Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01912

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/03959 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, ******* нарт холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч *******ын өмгөөлөгч У.Хандсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь ******* ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр BBLC2015/11/133 тоот орон сууцны захиалгын гэрээг байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15 гудамжны ******* хашаанд ЦЕГ-н захиалгаар баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок, 2 дугаар орц, 7 давхарт, 105 тоот, 2 өрөө 60.93 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг нь 800,000 төгрөгөөр тооцож 48,744,000 төгрөгөөр захиалж, үнийг бүрэн төлсөн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0******* сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/02250 тоот шийдвэрээр ******* нь дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон. Тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

1.2. Ингээд өөрийн өмчлөлийн өмчлөлийн орон сууцандаа орох гэтэл ******* ХХК нь *******, ******* нарт эзэмшүүлж, хууль ёсны өмчлөгч ******* миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөөр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тул өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй болно. Энэ талаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандсан боловч шүүхийн журмаар гаргаж өгөх боломжтой гэсэн хариу өгсөн болно.

1.3. Иймд ******* миний өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо ******* гудамж ******* хашаанд байрлах Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдсан 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок ******* байрны 2 дугаар орц ******* давхарын 60.93 м.кв талбайтай 105 тоот 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу одоо уг орон сууцанд бодитоор амьдарч байгаа *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.

Хариуцагч *******, ******* нарт холбогдох нэхэмжлэлийн .шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

2. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* нь ******* ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/05161 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон. Тус шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас гарсан. Одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

2.2. Ингээд орон сууцаа албан ёсоор хүлээн авч, өөрийн төрсөн ах *******ыг амьдруулж байна. *******гийн өмчлөл, эзэмшлийн орон сууцанд хууль бусаар, зөвшөөрөлгүй амьдарч байгаа зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Миний эхнэр ******* нь ******* ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр BLLC2019/A-58 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулж төлбөрийг бүрэн төлсөн. ******* ХХК орон сууцыг манайд хүлээлгэн өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

3.2. Маргаан бүхий байртай холбоотойгоор миний бие ямар нэгэн гэрээ хийгээгүй, энэ орон сууцанд огт амьдарч байгаагүй тул хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

4. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:

4.1 ******* нь уг байрыг өөрийн төрсөн дүү *******аас хүлээн авч ашиглаж байгаа. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн тайлбарын агуулга:

5.1. ******* нь манайхтай байгуулсан гэрээний дагуу дээрх орон сууцны төлбөрт 2015 оны 10 сард 1,080,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 4,623,000 төгрөг төлсөн. Бидний хооронд байгуулсан гэрээний 2.1.2, 2.11 дэх хэсэгт гэрээ байгуулмагц нийт төлбөрийн 30 хувь, барилгын ажил 70 хувьд хүрэхэд үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Тус барилгын ажил 2017 онд 70 хувьд хүрч захиалагч *******г үлдэгдэл төлбөрийг бүрэн барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж шаардаж байсан боловч ******* ямар нэгэн шалтаг хэлж гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учир бид гэрээнд зааснаар орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалцах тухай мэдэгдсэн

.

5.2. Ингээд манай компанийн зүгээс *******г төлбөрөө буцаан авах дансаа өгөх эсвэл биечлэн ирж баримт үйлдэж төлбөрийг буцаан өгөх саналыг удаа дараа тавьж, хүлээсэн боловч огт тоохгүй утсаа авахгүй алга болсон учир бид аргагүйн эрхэнд 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр *******тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэтэл ******* нь гэрээ байгуулснаас хойш 5 жилийн дараа бидэнд мэдэгдэлгүйгээр 2020 онд үлдэгдэл төлбөрийг төлж шүүхэд хандсан нь гэрээний үүрэг, гүйцэтгэгч талын шаардпагыг биелүүлээгүй байж шүүхэд хандаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

5.3. ******* гэрээний төлбөрийг бүрэн төлсөн учир биет байдлаар нь *******д хүлээлгэн өгсөн. Иймд ******* нь тус орон сууцны шударга өмчлөгч мөн. *******гийн орон сууц захиалгын төлбөрт төлсөн 48,744,000 төгрөгийг буцаан өгөхөд бэлэн бөгөөд ******* нь төлбөрийг буцаан авах данс болон биечлэн ирж төлсөн төлбөрөө буцаан авах бүрэн боломжтой гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******од холбогдох хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо ******* гудамж, Б блок, ******* дугаар байр, 2 дугаар орц, 105 тоотод байрлах 60.93 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ******* нь ******* ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0******* сарын 29-ний өдрийн 02250 дугаартай шийдвэрээр *******г маргаан бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн. 2022 оны 0******* сарын 08-ны өдрийн албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр *******г өмчлөгчөөр тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно.

******* нь ******* ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр талууд эвлэрсэн ба ******* нь *******г өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг мэдэж байсан нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй.

Маргаан бүхий орон сууцыг гүйцэтгэгч ******* ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны улмаас өнөөг хүртэл улсын комисс хүлээн аваагүй, улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байхад анхан шатны шүүх нь нэхэмжлэгч *******г улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэж хуулийг буруу хэрэглэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн байдлаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

8.Хариуцагч *******ын өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбар:: Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын бүртгэлийн гэрчилгээг гараагүй гэж дурдсан. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн нэр өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах хууль зүйн үндэслэл байхгүй. ******* ХХК-ийн гаргасан хариу тайлбарт ******* нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй. Мөн гэрээ байгуулснаас хойш 5 жилийн дараа төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Уг хугацаанд талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, төлбөрийг бэлэн мөнгөөр болон дансаар авах тухай мэдэгдлийг өгсөн. Тухайн үед *******тай маргаан бүхий орон сууцны гэрээг байгуулж, уг орон сууцыг *******д албан ёсоор хүлээлгэн өгсөн. Уг нөхцөл байдлын улмаас *******ыг шударга өмчлөгч мөн гэж үзэж байна. Мөн хэргийн оролцогчдын хэн алин дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй учраас анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Р.Пүрвээ нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******, ******* нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байх ба хариуцагч ******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ нэртэй байгуулж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо ******* гудамж ******* хашаанд байрлах Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдсан 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок ******* байрны 2 дугаар орц ******* давхарын 60.93 м.кв талбайтай 105 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авсан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0******* сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/02250 дугаар шийдвэрээр тус орон сууцны өмчлөгчөөр тогтоогдож, тухайн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2022 оны 0******* сарын 08-ны өдрийн 101/ШЗ2022/17321 дүгээр захирамж, мөн өдөр олгогдсон 101/ГХ2022/01664 тоот гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1-228/20866 тоот албан бичиг, баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 8/1667 тоот албан бичгийг тус тус үнэлж үйл баримтыг зөв анхан шатны шүүх зөв тогтоосон байна. Иймд нэхэмжлэгч ******* нь уг орон сууцны өмчлөгч байна.

 

4. Хариуцагч ******* нь уг орон сууцанд амьдарч байгаа талаар талууд маргаагүй бөгөөд орон сууцыг бодитоор эзэмшиж байгаа эзэмшигч байна.

 

5. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/05161 дугаар захирамжаар ******* ХХК нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо ******* гудамж ******* хашаанд байрлах Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдсан 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок ******* байрны 2 дугаар орц ******* давхарын 60.93 м.кв талбайтай 105 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Түүнчлэн энэ захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2023/04210 дугаар захирамж, мөн өдөр олгогдсон 101/ГХ2023/00389 тоот гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 23260409 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 409 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хуудсыг үнэлж зөв дүгнэжээ.

 

6. Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3/1667 тоот албан бичигт: Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204090339 дугаартай Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Амгалан /13260/, Цагдаагийн академийн өргөн чөлөө, ******* тоот байршилтай, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгө Хаан банкны 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 201944406926 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан. ... уг дуусаагүй барилгын захиран зарцуулах эрхийг танай [Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага] 2019 оны 4/21833, 2021 оны 4-227/13659, 4-227/13653 тоот албан бичгүүд, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 442 дугаартай Прокурорын зөвшөөрлийг үндэслэн түдгэлзүүлсэн. Бавгар ХХК нь өнөөдрийн байдлаар тус дүүргийн Бүртгэлийн хэлтэст хандаж захиалагч иргэдийн нэр дээр гэрчилгээ гаргуулах тухай албан хүсэлт, жагсаалтыг албан ёсоор ирүүлээгүй ба танай [Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага] албан бичгүүдэд дурдагдсан нэр бүхий иргэд нь мэдүүлэг, нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх тул тухайн иргэдийн нэр дээр салган бүртгэж, гэрчигээ олгох боломжгүй байна гэжээ. Иймд гуравдагч этгээд болох ******* ХХК /Бавгар ХХК/-ийн өмчлөлд тухайн орон сууцны барилга бүхэлдээ бүртгэгдээгүй.

 

7. Хариуцагч ******* маргаан бүхий орон сууцыг хариуцагч *******ын зөвшөөрлийн үндсэн дээр эзэмшиж байгаа тул түүний эзэмшлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хууль бус гэж дүгнэх боломжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нарт холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ******* татгалзсныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигчийн хэн аль нь гомдол гаргаагүй, холбогдох ажиллагааг буруу гэж дүгнэхээргүй байгааг дурдах нь зүйтэй.

 

9. Дээр дурдсан анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахад энэ шийдвэр саад болохгүй.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/03959 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 16******* зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар

гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол

гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЗОЛЗАЯА