| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 987 |
| Огноо | 2019-06-19 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 987
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
Улсын яллагч М.Очбадрах,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Баасансүрэн,
Шүүгдэгч Ч.Э , түүний өмгөөлөгч Д.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ч.Э өд холбогдох эрүүгийн 1806 03758 0362 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1993 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Ч.Э .
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ч.Э нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр БНСУ-ын “Сөүл” хотод байрлах “Монгол тауны” байранд Д.Ариунаатай тохиролцон визээ сунгуулахын тулд нэг хоногийн хугацаатай дансандаа байршуулаад өгье гэж хуурч 25.000.000 вонныг өөрийн дансанд хийлгэсэн боловч өөр зорилгоор хэрэглэхийн тулд шинээр данс нээлгэн шилжүүлэн авч залилснаас 54.250.000 төгрөгийн /ханш 2.17/ буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э мэдүүлэхдээ: “...2017 оны 7
дугаар сарын 26-ны өдөр Амаржаргал гэдэг хүн Ариунаа гэдэг хүний дугаар руу залгуулаад “энэ хүнээс мөнгө зээлээд ав” гэсэн. Банк хаахаас өмнө очоод мөнгийг авсан. Ариунаа гэж хүн тухайн үедээ Солонгос хүний орчуулагчаар ирж Солонгос хүний мөнгийг миний дансанд хийж өгсөн. Маргааш буюу 27-ны өдөр банк онгойв уу үгүй юу Амаржаргал тэр мөнгийг бүгдийг авсан. Би тухайн үед дансаа ашиглуулсан. Би Амаржаргал гэдэг хүнд 4-5 сая воны өртэй байсан. Тэгээд алдагдалд орчихлоо гээд 9 сая вон нэхээд намайг айлгаж сүрдүүлээд “Ариунаа гэх хүнээс мөнгө аваад өгчихвөл эгч нь чамайг яах ч үгүй” гэж хэлсэн. Амаржаргал гэдэг хүн Ариунааг зааж өгсөн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Баасансүрэн мэдүүлэхдээ: “...Манай ээж 2017 оны 8 дугаар сарын 1-2-нд надад энэ тухайгаа хэлсэн. Ээж “Эрдэнэмөнх гэдэг хүүхдэд мөнгөө өгсөн чинь нөгөө хүүхэд алга болчихлоо” гэж хэлсэн. Одоо Эрдэнэмөнхөөс авсан юм байхгүй. Мөнгөө буцааж авах хүсэлтэй байна.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хохирогчийн Д.Ариунаагийн өгсөн мэдүүлэг /хх-11-12/, Ч.Э ийн бичгээр гаргасан тайлбар /хх-69/, Сөүлийн Прокурорын газрын албан бичиг, хавсаргасан баримтууд /хх-61-68/, Ч.Э ийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-13-14, 106-108/, Д.Ариунаагийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-7/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-8/, гэрч Д.Очирбатын өгсөн мэдүүлэг /хх-15/, гэрч Д.Дашиймаагийн өгсөн мэдүүлэг /хх-16-17/, шүүгдэгч Ч.Э ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-19/, Ч.Э ийн хувийн байдлын тухай баримтууд /хх-20-23, 109-119/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-25/, “Шуурхай зар мэдээ” сонины хуулбар /хх-74-75/, элсэлтийн бичиг /хх-85/, мессежийг гэрэл зургаар хавсаргасан үзүүлэлтүүд /хх-86-94/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол тэмдэглэл /хх-122-123/, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-127-140/, “Дамно” хөрөнгө үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-157/, итгэмжлэл /хх-102/, гэрээслэл /хх-74/, шинээр “Шуурхай зар мэдээ” сонины хуулбар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Ч.Э ийн хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ч.Э нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр БНСУ-ын “Сөүл” хотод байрлах “Монгол тауны” байранд Д.Ариунаатай тохиролцон визээ сунгуулахын тулд нэг хоногийн хугацаатай дансандаа байршуулаад өгье гэж хуурч 25.000.000 вонныг өөрийн дансанд хийлгэсэн боловч өөр зорилгоор хэрэглэхийн тулд шинээр данс нээлгэн шилжүүлэн авч залилснаас 54.250.000 төгрөгийн /ханш 2.17/ буюу их хэмжээний хохирол учруулсан буюу залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ариунаагийн өгсөн : ” ...Би БНСУ-ын Сөүл хотод амьдардаг бөгөөд 2017 оны 7 дугаар сарын дундуур нэг хүн утсаар залгаад “банкны баталгаа гаргаад өгөөч” гэхээр нь би “тийм юм гаргадаггүй” гэсэн. Тэгтэл 7 дугаар сарын 26-ны өдөр дахиж яриад “маргааш өглөө эрт визээ сунгуулахгүй бол визгүй болох гээд байна, туслаач” гээд гуйгаад байсан. Тэгээд надад гадаад иргэний үнэмлэх, Монгол гадаад паспорт, дансны дэвтэр зэргээ өгсөн. Тэгснээ “гадаад иргэний үнэмлэх байхгүй бол визээ сунгуулж чадахгүй” гээд эргүүлээд авсан. Би тэр дор нь дэвтэрт нь 25 сая вонн хийж өгсөн ба нөгөөдөр нь надтай эргэж уулзаад “дэвтэр, карт, гадаад паспортаа авна” гэсэн ба “та өөрөө миний картнаас мөнгөө авчихаарай” гээд нууц дугаараа өгсөн. Тэгээд 7 дугаар сарын 28-ны өдөр мөнгөө авах гэтэл карт нь хаагдсан байсан. Банкны ажилтнаас асуутал гадаад иргэний үнэмлэхээрээ өөр банкинд очоод мөнгийг авчихсан байсан. Тэрнээс хойш утсаа авахгүй холбогдохгүй болсон. Тэгээд нэг залгахад Солонгос хүн утсыг нь аваад “энэ утасны эзэн осолд ороод эмнэлэгт ирсэн байна” гэсэн. Солонгосын цагдаад хандах үед “Монгол руугаа явчихсан байсан тул Монголынхоо цагдаад ханд” гэсэн. Би энэ хэргээс болж Монголд ирсэн. Яаралтай буцах шаардлагатай байгаа тул аав болон дүүдээ итгэмжлэн үлдээх хүсэлтэй байна. /хх-11-12/ гэх мэдүүлэг,
Монгол Банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-24/,
Сөүлийн Прокурорын газрын албан бичиг, хавсаргасан баримтууд /хх-61-68/,
Түдгэлзүүлсэн хэргийн бүртгэл болон түдгэлзүүлсэн шийдвэр /хх-77-84/,
Элсэлтийн бичиг /хх-85/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-127-140/,
“Дамно” хөрөнгө үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-157/, итгэмжлэл /хх-102/ зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э ийн гаргасан: “...Би өмнө нь Амаржаргал гэдэг хүнд өртэй байсан, энэ мөнгийг би ашиглаагүй, тэр хүн надаар дамжуулж авсан.” гэх тайлбар, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тамирын гаргасан: “...Хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү.” тайлбаруудыг тус тус гарган мэтгэлцэж байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч Ч.Э ийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, гэрээслэл, Сөүлийн Прокурорын газрын албан бичиг, хавсаргасан баримтууд, элсэлтийн бичиг, мессежийг гэрэл зургаар хавсаргасан үзүүлэлтүүд болон бусад бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан татгалзал үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч Ч.Э нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр БНСУ-ын “Сөүл” хотод байрлах “Монгол тауны” байранд Д.Ариунаатай тохиролцон визээ сунгуулахын тулд нэг хоногийн хугацаатай дансандаа байршуулаад өгье гэж хуурч 25.000.000 вонныг өөрийн дансанд хийлгэсэн боловч өөр зорилгоор хэрэглэхийн тулд шинээр данс нээлгэн шилжүүлэн авч залилснаас 54.250.000 төгрөгийн /ханш 2.17/ буюу их хэмжээний хохирол учруулахдаа эргүүлэн төлөх санхүүгийн боломжгүйгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгийг хуурч авч захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр бусдын эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилсан үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.
Залилах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж тавин
мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсаныг ойлгоно.
Иймд шүүгдэгч Ч.Э ийг “Залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Мөн шүүгдэгч Ч.Э өөс 54.250.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Баасансүрэнд олгохоор тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.Э ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Даваа худаг 7 дугаар гудамжны 4 тоотод байрлах 700 мкв талбайтай, 3 тал банзан хашаатай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Г-2201033829 дугаарт бүртгэлтэй, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 3.666.666.00 төгрөгийн үнэлгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон 27-41 УНУ улсын дугаартай Соната Н20 загварын “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 7.000.000.00 төгрөгийн үнэлгээтэй автомашин зэргийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх шүүгдэгч Ч.Э өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч Ч.Э ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Э ийг залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ч.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ч.Э нь шүүхээс оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Ч.Э өөс 54.250.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Баасансүрэнд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.Э ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Даваа худаг 7 дугаар гудамжны 4 тоотод байрлах 700 мкв талбайтай, 3 тал банзан хашаатай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Г-2201033829 дугаарт бүртгэлтэй, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 3.666.666.00 төгрөгийн үнэлгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон 27-41 УНУ улсын дугаартай Соната Н20 загварын “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 7.000.000.00 төгрөгийн үнэлгээтэй автомашин зэргийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ч.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ч.Э өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Э өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС