| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0439/Э |
| Дугаар | 461 |
| Огноо | 2019-06-04 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 461
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч А.Нямсүрэн,
шүүгдэгч О.С /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан О.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911003970555 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Бор хурга овогт О.Сд, 1990 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Архангай аймгийн Тариат сумын 4 дүгээр баг, Суманд оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо 39-3 тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/................................/,
Шүүгдэгч О.С нь 2019 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 4-87 тоот хашааны гадна таксинаас буусан Д.Загдсүрэнгийн мартаад буусан буюу гээгдэл эд хөрөнгө болох “Самсунг эс 8” загварын гар утсыг завшсаны улмаас 1.150.000 төгрөгний бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч О.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Д.Загдсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Номун хотхонд амьдардаг бөгөөд 2019 оны 01 сарын 4-ний өдөр өөрийн дүү Хишигмаагаар такси бариулж гэрийн гадаа авчруулж уг таксинд сууж бид 2 Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 4-87 тоотод байх найз Ням-Очирын гэрт очих гэж явсан юм. Тухайн үед би өөрийн Самсунг эс 8 загварын гар утсыг таксинд сууж байх үедээ гар утсаар ярьж байгаад таксины арын суудал дээр тавьсан байсан бөгөөд Ням-Очирын хашааны гадна очиж таксинаас бууж орох үедээ гар утсаа суудал дээр нь мартаж буусан байсан юм. Тухайн үед би найзын гэрт орж гар утсаа санасан бөгөөд утас руугаа залгаж үзсэн чинь эхлээд дуудаж байгаад сүүлдээ утас холбогдохгүй болсон юм. Миний мэдэж байгаагаар саарал өнгийн жижиг тэрэг байсан ба приус биш байсан юм ...”, “...би гар утсаа таксинд мартаж буугаад нэлээн хэд хоногийн дараа цагдаагийн газарт хандсан юм. Тухайн үед 2019 оны 01 сарын 4-ний өдөр байсан гэж бодож байсан, сүүлд бодоод байхад 2019 оны 01 сарын 3-ны өдөр 19-20 цагийн орчим юм байна лээ ...” гэсэн мэдүүлэг. /хх-13-14,16х/,
Гэрч Б.Даваамаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...нөхөр Соронзонболд 2019 оны 01 сарын 3-ны өдөр таксинд явж байгаад Самсунг эс 8 загварын гар утас надад авчирч өгсөн юм. Тухайн үед юун утас юм бэ гэж асуухад миний хань утасгүй юм чинь ашиглаж бай таксины мөнгөний оронд авсан юм гэж хэлсэн. Тэгээд уг утсыг 2019 оны 01 сарын 4-ний өдрөөс 88202408 дугаарыг хийж ашиглаж байсан юм. Тэгээд 4 сард цагдаагийн газраас намайг дуудаж хүний гээсэн утас ашигласан байна эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэхээр нь айгаад манай нөхөр надад өгсөн гэж хэлж чадаагүй юм. Одоо эзэнд нь хүлээлгэн өгсөн байгаа ...” гэсэн мэдүүлэг. /хх-18х/,
Яллагдагч О.С мэдүүлэхдээ: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрийн болгоомжгүй үйлдлээс ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй хөнгөн ял оноож өгнө үү. Би миний машины арын суудал дээр байсан гар утсыг таксинд суусан хүний гар утас гэж мэдэж байсан ...” гэсэн мэдүүлэг. /хх-27-28х/,
Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-25х/,
Дамно ХХК-ний гар утсыг 1.150.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-20-21х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.С нь 2019 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 4-87 тоот хашааны гадна таксинаас буусан Д.Загдсүрэнгийн мартаад буусан буюу гээгдэл эд хөрөнгө болох “Самсунг эс 8” загварын гар утсыг завшсаны улмаас 1.150.000 төгрөгний бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Сыг гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.С нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Д.Загдсүрэн нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.