Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01878

 

 

 

 

2024 10 09 210/МА2024/001878

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2024/03421 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

*******,******* газарт холбогдох

 

Гэрээний үүрэгт 25,000 ам.доллар буюу 84,396,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хангай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* 2018 оны 07 дугаар сард , *******,*******,*******, *******,******* газар хамтран зохион байгуулсан гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцуулах уралдаант шалгаруулалтын нэг, хоёрдугаар шатанд тус тус тэнцсэн. 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гадаадад 100 хувь тэтгэлэгтэй суралцах эрхийн батламжийг гардан авсан.

Үүний дараагаар *******,******* газартай 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 18/06 дугаартай урт хугацааны гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Канад улсын Бритиш Колумбиа мужийн Саймон Фрейзер их сургуульд Хүрээлэн буй орчны инженерийн чиглэлээр өнөөдрийг хүртэл суралцаж байна. Гэрээнд заасан үүргээ биелүүлж суралцах хугацаандаа сургалтын хөтөлбөрийн шаардлагыг тогтоосон хугацаанд хангаж, жил бүрийн сургалтын төлбөр төлөх албан ёсны нэхэмжлэлийг авч *******,******* газарт тухай бүр хүргүүлж ирсэн. Эдгээр нэхэмжлэлийн дагуу тус газраас сургалтын төлбөрийг 2018-2019, 2019-2020, 2021-2022 оны хичээлийн жилийн төлбөрүүдийг төлж ирсэн.

1.2. Гэтэл 2022-2023 оны хичээлийн жил буюу 4 дэх жилийн төлбөрийг төлөөгүй. Нэхэмжлэгч нь тухайн оны нэхэмжлэлийг сурлагын дүн, төлбөр шилжүүлэх зааврын хамтаар 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр *******,******* газрын Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Ө.Номин-Эрдэнэд цахим хаягаар илгээсэн. Мөн дахин 2022 оны 02 дугаар сарын 21, 08 дугаар сарын 24-ний өдөр тус тус сурлагын дүн, сургалтын төлбөрийн нэхэмжлэлийг тус газрын мэргэжилтэн Г.Ариунтунгалаг нарт цахим хаягаар илгээсэн боловч өнөөдрийг хүртэл 4 дэх жилийн сургалтын төлбөр болох 25,000 ам.доллар төлөгдөөгүй. Иймд өөрийн боломжоор хичээл сонголт хийж үргэлжлүүлэн суралцсаар байна.

1.3. Дээрх урт хугацааны сургалтын гэрээний 3.8-д Суралцагч нь гэрээний дагуу сурч буй сургуулиасаа дараа жилийн сургалтын төлбөр төлөх албан ёсны нэхэмжлэлийг заавал авч ирэх үүргийг хүлээх бөгөөд гэрээнд заасан сургалтын төлбөрийг сургуулын дансанд хугацаанд нь шилжүүлэхийг *******,******* газраас шаардах эрхтэй гэж заасны дагуу дээрх мөнгөн дүнг Канад улсын Бритиш Колумбиа мужийн Саймон Фрейзер Их Сургуулийн дансанд шилжүүлж өгөх хүсэлтийг бичгээр 2023 онд *******,******* газрын даргад гаргасан боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Үүний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад 2023 онд гомдол гаргасан, сайд гомдлыг хүлээн авч 2023 онд *******гийн хүсэлтийг холбогдох хууль болон гэрээнд заасны дагуу шийдвэрлэж өгөхийг *******,******* газрын даргад хүргүүлсэн. Гэтэл *******,******* газрын дарга өнөөдрийг хүртэл урт хугацааны гэрээнд заасан үүргээ зөрчсөн бөгөөд гэрээний 2.10-т заасан сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлэг, гадаад оронд амьдрах үеийн байрны зардал, эрүүл мэндийн даатгал, ном, сурах бичгийн зардал хариуцах буюу сургалтын зардлыг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй.

Иймд *******,******* газар болон ******* нарын хооронд байгуулсан 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18/06 дугаартай урт хугацааны гэрээнд заасны дагуу суралцагчийн 2022-2023 оны хичээлийн жил буюу 4 дэх жилийн төлбөрт 25,000 ам.доллар буюу нийт 84,396,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******,******* газар болон ******* нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 18/06 дугаартай урт хугацааны гэрээ байгуулсан. Гэрээг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2018-2019, 2019-2020, 2020-2021,2021-2022 оны хичээлийн жил байхаар 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байхаар байгуулсан.

2.2. Гэрээний 2.1-д ...АМГТГ нь энэхүү гэрээний 1.6-д заасан хугацааны сургалтын зардлыг хариуцна..., 2.5-д ...Сургалтын гэрээний сургалтыг суралцагчийн сурлагын дүн, сургуулийн албан ёсны тодорхойлолтыг үндэслэн ОХУ болон БНХАУ-д суралцагч нарт тухайн жилийн 08 дугаар сарын 25-ны дотор, харин бусад оронд суралцагсдын гэрээг мөн дээрх шаардлагын дагуу тухайн суралцагчийн хичээлийн улирал эхэлсэн огноог харгалзан хийнэ..., 2.6-д ...гэрээ сунгагдаагүй тохиолдолд суралцагчийн дараа жилийн төлбөрийг шилжүүлэхгүй... гэж тус тус харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

2.3. Гэтэл суралцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу батлан даагч нь суралцагчийн сурлагын дүн, сургуулийн албан ёсны тодорхойлолтыг *******,******* газарт ирүүлээгүйгээс гэрээний 5.1-д заасан дагуу гэрээний сунгалт хийгдээгүй, гэрээний хугацаа дууссан учраас сүүлийн жилийн сургалтын төлбөр 25,000 ам.долларыг шилжүүлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 206 дугаар зүйлийн 206.1, 225 дугаар зүйлийн 225.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн 4 дэх жилийн сургалтын төлбөр 25,000 ам.доллар буюу 84,396,250 төгрөгийг *******,******* газраас гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.03.14-ний өдөр төлсөн 579,931 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 579,931 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч Л.Баярмандалын давж заалдах журмаар гаргасан гомдол, тайлбарын агуулга:

4.1. Талуудын байгуулсан гэрээний хүчинтэй хугацаа 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байсан. Гэрээний 2.1-д ...АМГТГ нь энэхүү гэрээний 1.6-д заасан хугацааны сургалтын зардлыг хариуцна..., 2.5-д ...Сургалтын гэрээний сургалтыг суралцагчийн сурлагын дүн, сургуулийн албан ёсны тодорхойлолтыг үндэслэн ОХУ болон БНХАУ-д суралцагч нарт тухай жилийн 08 дугаар сарын 25-ны дотор, харин бусад оронд суралцагсдын гэрээг мөн дээрх шаардлагын дагуу тухайн суралцагчийн хичээлийн улирал эхэлсэн огноог харгалзан хийнэ..., 2.6-д ...гэрээ сунгагдаагүй тохиолдолд суралцагчийн дараа жилийн төлбөрийг шилжүүлэхгүй... гэж тус тус харилцан тохиролцож тус гэрээг байгуулсан. Гэтэл суралцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу батлан даагч нь суралцагчийн сурлагын дүн, сургуулийн албан ёсны тодорхойлолтыг АМГТГ-т ирүүлээгүйгээс гэрээний 5.1-д заасан дагуу гэрээний сунгалт 2018-2019, 2019-2020, 2020-2021, 2021-2022 онуудын гэрээний сунгалт хийгдээгүй.

Гэрээний 2.5-д Сургалтын гэрээний сунгалтыг суралцагчийн сурлагын дүн, сургуулийн албан ёсны тодорхойлолтыг үндэслэн ОХУ болон БНХАУ-д суралцагч нарт тухай жилийн 8 дугаар сарын 25-ны дотор, харин бусад оронд суралцагсдын гэрээг мөн дээрх шаардлагын дагуу тухайн суралцагчийн хичээлийн улирал эрхэлсэн огноог харгалзан хийнэ гэж заасан. Гэтэл суралцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу батлан даагч нь суралцагчийн сурлагын дүн, сургуулийн албан ёсны тодорхойлолтыг АМГТГ-т ирүүлээгүйгээс гэрээний 5.1-д заасны дагуу гэрээний сунгалт 2018-2019, 2019-2020, 2020-2021, 2021-2022 онуудын гэрээний сунгалт хийгдээгүй тул гэрээний 2.6-д Гэрээ сунгагдаагүй тохиолдолд суралцагчийн дараа жилийн төлбөрийг шилжүүлэхгүй гэж, мөн 1.6-д Суралцагчийн сургалтын үргэлжлэх нийт хугацаа 4 жил байна гэж, 3.1-д ...2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл... хүчин төгөлдөр байхаар байгуулсан тул гэрээний хүчин төгөлдөр хугацаа дууссан байна.

4.2. Анхан шатны шүүх *******,******* газраас 84,396,250 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй.

4.3. Мөн 2024 оны байдлаар гэрээний 2.5, 3.7-д заасан сургалтын гэрээний сургалтыг суралцагчийн сурлагын дүн, сургуулийн албан ёсны тодорхойлолт, сургуулийн төлбөрийн албан ёсны нэхэмжлэл нь *******,******* газарт ирээгүй байхад ...*******гийн 4 дэх жилийн төлбөр 25.000 ам доллар буюу 84,396,250 төгрөгийг *******,******* газраас... гаргуулах гэж шийдвэрлэсэн ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг буруу үнэлж, дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан бөгөөд тухайн үед болсон үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдсон. Хариуцагч тал талуудын хооронд байгуулагдсан гэрээ сунгагдаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх үнэн зөв дүгнэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийлгэж, гэрч асуусан бөгөөд гэрээ сунгагдсан талаарх үйл баримт тогтоогдсон тул хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******,******* газарт холбогдуулан гэрээний үүрэгт 25,000 ам.доллар буюу 84,396,250 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. *******,******* газар болон ******* нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 18/06 дугаартай урт хугацааны сургалтын гэх нэртэй байгуулагдаж, уг гэрээгээр *******,******* газар нь *******г 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Канад улсын Бритиш Колумб мужийн Саймон Фрейзерийн их сургуульд Уул уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй суралцаж төгсөх хүртэлх сургалтын төлбөр, амьдрах байрны болон эрүүл мэндийн даатгалыг тухайн сургуулиас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу сургуулийн дансанд шилжүүлэх, ******* нь *******,******* газрын сонгосон болон зөвшөөрсөн сургуульд гэрээнд заасан мэргэжлээр гэрээний хугацаанд суралцаж төгсөх, төгсч ирээд сургалтын гэрээ байгуулсан төрийн захиргааны байгууллагаас томилсон газарт болон уул уурхай,******* салбарт гурваас дээш жил тогтвор суурьшилтай ажиллах үүргийг тус тус хүлээжээ. /хх94-97/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ гэж тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

5. Хариуцагч Ашигт малтмал,******* газар уг гэрээний дагуу 2018-2019, 2019-2020, 2020-2021 оны 3 жилийн хугацаанд хамаарах үүргээ гүйцэтгэж, *******гийн сургалтын төлбөрийг холбогдох сургуульд төлсөн талаар талууд маргаагүй.

 

6.Талууд гэрээний ерөнхий хугацааг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэж тодорхойлсон бөгөөд хугацааг сунгаагүй боловч уг хугацааны дотор Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор 2021-2022 оны сургалтын төлбөр төлөгдөөгүй, холбогдох сургууль нэхэмжлэх болон холбогдох баримтыг ирүүлээгүй байна.

7. Гэрээнд заагдаагүй хугацаа болох 2022-2023 оны сургалтын төлбөртэй холбоотой баримтыг гэрээний 2.4-т зааснаар холбогдох сургуулиас ирүүлсэн нь хариуцагч байгууллагын үйлдсэн Сургалтын гэрээний хяналтын хуудас гэдэг баримт болон гэрч Г.Ариунтунгалагийн мэдүүлгээр тогтоогдож байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зохицуулалттай нийцсэн байна.

Түүнээс гадна хариуцагч байгууллага нь дээр дурдсан Сургалтын гэрээний хяналтын хуудас гэх баримтыг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үйлдэж, уг баримтад *******гийн сургалтын төлбөрийн талаар тусгахдаа 2021-2022 оны сургалтын төлбөр 25,000 ам.доллар байгаагаас 10,000 ам.долларыг шилжүүлэх-ээр шийдвэрлэхдээ гэрээний хугацаа дуусгавар болсон талаар дурдаагүй, гэрээний эсрэг талдаа мэдэгдээгүй байна. /хх 84/

Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаа сунгахтай холбоотой талуудын хүсэл зориг нэгдсэн гэж дүгнэнэ.

 

8. Хариуцагч байгууллага нь дээр дурдсан Сургалтын гэрээний хяналтын хуудас гэх баримтад 2021-2022 оны сургалтын төлбөр төлбөр 25,000 ам.доллараас 10,000 ам.долларыг шилжүүлэхээр шийдвэрлэхдээ 10,000 ам.долларыг шилжүүлэх боломжтой гэснээс өөр бичилт хийгдээгүй, энэхүү шийдвэрт сургалтын төлбөрийн хэмжээг бууруулсан үндэслэлийг заагаагүй байна.

 

9. Иймд нэхэмжлэгч ******* нь сургалтын гэрээний 3.7 дахь хэсэгт заасан сурч байгаа сургуулиасаа дараа жилийн сургалтын төлбөр төлөх албан ёсны нэхэмжлэхийг илгээх үүргээ биелүүлсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иймд хариуцагч байгууллагаас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан 25,000 ам.доллар буюу 84,396,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг буруу тодорхойлсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийн зохицуулалт нь нэрлэгдээгүй гэрээний талаар тодорхойлолтод хамаарах тул нэхэмжлэгчийн шаардах эрхийг мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлох учиртай.

 

10. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 218.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж ам.долларын ханшийг зөв тодорхойлсон байна. Учир нь Энэ зохицуулалт бол монгол төгрөгний гадаад валюттай харьцах ханшид хамааралтай биш, харин төгрөгийн өөрийнх нь худалдан авах чадварын өсөлт, бууралттай холбоотой зохицуулалт юм. Иймд хариуцагч байгууллага гэрээний үүргээ биелүүлэх буюу төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах үед гадаад валют монгол төгрөг ямар харьцаатай байсан тэр хэмжээгээр төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх нь хуульд нийцнэ. Энэ талаарх шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон байна.

 

11. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээн, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2024/03421 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 гэснийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгдтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА