Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/00233

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/04940 дугаар шийдвэртэй,

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 178,959,452 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хариуцагч *******, ******* нар нь “*******” ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 21/10 дугаартай зээлийн гэрээ байгуулж 90,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлсэн бөгөөд 37,696,439 төгрөгийн үндсэн хүү, 1,389,140 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлсөн. Гэвч 2022 оны 10 дугаар сараас хойш огт зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй.

1.2. Иймд 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээл 90,000,000 төгрөг, үндсэн хүү 74,667,945 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,291,507 төгрөг, нийт 178,959,452 төгрөгийн гаргуулж, *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, хороо, гудамж, ******* тоот 360 м.кв талбай бүхий агуулах, ажлын байр зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, хороо, ******* хаягт орших тоот нэгж талбарын дугаартай 699 м.кв газар, *******ийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, хороо, ******* хаягт орших тоот нэгж талбарын дугаартай 699 м.кв газруудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. “*******” ХХК-тай гэрээ байгуулснаас хойш 37,696,439 төгрөгийн үндсэн хүү, 1,389,140 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлсөн бөгөөд зээлийг хугацаанд нь төлж байсан.

2.2. Зээлийг төлж барагдуулахаар 2023 оны 03 дугаар сард “*******” ХХК-д 53,000,000 төгрөгийн блок нийлүүлэхээр ярилцаж, банк бусаас блокийг очиж үзэж гэрээ хийсний дагуу блокийг “*******” ХХК-ийн заасан газарт буулгаж байхад өөрсдөө болиулж блокийг аваагүй, гэрээгээр хийсэн үүргээ зөрчиж манайхыг алдангид оруулсан.

2.3. 2023 оны 05 дугаар сард Хан-Уул дүүрэгт байрлах 3 га газрыг зээлийн төлөлтөд “*******” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх саналыг гаргасныг нэхэмжлэгчээс хүлээн зөвшөөрч “*******” ХХК-ийн захирлын хамт газрын алба бусад байгууллагаар газрыг шалгуулж байх хугацаанд мөн л газрыг зээлийн эргэн төлөлтөд тооцож шилжүүлэн авахаас татгалзсан.

2.4. 2024 оны 02 дугаар сард ын эзэмшлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, гудам тоотод байрлах 290 м.кв талбайтай газрыг зээлийн эргэн төлөлтөд 200,000,000 төгрөгт өгөхөөр санал тавьсан боловч, нэхэмжлэгчээс 100,000,000 төгрөгт тооцож авна гэж маргаан үүсэж газрыг өгөхөө больсон. Бидний зүгээс гэрээний хугацаа дууссан цагаас харилцан тохиролцож төлөх арга замыг санал болгосон боловч “*******” ХХК-иас зөвшилцөлд хүрч чадаагүй, биднийг ихээр алдагдалд оруулсан учир “Ковид-19” цар тахал гарсан хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 178,959,452 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “*******” ХХК -д олгож, хариуцагч *******, ******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *******гийн өмчлөлийн Ү-******* улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, хороо, гудамж, ******* тоот 360 м.кв талбай бүхий агуулах, ажлын байр зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* эзэмшлийн Э-******* улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, хороо, ******* хаягт орших тоот нэгж талбарын дугаартай 699м.кв гэр, орон сууцны хашааны газар зориулалтай газар, *******ийн эзэмшлийн Э-******* улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, хороо, ******* хаягт орших тоот нэгж талбарын дугаартай 699 м.кв гэр, орон сууцны хашааны зориулалтай газар бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

            4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

            4.1. Хариуцагч нарын зүгээс зээлийг төлж барагдуулах маш олон санал тавьсан бөгөөд нэхэмжлэгчээс саналыг хүлээн зөвшөөрсөн атлаа эд хөрөнгө шилжүүлэх үед татгалзсаар ирсэн нь зээл төлөлт хэвийн явагдах боломжийг хааж, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа зээл төлөлтөд нөлөөлсөн байхад шүүхээс анхаарч үзээгүй.

            4.2. Зээлийн хүү 3,5 хувийн хүү бол өндөр хүүтэй зээлд тооцогдоно. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүүг бууруулж 3 хувийн хүүтэйгээр тооцож багасгаагүй.

            4.3. Шүүхээс Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг буруу тогтоосон.

            4.4. Зээлийн хүүний шимтгэлд авсан төлбөр буюу 450,000 төгрөгийг хасаж үндсэн зээл 89,550,000 төгрөгөөс зээлийн хүүг тооцож шийдвэрлээгүй.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт 1,959,452 төгрөгийг хассан өөрчлөлт  оруулж өгнө үү гэжээ.

 

            5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

            5.1. Монгол Улсын Засгийн газрын 183 дугаар тогтоолоор зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байхыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн бөгөөд хариуцагч *******, ******* нартай байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ уг тогтоолын хэрэгжилтэд хамаарахгүй.

            5.2. Талуудын хооронд блок нийлүүлэхтэй холбоотой ямар нэгэн гэрээ байгуулж, гарын үсэг зурж, тамга дараагүй. Хариуцагч талаас нийлүүлнэ гэсэн блок хагархай, чанар муутай байсан тул аваагүй. Мөн үүргийн гүйцэтгэл хангуулах гэж байсан газар хариуцагч нарын газар биш өөр хүний газар байсан тул газрыг авах боломжгүй байсан. Байшингийн тухайд талууд үнэ дээр тохиролцож чадаагүй.

            5.3. Манай байгууллага хариуцагч нарын нөхцөл байдлыг харгалзан зээлээ төлөх боломжийг олон удаа олгосон. Хариуцагч нарт бэлэн мөнгө буюу төгрөгөөр зээл олгосон тул бартер буюу эд хөрөнгийг зээлийн үнийн дүнд тооцуулж, авах шаардлага байхгүй. Зээлийн хүүг 3 хувь хүртэл бууруулах боломжгүй. Зээлдэгч нар сарын 3,5 хувийн хүүтэй мөнгө зээлэхийг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээ байгуулсан. 

            5.4. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “...Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

            5.5. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “...Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй” гэж заасны дагуу зээлийн гэрээний шимтгэлд 0,5 хувь буюу 450,000 төгрөгийн шимтгэл авсан. Хариуцагч нар 1,959,452 төгрөгийг эс зөвшөөрч байна гэсэн боловч энэ үнийн дүнг хэрхэн яаж тооцсон нь ойлгомжгүй гэжээ.

           

ХЯНАВАЛ:

 

            1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 178,959,452 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ. Үүнд:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч ******* нарын  хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн барьцааны гэрээнд барьцааны зүйлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, хороо, гудамж, ******* тоотод байрлах, 360 м.кв талбай бүхий агуулах, ажлын байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, хороо, ******* хаягт орших тоот нэгж талбарын дугаартай 699 м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны газар зориулалтай газар,

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч ******* нарын хооронд эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, хороо, ******* хаягт орших тоот нэгж талбарын дугаартай 699 м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны газрын зориулалтай газар гэж тус тус  тодорхойлжээ.

Барьцааны зүйл болох газар эзэмших эрхийн гэрчилгээ баримтаар авагдаагүйгээс уг газар хэний эзэмшилд байгаа эсэх, барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой эсэх нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл барьцааны гэрээтэй холбоотой үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэхгүй бөгөөд анхан шатны шүүхийн барьцааны гэрээний талаарх дүгнэлтийг үндэслэл бүхий болсон гэж дүгнэхгүй.

 

4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Ийнхүү хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж буй тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн материаллаг эрх зүйн талаар гаргасан гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/04940 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,301 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ГАНДИЙМАА

 

                                         ШҮҮГЧИД                                      Т.БАДРАХ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА