Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 1021

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баярмаа,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч, хохирогч Д.Х , түүний өмгөөлөгч А.Нацагдорж,

Шүүгдэгч, хохирогч Д.П , түүний өмгөөлөгч нар Д.Баттулга, Д.Хишигбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Х , Д.П  нарт холбогдох эрүүгийн 1806 06372 0287 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнд машин механизмын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Д.Х .

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Д.П .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Д.Х , Д.П  нар нь 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Намъянжү” саунд хоорондоо маргалдан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан

үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Д.Х  мэдүүлэхдээ: “...Шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Харин хохирогчийн хувьд хэлэхэд тухайн өдөр саунд ороод Д.П тай таараад “сайн уу дүү” гээд түүнд “за саунд салтаа саамаа угаагаад дүү шоудах нь уу” гэсэн. Тэгсэн Д.П  босч ирээд намайг хоёр удаа цохьсон.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Д.П  мэдүүлэхдээ: “...2018 оны 7 дугаар сарын 29-ний орой би эхнэртэйгээ саунд үйлчлүүлсэн. Тэнд үйлчлүүлж байгаад дээд талын амралтын өрөөнд ороод доошоо усанд ороход энэ хүн тэнд сууж байсан. Би тэнд биеэ угаах гэхэд энэ хүн намайг маш муухайгаар хэлсэн. Тэгэхэд нь би “тийм юм байхгүй” гэхэд энэ хүн намайг цохиход би унасан. Дээрээс дэвсэхэд хүн салгасан. Тийм л зүйл болсон. Намайг цохиход Б.Балжинням гэх банди бүгдийг харсан. Намайг зодуулж байхыг тэнд байсан хүмүүс хараад инээлдэж байсан. Энэ бол хэдхэн секунтэд болсон асуудал би энэ хүнд гар хүрээгүй байхад өөрөө яллагдагч болоод явж байгаа нь гомдолтой байна. Хохирогчийн хувьд гомдолтой байна. Эмчилгээний зардал 674.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.П ын өгсөн мэдүүлэг /хх-14/, хохирогч Д.Х ын өгсөн мэдүүлэг /хх-29-30, 31-32/, гэрч Д.Мөнхцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-21, 135-136/, гэрч Б.Цолмонгийн өгсөн мэдүүлэг /хх-26/, гэрч Ц.Баасанжавын өгсөн мэдүүлэг /хх-35-37/, гэрч Б.Балжиннямын өгсөн мэдүүлэг /хх-38, 42-43/, гэрч Ц.Отгонжаргалын өгсөн мэдүүлэг /хх-39, /гэрч Н.Батхүрэлийн өгсөн мэдүүлэг /хх-138/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9305, 9646, 1079, 1312 дугаартай дүгнэлт /хх-70, 75, 92-93, 97/, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст Д.П ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-103-104/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-54-55/, Д.П ын гаргасан өргөдөл /хх-6/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-63, 67/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Д.Х , Д.П  нар нь 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Намъянжү” саунд хоорондоо маргалдан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.П ын өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр эхнэрийн хамт “Намъянжү” саунд ороод эхнэр эмэгтэй тасаг руу ороод би эрэгтэй тасаг руу ороод дүүшинд ороод байж байтал үл таних залуу “эмэгтэй хүн шиг алаа ямар муухай угаадаг юм бэ” гэхээр нь харсан чинь цуг явж байсан бололтой залуучууд байсан ба шоолоод инээлээд байхаар нь би “та нар ч гэсэн адилхан алаа ингэж угаадаг биз дээ, юунд олон нийтийн газар ингэж хүн доромжилдог юм бэ” гээд толгойгоо угаагаад дээшээ харсан чинь л үг дуугуй цохиод газар унагаасан. Намайг цохисон залууг нэг залуу цаашаа салгаад аваад явсан ба цус гоожоод босож ирээд “та нар хар даа энэ хүн намайг ингээд цохичихлоо, яаж байгаа юм бэ та нар хараа биз дээ” гэсэн чинь тэнд байсан 3-4 залуучууд “бид нар юу ч хараагүй” гээд инээлдээд байсан. Тэгээд би аргаа бараад “намайг зодчихлоо” гэсэн чинь манай эхнэр болон сауны үйлчлэгч нар ирээд тэр залууг “та яахлаараа дандаа ингэж байдаг юм бэ” гээд намайг цааш коридор руу авч яваад “наадахтайгаа битгий хамаагүй ярь, цагдаа дуудаад өгсөн нь дээр” гэсэн.” /хх-13-14, 16-17/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Х ын өгсөн: “...Пүрэвжав эхлээд миний баруун талын чих рүү нэг удаа, чихний ар тал дээд доод хэсэгт нэг нэг удаа зүүн мөр рүү нэг удаа цохиж. зүүн хөлийн шилбэ рүү нэг удаа өшиглөсөн.” /хх- 29/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мөнхцэцэгийн өгсөн: “...Би тухайн өдөр эмэгтэй саунд ээлжийн ахлахаар гарч байсан. 21 цагийн үед манай ажлын Цолмон гэх охин “Мөөгий эгчээ эрэгтэй саунд зодоон болоод байна” гээд хүрч ирэхээр нь би би хүний бие үрэх үйлчилгээ хийж байсан тул шууд гарч болохгүй байсан тул “чи очоод салгачих, би араас чинь очье” гэхэд Цолмон буцаж ирээд “Мөөгий эгчээ дийлэхгүй байна” гээд хаалга нээхэд эрэгтэй саунд хүмүүс орилдож сонсогдсон. Тэгээд би хувцас солих өрөөнд хувцсаа солиод эрэгтэй саунд ороход хувцас солих өрөө тэр чигээрээ цус болсон байсан. Гэтэл Бямбаа өөдөөс цус асгарчихсан гарч ирсэн. Би “цусыг цэвэрлэ” гэж ажилчиддаа хэлээд Бямбаагаас “ямар хүнтэй муудалцсан юм бэ” гэж асуухад эрэгтэй душны хаалгыг нээгээд заатал Хүрэлээ гэж хүн бассейнд сууж байсан. Тэгэхээр нь би Хүрэлээд “та дандаа хэрүүл гаргах юм, дандаа орж ирдэг байж” гээд хэлтэл Хүрэлээ “ална шүү пизда минь” гээд орилоод байсан.”/хх-22-23, 44-45/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цолмонгийн өгсөн: “...Би ажилтай байхад 22 цагийн орчим эрэгтэй саунд Бямбаа ах орилоод эхэлсэн. Би эмэгтэй саун ороод бүгд ажилтай байна, чи ороод болиулчих гэхээр нь би саун ороход Бямбаа ах цус болчихсон байсан. Тэр үед эхнэр нь надаар маникюр хийлгээд гарах гээд хувцсаа өмсөж байх хооронд Бямбаа ах дахиад шүршүүрт орох гээд ийм асуудал болсон. Тэгээд би ороод алхахад Хүрэлээ ах цаана сууж байсан. Би юу болсон талаар асуухад тэр хүн намайг “алаа ямар сонин угаадаг юм бэ” гэж доромжлоод цохичихлоо гэж хэлсэн.”/хх-24-25/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Отгонсүрэнгийн өгсөн: “...Би хувцсаа солиод үүдний өрөө рүү гарч байхад эрэгтэй саунд манай нөхөр “чи намайг цохидог нь яаж байгаа юм бэ” гээд орилоод байхаар нь би нөхрийнхөө дууг сонсоод гүйгээд очтол манай нөхрийн хамар далийгаад цус гарсан байсан. Тэгээд би “хүүе хэн цохьчихсон юм бэ” гэхэд цаанаас нь өндөр том биетэй настай хүн гарч ирээд “хэн цохьсон юм бэ, наадах чинь өөрөө газар халтираад унасан” гээд инээхээр нь би “та хөгшин хүн байж яасан сонин юм бэ, халтирч унасан хүний хамар ингэж мурийхгүй, цагдаа дуудна” гэхэд дууд дууд наад тэр цагдаа чинь ямар хамаатай юм бэ” гээд байсан.” /хх-40-41/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Балжиннямын өгсөн: “...Би тухайн халуун усны газарт 7 дугаар сараас хойш ажиллаж байгаад одоо гарчихсан байгаа. Тухайн өдөр би тус газар ганцаараа ээлжтэй ажиллаж байсан. Би ажлаа хийгээд алчуурандаа гараад эрэгтэй халуун усны өрөө рүү ороход Хүрэлээ гээд ах Пүүжээ ахыг цохиж байхыг нь харсан. Тэр үед Пүүжээ ах газар унасан байсан. Пүүжээ ах Хүрэлээ ах руу “чи яагаад намайг цохиж байгаа юм бэ” гээд дайраад байсан. Тэр үед Хүрэлээ ах “чи цаашаа байл даа” гээд түлхэж байсан. Тэгээд Пүүжээ ахын эхнэр эрэгтэй саунд ороод ирсэн.” /хх-42-43/ гэх мэдүүлэг, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Батхүрэлийн өгсөн: “...Тэгэхээр нь би Хүрэлбаатар дээр очоод “та яаж байгаа юм бэ” гэтэл Хүрлээ ах “наад хүн чинь аймар бааштай юм байна, миний чих рүү цохиод тэгэхээр нь би алгадчихлаа” гээд хэлж байсан. Тэгээд Пүрэвжав руу чихээ харуулж байсан. Пүрэвжавын хамар хавдсан байсан. Хүрэлбаатарын зүүн чих нь улайсан байдалтай байсан.” /хх-107-108/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 9305 дугаартай дүгнэлтэд:

1. Д.П ын биед хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” /хх-70/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 9646 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Х ын биед зүүн чихний хэнгэрэг хальсны цууралт, сонсголын бууралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” /хх-75/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1079 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Х ын биед гэмтлийн гаралтай зүүн чихний хэнгэрэг хальсны цууралт, сонсголын бууралт үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” /хх-92-93/ гэх дүгнэлт,

 

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1312 дугаартай дүгнэлтэд:

1. Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9305 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй гарсан №1050 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.

2. Д.П ын биед тухайн үед хамрын ясны хугарал, таславчний мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлчлэлээр тухайн цуг хугацаанд үүсэх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” /хх-97/ гэх дүгнэлт,

 

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-54-57/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-63, 67/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.П ын гаргасан: “...Би энэ хэргийг үйлдээгүй.” гэх тайлбар, мөн түүний өмгөөлөгч нарын гаргасан “…Нотлогдохгүй эргэлзээ бүхий тул шүүгдэгчид ашигтай байдлаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар цагаатгаж өгнө үү.” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Х ын өгсөн: “...Пүрэвжав эхлээд миний баруун талын чих рүү нэг удаа, чихний ар тал дээд доод хэсэгт нэг нэг удаа зүүн мөр рүү нэг удаа цохиж. зүүн хөлийн шилбэ рүү нэг удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг, гэрч Н.Батхүрэлийн өгсөн: “...Хүрэлбаатарын зүүн чих нь улайсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 9646 дугаартай дүгнэлтэд: “...Д.Х ын биед зүүн чихний хэнгэрэг хальсны цууралт, сонсголын бууралт гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт болон бусад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.П ын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан татгалзлыг хүлээн авах боломжгүй.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Д.Х , Д.П  нарын 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Намъянжү” саунд хоорондоо маргалдан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Х , Д.П  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон

учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Д.Х аас нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн 674.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.П т олгох нь зүйтэй байна.

 

Мөн хохирогч Д.Х , Д.П  нар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгч Д.Х , Д.П  нарын эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Х , Д.П  нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.Х , Д.П  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Х ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Д.П ыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Д.Х , Д.П  нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Д.Х аас 674.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.П т олгосугай.

 

5. Хохирогч Д.Х , Д.П  нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Х , Д.П  нар

нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.            

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Х , Д.П   нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Х , Д.П  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС