Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/01952

 

 

 

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/04287 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох

 

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1 Зээлдэгч *******, ******* нар нь Хаан Банк ХК-ийн Андууд тооцооны төвтэй 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/201944439593 тоот зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зээлийн зориулалтаар зээл авсан.

Талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр БГҮ/201944439593 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн 1 хороо, ******* гудамж ******* тоот хаягт байршилтай, 893 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* ХХК-ийн эзэмшлийн Э-******* дугаартай эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалуулсан.

Мөн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр БГҮ/201944439593-1 тоот барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн 1 хороо, үйлдвэрийн бүс гудамж, тоот хаягт байршилтай, 325 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/01395 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01648 дугаартай магадлалд зааснаар барьцааны зүйлийн өмчлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэх үндэслэлээр Хаан Банк ХК-ийн гаргасан ******* ХХК-ийн өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно.

Иймд шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон боловч зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******, *******, ******* нар шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ноос-импекс ХХК-ийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаартай Баянгол дүүрэг, ******* *******, тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаар бүхий, 9,783 м.кв талбайтай, газар эзэмших эрх, Ноос-импекс ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, ******* гудамж, тоот хаягт байршилтай, 325 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр ******* ХК болон *******, ******* нарын байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ/201944439593 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: ...Миний бие 2020 оны сүүлээс эхлэн 3-4 жил нуруу өвдөж байнгын эмчилгээ асаргаанд байгаа. ******* ХК-аас 100,000,000 төгрөгийг зээл авч зээлийн хүүд 49,000,000 төгрөгийг төлсөн байдаг. Ковид-19 цар тахлын улмаас бизнес маань дампуурч түрээсийн орлогогүй болж зээлээ төлж чадахгүй болсон. ...Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны өдөр миний бие БНХАУ-ын Хөх хотод 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд эмчилгээнд байсан. Энэ талаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ шүүгчийн туслах н.Номин-Эрдэнэд хэлж имэйл хаяг руу нь нотлох баримт болох хилээр гарсан тамга дарсан гадаад пасспортын хуулбар, шилжилгээ хийлгэсэн баримт бичгийн хамт явуулсан. ...Миний бие шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцож чадаагүй байхад анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Анхан шатны шүүх нь талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хариуцагчийн зүгээс уг асуудлыг өмнө нь шийдвэрлэсэн гэж давж заалдах гомдолд дурдсан боловч 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг дахин гаргахад уг магадлал саад болохгүй учраас гомдол гаргах эрх нь нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Гэвч хариуцагчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага үүссэн учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг дахин гаргасан. Хариуцагчийн зүгээс удаа дараа хүсэлт гаргаж, анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Мөн анхан шатны шүүхэд сүүлд ирүүлсэн баримтаас харахад Монгол Улсын хилээр гарсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Уг нөхцөл байдлын улмаас анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтэд үндэслэж, хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг удаа дараа хангасан боловч хариуцагчийн зүгээс хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч *******гийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

3.1. Хариуцагч ******* 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ******* миний бие сүүлийн 4 жил нуруу өвдөж уламжлалт болон европ эмчилгээ хийлгэж байсан билээ. Эмчилгээ үр өгөөгүй хугацаа алдаж бүүр муудаж, нуруу өвдөж сууж чадахгүй өвчин намдаах эм уусаар хэвтэрт ороод 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нуруугаа үзүүлэхээр БНХАУ-ын Хөх хотод онош гэж гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн цахим хаягаар холбогдох баримтууд болох онгоцны тиз, гадаад пасспорт, шинжилгээний хариу болон фото зургуудын хамт хавсарган ирүүлжээ. /хх 91-100/

3.2. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШЗ2024/17338 дугаар захирамжаар Тухайн хүсэлтийн үндэслэл дутуу, хүсэлтэд хавсаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх ба шүүхээс хариуцагч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээр удаа дараа хангаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан гэх үндэслэл заан хариуцагч *******гийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болж чадаагүй байна. /хх 91-99, 104/

Учир нь хариуцагч *******гийн цахимаар ирүүлсэн хүсэлтийг агуулга тодорхойгүй бол шүүх тодруулах, холбогдох баримтыг шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэж буй бол холбогдох баримтыг эх хувиар гаргаж өгөх боломжийг түүнд олгох байжээ.

Хариуцагч *******гаас гаргасан хүсэлтээр 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд өвчний улмаас ирэх боломжгүй байдлыг харгалзан анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулахдаа цахим баримтыг үндэслэлтэй гэж үзсэн атлаа 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн гаргасан хүсэлтэд хавсаргасан цахим баримтыг эргэлзээтэй гэж өөр өөрөөр дүгнэж буйг тайлбарлаагүй байна.

Хэдийгээр хариуцагч *******гийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан хүсэлтэд ... хэвтэрт ороод 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нуруугаа үзүүлэхээр БНХАУ-ын Хөх хотод онош гээд өгүүлбэрээ төгсгөж чадаагүй байдал бий боловч цахимаар ирүүлсэн баримт болох гадаад паспортын хувиас харвал тэрээр 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудал дахь шалган нэвтрүүлэх хэсгээр гадагш гарсан, ХХК-иас авсан нисэх онгоцны тасалбараар БНХАУ-ын Хөх хот хотоос 2024 оны 09 дүгээр сарын 27-ны 23:30 цагт нисч Монгол Улсын Улаанбаатар хотод 2024 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 01:00 цагт буухаар байгаа зэргийг харьцуулан дүгнэвэл тэрээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан гэж дүгнэхээр байна.

Анхан шатны шүүх энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш 5 сарын хугацаанд явуулж буй бөгөөд хариуцагч *******г өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхээр хангаж 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааныг хойшлуулж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеээр оролцож чадахгүй бол төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох боломжтойг анхааруулаагүй байна.

3.3. Иймд дээрх 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШЗ2024/17338 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан зохигч .. шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүйгээс мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.

4. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/04287 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид *******гаас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

Э.ЗОЛЗАЯА