Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01877

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/02758 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 190,921,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******ын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлтуяа, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батмэнд, хариуцагч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээг ******* болон ******* нартай байгуулсан. 120,000,000 төгрөгийг 1 сарын 2.4 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлдүүлж Хаан банк дахь Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн ******* дугаар дансанд шилжүүлсэн. Төлбөр төлөгч 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, 02 дугаар 21-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус зээлийн хүүд төлж дахин төлбөр төлөөгүй.

Иймд зээлийн гэрээний үүрэгт 120,000,000 төгрөг, зээлийн хүү 61,043,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,088,000 төгрөг нийт 190,921,600 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шаардаж байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ. 

2. Хариуцагч Б.Бат-Эрдэнийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг зээлийг би хэрэглэсэн. *******ыг хариуцагчаар оролцуулах шаардлагагүй, тэрээр батлан даагчаар оролцсон гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас 182,784,970 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 8,136,629.7 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,181,358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 1,071,874.8 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдол, тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хариуцагч *******, ******* нараас 182,784,970 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Миний бие ******* ХХК-тай зээлийн гэрээ байгуулаагүй, миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байх үндэслэлтэй тул шинжээч томилуулах хүсэлттэй байна.

Мөн надад шүүхээс ямар нэхэмжлэл ирснийг танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг шүүх хурал болох өдрийн өмнөх өдөр утсаар мэдэгдсэн. Миний бие хөдөө орон нутагт байсан тул оролцож чадаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нэхэмжлэлийг гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд тайлбар өгөөгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ тайлбарлаж, холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан. Гэвч хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаатай холбоотой ямар ч баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Түүнчлэн тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй. Гэтэл анхан шатны шүүхийг талуудын мэтгэлцэх боломжоор хангаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Манай зүгээс анх нэхэмжлэл гаргахдаа 190,921,600 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх тооцоолж, нэмэгдүүлсэн хүүг хасаж, зохих дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн зүйл байхгүй тул нэхэмжлэлийн хувийг талуудад гардуулах нөхцөл байдал үүсээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 190,921,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

3.1. Анхан шатны шүүх шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2023/13673 дугаар захирамжаар уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ.

3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч *******д гардуулсан бол 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч *******д гардуулан өгсөн байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ажлын цаг дуусан хүртэл хугацааны дотор тайлбар гаргах үүрэгтэй болно.

3.3.Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн тайлбар гаргах хуулиар тогтоосон хугацаа дуусаагүй байхад буюу 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2024/14185 дугаар захирамжаар тус хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, шүүх хуралдааныг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10:00 цагт хэлэлцүүлэхээр тогтсон байна.

3.4. Улмаар шүүх хуралдааныг 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 10:00 цагт эхэлж, 1 цаг 19 минут үргэлжлүүлж мөн өдрийн 11:19 цагт дуусгажээ.

3.5. Энэ нь хариуцагч *******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тайлбар гаргах, тайлбараа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх хугацаа дуусаагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.

4. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Ийнхүү хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/02758 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,071,875 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЗОЛЗАЯА