Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 495

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Г.Анармөнх,

Шүүгдэгч Х.Л /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зунчив овогт Х.Лд холбогдох эрүүгийн 1911007750438 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Зунчив овогт Х.Л, Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаан тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан мэргэжилтэй, Геомандал хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 5, эмээ, нагац эгч, 2 дүүгийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар баг, Жаргалант, жаргалант 7 дугаар гудамж, 21 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын В хилийн цэргийн 20 айлын 13 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:............/.

Шүүгдэгч Х.Л нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт болон Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хувьсгалчдын В хилийн цэргийн 20 айлын 19 тоотод иргэн Ш.Саруулмөнхийг гараараа чих, нүүрэн тус газарт нь тус тус цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Лоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би согтуурхаад ууж байсан пивоныхоо шилийг бариад Саруулмөнх ахад хандаж дүү нь энүүгээр цохичих уу гээд тоглоод хэлсэн. Тэгтэл Саруулмөнх ах надад хандаж чи яах гээд байгаа юм, наадахаа боль, хэрэгт орох гэж байгаа юм гээд миний гарнаас пивоны шилийг булааж аваад намайг тэврээд хацарнаас зөөлхөн хазсан. Би ч согтуу Саруулмөнх ахтай зууралдаж байгаад түүний зүүн чих орчимд нь нэг удаа цохисон ...Намайг гэртээ ирээд удаагүй байтал гадаа коридорт Саруулмөнх ах ирж байгаа чимээ гарсан ба тэр манай хажууд талын айл болох Төрбилгүүний гэр рүү орчихсон. Тэгэхээр нь би араас нь Төрбилгүүний гэр рүү дагаж ортол Төрбилгүүн надад хандаж чи нэгнийгээ яаж байгаа юм гээд загнахаар нь би уур хүрээд Саруулмөнхийн нүүрэн тус газарт дахин нэг удаа цохитол Төрбилгүүн намайг боль гар гээд хөөгөөд гаргасан. Тэгэхээр нь би гэр рүүгээ ороод заазуур авч гарч ирээд буцаж гэр рүү нь ороод ална гээд орилтол тэд нар цагдаа дуудаад намайг өгч явуулсан. Би тухайн өдөр архи хэтрүүлэн хэрэглэж улмаар Саруулмөнх ахыг цохиж биед нь гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байгаа, миний буруу ...” гэх мэдүүлэг /хх-29-30х/,

Шүүгдэгч Х.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ш.Саруулмөнхөөс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Лхагвадорж их согтсон байсан ба намайг өөр хүний нэрээр дуудаад мөн чи гэж дуудаад ахаа гэж дуудаад бараг өөрийгөө байгааг ч мэдэхгүй хэмжээний согтчихсон байх шиг байсан. Тэгээд миний хувцаснаас зуураад намайг түлхээд ноолоод байсан ба гэнэт л ямар ч шалтгаангүй миний зүүн чих, шанаа орчим руу нэг удаа маш хүчтэй цохисон. Тухайн үед намайг алгадчих шиг болсон. Тэр даруй миний зүүн чих шуугиад байхаар нь хуруугаа хийтэл миний зүүн чихний дотор хэсгээс цус гарсан ...Би Төрбилгүүний гэрт ороод болсон асуудлыг хэлээд сууж байтал гаднаас Лхагвадорж орж ирсэн. Лхагвадорж орж ирээд үгийн зөрүүгүй дахиад миний зүүн шанаа орчимд хоёр удаа цохисон ...Миний зүүн чихний хэнгэрэг цоорсон ...” гэх мэдүүлэг /хх-19-20х/,

Гэрч Ү.Төрбилгүүнээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Саруулмөнх манай гэрт орж ирээд удаагүй байхад гаднаас манай ажлын галч Лхагвадорж нь согтуу орж ирээд Саруулмөнхөөс уучлаарай гэж хэлснээ нүүрэн тус газарт нь нэг удаа шанаадсан. Тэгэхээр нь би боль гэж хэлээд түүнийг гэрээсээ гаргатал Лхагвадорж буцаад заазуур барьж орж ирээд ална гэж хэлээд үйл хөдлөл хийхгүй зогсоод байхаар нь би гарнаас нь заазуурыг нь аваад Лхагвадоржийг цагдаад барьж өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-24х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2745 тоот шинжээчийн дүгнэлтэд:

“1. Ш.Саруулмөнхийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн чих, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-13х/,

Шүүгдэгч Х.Лийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Шүүгдэгч Х.Л нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт болон Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хувьсгалчдын В хилийн цэргийн 20 айлын 19 тоотод иргэн Ш.Саруулмөнхийг гараараа чих, нүүрэн тус газарт нь тус тус цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Х.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ш.Саруулмөнх нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Х.Лийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн  хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.