Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 417

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Б.Дэлгэрдалай,                            

Шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв,

Хохирогч Д.Үүрцайх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан хаад овогт О.Гд холбогдох эрүүгийн 1811028360384 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Цагаан хаад овогт О.Г, Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнес менежмент мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 201-33 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:......................................../.

         Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч О.Г нь хохирогч Д.Үүрцайхаас орон сууцны 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2.500.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 250.000, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 200.000 төгрөг нийт 2.950.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар банкнаас шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Гээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна ...Надад мөнгөний хэрэг гарсан учраас 8 хувийн зээлд хамруулж өгнө гээд Үүрцайхаас цувуулаад 2.950.000 төгрөгийг авсан. Энэ мөнгийг би өөрийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан. Ямар нэгэн байдлаар хүнд шилжүүлж өгсөн асуудал байхгүй. Би Хас банкинд ажилладаг Одбаяр гэж хүн танихгүй. Энэ хүнийг би зохиогоод Үүрцайхад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-27-28х/,

Шүүгдэгч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би өөрийн хэрэгцээндээ тухайн мөнгийг аваад зарцуулсан. Миний 100 хувийн буруутай үйлдэл юм. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Д.Үүрцайх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “О.Г нь миний утасыг блок хийгээд утсаа авахгүй алга болсон. Би байрны лизинг авах гэсэн юм гэхээр нь би хүнээс тухайн мөнгийн зээлж өгсөн бөгөөд тэр хүндээ цалингийн зээл аваад мөнгийг нь төлсөн байгаа” гэв. 

Хохирогч Д.Үүрцайхаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 01 сард Модны хоёроос Сүхбаатарын талбайн баруун талд өөрийн ажил руугаа явахаар такси барьсан юм. Таксины жолооч өөрийгөө Гансүлд гэж танилцуулсан ...Тэгээд тэрнээс хойш 2 удаа уг залуутай гэрийнхээ гадаа уулзаж юм ярьж сууж байсан. Би юм ярихдаа байр хөлслөөд амьдраад байх хэцүү юмаа. Байр худалдаж авах бодолтой байгаа гэвч бичиг баримт бүрдэж өгөхгүй дээрээс нь байрны урьдчилгаа дутуу гээд асуудалтай байгаа талаар ярьж байтал өө тийм үү манай найз Хас банкинд ажилладаг чиний ярьж байгаа асуудал боломжтой би найзаасаа асуугаад чамд туслаад өгье гэж хэлсэн ...Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа би бичиг баримтаа бүрдүүлээд Гансүлдэд өгсөн. Гансүлд хас банкинд ажилладаг Одбаяр гэдэг найздаа миний бичиг баримтыг өгнө гэж байсан. Чи урьдчилгаагүй нийгмийн даатгал ганцаараа төлж байгаа учраас хүрэхгүй байгаа болохоор мөнгө өгөх шаардлагатай байна гэхээр нь хэд вэ гэж асуутал 2.500.000 төгрөг миний данс руу шилжүүлчих гэж хэлэхээр нь Улаанбаатар хотын банкнаас 5113105499 гэсэн Гансүлдийн өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Тухайн үед надад хэлэхдээ сарын дараа гэхэд чиний асуудал бүтчих байх гэж хэлсэн. Би 2.500.000 төгрөгийг 04 сарын 10-ны өдөр шилжүүлсэн. Тэрнээс хойш 1 хоногийн дараа ахиад мөнгө хэрэг болчихлоо гэхээр нь 200.000 төгрөгөөр нэг удаа 250.000 төгрөгөөр нэг удаа шилжүүлсэн. Тэрний дараа ахиад 3.500.000 төгрөг хэрэг болчихлоо гэж хэлэхээр нь би надад тийм их мөнгө байхгүй гэж хэлтэл тэгвэл би машинаа барьцаанд тавьчих уу гэхээр нь би “болох юм уу” гэтэл гайгүй болох байлгүй дээ дараа нь авч болох байх гэхээр нь би за тэгвэл байр бүтчих юм бол би чиний машиныг авч өгнө. Харин хүүг нь би төлж чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгтэл би машинаа барьцаанд тавьчихъя дараа нь болноо гэж хэлсэн. Тэрнээс хойш тэр хүнтэй нэг ч удаа уулзаж чадаагүй. Утсаар ярихаар түр байж бай хүлээгдээд байна гэдэг байснаа сүүлдээ миний утсыг авахаа байсан ...Миний нийт учирсан хохирол 2.950.000 төгрөг байгаа” гэх мэдүүлэг /хх-11-12х/,  

Шүүгдэгч О.Гээс гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”Би Үүрцайх гэдэг хүнийг танина. 2018 оны 02 сард Модны 2-ын хуучин 7 дугаар төвийн орчимд таксинд явж байтал нэг эмэгтэй гар өргөхөөр нь авсан юм. Тэр хүн Гандан орчихоод цаашаа талбай орно гэхээр нь аваад явсан. Тэгээд машинд дотор юм ярьж байгаад танилцсан юм. Тэрнээс хойш холбоотой болсон ...Надад амьдралаа ярьдаг байсан. Аав ээжээсээ байр авна гэж мөнгө аваад тэрийгээ үрчихсэн нэлээн асуудалтай байна. Дээрээс нь Шүүх дээр ажлынхаа хүнтэй асуудалтай байна ядаж нэг ч гэсэн асуудлаа шийдчихмээр байна гэж ярьж байсан. Би тухайн үед Үүрцайхтай цуг явж байр сав судалж эхэлсэн ...Би өмнөх мэдүүлэгт худлаа ярьсан юм. Одбаяр гэж хүн танихгүй. Тийм хүн Хас банкинд ажилладаг үгүй ч мэдэхгүй. Би Үүрцайхаас 2.950.000 төгрөг авсан. 2018 оны 7 сард буюу наадмын дараа Дундговь аймгийн Луус суманд байдаг Жоншны уурхай руу гэр зөөхөөр ачааны машин түрээслэж авсан байсан. Тэрнийхээ мөнгөнд өгчихсөн юм. Үлдсэн мөнгийг нь ойр зуурын хэрэгцээндээ хэрэглээд дуусгачихсан” гэх мэдүүлэг /хх-14-15х, 19х/,

Хас банкны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11а/6934 дугаартай албан бичиг /хх-39х/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч О.Г нь хохирогч Д.Үүрцайхаас орон сууцны 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2.500.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 250.000, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 200.000 төгрөг нийт 2.950.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар банкнаас шилжүүлэн авч залилсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч О.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Үүрцайхад учирсан гэм хорын хохирол 2.950.000 төгрөгнөөс шүүгдэгч О.Г нь 1.940.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэх 1.010.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч О.Гэд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гэд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн болно.

Мөн шүүгдэгч О.Гийн хохирол нөхөн төлөх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурьдав.