Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 441

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

            улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Т.У, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Т.Уөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911007040518 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Сартуул овогт Т.У, 1986 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бага  боловсролтой, мэргэжилгүй, хувийн цехэд гутал уллагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 6-81 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/............./.

          Шүүгдэгч Төрбаяжих овогтой Уугантөгс нь согтуугаар 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 8-107 тоотод иргэн Б.Батнасантай маргалдаж, улмаар түүний баруун хөл рүү 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь баруун хөлний шагай орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Т.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед хохирогч агсараад байхаар нь түүнийг зогсоох санаатай байсан” гэв.

Хохирогч Б.Батнасан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Батбаатар бид хоёр Даваагийн гэрт ороод юм ярьж суусан. Тэгэхдээ 0,75 литрийн Хараа нэртэй архийг хувааж уусан ...Батбаатар, Уугантөгс нар нь хоорондоо заамдалцаж авсан байдалтай байсан. Батбаатарыг Даваа татаж авч, би Уугантөгсийг татаж авч салгасан. Уугантөгс салгаад холдуулсан чинь намайг түлхээд миний баруун хөлний шагай хэсэгт нэг удаа өшиглөсөн, миний хөл шууд өвдөөд гишгэж болохгүй болоод байхаар нь би шууд цагдаа дуудсан ...хэрэг болсоны дараа Уугантөгс над руу танихгүй утсаар яриад танихгүй утсаар яриад 100.000 төгрөгийг шилжүүлж өгсөн ...надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан ...” гэх мэдүүлэг /хх-12-14х/,

Гэрч Э.Оюуншүхэр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Батнасан Уугантөгсийг, Даваадорж Батбаатарыг салгах гэж оролдож байх үед Уугантөгс Батнасангийн хөл рүү нь өшиглөх шиг болсон. Үүний дараа Батнасангийн хөл хазаганаад байсан ...” гэх мэдүүлэг /хх-20-21х/,

Гэрч Б.Даваадорж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Батбаатар, Уугантөгс нар хоорондоо муудалцаад байна гэхээр нь бид хоёр гэрт буцаад орж би Батбаатарыг, Батнасан Уугантөгсийг салгах гэж оролдож байх үед Батнасан өөрийн найз болох Батбаатарыг өмөөрч Уугантөгстэй маргалдаж хоорондоо ноцолдож эхэлсэн бөгөөд энэ үед Батнасан гэнэт ёооё хөл гэж хэлээд доголоод нэг хөлөө дээш нь өргөөд байсан ...” гэх мэдүүлэг /хх-23-24х/,

Яллагдагч Т.У мэдүүлэхдээ: “...Батбаатар согтуурхаад над руу дайрч бид хоёр маргалдаж байх үед Батнасан орж ирээд намайг хориод байхаар нь найзыгаа өмөөрөөд байна гэж уур хүрээд түүний хөл рүү өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хх-35-36х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №2466 тоот дүгнэлтэд:

“1. Б.Батнасангийн биед баруун хөлийн шагай орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна /1 хоногийн өмнө үүсэх боломжтой/

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-29х/,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Төрбаяжих овогтой Уугантөгс нь согтуугаар 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 8-107 тоотод иргэн Б.Батнасантай маргалдаж, улмаар түүний баруун хөл рүү 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь баруун хөлний шагай орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Уийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх ба прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.