| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00188/И |
| Дугаар | 00325 |
| Огноо | 2016-06-13 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 00325
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэндаргалж хийсэн шүүх хуралдаанаар, Б.Батдаваа, Д.Чимэддорж, Б.Эрдэнэтуяа нарын нэхэмжлэлтэй, Д.Нандинхишигт болон Хялганат ХХК-нд холбогдох 4155000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00188/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч: 1971 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, 6а хэсгийн 15 тоотод оршин суух, Чойжинжав овогт Бямбын Эрдэнэтуяа /РД:ГЮ71030160/,
нэхэмжлэгч: 1972 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг, Бүхт гэх газар оршин суух, Боржигон овогт Батсүхийн Батдаваа /РД:ГЖ72100213/, тэдгээрийн өмгөөлөгч М.Даваасүрэн,
Хариуцагч: 1976 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багт оршин суух, Боржигон овогт Дорлигсүрэнгийн Нандинхишигт /РД:ГЮ76032807/,
Хариуцагч: 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хялганат ХХК-ийн захирал, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 3-12-38 тоотод оршин суух, Боржигон овогт Сампилын Шаравдорж /РД:ФМ56043013/, нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 2015 оны 8 дугаар сард Нандинхишигтэй уулзаад модны зах ажиллуулах талаар ярьж байсан. 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Нандинхишигт ирж уулзаад Хялганат ХХК-тай мод бэлтгэх гэрээ байгуулсан, чи тогоочоор ажиллахгүй юм уу гэж хэлсэн. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс өдрийн 30000 төгрөгийн хөлстэй тогоочоор ажиллахаар, мөн сарын 80000 төгрөгөөр гэрээ түрээслүүлэхээр тохиролцон Нандинхишигтийн багт орж ажиллахаар болж 10 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн хутаг-Өндөр сум руу явсан. 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл, 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийтдээ 61 хоног /61*30000=1830000/ хоног тогоочоор ажилласан. Энэ хугацаанд нэмж 3-5 хүний хоол 12 хоног хийсэн учраас өдрийн 5000 төгрөгөөр тооцож 60000 төгрөг авахаар тохирсон. 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл гэрээ түрээслүүлсэний төлбөр 80000*3 сар 240000 төгрөг, гэрээ өөрөө очиж авсан бензиний зардал 60000 төгрөг болсон. Иймд Д.Нандинхишигт болон Хялганат ХХК-иас тогоочоор ажилласан ажлын хөлс 1890000 төгрөг, гэрийн түрээсийн төлбөр 240000 төгрөг, бензиний зардал 60000 төгрөг нийт 2190000 төгрөг гаргуулахаас 117500 төгрөг авсаныг хасч 2072500 төгрөг нэхэмжилж байна. Утасны нэгж-15000, айрагны үнэ-32000 төгрөг, бэлнээр авсан 45000 төгрөг, хүүхдийнхээ гадаад паспортыг сунгуулах гэж 50000 төгрөг авсаныг хасч тооцож болох юм. Хялганат ХХК нь Нандинхишигтэд гэрээний дагуу өгөх ёстой мөнгөө бүрэн өгөөгүй тул бид компанийг бас хариуцагчаар татаж байгаа гэв.
Нэхэмжлэгч Б.Батдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:2015 оны 10 дугаар сарын эхээр Нандинхишигт ирж уулзаад мод бэлтгэх гэж байгаа, мод оосорлогч хийж өгөөч, өдрийн 50000 төгрөг өгье гэж тохирсон. 15 өдөр оосорлогч хийсэн. 22 өдөр нь өдрийн 30000 төгрөгөөр тохирч ачигч хийж байсан. Мөн гэрээ 2 сарын хугацаатай сарын 50000 төгрөгөөр түрээслүүлсэн. Нийт ажлын хөлс 15*50000 750000 төгрөг, 22*30000 660000 төгрөг, гэрийн түрээсийн төлбөр 100000 нийт 1510000 төгрөг авах ёстойгоос 660000 төгрөг авч 844000 төгрөг үлдсэн. Гэхдээ 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Нандинхишигтэй тохиролцон 502500 төгрөг авахаар болсон. Үүнийгээ нэхэмжилж байна. Тамхины мөнгө 97500 төгрөг хасна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ганцаараа тамхи татаж байгаагүй, мөн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тохиролцохдоо хасч тооцох ёстой бүх зүйлээ хасаад 502500 төгрөг өгөхөөр болсон гэв.
Нэхэмжлэгч Д.Чимдэддорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Чимэддорж миний бие тракторчинаар ажиллан 1 модыг 3000 төгрөгөөр цагаалж бэлтгэхээр тохиолцсон. Нийт 2220000 төгрөг авах ёстойгоос 2015 оны 11 дүгээр сарын 05-нд 800000 төгрөг авсан тул үлдэгдэл 1420000 төгрөгөө нэхэмжилж байна. Би Нандинхишигттэй цалингийн үлдэгдэл дээрээ тохиролцож гарын үсэг зураагүй тул анх тохиролцсоноороо авах цалингаа нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Д.Нандинхишигт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньтын гүүр лүү рамны туслан гүйцэтгэгчээр бригад авч гарсан. Эрдэнэтуяаг тогоочоор ажиллуулахаар өдрийн 30000 төгрөг өгөхөөр тохирсон. Мөн гэрийг нь 10 сард 80000 төгрөгөөр, 11, 12 сард 50000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон. Эрдэнэтуяа нь 45 хоног ажилласан. Эхний 18 хоногт өдөрт 30000 төгрөг, сүүлийн 27 хоногт өдөрт 15000 төгрөг өгөхөөр тохирсон. Хагас өдөр ажилласан 7500 төгрөг өгөх ёстой. Ингэхээр Эрдэнэтуяад 18*30000 =540000 төгрөг, 27*15000 =405000 төгрөг, хагас өдөр 7500 төгрөг, гэрийн түрээсийн мөнгө 180000 төгрөг, нийт 1132500 төгрөг өгөхөөс цэнэглэгч-10000 төгрөг, нэгж-15000 төгрөг, крем-15000 төгрөг, тос-2500 төгрөг, айраг-32000 төгрөг, багшид бэлэг авч өгсөн-32500 төгрөг, бэлнээр 45000 төгрөг, хүүхдийн гадад паспорт сунгуулна гэж авсан-50000 төгрөг, захаас зээлж авсан ногооны мөнгө 53000 төгрөг, бэлнээр-1700 төгрөг, Хас банкны Бадамдоржид шилжүүлсэн 50000 төгрөг, гэрт үлдээсэн хүнсний зүйлийн үнэ-135000 төгрөг нийт 441700 төгрөгийг хасч 690800 төгрөг өгөх ёстой. Гэхдээ Б.Эрдэнэтуяа нь 556 ширхэг модыг надаас зөвшөөрөл авалгүй авч Улаанбаатар хот руу ачуулж намайг хохироосон. Энэ үйлдийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Үүнээс болж би 2224000 төгрөгөөр хохирсон учраас үлдэгдэл мөнгийг өгөхгүй. Нэхэмжлэгч Б.Батдаваагийн хувьд өдрийн 50000 төгрөгөөр тохирч оосорлогчоор ажилласан. 28 хоног ажилласан. 1160000 төгрөг өгөхөөс 600000 төгрөг өгсөн. 502500 төгрөг өгөхөөр тохирсон ч тамхины үнэ 97500, гэрийн цагааны бүрээсний үнэ 60000 төгрөгийг хасч үлдэгдэл мөнгийг нь өгнө. Нэхэмжлэгч Д.Чимэддоржийн хувьд тракторын жолоочоор ажиллаж 1 ширхэг модыг 3000 төгрөгөөр цагаалахаар тохирсон. 673 ширхэг мод цагаалсан. 2019000 төгрөгийн хөлс өгөхөөс 888000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 1131000 төгрөг өгөх ёстой боловч трактор эдвсэн учраас 1412000 төгрөгийн сэлбэг авсан. Иймээс Чимиддоржид өгөх тооцоо байхгүй. Бид бичгээр гэрээ байгуулаагүй амаар тохирсон. Би Хялганат ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан болохоос эдгээр хүмүүс энэ компанитай гэрээ байгуулаагүй. Хялганат ХХК-иас орж ирсэн мөнгөнөөс би эдгээр хүмүүст ажлын хөлсийг нь өгөх ёстой байсан. Гэтэл эдгээр хүмүүс янз бүрийн хэлж ам хийж гэрээ цуцлагдсан учраас үлдэгдэл мөнгө орж ирээгүй. Иймээс цалинг өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэв.
Хариуцагч Хялганат ХХК-ийн захирал С.Шаравдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хялганат ХХК-ийн зүгээс дээрхи иргэдийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь тус компани иргэн Б.Батдаваа, Д.Чимидорж, Б.Эрдэнэтуяа нартай ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй, ажлын хөлс тохироогүй, компанитай шууд хөдөлмөрийн харилцаанд ороогүй. Д.Нандинхишигттэй ямар гэрээ байгуулж, ямар тохиролцоо хийсэнийг бид мэдэхгүй.Хялганат ХХК нь Д.Нандинхишигттэй хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээний дагуу ажлаа явуулж холбогдох төлбөр тооцоог цаг тухайд нь хийж байсан. Хамтран ажиллах гэрээний дагуу багийн ахлагч буюу Д.Нандинхишигт мод бэлтгэх ажилтнуудын аюулгүй байдал, хоол хүнс, цалин урамшууллын асуудлыг бүрэн хариуцах ёстой. Гэрээний нөхцөл, харилцан хүлээсэн үүргийн дагуу ажлаа бүрэн гүйцэтгээгүй тул Д.Нандинхишигттэй байгуулсан гэрээ 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр цуцлагдсан. Д.Нандинхишигтийн ажил гүйцэтгэх багт ажиллаж байсан зарим иргэд хоорондын маргаан, үл ойлголцлын улмаас ажил зогсож, гэрээ цуцлагдсан. Үүнээс хамаарч үлдсэн санхүүжилт хийгдээгүй.Гэхдээ энэ маргаан нь Хялганат ХХК-нд хамааралгүй иргэд хоорондын асуудал юм.Энэ маргаанаас үүдэн Хялганат ХХК-ийн үйл ажиллагааг сар гаруй хугацаанд бүрэн зогсоож цагдаа, прокурорын байгууллагаар шалгуулж бизнесийн болон компанийн нэр хүндийг сэвтүүлж бидэнд ихээхэн хохирол учруулсан. Дээрхи маргаанд Хялганат ХХК-ийг холбогдуулах ямар нэгэн эрх зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батдаваа, Д.Чимэддорж, Б.Эрдэнэтуяа нар нь Д.Нандинхишигт болон Хялганат ХХК-нд холбогдуулан ажлын хөлс, эд хөрөнгө түрээслэсний төлбөр 4155000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяа нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 2072500 төгрөг болгон багасгажээ.
Нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяа ажлын хөлс 1890000 төгрөг, гэр ашигласны төлбөр 240000 төгрөг, бензиний зардал 60000 төгрөг нийт 2072500 төгрөг, нэхэмжлэгч Б.Батдаваа ажлын хөлс 502500 төгрөг, нэхэмжлэгчД.Чимэддорж ажлын хөлс 1420000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Нандинхишигт эс зөвшөөрч Д.Эрдэнэтуяад 1132500 төгрөг өгөхөөс түүний бэлнээр авсан болон авч хэрэглэсэн эд зүйлийн үнэ 441700 төгрөгийг хасч 690800 төгрөг өгөх ёстой. Гэхдээ тэрээр миний бичиг баримтыг хулгайлж, 556 ширхэг модыг Улаанбаатар хот руу ачуулж намайг хохироосон тул өгөх боломжгүй. Нэхэмжлэгч Б.Батдаваад1160000 төгрөг өгөхөөс 600000 төгрөг өгсөн. 502500 төгрөг өгөхөөр тохирсон ч тамхины үнэ 97500, гэрийн цагааны бүрээсний үнэ 60000 төгрөгийг хасч үлдэгдэл мөнгийг өгнө. Нэхэмжлэгч Д.Чимэддоржид 2019000 төгрөгийн хөлс өгөхөөс 888000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 1131000 төгрөг өгөх ёстой боловч тэрээр трактор эвдсэн учраас 1412000 төгрөгийн сэлбэг авсан. Иймээс Чимиддоржтой хийх тооцоо байхгүй гэж, хариуцагч Хялганат ХХК-ийн захирал С.Шаравдорж ...Тус компани иргэн Б.Батдаваа, Д.Чимидорж, Б.Эрдэнэтуяа нартай ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй, ажлын хөлс тохироогүй, компанитай шууд хөдөлмөрийн харилцаанд ороогүй учраас ажлын хөлс болон төлбөр төлөх ямар нэг эрх зүйн үндэслэл байхгүй гэж маргажээ. /хх 33 тал/
Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Хялганат ХХК, Д.Нандинхишигт нарын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ-ээр ойн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хялганат ХХК нь мод бэлтгэлийн ажлыг гүйцэтгүүлэхээр Д.Нандинхишигт ахлагчтай мод бэлтгэлийн багтай гэрээ байгуулсан байна./хх 6-7 тал/
Хариуцагч Д.Нандинхишигт нь энэ гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяаг тогоочоор, нэг өдрийн 30000 төгрөгийн хөлс өгөхөөр, нэхэмжлэгч Б.Батдавааг оосорлогчоор, нэг өдрийн 50000 төгрөгийн хөлс өгөхөөр, нэхэмжлэгч Д.Чимэддоржийг тракторын жолоочоор, 1 ширхэг модыг 3000 төгрөгөөр цагаалахаар, мөн Д.Эрдэнэтуяа, Б.Батдаваа нарын 2 гэрийг түрээслэхээр тохирсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргахгүй байна.
Харин авах ёстой ажлын хөлс, ажилласан хугацаан дээрээ талууд маргаж байна.
Дээрх байдлаас үзвэл талуудын хооронд хөлсөөр ажиллах болон эд хөрөнгө хөлсөх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 287 дугаар зүйлийн 287.1-д заасан гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяа ажлын хөлс болон гэрээ түрээслүүлсэний төлбөр 2072500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байгаа боловч үүнийгээ баримтаар нотлож чадахгүй байна. Иймээс хариуцагч Д.Нандинхишигтийн нэхэмжлэлийн шаардлагыг 1132500 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн дүнгээсутасны нэгж-15000, айрагны үнэ-32000 төгрөг, бэлнээр авсан 45000 төгрөг, хүүхдийнхээ гадаад паспортыг сунгуулах гэж авсан 50000 төгрөг нийт 142000 төгрөгийг хасч 990500 төгрөгийг хариуцагч Д.Нандинхишигтээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Батдаваагийн 502500 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Д.Нандинхишигт хүлээн зөвшөөрч байгаа ч тамхины мөнгө 97500 төгрөг, гэрийн цагаан бүрээсний үнэ 60000 төгрөгийг суутгана гэж байгаа боловч эдгээр мөнгийг суутгах ёстой гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна. 502500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Батдаваад олгох,
Нэхэмжлэгч Д.Чимэддоржийн 1420000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Д.Нандинхишигт 1131000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч байгаа боловч тракторын сэлбэг авсан үнэнд суутгана гэж байгаа нь мөн баримтаар нотлогдохгүй байх тул Д.Нандихишигтээс 2624000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяад 990500 төгрөг, нэхэмжлэгч Б.Батдаваад 502500 төгрөг, нэхэмжлэгч Д.Чимэддоржид 1131000 төгрөг олгож, Д.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлээс 1082000 төгрөг, Д.Чимэдоржийн нэхэмжлэлээс 289000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ..Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу эдгээр эрх үүргээ хэрэгжүүлээгүй, өөрийн нэхэмжлэл, татгалзал, тайлбарыг холбогдох нотлох баримтын хамт шүүхэд гаргаж өгөөгүй учраас шүүх хариуцагч Д.Нандинхишигтийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хэмжээнд үнэлэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2 ширхэг шатахууны баримт, хариуцагч Д.Нандинхишигтийн гаргаж өгсөн зарлагын баримтуудыг шүүх тухайн хэрэгт хамааралтай , ач холбогдолтой талаас нь үнэлээгүй болно. /хх 24-27, 29-31, 67-75 тал/
Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгсөн Ц.Батбилэг нь ..Д.Нандинхишигт Хялганат ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж мод бэлтгэж байсан. Компаниас өгсөн мөнгийг Д.Нандинхишигт нь ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлс, хоол хүнс, шатахуун, техникийн сэлбэгт зарцуулах ёстой. Д.Эрдэнэтуяа, Б.Батдаваа, Д.Чимэддорж нарт хэдэн төгрөг өгөхөөр тохирсоныг би мэдэхгүй. Хутаг-Өндөр сумын цагдаагийн хэсэг дээр цалин хөлс өгөх талаар тохиролцож гэрээ байгуулж байсан. Би үүнд оролцоогүй учраас мэдэхгүй гэж мэдүүлжээ. /хх 51-53 тал/
Хариуцагч Хялганат ХХК нь Д.Нандинхишигтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан ба уг гэрээний 2.6-д Мод бэлтгэх ажилтнуудын аюулын ажиллагаа, хоол хүнс, цалин урамшууллын асуудлыг багийн ахлагч бүрэн хариуцна гэснээс үзэхэд Хялганат ХХК нэхэмжлэгч нартай ямар нэг гэрээ байгуулаагүй, тэдний өмнө үүрэг хүлээсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд Хялганат ХХК-нд холбогдуулж гаргасан нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяа, Б.Батдаваа, Д.Чимэддорж нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Д.Нандинхишигт, Хялганат ХХК-нд холбогдох хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1000 цагт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр нэхэмжлэгч Д.Чимэддоржид 89007721 дугаар утсаар мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ямар шалтгаанаар ирээгүй талаар шүүхэд мэдэгдээгүй байх ба нэхэмжлэгч, хариуцагч нар түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 292 дугаар зүйлийн 292.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйллийн 360.1-д зааснаар хариуцагч Д.Нандихишигтээс 2624000 /хоёр сая зургаан зуун хорин дөрвөн мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяад 990500 /есөн зуун ерөн мянга таван зуу/ төгрөг, нэхэмжлэгч Б.Батдаваад 502500 /таван зуун хоёр мянга таван зуу/ төгрөг, нэхэмжлэгч Д.Чимэддоржид 1131000 /нэг сая нэг зуун гучин нэг мянга/ төгрөг олгож, Д.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлээс 1082000 /нэг сая наян хоёр мянга/ төгрөг, Д.Чимэдоржийн нэхэмжлэлээс 289000 /хоёр зуун наян есөн мянга/ төгрөг, Хялганат ХХК-нд холбогдуулж гаргасан нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяа, Б.Батдаваа, Д.Чимэддорж нарын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94780 /ерөн дөрвөн мянга долоон зуун ная/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж хариуцагч Д.Нандинхишигтээс 56934 /тавин зургаан мянга есөн зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН