Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00324

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1973 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Булган аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Булган аймаг дахь салбарт жолооч ажилтай, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг А хэсгийн 12-10 тоотод оршин суух Жаран овогт Даш-Ёндонгийн Банзрагч /РД:ГЮ73101278/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Булган аймаг дахь салбарт холбогдох,

Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Булган аймаг дахь салбарын даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай 132/2016/00255/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч: Д.Банзрагч, түүний өмгөөлөгч П.Ган-Очир

/0-739/,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Булган аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн дарга ажилтай, Булган аймгийнБулган сумын 6 дугаар баг Д хэсгийн 6-4 тоотод оршин суух Сономбал овогт Бат-Өлзийгийн Ганзориг /РД:ДК80101010/, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн /0-403/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Банзрагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Булган аймаг дахь салбарт 2008 оноос хойш тасралтгүй жолоочоор ажиллаж байна. Ажиллах хугацаандаа хөдөлмөрий сахилгын зөрчил гаргалгүй хөдөлмөрийн гэрээ дотоод журмаар хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж ирсэн. Гэтэл миний буруугаас болоогүй шалтгаанаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн дараахь шийдвэрт гомдолтой байна. Манай байгууллагын харьяа миний эзэмшилд байдаг 09-69 БУЛ улсын дугаартай УАЗ фургон машиныг манай байгууллагын жолооч Ш.Цогтмагнай нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр буяны ажлаар жолоодож явахад нь стартер нь шатсан байсан. Гэтэл машин эзэмшигч гэдэг үндэслэлээр намайг буруутган 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/04 тоот тушаалаар 2 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ шийтгэлийг надад ногдуулахдаа машины эвдрэл гэмтэлд миний ямар үйлдэл эс үйлдэл нөлөөлсөн болохыг техникийн мэргэжлийн дүгнэлт гаргаагүй, зүгээр л машин эвдэрч байгаа нь чиний буруу гэсэн байдлаар хандсан.2015 оны 09 дүгээр сард уг машиныг даргын өөрийнх нь зөвшөөрлөөр аймгийн татварын хэлтсийн ажилтнууд Ш.Цогтмагнайгаар жолоодуулан Дорноговь аймаг руу 4-5 хоног авч явах замд шил арчигч унасан гэх шалтгаанаар надад сануулах шийтгэл ногдуулсан. Мөн 2015 оны 12 дугаар сард Сэлэнгэ аймаг руу яваад буцаж явах замдаа мөн стартер нь шатсан байсан. Тэр үед Ш.Цогтмагнай жолоодож яваад өөр хүнд жолоо шилжүүлэн явж байх үед нь дээрхи эвдрэл гарсан байдаг. Гэтэл эдгээр зөрчлүүдийг нэгтгэн намайг машиндаа үйлчилгээ засвар хийдэггүй, техникийн бэлэн байдалхангаагүй гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулж байгаад гомдолтой байна. Учир нь би өөрийн эзэмшлийнмашиныг дур мэдэн бусдад шилжүүлээгүй даргын шийдвэр зөвшөөрлөөр нэг байгууллагад хамт ажилладаг жолоочид шилжүүлсэн. Би 2016 оны 03 дугаар сарын 10-ны үеэр Улаанбаатар хот руу ажлаар явахаар болж Цогтмагнай руу машин хэрэгтэй байна гэж ярихад Машин чинь асахаа больсон гэж хэлсэн. Уг нь түүнийг авахад машин зүгээр ажиллаж байсан, ямар нэг гэмтэл байгаагүй юм. Машинямар шалтгаанаар эвдрэл гараад байгааг шалган тогтоогоогүй. Машин эвдэрсэн талаар даргад хэлсэн. Тэгэхэд дарга шууд намайг буруутгаж, загнаж байсан. Иймд Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Булган аймаг дахь салбарын дарга Б.Ганзоригийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Ганзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариутайлбартаа: ...Манай байгууллагад ажиллах жолоочийн ажлын байрны тодорхойлолтын зорилго нь авто машиныг байнгын бэлэн байдалд байлгах, гарсан гэмтлийг шуурхай засварлах юм. Энэ үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж ирсэн бөгөөд энэ нь түүний мехникийн мэдлэгээс шалтгаалдаг. Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК нь улс доторх үндсэн сүлжээ түүний тасралтгүй ажиллагааг байнга хангах үндсэн үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд ажиллагсад машин техникийг байнгын бэлэн байдалд байлгах ёстой. Түүнийгээ хэрэгжүүлж ажиллаагүй тул сахилгын арга хэмжээ авсан. Сүүлд манай жолооч Цогтмагнайн ар гэрт гачигдал гарсан шалтгаанаар Банзрагчийн хариуцан эзэмшдэг машиныг түр би зөвшөөрөл өгч түр хэрэглүүлсэн. Түүний дараа намайг Улаанбаатар хотод ажлаар явж байхад Банзрагч залгаад машин эвдэрсэн байна гэж байсан. Би хол байсан тул ямар нэг арга хэмжээ авч чадаагүй. Ер нь машины бүрэн бүтэн байдлыг жолооч Банзрагч хариуцах ёстой тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Банзрагч нь Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Булган аймаг дахь салбарт холбогдуулан 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухайнэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч хэргийг хангаж шийдвэрлэлээ.

Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Булган аймаг дахь салбарын эзэмшлийн 09-69 БУЛ улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийн төв түлхүүр ажиллагаагүй болсон гэмтэл тогтоогдсон. Дээрх үйл баримттай талууд маргаагүй.

Нэхэмжлэгч Д.Банзрагч тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэл өөрийн нь ажил үүргийн хуваариар хүлээсэн үүрэгтэй холбоогүй байхад сахилгын арга хэмжээ авсан нь буруу гэж, хариуцагч байгууллагын төлөөлөгч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг жолооч хариуцах ёстой тул ажлын хариуцлага алдсан жолоочид сахилгын арга хэмжээ авсан нь зөв гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.Банзрагч нь Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Булган аймаг дахь салбарт жолоочоор ажилладаг болох нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь ажил үүргийн хуваариар автомашиныг байнгын бэлэн байдалд байлгах, гарсан гэмтлийг шуурхай засварлах үүргийг ажлын байрны тодорхойлолтын Б дэх хэсгийн 2.1-д зааснаар эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг эд хөрөнгийн хариуцлагын гэрээгээр тус тус хүлээсэн хэдий ч 09-69 БУЛ улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийг тус газрын жолооч н.Цогтмагнай ар гэрийн гачигдлын улмаас байгууллагын даргын зөвшөөрлөөр авч хэрэглэсэн. Буцаан хүлээлгэж өгөхөд нь тээврийн хэрэгсэлд эвдрэл гарсан болох нь нэхэмжлэгч Д.Банзрагчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...биөөрийн эзэмшлийн машиныг дур мэдэн бусдад шилжүүлээгүй даргын шийдвэр зөвшөөрлөөр нэг байгууллагад хамт ажилладаг жолоочид шилжүүлсэн. Би 2016 оны 03 дугаар сарын 10-ны үеэр Улаанбаатар хот руу ажлаар явахаар болж Цогтмагнай руу машин хэрэгтэй байна гэж ярихад Машин чинь асахаа больсон гэж хэлсэн. Уг нь түүнийг авахад машин зүгээр ажиллаж байсан, ямар нэг гэмтэл байгаагүй юм. Машин эвдэрсэн талаар даргад хэлсэн. Тэгэхэд дарга шууд намайг буруутгаж, загнаж байсан гэх тайлбар, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Ганзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...манай жолооч н.Цогтмагнайгийн ар гэрт гачигдал гарсан гэхээр нь 09-69 БУЛ улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийг би зөвшөөрөл олгож түүнд хэрэглүүлсэн. Намайг Улаанбаатар хотод ажлаар явж байхад Д.Банзрагч утсаар машин эвдэрсэн талаар хэлсэн. Би хол ажлаар явж байсан тул ямар нэг арга хэмжээ авч чадаагүй гэх тайлбар зэргээс дүгнэвэл дээрх тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэл нь Д.Банзрагчийн ажил үүрэгтээ хайнга хандсан, ажлын хариуцлага алдсан, албан үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалсан гэж үзэх боломжгүй юм.

Иймд Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Булган аймаг дахь салбарын даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит ХХК-ийн Булган аймаг дахь салбарындаргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/04 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Д.Банзрагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

2. Нэхэмжлэгч Д.Банзрагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ