| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2016/00305/И |
| Дугаар | 130/ШШ2016/00427 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 130/ШШ2016/00427
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын *** дугаар багт оршин суух, Т овогт Кн Кгийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 1951 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн нь үнэн болохыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч К.К шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1951 оны 6-р сарын 10-нд Сагсай суманд төрсөн. Тухайн үед эцэг, эх маань төрсөн тухай ямар нэгэн бүртгэлд хамааруулаагүй байна. Үүний улмаас миний төрөлт гарахгүй байгаа тул шүүхийн шийдвэрээр нас тогтоолгох шаардлагатай байна. Иймд миний бие 1951 оны 6-р сарын 10-ны өдөр төрсөн нь үнэн болохыг хуулийн дагуу тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч К нь шүүхэд нас тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Хуулийн дагуу зөв шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. Бүх зүйлийг шүүхэд гаргасан хүсэлтэндээ тодорхой дурдсан. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. 1953 онд Сагсай суманд төрсөн. Хүсэлт гаргагч яг хэдэн онд төрсөн нь архиваас өөр өөр баримт гарсан гэв
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч К.К нь 1951 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн нь үнэн болохыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч К.К нь 1951 оны 06 сарын 10-ны өдөр төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны шатанд миний эхийн нэрийг С гэдэг байсан, нэрээ өөрчилж К нэртэй болсон, архивын лавлагаанд бичигдсэн С гэдэг нь К юм, архивын лавлагааг үндэслэн насыг нь тогтоож өгнө үү гэж тайлбарлаж байгаа боловч хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаарх нотлох баримтыг гарган өгч нотолж чадаагүй учир хүсэлт гаргагч К.К нь С гэх нэрээ өөрчилсөн нь нотлогдохгүй байна. Хүсэлт гаргагч К.К нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ миний бие 1951 оны 06 сарын 10-нд Сагсай суманд төрсөн, миний бие 1951 оны 06 сарын 10-ний өдөр төрсөн нь үнэн болохыг хуулийн дагуу тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байхад шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч чухам хэзээ төрснийг сайн мэдэхгүй байна, 1953 онд төрснөөр тогтоож өгнө үү гэж янз бүрээр тайлбарлаж шүүхэд гаргасан хүсэлтээ тодорхойлж чадаагүй учир хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан хүсэлт гаргагч К.Кгийн **** дугаартай Монгол Улсын Иргэни үнэмлэхэд: овог Т, эцгийн нэр К, нэр К, төрсөн он сар өдөр 1943/6/10, хүйс эмэгтэй, РД:******гэж бичигдсэн байна.
Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 04 сарын 20-ны өдрийн 231/00156726 дугаартай төрөлт бүртгэлгүй тухай лавлагаанд: регистрийн дугаар 1951.06.10, эцгийн нэр К, нэр К нь 1951/06/10, Баян-Өлгий аймаг Сагсайн төрөхөд төрснийг Баян-Өлгий аймаг Сагсай сумын 1951 онуудын төрөлтийн бүртгэлд шалгаж үзэхэд төрөлт нь бүртгэгдээгүй, мөн Баян-Өлгий аймгийн Улсын Бүртгэл, Статистикийн газрын 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 164 дугаартай албан бичигт К.К /*******/-н төрөлт 1951-1956 оны Сагсай сумын төрөлтийн бүртгэлд тус тус бүртгэгдээгүй, К.Кн хувийн хэрэг нь тус газрын Иргэний баримтын архиваас гараагүй гэсэн байна.
Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн БӨ№563213 дугаартай БНМАУ паспорт олгосон 1980 оны 11 сарын 11 өдөр, БК43061069 гэж бичигдсэн мөртлөө регистрийн дугаар нь засвартай, чухам хэний паспорт болох нь тодорхойгүй, 2016 оны 04 сарын 28-ны өдрийн Улаанхус сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолтод Улаанхус сумын 6-р багийн иргэн К овогтой К нь эмэгтэй, РД:БК51061069, нөхөр хүүхдүүдийнхээ хамт амьдардаг, тус багийн байнгын оршин суугч мөн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт зэрэг нь хүсэлт гаргагч К.Кгийн төрсөн он, сар, өдрийг тогтоолгохыг хүссэн хүсэлтэнд ач холбогдолгүй нотлох баримт байна гэж үзлээ.
Мөн Э.О, Д.К, Б.Д нар нь К.К нь 1951 онд төрсөн гэж тодорхойлсон байх ба энэ тодорхойлолтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 04 сарын 15-ны өдрийн 249 дугаартай архивын лавлагаанд: Улаанхус сумын 1956 оны хүн амын тооллогын баримтаас А К эрэгтэй 57 настай, Э С эхнэр 50 настай, К К охин 17 настай, К Ж хүү 6 настай, К С охин 3 настай гэж тус тус бүртгэгдсэн байна гэсэн мөртлөө, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 06 сарын 14-ны өдрийн 331 дугаартай архивын лавлагаанд: Сагсай сумын 1956 оны хүн амын тооллогын баримтыг шүүн үзэхэд иргэн К.Кд холбогдох баримт гараагүй болно гэсэн архивын лавлагаанууд нь тус тус зөрүүтэй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй, 2016 оны 04 сарын 15-ны өдрийн 249 дугаартай архивын лавлагаанд бичигдсэн К С охин 3 настай гэж бүртгэгдсэн гэснийг үндэслэн тогтоох боломжгүй ба энэ нь бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад хүсэлт гаргагч К.Кгийн регистрийн дугаар нь янз бүр, засвартай зөрүүтэй /1943,1951, 1953/, чухам хэзээ төрсөн нь бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул хүсэлт гаргагч К.Кгийн 1951 оны 06 сарын 10-ны өдөр төрсөн нь үнэн болохыг тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар Кгийн Кгийн 1951 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн нь үнэн болохыг тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч К.Кгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН