченж хийдэг, хүнээс мал, мах аваад хужаа нарт өндөр үнээр шахдаг юм” гэхээр нь би чи хэдэд өгч чадах юм бэ гэхэд тэр “алив утсаар чинь яръя” гээд миний утсаар залгаад нэг Өвөрмонгол хүнтэй ярьсан. Тэгээд 1 кг нь 7500 төгрөгөөр зарж болох юм байна гэхээр нь “би нэг оюутантай юм аа, түүний төлбөр нэхэгдээд байгаа юм, 5 настай эр үхэр байгаа, түүнийг зарчих юмсан” гэхэд тэр “наадахыг чинь борлуулаад өгье, чи өнөө орой аваад ир” гэхээр нь би тэр шөнөдөө Хөлөнбуйр сум руу явж хоночихоод маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө өөрийн хар зүстэй, 5 настай үхрээ нядлаад Даваа гэх хүн үү залгахад “хоёулаа баруун тийш байдаг Доржоогийн махны зах дээр тавьчихъя гээд тэр газарт очиж хиллүүлэхэд 252 кг болсон. Ингээд махаа тэнд орхичихоод Даваа нь намайг Хэрлэн зочид буудал дээр буулгаад “дансаа өгчих, мөнгөн дүнтэйгээ явуулчих, би яриад хийчихье” гэхээр нь би ажил дээрээ очоод дансаа явуулсан боловч мөнгө орж ирэхгүй болохоор нь орой залгахад “маргааш 14 цагийн өмнө дансанд чинь хийе” гэж хэлээд хийгээгүй, Тэгээд залгахад шилжүүлчихсээн ороогүй юу гээд ... ингээд дахин залгахад “данс чинь болохгүй байна, би одоо мөнгө аваад очлоо” гэхээр нь хүлээгээд ирээгүй ...Би Доржоогийн мал нядалгааны газарт очиход нягтлан гэх эмэгтэй “тантай хамт явж байсан хүн чинь дансаар мөнгийг чинь аваад явсан ш дээ“ гэхээр нь би “Даваа гэх хүн байна уу гэхэд “үгүй ээ 5411120587 дугаарын Сүх-Очир гэсэн дансаар 2 удаа мөнгийг чинь хувааж авсан ш дээ гэж хэлсэн. Сүх-Очир гэх нэртэй дансаар эхлээд 500.000 төгрөг, дараа нь 634.000 төгрөг авсан байсан” гэх мэдүүлэг /1хх-161-162х/,
Гэрч М.Оюун-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Лхагвасүрэнтэй хамт явж байсан залуу хэсэг хугацааны дараа ганцаараа ирээд Улаанбаатар явах ажил гарчихлаа 500.000 төгрөг яаралтай өгөөч гэсэн. Тэгэхээр нь Сүх-Очир гэсэн 5411120587 гэсэн данс руу 500.000 төгрөг утаснаасаа шилжүүлсэн. Тэгээд орой 18 цаг өнгөрч байхад 634.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгтэл хэд хоногийн дараа Лхагвасүрэн эмч ажил дээр ирээд миний мөнгө яасан бэ гэж асуухаар нь би тантай хамт явсан хүн Сүх-Очир гэсэн дансаар тэр өдөртөө авсан талаар хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-164х/,
Эд зүйлийн үнэлгээ: /1хх-182х/,
Н.С “Хаан” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-184х/,
Хохирогч Л.Дэлгэрсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 12 сарын 07-ны өдөр орой зах дээр мах зараад зогсож байхад нэг залуу ирээд Баяраа гэж хүний хүү байна намайг таньж байна уу гээд ирсэн. Тэгээд би тэр залууг Сүх-Очир болохыг таньсан юм тэгээд тэр залуу намайг гадаа зогсож байхын оронд хужаад махаа зар, би 2 хужаатай хамт Дундговьд ирсэн гэж хэлсэн ... Тэр залуу надаас 20 хонь худалдаж авахаар тохирсон, миний 20 хонины махыг кг-ийг нь 7000 төгрөгөөр бодож авъя гэж Сүх-Очир хэлсэн. Миний 20 ширхэг хонины гулууз мах нийт 537 кг болж байсан, зах дээр зарахдаа кг-ийг нь 4800 төгрөгөөр зардаг бөгөөд нийт дүн 2.800.000 төгрөг болж байгаа юм. Тэгээд би зах дээр 20 хонины махаа авч ирэхэд хужаа хонины мах авахгүй гэж байна. Би захын Туяа эгч дээр энэ махыг чинь өгөөд мөнгийг авчихъя тэгээд Туяа эгчийн адууны махыг би хужаад зарж өгөөд мөнгө ороод ирэхээр чиний мөнгийг буюу кг-ийг нь 7000 төгрөгөөр бодсон мөнгийг бөөнд нь чамд өгье гэж хэлсэн. Тэгээд Туяад Сүх-Очир миний 20 ширхэг хонины махыг өгсөн, хэдэн төгрөгөөр өгсөнийг мэдэхгүй байна. Тэгээд бид хоёр мөнгө өгөхийг хүлээж байж байгаад Туяа эгч мөнгөө ав гэхэд Сүх-Очир мөнгө бариад миний машинд орж ирсэн. Тэгээд шууд тэндээсээ Мандал зочид буудалд хятадууд байгаа гээд би түүнтэй хамт явсан. Тэгээд намайг гадаа хүлээж бай гээд Мандал зочид буудлын зүүн хаалгаар орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа гадуур куртикаа тайлаад гарч ирээд миний овгийг асуучихаад буцаад буудал руу орсон тэгээд 5 минут орчим хүлээсэн, тэгээд утас руу буюу 85955559 дугаар луу залгахад түр хүлээж бай гэсэн тэгээд жоохон сууж байгаад би Мандал зочид буудал руу ороод ийм хүн орж ирсэн үү гэхэд ресепшин Баатарсүрэн гэж хүн сая орж ирээд хэсэг байж байгаад куртикаа тайлж орхиод гараад буцаж орж ирээд хэсэг холхиж байгаад гараад явсан гэсэн ... Тэгээд намайг залилсан байна гэдгийг мэдсэн. Тэгээд Туяа гэж хүнтэй уулзахад “надад өгсөн хонины мөнгийг миний мөнгө гээд тэр залуу аваад гарсан, надаас адууны мах авах талаар огт юм яриагүй” гэж Туяа хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-200х/,
Гэрч Б.Баатарсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Дэлгэрсайхан гэж хүнтэй хамт нэг залуу Мандал зочид буудлын зүүн хаалган дээр ирсэн. Орж ирээд 4 ортой өрөө байгаа юу Луусаас 4 хүн ирж байгаа оруулна гээд байсан. Тэгж байгаад күртикээ тайлж тавиад Дэлгэрсайхантай гарч уулзчихаад буцаж орж ирсэн. Тэгээд утсаар яриад байж байгаад тэр хүн алга болсон. Удалгүй Дэлгэрсайхан орж ирээд нөгөө хүнийг хаачсан бэ гэж асууж байсан ... Мандал зочид буудалд хятад хүн хоносон тохиолдол байхгүй” гэх мэдүүлэг /1хх-201х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-240х/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-243х/,
Шийтгэх тогтоолын хуулбарууд /2хх-1-17х/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Н.С нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, “Сан” зочид буудлын 501 тоот өрөөнд хохирогч О.Амаржаргалаас “БНХАУ-ын иргэнээс хямд юань авч өгнө” гэж 9 сая төгрөгийг залилан авсан,
- 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Баянзүрх-2 худалдааны төвийн худалдагч, хохирогч Н.Одгэрэлээс өөрийгөө “Оточ” эмнэлгийн нярав гэж танилцуулан эмнэлэгтээ болон захирлынхаа гэрт 2 ширхэг бүтэн үхрийн мах буюу 391,6 кг үхрийн махыг худалдаж авна гэж залилан авч 2.741.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 11 дүгээр сарын 17-21-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт хохирогч Б.Лхагвасүрэнгийн 9 тооны адууг худалдан борлуулж өгнө гэж хуурч, адуу борлуулсан мөнгө болох 6.332.400 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авч залилсан,
- 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт хохирогч Б.Лхагвасүрэнгээс 252 кг үхрийн махыг нь БНХАУ-ын иргэдэд өндөр үнээр зарж борлуулж өгнө гэж залилан авч 1.134.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт хохирогч Л.Дэлгэрсайханд 537 кг хонины махыг БНХАУ-ын иргэдэд өндөр үнэтэй зарж өгнө гэж хуурч бусдад худалдаж 2.577.600 төгрөгийг залилан авч бусдад нийт 21.785.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Н.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд түүнд хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр тогтоов.
Мөн шүүгдэгч Н.Соос хохирлын 9.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч О.Амаржаргалд, 1.134.000 төгрөгийг гаргуулан хохирогч Буджавын Лхагвасүрэнд, 1.204.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Одгэрэлд, 2.577.600 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Дэлгэрсайханд, 6.332.400 төгрөгийг гаргуулан хохирогч Бадамдоржийн Лхагвасүрэнд тус тус олгож шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн юүдэнтэй куртикийг шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгч нь 145 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдах нь зүйтэй.