Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 221/2023/0075/з |
Дугаар | 001/ХТ2024/0070 |
Огноо | 2024-07-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2024/0070
Ц.Г-ийн нэхэмжлэлтэй,
Монгол Улсын Засгийн газарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 221/ШШ2024/0008 дугаар шийдвэртэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор, нэхэмжлэгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 03 дугаар тогтоол гарсантай холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалинг тогтоолд дурдсан хэмжээгээр нэмэгдүүлэх шийдвэр гаргаагүй Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох;
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 193 дугаар тогтоолын 3 дахь заалтад “Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын цалинг тогтоосон хэмжээгээр төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт багтаан 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон олгох арга хэмжээ авахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай” гэснийг “Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын цалинг тогтоосон хэмжээгээр төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт багтаан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцон олгох арга хэмжээ авахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай” гэж өөрчлөн гаргахыг хариуцагчид даалгах;
Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалинг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 193 дугаар тогтоолоор нэмэгдүүлсэн хэмжээг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолыг баримтлан зохих хувиар нэмэгдүүлэн олгоогүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, тохирох хэмжээгээр нэмэгдүүлэн олгохыг даалгах;
2.Хэргийн нөхцөл байдал: Монгол Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар тогтоолоор шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалинг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоёр дахин нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан,
Монгол Улсын Засгийн газар 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 193 дугаар тогтоолоор шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын албан тушаалын цалинг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хоёр дахин нэмэгдүүлж, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолоор төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоохдоо шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалинг зохих хувиар нэмэгдүүлэн олгоогүй, улмаар 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128 дугаар тогтоолоор төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоохдоо мөн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалинг зохих хувиар нэмэгдүүлээгүй, өмнөх 2023 оны 241 дүгээр тогтоолоо хүчингүй болсонд тооцсон.
3.Нэхэмжлэгчээс “...Монгол Улсын Засгийн газар нь Улсын Их Хурлаас баталсан тогтоолд заасан хугацааг зөрчсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн цалин шинэчлэн тогтоож нэмэгдүүлэхдээ шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалинг мөн хэмжээгээр нэмэгдүүлэлгүй орхигдуулсан” гэж, хариуцагчаас “... Улсын Их Хурал шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалинг нэмэгдүүлэх, шинэчлэн тогтоох боломжгүй” гэж тус тус маргажээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх: “...Засгийн газар шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалин нэмэгдүүлэхдээ Улсын Их Хурлын тогтоолд заасан хугацааг зөрчсөн, эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон тогтоолыг хууль бус эсэхийг шүүхээс дүгнэх боломжгүй” гэх үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 03 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалинг тогтоолд дурдсан хэмжээгээр нэмэгдүүлэх шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх “...“Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын цалинг тогтоосон хэмжээгээр төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт багтаан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцон олгох арга хэмжээ авахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай” гэж өөрчлөн гаргахыг хариуцагчид даалгах”, “Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалинг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 193 дугаар тогтоолоор нэмэгдүүлсэн хэмжээг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолыг баримтлан зохих хувиар нэмэгдүүлэн олгоогүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, тохирох хэмжээгээр нэмэгдүүлэн олгохыг даалгах” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б гомдолдоо:
5.1.Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
5.2.Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т “Үндсэн хууль, бусад хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, захирамж гаргаж биелэлтийг хангана” гэж заасныг мөрдөж, биелүүлсэн.
5.3.Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын болон бусад төрийн захиргааны албан хаагчдын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх эсэх, хэзээ, ямар хэмжээгээр нэмэгдүүлэх эрх хэмжээ нь Засгийн газарт хуулиар тусгайлан олгогдсон эрх юм.
5.4.“Хуулиар тусгайлан эрх олгогдсон” гэдэг нь хууль тогтоогч буюу Улсын Их Хурлаас хэм хэмжээ батлах эрхээ захиргаанд хуулиар шилжүүлснийг ойлгох бөгөөд захиргаа хууль тогтоогчийн зөвшөөрсөн эрхийн хүрээнд “хэм хэмжээ тогтоох эрх”-ийг эдлэхийг ойлгоно.
5.5.Харин Улсын Их Хурал нь улс төрийн болон зарим тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалинг тогтоох эрхтэй байна.
5.6.Улсын Их Хуралд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх, шинэчлэн тогтоох, эрх хэмжээ байхгүй.
5.7.Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6.Шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 221/ШШ2024/0008 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Г-ийн нэхэмжлэлийн “2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалинг тогтоолд дурдсан хэмжээгээр нэмэгдүүлэх шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах” шаардлагыг хангасан хэсэгт хариуцагчаас гомдол гаргажээ.
8.Хууль тогтоох эрх мэдлийг хадгалдаг төрийн эрх барих дээд байгууллагын хувьд Улсын Их Хурал хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, тогтоол гаргах, хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээг тодорхойлж, хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт даалгах бүрэн эрхтэй, Засгийн газар төрийн гүйцэтгэх дээд байгууллага болохын хувьд Улсын Их Хурлын өмнө хуулийн биелэлтийг хариуцаж, Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангаж, биелүүлэх үүрэгтэй талаар шүүх зөв дүгнэжээ.
9.Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5 “Доор дурдсан төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно: ...57.5.3. захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч” гэх заалт нь дээрх бүрэн эрхийг, тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах бөгөөд Улсын Их Хурлын бусад шийдвэр тогтоолын хэлбэртэй байна”, Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 “Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль, тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, ...хэлэлцэн баталж болно”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 “Үндсэн хууль, бусад хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, захирамж гаргаж биелэлтийг хангана”, 8 “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн тухай Улсын Их Хуралд тогтмол мэдээлнэ”, 23 дугаар зүйлийн 1 “Ерөнхий сайд Үндсэн хуулийн дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцаж, дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэснийг үгүйсгэх, улмаар Улсын Их Хурлын шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй, харин ч Засгийн газар Улсын Их Хурлын тогтоолд заасан хугацаанд, холбогдох төрийн захиргааны албан хаагчийн цалингийн хэмжээ, сүлжээг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргах ёстойг харуулж байна, энэ талаарх хариуцагчийн “Улсын Их Хуралд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх, шинэчлэн тогтоох эрх хэмжээ байхгүй” гэх гомдол үндэслэлгүй.
10.Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 2 дахь заалтаар “шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын үндсэн цалингийн хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоёр дахин нэмэгдүүлэх арга хэмжээ авч, хэрэгжүүлэх”-ийг даалгасан, мөн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд Монгол Улсын дээд шүүх болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны төсөвт шаардагдах хөрөнгийг тусгасан.
11.Үүнээс гадна Улсын Их Хурал 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол Улсын шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг Хууль тогтоомжийн хуульд заасан журмын дагуу Засгийн газраас өргөн барьснаар хэлэлцэж дэмжсэн бөгөөд энэ хүрээнд Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар тогтоолыг баталжээ.
12.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг боловсруулж, яамдын саналыг тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлснээр Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 193 дугаар тогтоол батлагдаж, 1 дэх заалтаар “төрийн захиргааны албан тушаалын ТЗ-6, ТЗ-5 зэрэглэлд хамаарах анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоосон боловч 3 дахь заалтаар 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон олгохыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасан нь Улсын Их Хурлын тогтоолын 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоёр дахин нэмэгдүүлэх тухай заалтыг биелүүлээгүй хууль бус гэж үзсэн нь үндэслэлтэй.
13.Иймд, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 221/ШШ2024/0008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
Д.БАТБААТАР