Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 18

 

                                                                           А.У-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,прокурор А.Золзаяа, цагаатгагдсан этгээд А.У, түүний өмгөөлөгч А.Ариунаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 268 дугаар цагаатгах тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 47 дугаар магадлалтай, А.У-д холбогдох эрүүгийн 1718000300474 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч А.Ариунаа нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1991 онд төрсөн, 32 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Б овогт А-ийн У.

А.У нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сум, 0 дугаар багийн 00 дугаар байрны 0 тоотод “А” ХХК-ийн нэр дээрх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх газарт цалин хөлс тохиролцон зээлийн эдийн засагчаар ажиллахдаа Д.Э-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу зээлдэгч нарын шилжүүлсэн зээлийн төлбөрийг завшиж 144,619,165 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 268 дугаар цагаатгах тогтоолоорЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хасагт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.У-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.У-д холбогдох 1718000300474 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн байна. 

Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэж 47 дугаар магадлалаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцаажээ.

Хяналтын шатны шүүхэд цагаатгагдсан этгээд А.У гаргасан гомдолдоо:“Э нь надад ямар нэгэн байдлаар 52,500,000 төгрөгийг хариуцаад өсгөөд өг гэж бэлнээр болон дансаар өгч байгаагүй бөгөөд намайг ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, зээлийн эдийн засагчаар томилсон тушаал шийдвэр байхгүй бөгөөд энэ хугацаанд эргэлтийн хөрөнгийг хангалттай өсгөж өгсөн. Мөн 2017 оноос 2022 он хүртэлх хугацаанд хийгдсэн шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо эрс зөрүүтэй байдаг. Зарим гэрчүүдийн анхны өгсөн мэдүүлэг нь нүүрэлдэн байцаахад өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Жишээ нь: Гэрч Г.Б-ны анхны өгсөн мэдүүлэг ямар ч зээл авч байгаагүй хуурамч гэрээ гарын үсэг байна гэдэг ч эдгээр нь криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр гэрчийн гарын үсэг болох нь тогтоогдсон. Дараагийн мэдүүлэг нь ДАР дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж 1,600,000 төгрөг зээлсэн. Тэгээд өөрийн зээлийг сунгаж явсаар байгаад 2015 оны 3 дугаар сарын 12-ний өдөр төлж барагдуулсан гэдэг ч нүүрэлдэн байцаахад хэд хэдэн удаа зээл авсан сүүлийн зээлийн төлбөрийг 2017 оны 4 дүгээр сараас хойш Э-д төлж барагдуулсан гэж мэдүүлдэг. Хоорондоо зөрүүтэй мэдүүлгээр хэргийг дүгнэж шийдвэрлэх нь үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Уг хэрэг нь итгэмжлэн хариуцуулсан шинж чанаргүй байгааг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч А.Ариунаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Уг хэрэг нь анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар 5 удаа хэлэлцэгдсэн бөгөөд урьд нь давж заалдах шатны шүүхээс удаа дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ тодорхойгүй“ гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байсан. Хэрэгт шинжээчийн дүгнэлтээс өөр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байх бөгөөд яагаад урьд нь нотлогдоогүй гэж дүгнэсэн атлаа гэнэт хэрэгт авагдсан нотлох баримтаар гэм буруу нь хангалттай нотлогдсон гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Хохирогч гэх Д.Э барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий этгээд мөн эсэх, А.У нь ямар тушаалаар хэний зөвшөөрлөөр зээлийн эдийн засагчаар томилогдсон, Д.Э нь А.У-ийн зээлийн эдийн засагчаар томилсон юм бол хэдэн төгрөгийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн болох, энэ нь ямар гэрээ журмаар зохицуулагдсан болох нь тодорхойгүй байна. Хохирогч Д.Э болон гэрчүүдийн мэдүүлгээр барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулахад ямар нэгэн зөвшөөрөл шаардлагагүй гэсэн байх боловч барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа нь Стандартчиллын үндэсний зөвлөлийн MNS5274:2017 стандарт, “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль” зэргээр зохицуулагдах юм. Уг стандартад дурдсанаар “Зээлдүүлэгч” гэж гэрээний үндсэн дээр мөнгө зээлдүүлэх албан ёсны хуулийн этгээд болохыг нотлох албан ёсны хуульд нийцсэн бичиг баримттай, тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа эрхлэн явуулахыг зөвшөөрсөн этгээдийг хэлнэ” гэжээ. Гэтэл хохирогч Д.Э нь автомашины сэлбэг худалдах зөвшөөрөлтэй Б.Н гэх эзэнтэй “А” ХХК-ийн тамга тэмдгийг ашиглан мөнгө хүүлэх хууль бус үйл ажиллагаа явуулж байсан байна. Мөн Хувь хүний орлогын албан татвар төлөх ёстой байтал хэрэгт байх Дархан-Уул аймгийн татварын хэлтсээс тус аймгийн прокурорын газарт хүргүүлсэн 740 тоот албан бичигт дурдсанаар Д.Э нь 2014 онд 35,0, 2015 онд 630,0, 2016 онд 550,0 төгрөг төлж 2017 онд ямар ч татвар төлөөгүй байна. Яллах дүгнэлтэд дурдсанаар А.У-ийг зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа гэсэн байх боловч түүнийг уг албан тушаалд томилсон тушаал түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ түүнд хохирогч Д.Э хэдэн төгрөг итгэмжлэн хариуцуулсан нь тодорхойгүй байна.

Улсын дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 446 дугаар тогтоолд “Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно” гэсэн байх бөгөөд Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хөрөнгө итгэмжлэх гэрээгээр итгэмжлэгч нь хөдлөх эд хөрөнгө буюу эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид шилжүүлэх, итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжилсэн хөрөнгийг хүлээн авч итгэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн захиран зарцуулах үүрэг тус тус хүлээнэ.” Мөн хуулийн 406.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол итгэмжлэх гэрээг бичгээр хийнэ“ гэжээ.

Хохирогч Д.Э, А.У нарын хооронд амаар ямар нэгэн хэлцэл байгуулсан гэж үзэх юм бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл болох бөгөөд хүчин төгөлдөр бусад тооцогдох хэлцэл болох бөгөөд тус хуулийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчингүйд тооцогдох юм. Шүүгдэгч А.У нь хохирогч Д.Э-ийн өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд болох нь нотлогдохгүй, түүний өмчийг хариуцахаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, Д.Э нь А.У-д өөрийн өмчийг шилжүүлээгүй, итгэмжлэх гэрээ байгуулаагүй учраас түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй байна. Ер нь энэ хэрэгт 6 удаагийн шинжээч томилж дүгнэлт гаргуулсан боловч бүгд хоорондоо зөрүүтэй аль ч дүгнэлтийг нь үнэлэх боломжгүй байна. Учир нь Д.Э, Д.У нар бусдаас мөнгө хүүлэхдээ санхүүгийн анхан шатны ямар ч баримт үйлдээгүй, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд зайлшгүй тавигдах шаардлага болсон үйл ажиллагаагаа цахимжуулах, орлогын албан татвар төлөх зэрэг стандартыг хангаагүйгээс үнэн зөв дүгнэлт гаргах боломжгүй болжээ. Зөвхөн дансны хуулгаар А.У-ийг мөнгө завшсан гэж дүгнэх боломжгүй юм. Жишээ нь: 3 сая төгрөгийг 6 хувийн хүүтэй 1 хүнд 1 сарын хугацаатай зээлүүлээд улмаар уг хүн зээлээ төлж дуусмагц дараагийн хүнд зээлүүлэх гэх мэтээр 10 хүнд зээлүүлсэн байхад 3 сая төгрөг нь хэвээрээ харин хүү болох 1,800,000 мянган төгрөг нь орлого болж 4,800,000 төгрөг болох учиртай. Гэтэл шинжээчдийн дүгнэлт болон хохирогч Д.Э-ийн мэдүүлгээр 3 сая төгрөгийг 10 хүнд зээлүүлэхэд 30 сая төгрөг дээр нь хүүг нь бодоод 31,800,000 болсон мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Нэг ч шинжээчийн дүгнэлтэд зээл, зээлийн хүү нь хэд болох, хэдэн өдрийн хугацаанд ямар хүүг бодсон зэрэг нь тодорхойгүй байна. Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн сайдын хамтарсан 2017 оны А/114/41 дугаартай тушаалаар батлагдсан Эдийн засгийн шинжилгээ хийх журмын 2.5 дахь хэсэгт зааснаар Шинжилгээ хийхэд шинжээч дор дурдсан баримтуудыг хүлээн авсан байвал зохино. Үүнд:

2.5.1.баримтын шалгалтын акт, үнэлгээний тайлан, тэдгээртэй холбогдсон материал, хурлын тэмдэглэл, шийдвэр, шалгагдсан үеийн бараа материалын үлдэгдлийн бүртгэл,

2.5.2.эд хөрөнгийн толлогын бүртгэл, эд хариуцагчийн тооцоо бодсон акт түүнтэй холбогдсон баримт,

2.5.5.нягтлан бодох бүртгэлийн хураангуй ба дэлгэрэнгүй бүртгэл /ерөнхий дэвтэр, нэрийн данс, журнал, бүртгэлийн маягтууд/ улирал жилийн санхүүгийн болон үнэлгээ, татварын тайлан,

2.5.6.аж ахуйн нэгж байгууллагын захирал даргын тушаал, ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ ... зэрэг баримтуудыг үндэслэн дүгнэлт гаргасан байхыг журамласан. Хохирогч Д.Э, А.У нарт дээр дурдсан баримтуудаас нэг ч баримт байхгүй байсан учраас шинжээчийн дүгнэлтийг үнэн зөвд тооцож яллах, ял шийтгэл оногдуулах шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Зөвхөн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй зөрүүтэй байснаар шүүгдэгчийн гэм буруу, хэргийн бодит үнэн үгүйсгэгдэхгүй ба заавал дүгнэлтийг үндэслэхгүйгээр хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдэл, үйл баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байжээ” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь урьд нь мэргэжлийн нягтлан бодогч нар санхүүгийн шинжээч нар хэрэгт авагдсан хохирогч гэрчүүдийн мэдүүлгийг л үндэслэж дүгнэлт гаргасан. Нэгэнт санхүүгийн анхан шатны баримт байхгүй учраас дүгнэлтүүд нь үндэслэлтэй болж чадаагүй юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар магадлалыг хүчингүй болгож цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Цагаатгагдсан этгээд А.У хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:2017 оноос 2022 онд хийгдсэн шинжээчийн дүгнэлтүүдтэй огт санал нийлдэггүй. Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:Шүүгдэгч А.У нь хохирогч Д.Э-тай 2014 онд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг хамтран хийхээр амаар тохиролцсон бөгөөд А.У-ийг ажилд томилсон тушаал шийдвэр гараагүй, ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч Иргэний хуульд заасан хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна. Ийм учраас А.У нь хуульд зааснаар 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус компанийн хөрөнгийг итгэмжлэн хариуцаж ажиллахдаа 144,619,165 төгрөгийн эд хөрөнгийг хувьдаа завшсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Хэрэгт 6 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан хэдий ч сүүлд гарсан 124 дугаартай дүгнэлт нь хэргийг бүхэлд нь үнэлж гаргасан учир бодит байдалд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй. Тийм учраас анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн энэхүү хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, А.У-ийн гэм бурууг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бүрэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч магадлалын тогтоох хэсэгт хүчингүй болсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсгийг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 268 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 47 дугаар магадлалын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэв.

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын үйл ажиллагааны журам, хэлбэр, гаргах шийдвэрийн хэмжээ хязгаарыг хуульчлан  баталгаажуулсан байдаг билээ.

Энэхүү хуульчлагдсан журам, хэлбэр, хүрээг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь юм.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэр, хүрээг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заажээ.

Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүхийн гаргах шийдвэрийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд зохицуулсан бөгөөд уг зүйлийн 1.3 дахь заалт буюу “энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэснийг Улсын Их Хурлаас баталсан 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон ба энэ хууль мөн оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүчин төгөлдөр болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлах үүрэгтэй бөгөөд хэрэв мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасан Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг сахин биелүүлээгүй бол уг зүйлийн 2-т зааснаар гаргасан шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцно.

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр А.У-д холбогдох хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэхэд дээр дурдсан хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад мөн шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцааж хууль зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгохоор хяналтын шатны шүүхээс тогтоов.

Хууль илтэд зөрчсөн магадлалыг хяналтын шатны шүүхээс ийнхүү хүчингүй болгож буй тул цагаатгах тогтоолын хууль зүйн дүгнэлт, шийдлийн үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд магадлалыг хүчингүй болгосон нь прокурор өөрийн бичсэн эсэргүүцлээсээ татгалзаагүй тохиолдолд хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхэд саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 47 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ                                           Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                               Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                           М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ