| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2023/07140/И |
| Дугаар | 210/МА2024/01911 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2024/01911
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/03216 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 243,060,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрднэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Г.Батзориг надаас 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд нийт 193,000,000 төгрөгийг барьцаагүйгээр амаар харилцан тохиролцон сарын 6 хувийн хүүтэй зээлж авсан. 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бид тооцоо нийлэн баримт үйлдсэн ба үндсэн зээл 193,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 50,060,000 төгрөг, нийт 243,060,000 төгрөг төлөхөөр тооцоо нийлсэн.
Хариуцагч******* мөнгийг маань ойрын хугацаанд төлнө гэж байсан боловч өнөөг хүртэл өгсөнгүй. Иймд хариуцагч*******оос 243,060,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: Г.Батзориг би 2022 оны 08 сарын 02-ны өдөр найз Б.Чимэгсүхээр дамжуулан ******* эгчээс 123,000,000 төгрөг, дараа нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэмж 70,000,000 төгрөг зээлж авсан. Зээлийн гэрээ байхгүй, амаар тохирсон ч би зээлийн хүү төлсөн. Үндсэн мөнгөө өгөх хүсэлтэй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан хариуцагч*******оос 243,060,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,373,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******оос 1,373,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд давж заалдах гомдлыг тайлбарлахдаа : Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хариуцагчийг өмгөөлөгч авах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээр нь хангаагүй тул хууль зөрчсөн гэж үзэж байна.
Хариуцагч нь 193,000,000 төгрөгийн зээл авсан талаар маргаагүй бөгөөд уг зээлийн төлбөрт нийт 92,075,000 төгрөгийг төлсөн. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ ******* нь ашиг олох зорилгоор бусдад өндөр хүүтэй мөнгө зээлдэг мөнгө хүүлэгч эсхүл нэг удаагийн ашиг олох зорилгогүйгээр мөнгө зээлүүлсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй. Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4 дэх хэсэгт заасныг баримталсан. Гэвч тухайн хуулиудаас нэхэмжлэгчид ашигтай хэсгийг анхан шатны шүүхийн шийдвэрт тусгасан.
Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж зохицуулалтыг хэрэглэсэн. Мөн нэг удаагийн шинжтэй ашиг олох зорилгогүй байсан гэх тайлбарыг баримталсан.
Хэргийн материалд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг нотлох баримтаар хавсаргаж өгөөгүй. Талууд анхан шатны шүүхэд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй болохыг мэдэгдсэн боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Уг шаардлагыг хангаагүй тохиолдолд хүү тооцох эрхээ алдана гэх зохицуулалтыг зөрчсөн.
5. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 243,060,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Зохигчид зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Зээлийн гэрээг амаар байгуулж болно. Зээлдүүлэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 123,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 70,000,000 төгрөг, нийт 193,000,000 төгрөгийг дансаар болон бэлнээр зээлдэгч*******т шилжүүлсэн талаар талууд маргаагүй.
4. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлийн хүү авах эрхийг алдана.
4.1. Гэвч хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа өөрийн болон найз Б.Чимэгсүхийн дансаар 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 92,075,000 төгрөгийг зээлийн үүрэгт төлсөн гэсэн боловч уг мөнгөн хөрөнгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасуулах агуулгаар үндэслэл зааж маргаагүй.
4.2. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэсэн заалт 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулагдсан ба дагаж мөрдөх хугацааг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэхээр тогтоосон бөгөөд уг хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт .Энэ хуулийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний маргаанд үйлчлэхгүй болно. Иймд анхан шатны шүүх зээлийн гэрээг дүгнэхдээ нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олон зорилготой эсэх талаар дүгнээгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.
4.3. Дээрхээс дүгнэвэл хариуцагч******* нь нэхэмжлэгч *******д зээлийн хүү гэсэн агуулгаар төлсөн мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэж төлөгдсөн зээлийн хүүгийн хувьд гэрээг бичгээр хийхийг шаардахгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох боломжгүй болно.
5. Талууд 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Тооцоо нийлсэн баримт үйлдэж, уг баримтаар хариуцагч******* нь үндсэн зээл 193,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 50,080,000 төгрөг, нийт 243,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Энэ баримтад дурдсан хүүгийн үлдэгдэл 50,080,000 төгрөг төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 199 дугаар зүйлийн 199.3 дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцөл болох төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн гэх байдал үгүйсгэгдэж байна гэж дүгнэнэ. Харин энэ зүйлд заасан талууд хэлэлцэн тохиролцсон бол гэх нөхцлийн хүрээнд хэлэлцэн тохиролцсон хугацаанаас хойш хугацаанд зээлийн хүү тооцож болох боловч үүнийг өмнөх зээлийн хүүг нөхөж гүйцэтгэхээр тохиролцсон гэж тодорхойлогүй юм.
Иймд анхан шатны шүүх талуудын үйлдсэн Тооцоо нийлсэн баримт-ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнээгүй, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэж нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн хэмжээнд хамгаалагдах тул хариуцагч*******оос 193,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгоно.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд зээлийн төлбөрт нийт 92,075,000 төгрөгийг төлсөн уг төлбөрийг үндсэн зээлээс хасах ёстой гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар хариуцагч анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарлаж маргаагүй тул давж заалдах гомдол үндэслэлгүй.
6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4-т зааснаар давж заалдах гомдлыг шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр гаргах учиртай. Энэ нь бичгээр гаргасан давж заалдах гомдолд заагаагүй үндэслэлийг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр амаар тайлбарлахдаа нэмэх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл бичгээр гаргасан хариуцагч талын давж заалдах гомдолд анхан шатны шүүх өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн, шүүх хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаантай байхад хойшлуулаагүй талаар огт дурдаагүй атлаа давж заалдах шатны шүүх хуралдаан дээр дурдсан агуулгаар тайлбарласныг давж заалдах гомдол гэж дүгнэж хүлээн авах боломжгүй болно.
7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/03216 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******оос 193,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50,060,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын хариуцагч*******оос 1,373,250 төгрөг гэснийг хариуцагч*******оос 1,122,950 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,373,250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЗОЛЗАЯА