Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01913

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/02834 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох

 

Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 540 дүгээр шийдвэрээр *******ээс 533,749,728 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэгч байгууллагаас 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 22410530/01 дугаар тогтоолоор барьцаалсан ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*******4 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо ******* хотхон /17041/ туул гол гудамж байр ******* тоот хаягт байрлах 126,23 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжилж, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 22410530/02 дугаар тогтоолоор хураан авсан.

1.2. Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж заасныг зөрчин хураах тогтоолыг үйлдсэн.

Гомдол гаргагч миний бие Эд хөрөнгө хураах тогтоолыг үйлдэхэд оролцсон хөндлөнгийн гэрч *******, ******* нартай уулзах зорилгоор тогтоолд бичигдсэн хаягаар очиход тухайн хаягт уг гэрчүүд огт амьдарч байгаагүй. Тухайн хаягт амьдарч байгаа иргэн уг хаягт 10 жил амьдарч байгаа гэсэн хариуг өгсөн.

1.3. Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт Хөндлөнгийн гэрчээр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолгүй, өөр хоорондоо, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садангийн, эсхүл ажил үүргийн холбоогүй хүнийг оролцуулна гэж заасныг зөрчсөн.

Нэхэмжлэгч ******* миний бие гэр бүлийн гишүүний хувьд аав ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо ******* хотхон /17041/ туул гол гудамж байр ******* тоот хаягт байрлах 126,23 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгч болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн байдлаар шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгө албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдвол миний эрх ашиг, өмчлөх эрх ноцтой зөрчигдөх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд хариуцагч байгууллагын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 22410530/02 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 540 дүгээр шийдвэрээр *******ээс 533,749,728 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч *******тэй 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр уулзаж, эрх, үүргийг тайлбарлаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баталгааны маягт бөглүүлж, хөрөнгийн мэдүүлэг авч, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч тэрээр төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ******* хотхон /17041/, Туул гол гудамж, байрны ******* тоот хаягт байрлах 126.23 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 22410530/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 22410530/02 дугаар тогтоолоор хөндлөнгийн гэрч *******, ******* нарыг оролцуулан хураан авч, тогтоолын хувийг төлбөр төлөгчид гардуулан өгч, тэмдэглэл хөтөлсөн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-т заасны дагуу явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 22410530/02 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол, тайлбарын агуулга: Анхан шатны шүүх 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид урьдчилан мэдэгдээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүйгээр эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай 22410530/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргасан байна.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй, мэтгэлцэх боломж олгоогүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтыг хэрхэн үйлдсэн нь эргэлзээтэй гэсэн үндэслэлийг заасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй гэж дүгнэлээ.

3.1. Нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлд анхан шатны шүүх 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр үүсгэж, хэргийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хянан шийдвэрлэж шийдвэр үйлджээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 64 хоногийн хугацаанд үргэлжилсэн байна.

3.2. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2024/14230 дугаар захирамжаар хэргийг мөн оны 6 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр шийдвэрлэж, шүүх хуралдааны товыг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 80119557 тоот утсаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгаланд мэдэгдснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан журамд нийцнэ гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч *******аас 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр олгосон итгэмжлэлэлээр Д.Баясгалан шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг олгосон бөгөөд уг итгэмжлэлд утасны дугаарыг 80119557 гэж тэмдэглэсэн байна. /хх 20/

Түүнээс гадна анхан шатны шүүхийн утсаар ярьсан тэмдэглэл-д дурдснаар шүүгчийн туслахын 86262683 тоот утсаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 80119557 тоот дугаар утас руу залгаж шүүх хуралдаанд ирж байгаа талаар 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн *******:10 цагт лавлахад тэрээр захиргааны шүүх хурал давхцаж байгаа, хүсэлт явуулна гэсэн хариу өгснийг тэмдэглэжээ. Шүүх хуралдаан болох хүртэл нэхэмжлэгч талаас хүсэлт ирүүлээгүй байна.

3.3. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт: Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 64 хоногийн хугацаанд үргэжилж буй тохиолдолд нэхэмжлэгч тал шүүх хуралдааныг товыг лавлах боломжтой байжээ.

4. Иймд анхан шатны шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч талд мэдэгдсэн, нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, мэтгэлцэх боломж олгоогүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/00540 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 782 дугаар магадлалаар хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 530,867,242 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Грийн инвестмент ББСБ ХХК-д олгож, хариуцагч ******* нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл хариуцагч ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ******* хотхон /17041/, Туул гол гудамж, байрны ******* тоот хаягт байрлах 126.23 м.кв талбайтай 4 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангахыг *******т даалгаж шийдвэрлэжээ. /хх 35-40, 42-45/

 

6. ******* 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2022/11096 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 183/ГХ2022/01012 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг төлбөр төлөгч *******т гардуулан өгч, уг хугацааны дотор төлбөр төлөгч шийдвэрийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ******* хотхон /17041/, Туул гол гудамж, байрны ******* тоот хаягт байрлах 126.23 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр битүүмжилсэн байх бөгөөд уг ажиллагаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гомдол гараагүй байна. /хх 8, 54-55, 57/

 

7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай 22410530/02 дугаар тогтоолоор ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ******* хотхон /17041/, Туул гол гудамж, байрны ******* тоот хаягт байрлах 126.23 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг хураан авчээ.

Уг тогтоолыг шийдвэр гүйцэтгэгч үйлдэхдээ ажиллагаанд хөндлөнгийн гэрч *******, ******* нар оролцсон, хураасан эд хөрөнгийг төлбөр төлөгч *******ийн хадгалалтад шилжүүлсэн гэжээ. Анхан шатны шүүх эд хөрөнгө хураасан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна тус тус заасныг зөрчөөгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/02834 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Э.ЗОЛЗАЯА