| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2024/03516/И |
| Дугаар | 210/МА2024/01923 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2024/01923
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ20*******/03251 дугаар шийдвэртэй
*******ийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саруултөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дагважанцан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: ******* нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ******* байр, ******* тоот орон сууцны өмчлөгч юм. 2021 онд *******ийн найз н.*******т нь манай ах орон сууц худалдаж авах гэж байгаа юм, байраа зарах уу гэж санал тавьсны дагуу ******* н.*******тын ах *******т тус орон сууцыг худалдахаар болсон. Тухайн үед н.*******т нь бизнес хийдэг, бизнесийн мөнгө орж ирээгүй байна, найз нөхөд хүмүүс байрныхаа түлхүүрийг өгчих, ороод амьдарч байя, бизнесийн мөнгө ороод ирэхээр мөнгийг чинь өгье гэсэн. 2021 онд *******ийг орон сууцандаа оруулснаас хойш өнөөдрийг хүртэл 3 жилийн хугацаанд төлбөр огт төлөөгүй. Иймд *******ийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. ******* нь нэхэмжлэлд дурдсан орон сууцыг 2 автомашины зогсоолын хамт худалдахаар тохиролцсон. Бид орон сууцанд 300,000,000 төгрөгийн тансаг зэрэглэлийн засвар хийж амьдарч байгаа. Гэтэл ******* нь бидэнд зарна гэсэн 2 ширхэг авто зогсоолын нэгийг бусдад худалдсан, бидэнд шилжүүлж өгөх ёстой орон сууцыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан.
Мөн орон сууцны төлбөрт *******эд миний авлагатай хүн болох н.*******таас 100 гаруй сая төгрөгийг төлж барагдуулсан байдаг.
Үүсээд буй асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар өргөдөл гаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот 148.4 м2, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч *******ийн эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол, тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
4.1. Нэхэмжлэгч нь орон сууцыг шаардах эрхтэй эсэх тухай эрх бүхий байгууллагын лавлагаа тодорхойлолтыг гаргаж өгөөгүй, шүүхээс нягталж шалгаагүй. Өөрөөр хэлбэл тухайн орон сууц нь бусдын барьцаанд тавигдсан тухай хариуцагч ******* болон 20******* оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал мэдүүлсэн.
4.2. Мөн тухайн орон сууцыг дангаар биш 2 ширхэг автозогсоолын хамт авахаар харилцан тохиролцсон тухай хариу тайлбартаа дурдаж, түүнтэй холбоотой нотлох баримт гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, мэтгэлцэх боломжоор хангаагүй.
4.3. Орон сууцны төлбөрт 100 сая гаруй төрөгийг шилжүүлсэн байсан, тухайн орон сууцанд тансаг зэрэглэлийн засварыг 300 сая гаруй төгрөгөөр хийсэн бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх боломжоор хангаагүй.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
5. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хэргийн 5 дугаар талд үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа авагдсан. Уг лавлагаагаар маргаан бүхий орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлийн болох нь тогтоогддог. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
Орон сууцыг барьцаанд байгаа гэдгийг талуудын хэн аль нь мэддэг. Анх тохиролцсон тохиролцоо нь орон сууцны үнийг төлөөд, төлсөн мөнгөөр нь өр төлбөрийг дарж өмчлөх эрхийг шилжүүлэхээр болсон. Гэтэл хариуцагч орон сууцны үнийг төлөөгүй, 3 жилийн хугацаа өнгөрч тус орон сууцыг эзэмшиж байна.
Автомашины зогсоол худалдах, худалдан авах хэлцэл хийгдээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан. 20******* оны 05 дугаар сарын *******-ний өдөр иргэний хэрэг үүсгээд 20******* оны 06 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч нь нэхэмжлэлийн хувиа гардан авч эрх үүрэг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан. Үүнээс хойш шүүх хуралдаан болох хүртэл 64 хоногийн хугацаанд энэ талаарх нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болон шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргаж байгаагүй.
20******* оны 07 дугаар сарын 26-ны өдөр болсон шүүх өмгөөлөгч авах тухай хариуцагчийн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан учраас өмгөөлөгч авах эрхийг хязгаарласан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Түүнчлэн хариуцагч шүүх хуралдааны тов дээр гарын үсэг зурж, шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаан хийсэн шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Орон сууцанд 300,000,000 төгрөгийн засвар хийсэн талаар тайлбарладаг. Засвар хийсэнтэй холбоотой баримтыг бүрдүүлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Энэ талаар нэхэмжлэл гаргахад анхан шатны шүүхийн шийдвэр нь саад болохгүй талаар дурдсан. Засвар үйлчилгээ хийхийн оронд байны төлбөрийг яагаад төлөөгүй вэ гэх асуудал яригддаг. Засвар үйлчилгээ хийхээс өмнө орон сууцны үнийг төлөх нь зүйтэй. Өөрөөс хэлбэл одоо өвөл болж байна бага насны хүүхэдтэй, орох оронгүй болж байна гэдэг. Гэтэл нэхэмжлэгчийн эрх ашиг мөн адил хөндөгддөг. Өнөөдөр орон сууцаа худалдчихаад орон сууцны төлбөр орж ирсэн бол дараагийн орон сууцаа худалдаж авах асуудал үүсэх байсан. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдөөд 3 жилийн хугацаа өнгөрч байна.
н.*******таас 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарладаг. Энэ талаарх нотлох баримыг өөрөө бүрдүүлж, цуглуулж өгөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээгээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн зарим дүгнэлтийг өөрчилж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай 148.4 м.кв талбай бүхий орон сууцыг *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Зохигчид 2021 онд орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцсоны дагуу маргаан бүхий орон сууцыг хариуцагч ******* нь 2021 оны 05 дугаар сараас хойш эзэмшиж, ашиглаж байгаа талаар талууд маргаангүй байх тул анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан, үүргийн хэлцлийн хувьд хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь мөн хуулийн 196 дугаар зүйлий 196.1.1-д заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв болжээ.
4. Нэхэмжлэгч ******* дээр дурдсан орон сууцны өмчлөгч болох нь 20******* оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлалаа, тодорхойлолт-оор тогтоогдсон. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* уг нотлох баримтыг үгүйсгэсэн тайлбар гаргаагүй, ******* уг орон сууцны өмчлөгч биш гэж маргаагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндсэн дээр гаргана гэж заасан зарчмын хүрээнд нэхэмжлэгч нь орон сууцыг шаардах эрхтэй эсэх тухай эрх бүхий байгууллагын лавлагаа тодорхойлолтыг гаргаж өгөөгүй, шүүхээс нягталж шалгаагүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ ./хх15/
5. Хариуцагч *******ийн эзэмшилд маргаан бүхий орон сууц байгаа талаар талууд маргаагүй.
6. Хариуцагч ******* нь орон сууцны үнийг 3 жил төлөөгүй тул нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах эрхтэй.
Нэхэмжлэгч ******* орон сууц худалдах худалдан авах гэрээний үнийг төлөх хугацааг хариуцагч ******* нь орон сууцыг эзэмшилдээ шилжүүлж аваад төлбөрийг удахгүй төлнө гэсэн гэж тайлбарласныг хариуцагч ******* үгүйсгээгүй бөгөөд орон сууцны үнэ төлөөгүй үндэслэлийг ... бидэнд зарна гэсэн 2 ширхэг автозогсоолын нэгийг бусдад зарсан, бидэнд шилжүүлж өгөх ёстой байрны гэрчилгээг банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр барьцаанд тавьсан гэж тодорхойлж татгалзсан нь Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно. гэж заасантай нийцэхгүй байна.
Хариуцагч ******* нь иргэн н.*******таар 100,0 сая төгрөг төлүүлсэн гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт зааснаар нотлоогүй.
Түүнээс гадна Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд 3 жилийн хугацаанд гэрээний үнийг хариуцагч тал төлөөгүй тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзахад мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасан ямар нэгэн үр дүн гарахгүй болсон нь илт бол нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй гэж дүгнэлээ.
7. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийг худалдах, худалдан авах гэрээний дагуу 2 ширхэг гарааш шилжүүлэх үүрэгтэй байсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт зааснаар нотлоогүй, орон сууцыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан гэх үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд түүнийг орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнэ төлөх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн, нэхэмжлэгч талыг гэрээнээс татгалзах эрхгүй гэж дүгнэх үндэслэл болохгүй болно.
8. Нэхэмжлэгч ******* нь орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзснаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд хэн алинаас шилжүүлэн авсан зүйлээ буцааж өгөх үүрэгтэй боловч нэхэмжлэгчээс хариуцагчид орон сууц өмчлөх эрхийг шилжүүлээгүй, хариуцагч нэхэмжлэгчид орон сууцны үнэ төлөөгүй тул харилцан буцааж өгөх үүрэггүй болно.
Харин орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж гэрээний үүрэг Иргэний хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.5-д зааснаар дуусгавар болсон тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн орон сууцыг эзэмшиж буй хариуцагч *******ийн эзэмшил хууль бус болжээ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас өмчлөлийн зүйлээ хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
9. Харин анхан шатны шүүхээс үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болсныг давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлээр залруулан дүгнэлээ.
10. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй тул хариуцагч талаас гаргасан холбогдох давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
10.1. Анхан шатны шүүх 20******* оны 05 дугаар сарын *******-ний өдөр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, 20******* оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүргийг мөн өдөр тайлбарлан өгч гарын үсэг зуруулжээ. /хх 6, 11, 12/
10.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 20******* оны 07 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч ******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 20******* оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 10:30 цаг хүртэл шүүх хуралдааныг хойшлуулсан байх бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саруултөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бадамханд, хариуцагч ******* нар гарын үсэг зурсан байна. /хх 22-23, *******/
10.3. Улмаар 20******* оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч ******* хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгч талаас хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ20*******/03251 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЗОЛЗАЯА