Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 0011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: “Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/291 дүгээр захирамжийн “О” ХХК болон “И” ХХК-иудад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, мөн Сайншанд сумын Засаг даргын 2016 оны12 дугаар сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/378 дугаар захирамжийн “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, Н.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Эрдэнэ-Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “И” ХХК-ий шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга С.О нь ЗЗНДНТУтХ болон Газрын тухай хуулийг зөрчиж үндэслэлгүйгээр, илт хууль бус 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/291 дүгээр "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж, мөн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" А/378 захирамжуудыг удаа дараа тус тус гаргасан болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна. Үүнд: Анх “О” ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багт 2011.11.07-ны өдрийн А/323 тоот шийдвэрийг үндэслэн 10 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон. Энэхүү газраа 2014.3.6-ны өдөр "Интер стандарт нефтъ ХХК-д 50.000 000 сая төгрөгийн зээлийн барьцаа болгон тавьсан байдаг. Улмаар зээлийн төлбөрөө төлж чадаагүй тул бид уг газрын 5000 м2-ыг 70.000.000 /далан сая/ төгрөг нэмж төлөн хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрийн нэр дээр шилжүүлэх тухай хүсэлт гаргахад Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р баг хогийн цэгийн зүүн урд талд 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/229 дүгээр сумын Засаг даргын шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 101005744 дугаар бүхий 5000 м2 газрыг 15 жилийн хугацаатай “И” ХХК-д эзэмшүүлсэн.

Уг газрыг Газрын тухай хуулийн дагуу хууль ёсоор газрын гэрээ, гэрчилгээний дагуу эзэмшиж ашиглаж, өөрийн эд хөрөнгөөр ШТС барьж байгуулан тухайн ШТС-ийг С ХХК-д түрээсийн гэрээний дагуу ашиглуулж, улмаар газрын төлбөрийг тухай бүрт төлж ирсэн. Гэтэл Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Оаас “И” ХХК-д 2016.10.3 өдөр 01/1316 тоот албан бичгээр 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/291 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамжийн хуулбарыг ирүүлсэн. Энэхүү захирамжийн утга агуулгыг уншиж судлахад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.2-т заасныг тус тус үндэслэл болгон гарсан захирамж байх ба уг захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон иргэн, аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалтыг хавсарган явуулсан байдаг. Уг захирамжийн хавсралтад “И" ХХК-ийн нэр болоод ззэмшлийн газар дурдагдаагүй байхад утга агуулгын хувьд ойлгомжгүй, манай компанитай ямар ч холбоогүй Засаг даргын захирамжийг манай компанид ирүүлсэн нь ямар нэгэн байдлаар дарамталж, манай компанийг айлган сүрдүүлж, хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн хэлбэр гэж үзэн, “И" ХХК-иас ойлгомжгүй хууль бус захирамж явуулсан байна гэх тайлбарыг 2016.10.24-ний өдрийн 16/253 тоот албан бичгээр буцаан хүргүүлэхэд дахин 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/1680 дугаар албан бичгээр 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай" А/378 дугаар захирамжийн хуулбарыг хүргүүлсэн. Энэхүү захирамжийн утга агуулгыг уншин судлахад дээрх хууль бус 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/291 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамж гарсантай холбогдуулан. “О" ХХК-иас шилжүүлэн авсан “И” ХХК-д шилжүүлсэн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай” гэжээ.

Газрын тухай хуульд заасан газар эзэмшигч дараах эрхтэй байдаг. Уг хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн эөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” гэж заасан эрхийн хүрээнд “О” ХХК манай “И" ХХК-д шилжүүлсэн. Цаашлаад мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-т заасны дагуу хууль ёсоор хүсэлтийг гаргасан. Тухайн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасны дагуу тодруулах үүрэг хүлээж байгаа. Үүний дагуу хууль ёсоор шилжүүлэн авч байгаа эсэх, "О" ХХК-ийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр эсэхийг нягтлах ёстой байсан. Ингэж шалгасны үндсэн дээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно" гэж заасны дагуу “И" ХХК-д шилжүүлсэн эрхийн гэрээ, гэрчилгээ хүчин төгөлдөр болсон.

Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багт 2011.11.07-ны өдрийн А/323 тоот шийдвэрийг үндэслэн 10 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших 0234006 гэрчилгээ, гэрээний дагуу “О" ХХК-ийн эзэмшлийн газраас “И" ХХК нь 5000 м2-ыг буюу 5%-д ногдох газрыг эзэмших эрхтэй болсон ба ийнхүү ззэмшүүлэхдээ 2014 онд “О" ХХК-д олгосон А/323 дугаар захирамж хүчингүй болж шинээр “И" ХХК-д олгосон 5000 м2 газрыг хасч тооцон 95.000 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгох ёстой байсан. Гэтэл өөрсдийн тухайн үед хийгээгүй алдааг хууль ёсоор эзэмших эрхтэй болсон “И" ХХК-д тохож байгаа нь үндэслэлгүй юм.

Манай нягтлан бодогч солигдсоноос болоод газрын төлбөрөө төлөөгүй байсан. Өмнө нь бичиг ирэхэд өөр нэрээр буюу Сод Монголын нэрээр төлөөд оруулсан байсан учраас залруулга хийсэн. Төр бидний эрх ашгийг хамгаалж нэг удаа ч гэсэн боломж олгох хэрэгтэй, нэг удаагийн боломж өгөхгүйгээр шийдсэн. Өнөөдөр алданги тооцлоо гэхэд 100000 төгрөг л тооцох байх. Бид одоо ч алданги төлөх боломжтой.

А/378 дугаар захирамжийг уншаад үзэхээр аймгийн Засаг даргын захирамж,  сумын Засаг даргын захирамжид холбогдуулан сумын Засаг даргын  2015 оны А/170 гэх мэт хэд хэдэн захирамж бичигдэж явж байгаад О ХХК-иас И ХХК-д  шилжүүлсэн гээд манай компаний нэр ороод ирдэг. Харин 2014 оны А/229 дүгээр захирамж огт байхгүй байгаа. Тэгэхээр манайхыг үндэслэлгүйгээр оруулсан гэж манайх үзэж байна. 

А/378 дугаар захирамж нь хуулийн үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 39, 40-р зүйлд зааснаар захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх ёстой. Захиргааны актын гарах нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг мөн зааж өгөх ёстой. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д "...бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах , 4.2.8-д "хууль ёсны итгэлийг хамгаалах гэх зэрэг заалтуудыг хэрэгжүүлээгүй.

Хууль ёсоор эзэмшиж байгаа газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хүчингүй болгодог. Гэтэл сумын Засаг дарга Газрын тухай хууль, ЗЗНДНТУтХ-иудыг зөрчиж гаргасан ойлгомжгүй захирамжуудыг удаа дараа, дахин гаргах болсон тул утга агуулгын илэрхий алдаатай Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/291 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамжийн “О” ХХК, И” ХХК-иудад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, мөн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/378 захирамжийн “И”  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 Хариуцагч Сайншанд сумын Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “О ХХК-д сумын Засаг даргын 2011 оны А/323 дугаар захирамжийг үндэслэн үйлдвэрлэлийн зориулалтаар 10 га газрыг эзэмших эрхийн 0234006 дугаартай гэрчилгээг Монгол улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь ”Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан, газар эзэмшүүлэх гэрээгээ жил бүр дүгнүүлээгүй нь тогтоогдож байгаа тухай, арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болгож аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 663 тоот албан бичиг ирүүлсэн тул Монгол улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байгаа тул сумын Засаг даргын 2016 оны 09-р сарын 20-ны өдрийн А/291 дүгээр захирамжаар тухайн компаний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Мөн “О” ХХК-д анх газар эзэмшүүлсэн газар нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн. Үүнд сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/323 дугаар захирамжид эзэмших газрын хэмжээ 1.5 га, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 12/02 дугаар тогтоолд “3 дугаар баг, хогийн цэгийн орчимд, хог түрэх, газар тэгшлэх, мод тарихаар 3 га газар” сумын 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна. Энэ нь Монгол улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх “Аймаг нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт эзэмшүүлэхийг хориглоно.” гэж заасныг зөрчиж, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсанаас илүү газар эзэмшүүлсэн байна.

Сумын Засаг даргын 2011 оны А/323 дугаар захирамжаар “О” ХХК-д 1,5 га газрыг олгох шийдвэр гарсан байхад газар эзэмших эрхийн гэрчилгээнд 10 га газрыг эзэмшүүлсэн байна. Иймд 0234006 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус юм. Монгол улсын Газрын тухай хуулийн 27.5 дахь заалтад Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болохоор хуульчилсан байдаг. Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.5 дахь хэсэгт Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан "... нөхөн сэргээх ...” гэдэгт сонирхогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтгүй орхигдсон газрын эвдрэл, элэгдлийг “нөхөн сэргээх” төсөл, төлөвлөгөө боловсруулан аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал болон Засаг даргатай урьдчилан тохиролцож, гэрээ хийсний үндсэн дээр хөрсний үржил шимийг сайжруулсан, ургамлан нөмрөгийг сэргээсэн, газрын гадаргууг засаж тэгшилсэн, хордолт, бохирдлыг цэвэрлэнэ зэргийг ойлгоно. Газрыг нөхөн сэргээсэн эсэхийг газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтээр тодорхойлно гэж заасан. Сумын Засаг даргын 2011 оны А/323 дугаар захирамжаар О ХХК-д эзэмшүүлсэн газарт газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гаргасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр гараагүй, огт байхгүй байхад газар эзэмшүүлсэн шийдвэр нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна.

  Сумын Засаг даргын 2014 оны А/229 дүгээр захирамжийн дагуу “О” ХХК -аас “И” ХХК-д ШТС-ын зориулалтаар 0,5 га газрыг шилжүүлэн авсан байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх гэж заасны дагуу “И” ХХК 2014-2016 оны газрын төлбөрөө төлөөгүй, 2014 оны 417/2014 дугаар гэрээний 7.3 дахь заалт, Газрын тухай хуулийн 34.8 дахь заалт “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасны дагуу газар эзэмших гэрээгээ дүгнүүлээгүй зэрэг газар эзэмших гэрээний 6.4 дэх заалтад заасан нөхцөл байдал үүссэн тул “И” ХХК -д олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон сумын Засаг даргын 2016 оны А/291, А/378 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй юм” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хүрэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын Засаг даргын 2011 оны А/319 дүгээр захирамжаар анх О ХХК-д үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 10 га газрыг эзэмшүүлсэн. О ХХК газар эзэмшиж эхэлснээс хойш Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтын дагуу газар эзэмшигч газрын төлбөрөө бүрэн, хугацаандаа төлөөгүй, 40.1.6 дахь заалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй нь тогтоогдож аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 663 тоот албан бичгээр манайд мэдээлсэн тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг үндэслэн мөн сумын Засаг даргаас О ХХК-д газар эзэмшүүлсэн А/291 дүгээр захирамжийг хүчингүй болгосон. Мөн А/291 дүгээр захирамжийн тухайд 2011 оны А/323 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн хэмжээг түрүүнд нэхэмжлэгч 3 га байсан нь 10 га болж өөрчлөгдсөн гээд дурдлаа. А/323 дугаар захирамжиндаа сүүлд гаргасан 17/49 дүгээр Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолыг үндэслээгүй. 3 га газар олгосон 2011 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 12/02 тоот тогтоолыг үндэслэж 3 га газрыг олгосон байдаг. Хэмжээний хувьд алдаатай байгаа. Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлэхээр зааснаас бусад газрыг эзэмшүүлэхийг хориглоно гэсний дагуу сумын Засаг дарга өөрийнхөө эрх, хэмжээнээс хэтэрсэн. 10 га газрын хэмжээ зөрсөн тул захирамжийг хүчингүй болгосон. Мөн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гараагүй байхад 2011 оны А/323 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн байдаг. Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргахаар тайлбартаа оруулж өгсөн. Энэ дээр захиргааны байгууллага гэж хуульчлагдаагүй байгаа. А/378 дугаар захирамжийн хувьд сумын Засаг даргын 2014 оны А/229 дүгээр захирамжаар О ХХК-аас И ХХК-д 0.5 га газрыг шилжүүлсэн байдаг. И ХХК газраа шилжүүлж авч 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр газар эзэмшигчийн гэрээ байгуулсан байгаа. Гэрээ байгуулснаас хойш “И” ХХК газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй. Газрын тухай хуульд зааснаар тогтоосон хугацаанд газрын төлбөрөө төлөх гэдэг үүргээ хэрэгжүүлээгүй тул сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/378 дугаар захирамжаар “О” ХХК-аас “Интер стандарт” ХХК-д шилжүүлсэн 0.5 га газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа. Иймд эдгээр захирамжууд нь хууль зүйн үндэслэлтэй нотлох баримтаар нотлогдож байгаа захирамжууд мөн юм. Шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч тайлбараа өгсний дараа 2017 оноос эхлээд өмнөх онуудын газрын төлбөрөө нөхөн төлсөн байдаг. Хэмжээнээс гадна газрын төлбөрөө төлөөгүй байгаа нь  газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болж байгаа юм. А/378 дугаар захирамжид А/229 дүгээр захирамж дурдагдаагүй боловч агуулгаараа дурдагдсан байгаа. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Олзбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/310 дугаар захирамжаар О ХХК-д 3-р багийн нутаг дэвсгэрт хогийн цэгийн зүүн урд хэсэгт 10 га газрыг элэгдэл доройтлоос хамгаалах ажлыг хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Захирамжийн үндэслэл дээр нь Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 12/02 дугаар тогтоолыг үндэслэсэн байдаг. Гэтэл 2011 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 12/02 дугаар тогтоол дээр 3 га газар гээд заасан байгаа. Тэгэхээр хэмжээний хувьд 3 га газар нөхөн сэргээлт хийхээр байтал 10 га газарт зөвшөөрсөн захирамж гарснаар зөрчил гарсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “И” ХХК нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/291 дүгээр захирамж, мөн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/378 дугаар захирамжуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/291 дүгээр захирамжийн “О” ХХК, “И” ХХК-иудад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, мөн Сайншанд сумын Засаг даргын 2016 оны12 дугаар сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/378 дугаар захирамжийн “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж өөрчлөн тодруулсан болно.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

1.Сайншанд сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/291 дүгээр захирамжийн  “О” ХХК, “И” ХХК-иудад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож,  холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын талаар дараах байдлууд тогтоогдож байна. Үүнд:

Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/319 дүгээр захирамжаар  Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт хогийн цэгийн зүүн урд талд 10 га /100000м2/ газрыг “О” ХХК-ийн захирал /З.Батшандас/-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар, мөн Сайншанд сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/323 дугаар захирамжаар  /тус сумын 3-р багийн нутаг дэвсгэрт хогийн цэгийн зүүн урд “Шунхлай групп” ХХК-ийн шатахуун түгээх станцын зүүн талд/ 1.5 га /15000м2/ газрыг “О” ХХК-д үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар  тус тус эзэмшүүлсэн байна.

Үүний дараа Сайншанд сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Газар ашиглалтын зориулалтыг өөрчлөх тухай” А/228 дугаар захирамжаар  мөн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/319 дүгээр захирамжаар “О” ХХК-ийн захирал /З.Батшандас/-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 10 га газраас 0.5 га газрын зориулалтыг “шатахуун түгээх станц” гэж өөрчлөн эзэмшүүлж, улмаар Сайншанд сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” А/229 дүгээр захирамжаар  “О” ХХК-ий шатахуун түгээх станцын зориулалтаар 0.5 га газрын эзэмшиж эрхийн гэрчилгээг “И” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлж, уг захирамж гарсантай холбогдуулан 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Газар ашиглалтын зориулалтыг өөрчлөх тухай” А/228 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

Өөрөөр хэлбэл Сайншанд сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/229 дүгээр захирамж гарснаар нэхэмжлэгч хариуцагчийн хооронд газар эзэмшүүлэхтэй холбоотой эрх зүйн харилцаа үүссэн байна.

Хариуцагчийн гаргасан 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/291 дүгээр захирамжийн /цаашид “маргаан бүхий 2016 оны А/291 дүгээр акт” гэх/ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...энэ захирамжийг гаргахдаа хариуцагч нь Газрын тухай хууль болон бусад хуулиудыг зөрчсөн, түүнчлэн илт хууль бус, утга агуулгын илэрхий алдаатай, мөн хариуцагчаас А/291 дүгээр захирамжийг үндэслээд “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” гэх албан бичгийг манай компанид ирүүлсэн бөгөөд А/291 дүгээр захирамжийг үндэслэж А/378 дугаар захирамж гарсан учраас хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан” гэх агуулгаар тайлбарлан маргаж байгаа боловч маргаан бүхий акт болох 2016 оны А/291 дүгээр захирамжаар  дээр дурдсан Сайншанд сумын Засаг даргын 2011 оны А/319 дүгээр захирамжаар “О” ХХК-д эзэмшүүлсэн 10 га, мөн Засаг даргын 2011 оны А/323 дугаар захирамжаар “О” ХХК-д эзэмшүүлсэн 1.5 га газрын “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г тус тус хүчингүй болгосноос өөрөөр нэхэмжлэгч “И” ХХК-ийн газар эзэмших эрх олж авсан 2014 оны А/229 дүгээр захирамжийг “хүчингүй болгосон талаар” дурдагдаагүй байна. 

Маргаан бүхий 2016 оны А/291 дүгээр акт нь нэхэмжлэгчид шууд хамааралгүй буюу уг актын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “И” ХХК нь Сайншанд сумын Засаг даргын 2016 оны А/291 дүгээр захирамжид “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” байна.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийн хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу “Сайншанд сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/291 дүгээр захирамжийн “О” ХХК болон “И” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Сайншанд сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/378 дугаар захирамжийн  /цаашид “маргаан бүхий 2016 оны А/378 дугаар акт” гэх/ “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...А/378 захирамжид манай компанид газар эзэмшүүлсэн 2014 оны А/229 дүгээр захирамжийн талаар огт дурдагдаагүй, хууль бус акт, нягтлан бодогч солигдсоноос газрын төлбөрөө төлөгдөөгүй байсан, одоо бүх төлбөрөө төлсөн байгаа, гэрээгээ дүгнэх нь засаг даргад хамааралтай үүрэг” гэж;

харин хариуцагчийн зүгээс “...2014 оны А/229 дүгээр захирамжийг дурдаагүй ч агуулга хэсэгт “О ХХК-иас И ХХК-д шилжүүлсэн” гэж орсон байгаа, “О” ХХК-ийн 10 га-г хүчингүй болгосон учраас И ХХК-д шилжүүлэн өгсөн газрыг хүчингүй болгосон нь зөв, “...газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, газар эзэмшүүлэх гэрээг сунгуулаагүй” гэх агуулгаар тус тусын маргаж буй үндэслэлийг тайлбарлаж байна.

“О” ХХК-иас өөрийн эзэмшлийн үйлдвэрлэл, үйлчилгээний 10 га газраас 0.5 га газрын зориулалтыг “шатахуун түгээх станц” гэж өөрчлөн, уг 0.5 га газрын эзэмших эрх, гэрчилгээг “И” ХХК-д шилжүүлэх, улмаар өөрийн эзэмшлийн 10 га газрыг 9.5 га болгосон шинэ газар эзэмшүүлэх гэрчилгээ олгуулах тухай хүсэлтээ Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад гаргаж байсан нь “О” ХХК-ийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн а/29 дүгээр албан бичгээр  тогтоогдож байх ба энэ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасантай нийцсэн байна.

Сайншанд сумын Засаг даргаас “О” ХХК-ийн 10 га газраас 0.5 га газрын зориулалтыг “шатахуун түгээх станц” болгон өөрчилсөн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “А/228 дугаар, уг 0.5 га газрыг “О” ХХК-иас “И” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/229 дүгээр захирамжуудыг тус тус гаргаснаар “О” ХХК-ийн үйлдвэр үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй 10 га газрын гэрчилгээг 9.5 га болгон дахин шинэ гэрчилгээ олгохоор байжээ. 

Гэтэл дээрх 9.5 га газарт эзэмших гэрчилгээг шинээр олгоогүй байх ба энэ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...9.5 га-д шинэ гэрчилгээ олгоогүй” гэх тайлбар болон хэрэгт авагдсан газар эзэмшигчийн нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан баримт бичгээр тус тус тогтоогдож байхад хариуцагчийн зүгээс “О” ХХК-д анх олгосон 10 га газрыг хүчингүй болгосон учраас энэ 10 га газраас шилжүүлэн авсан “И” ХХК-ийн 0.5 га газрыг хүчингүй болгосон нь зөв” гэж марган, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага, албан тушаалтан нь чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй буюу “О” ХХК-д 9.5 га газрын гэрчилгээг шинээр олгоогүй буруутай үйл ажиллагаагаа “нэхэмжлэгч компанид хамаатуулан, түүний газар эзэмших, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх” шалтгаан болгон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Учир нь “И” ХХК-д 0.5 га газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн Сайншанд сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/229 дүгээр захирамж нь бие даасан захиргааны акт болох ба уг А/229 дүгээр захирамжийг хөндөхгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй бөгөөд “О” ХХК-ийн 10 га газрыг эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон Сайншанд сумын Засаг даргын 2016 оны А/291 дүгээр захирамж нь нэхэмжлэгч “И” ХХК-д хамааралгүй болохыг дахин дурдах нь зүйтэй байна.

Захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны акт нь эрх зүйд үндэслэсэн байх ёстой бөгөөд зөвхөн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах учиртай.

Хариуцагч нь маргаан бүхий 2016 оны А/378 дугаар актыг гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтлана”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэлтэй байх, “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх” зэрэг хуульд заасан зарчмуудыг баримтлаагүйн дээр мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана”, гэж заасныг тус тус зөрчсөн болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

Үүнд: Маргаан бүхий акт болох 2016 оны А/378 дугаар захирамжийн “Захирамжлах нь” хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно”, мөн Газрын тухай хуулийн 61.1.6 дахь зүйл, сумын Засаг даргын А/291 дүгээр захирамжийг тус тус үндэслэжээ.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч “И” ХХК-ийг “...газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, газар эзэмшүүлэх гэрээг сунгуулаагүй” гэж буруутгасан нь үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн зүгээс газрын төлбөрийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан баримтуудаар , газар эзэмшүүлэх гэрээний  хугацаа 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр дууссан байгаагаар тогтоогдож байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн  37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан ба дээр дурдсанчлан маргаан бүхий 2016 оны А/378 дугаар актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дахь заалтын аль нэгийг үндэслээгүй байна. Харин Газрын тухай хуульд огт байхгүй 61 дүгээр зүйлийн 61.1.6 гэх заалтыг, нэхэмжлэгчид хамааралгүй 2016 оны А/291 дүгээр захирамжийг тус тус үндэслэл болгосон байх ба өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, ашиг сонирхлыг хөндсөн хуулийн заалтад үндэслээгүй байх тул эрх зүйн зөрчилтэй буюу хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр мөн 2016 оны А/378 дугаар актын 1-р заалтад “О ХХК-аас И ХХК-д шилжүүлсэн” хэсгийг...хүчингүй болгосугай” гэснээс өөрөөр нэхэмжлэгч “И” ХХК-ийн газар эзэмших эрх олж авсан 2014 оны А/229 дүгээр захирамж болон түүний эзэмшиж буй газрын хэмжээ /0.5 га/ огт тусгагдаагүйг, нэхэмжлэгчийн хүсэл зориг “маргаан бүхий А/378 дугаар акт”-ыг хүчингүй болгохоор илэрхийлэгдэж байгааг тус тус дурдах нь зүйтэй.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан нь захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан Газрын тухай хууль зөрчсөн шийдвэр нь бусад газар эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд хүчингүй болгох эрх нээгдэх бөгөөд ийм байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй  байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл, хуулийн тодорхой заалтыг үндэслэл болголгүйгээр нэхэмжлэгчийн “газар эзэмших” субъектив эрхийг хөндсөн агуулга бүхий хууль бус акт болох Сайншанд сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/378 дугаар захирамжийн “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь зүйлд “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр маргаан бүхий 2014 оны А/291, А/378 дугаар актуудын биелэлтийг түдгэлзүүлсэн Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 115/ШЗ2017/0050 дугаар захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг;

мөн шүүхээс хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй “О” ХХК-д холбогдох нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан зарим баримтыг, нэхэмжлэгч “И” ХХК-иас гаргаж өгсөн фото зургийн болон барилга байгууламж ашиглалтад оруулахтай холбоотой акт, тэмдэглэл зэрэг баримтуудыг болон нотлох баримтын шаардлага хангаагүй зарим баримтуудыг тус тус үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.13 дах зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/378 дугаар захирамжийн “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь зүйлд заасныг баримтлан “Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/291 дүгээр захирамжийн “О” ХХК болон “И” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч “И” ХХК-ий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь зүйлд зааснаар Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/291 дүгээр, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/378 дугаар захирамжуудын биелэлтийг тус тус түдгэлзүүлсэн Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 115/ШЗ2017/0050 дугаар захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг мэдэгдсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.ОТГОНТУЯА