Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/01953

 

 

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/03615 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 6,638,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өөрийн өмчлөлийн, ******* улсын дугаартай, ******* маркийн автомашиныг ******* ХХК-ийн Тээврийн хэрэгслийн багц 3 буюу 80 хувийн даатгалыг сонгон даатгуулсан.

1.2. Тус автомашиныг ******* нь ******* ХХК-иас худалдан авч, барьцаанд тавьсан байсан. ******* нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өглөөний 07 цаг 30 минутад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу цэцэрлэгт хүрээлэнгийн урд талын зам дээр зорчиж байх үед урд явсан автомашин гэнэт тоормос гишгэснээр замын хажуу тал руу даран гэрлийн шон мөргөж осол гаргасан.

1.3. Ослоос үүдэн эрүүл мэнд болон тээврийн хэрэгсэлд хохирол учирсан ба даатгалын компанид ослын дуудлага өгсөн. Мөн тээврийн хэрэгслийн үнэлгээг газар дээр нь хийлгэсэн болно.

1.4. Ингээд даатгалын нөхөн төлбөр авах тухай хүсэлтээ ******* ХХК-д өгсөн боловч хариуцагч байгууллага нь даатгалын гэрээний 3.2.18, Монгол Улсын засгийн газрын 239 дугаар тогтоолын хавсралт 4-т заасны дагуу тээврийн хэрэгслийг ашигласан буюу улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан, зуны дугуйтай явж байгаад гэрлийн шон мөргөсөн учир нөхөн олговор олгохгүй гэсэн үндэслэлээр татгалзсан. Тухайн үед нэхэмжлэгч 4 улирлын дугуйтай явж байсан бөгөөд зам тээврийн ослын тодорхойлолтоор Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасны дагуу жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. гэсэн заалтыг нэхэмжлэгч ******* зөрчсөний улмаас осол гарсан гэж тодорхойлсон. Уг дүгнэлтэд зуны дугуйтай явснаас болсон гэсэн үг, үсэг огт байхгүй, тухайн үед хариуцагч байгууллага Монгол улсын Засгийн газрын 239 дугаар тогтоолын талаар танилцуулаагүй, гэрээний 3.2.18 дахь заалт ойлгомжгүй байна.

1.5. ******* ХХК-ийн хариуг зөвшөөрөхгүй гэж Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд тус байгууллагаас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 9/1499 албан тоот бичгээр дугуйнаас үүдэн гарсан осол биш тул ******* ХХК-д нөхөн олговор олгохыг даалгасан.

Гэвч ******* ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрч 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 22-01/681 дугаартай албан бичгээр уг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн болно. Ослын ийм тохиолдолд ******* ХХК-тай байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын 8 дугаар зүйлийн 8.6-д Даатгалын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан үүргээ зөрчиж байна. ******* ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон 8,298,000 төгрөгийн 80% буюу өөрийн хүлээх 20%-ийн эрсдлийг хасаж, 6,638,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Даатгуулагч нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* улсын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан бөгөөд тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр авах хүсэлт гаргасан. Тухайн ослын газар дээр манай компанийн шуурхай дуудлагын ажилтан Л.Бямбанаран очиж үзсэн ба Даатгалын тохиолдол, ослын бүртгэлийн тэмдэглэлд даатгалын тохиолдлын шалтгааныг зуны дугуйтай явж байгаад гэрлийн шон мөргөсөн гэж тодорхойлсон байх бөгөөд энэ нь нөхөн төлбөрийн материалд хавсаргасан фото зургуудаар нотлогдсон. Мөн нэхэмжлэгч *******ы манай байгууллагад гаргасан өргөдөлд зуны дугуйтай явж байсан гэдэг нь бичигдсэн байгаа.

2.2. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй хэсгийн 3.2.18-д Монгол улсын Засгийн газрын 2018 оны 239 тоот тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт-ыг зөрчсөний улмаас учирсан хохирол гэсэн заалт буюу тус жагсаалтын 3 дугаар зүйлийн 3.7-д "Улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан гэх заалтад хамаарч байсан тул нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Бид гэрээг хоёр хувь үйлдсэн бөгөөд нэхэмжлэгч ******* гэрээтэй танилцсан байх ёстой, мөн Засгийн газрын 239 дүгээр тогтоолыг мэдэж байх ёстой.

2.3. Мөн шүүгчийн захирамжийн дагуу ирсэн баримтуудаас үзвэл, осол гаргасан ******* улсын дугаартай автомашин нь ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, түүнээс иргэн *******ийн эзэмшилд шилжсэн байна. Өөрөөр хэлбэл осол болох үед нэхэмжлэгч ******* нь ******* улсын дугаартай автомашины өмчлөгч байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК‑иас 6,638,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******ы тэмдэгтийн хураамжид төлсөн 121,165 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 121,165 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Даатгуулагч нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зам тээврийн осол гаргасан. Тухайн ослын газар ******* ХХК-ийн шуурхай дуудлагын ажилтан өөрийн биеэр очиж, үзлэг тэмдэглэгээ үйлдсэн. Мөн ослын газрын фото зургийг авч, ослын тохиолдлыг баталгаажуулсан. Уг осол болсны дараагаар даатгуулагч нь ******* ХХК-д гараар өргөдөл бичиж, ослын нөхцөл байдлын талаар тайлбарласан. Уг нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийн зүгээс өөрийн татгалзлаа нотлох зорилгоор хэрэгт хавсаргасан. Гэвч анхан шатны шүүхээс зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон эрх бүхий этгээд болох цагдаагийн байгууллагын шийдвэр буюу зам тээврийн ослын тодорхойлолтыг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн.

Тухайн даатгуулагч нь Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.7-д зааснаар улирал, цаг агаарын нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан болох нь тогтоогдоогүй бөгөөд уг нөхцөл байдлын талаар цагдаагийн тодорхойлолтод дурдаагүй гэж дүгнэсэн. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж, мөн хуулийн 40.3 дахь хэсэгт шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар нэгэн нотлох баримт байж болохгүй гэж заасан.

Цагдаагийн байгууллагын зүгээс тухайн зам тээврийн ослын үйл баримттай танилцаж, тодорхойлолт гаргасан. Тухайн тодорхойлолтод зуны дугуйтай явсан талаар ямар нэгэн дүгнэлт, түүнтэй холбоотой хууль дүрмийг зөрчсөн талаар дурдаагүй. Мөн анхан шатны шүүхээс заавал тухайн газар дээр очиж үзсэн, фото зураг авсан эсэх, даатгуулагчийн зүгээс хүсэлт бичиж өгсөн эсэхийг тогтоосон цагдаагийн тодорхойлолтыг үгүйсгэхгүй гэж үндэслэлгүй дүгнэлт гаргасан.

Даатгалын гэрээний 3.2.18-д зааснаар техник хэрэгслийг ашиглахыг хориглосон зөрчлийн жагсаалтыг зөрчсөн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй болохыг дурдсан зохицуулалтыг анхан шатны шүүх ойлгомжгүй байна гэж үзсэн. Гэвч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, эд хөрөнгө болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөнд оролцох ёстой. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг зөрчиж, ямар нэгэн байдлаар зам тээврийн осол гаргасан тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэдгийг гэрээнд тусгасан.

Мөн Засгийн газрын тогтоол, Замын хөдөлгөөний дүрмийг даатгуулагчид ямар нэгэн байдлаар танилцуулсан, уг баримт бичгийг даатгуулагч өөрөө мэдэж байсан гэдгийг нотлох боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Мөн анхан шатны шүүхээс замын хөдөлгөөнд оролцож байх үед эрсдэл үүссэн учраас нөхөн төлбөрийг олгох ёстой, даатгуулагч шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Гэвч талуудын хооронд гэрээг байгуулахдаа даатгалын эрсдэл, нөхөн төлбөр олгохгүй байх эрсдэлүүдийг харилцан тохиролцсон.

Даатгалын гэрээгээр замын хөдөлгөөнд оролцох үеийн бүх төрлийн эрсдэлийг даатгаагүй бөгөөд хэрэв замын хөдөлгөөнд оролцох үеийн бүх эрсдэлүүдийг авсан бол даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөл хэсэгт замын хөдөлгөөний эрсдэлтэй холбоотой олгохгүй нөхцөл гэх заалтууд байх ёсгүй.

Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдийг даатгалын гэрээний 3.2.6, 3.2.11, 3.2.15, 3.2.16, 3.2.17, 3.2.18-т зааснаар замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлүүд үүсэх шалтгааныг дурдаж, тухайн нөхцөл байдал үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй болохыг тайлбарлаж тохиролцсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 6,638,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. ******* болон ******* ХХК 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаа гэх баримт үйлдэж, уг баримтаар даатгуулагч ******* даатгалын хамгаалалтаас Зам тээврийн хөдөлгөөнд оролцох эрсдлүүд хэсгийг сонгож, тээврийн хэрэгсэлийг ******* улсын дугаартай, ******* маркийн автомашин гэж, хугацааг 2021 оны 8 дугаар сарын 03-ны 00.00 цагаас 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 24.00 цаг хүртэл гэж тодорхойлж, даатгалын хураамжид 228,000 төгрөг төлөх, даатгагч ******* ХХК нь гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөр төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх-33/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн талаар талууд давж заалдах гомдол гаргаагүй.

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

5.1. Нэхэмжлэгч ******* ******* улсын дугаартай, ******* маркийн автомашины өмчлөгч болох нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр уг автомашиныг иргэн *******ээс худалдаж авсан, уг автомашины өмчлөх эрхийг 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр фидуцийн гэрээний ******* ХХК-ийн нэр дээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлсэн, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноор фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон тухай ******* ХХК-ийн 22/249 тоот албан бичигт дурдсан байдлаар тус тус тогтоогдож байна.

5.2. ******* даатгалын хураамжид 228,000 төгрөгийг ******* ХХК-д төлсөн.

5.3. ******* даатгалын гэрээний хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* улсын дугаартай, Тоёота Сай маркийн автомашиныг жолоодон, өглөөний 07 цаг 30 минутад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу цэцэрлэгт хүрээлэнгийн урд талын зам дээр зорчиж явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин автомашинаараа Р.Мөнгөнхайчийн жолоодож явсан, Нэт капитал финанс корпораци ББСБ ХХК-ийн Тоёота королла румион маркийн 6774 УАO улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан.

5.4. Осолд нэхэмжлэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.14-т жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгон явна" гэсэн заалтыг зөрчсөн, гэм буруутай болох нь Зам тээврийн ослын тодорхойлолтоор тогтоогдсон.

5.5. Уг осол нь даатгалын гэрээний Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлүүд болох Зам тээврийн осол: мөргөлдөх нөхцөлд хамаарч байгаа.

6. Талуудын хооронд 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр даатгалын гэрээ байгуулагдаж байхад уг автомашин ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан нь Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот албан бичиг, уг албан бичигт хавсаргаж ирүүлсэн Лавлагаа-2 гэсэн баримтаар тогтоогджээ.

Иймд даатгалын үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагын хувьд гэрээ байгуулахдаа уг бүртгэлийг шалгах боломжтой байсан болон даатгалын гэрээний зүйл болсон автомашиныг ******* нь фидуцийн гэрээний дагуу ******* ХХК-ийн өмчлөлд бүртгүүлж, өөрөө эзэмшиж байсан байдлаас дүгнэвэл нэхэмжлэгчийг даатгалын гэрээний үүргийг шаардах эрхгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болжээ.

Түүнээс гадна зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосноор 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ******* нь өөрийн нэр дээр шилжүүлж авах байсан автомашиныг нэр заан гуравдагч этгээд болон *******ийн нэр дээр бүртгүүлэхээр ******* ХХК-д илэрхийлж, улмаар автомашин *******ийн нэр дээр бүртгэгдсэн байдал нь автомашины өмчлөх эрхтэй байх хугацаан дахь даатгалын нөхөн төлбөрийг шаардах түүний эрхийг үгүйсгэхгүй юм.

7. Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1 дэх хэсэгт зааснаар даатгалын тохиолдол бий болсон бөгөөд даатгуулагч нь даатгагчид нэн даруй мэдэгдэх үүргээ гүйцэтгэсэн талаар талууд маргаагүй. Даатгагчийн төлөөлөгч Даатгалын тохиолдол, ослын бүртэл-ийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8.50 цагт үзлэг хийж бүрдүүлсэн, тохиолдлын шалтгааныг зуны дугуйтай явж байгаад гэрлэн шон мөргөсөн гэжээ. Уг баримтыг жолооч *******д танилцуулсан талаар тэмдэглээгүй. ******* уг үйл баримттай маргаагүй.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл болон 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Зам тээврийн осол/даатгалын тохиолдол/-ын тодорхойлолтод жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгон явна гэсэн заалтыг зөрчсөн талаар тэмдэглэж, акт үйлдсэн байна. Цагдаагийн байгууллагаас хийсэн зам тээврийн ослын баримтад автомашин зуны дугуйтай байсан талаар тусгаагүй нь бодитоор тухайн үед автомашин зуны дугуйтай байсныг үгүйсгэх үндэслэл болохгүйг анхан шатны шүүх анхаараагүй байна. Харин нэхэмжлэгч ******* уг үйл баримт гэрээний 3.2.18-д заасан нөхөн олговор олгохоос татгалзах үндэслэлд хамаарна гэдгийг хариуцагч талаас тайлбарлаагүй гэсэн байр суурийг ******* ХХК-д нөхөн төлбөр гаргуулах өргөдөл гаргахдаа илэрхийлжээ.

8. Даатгалын гэрээний 3.2-т талууд даатгалын нөхөн төлбөр олгохгүй тохиолдлын талаар тохиролцсон байх бөгөөд уг заалтын 3.2.18-д Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 239 тоот тогтоолын 4-р хавсралтаар баталсан Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох, эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт-ыг зөрчсөний улмаас учирсан хохирол гэж заажээ.

Гэрээнд талууд даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх тохиолдлыг хууль болон дүрэмд заасан нөхцөлийг иш татаж тохиролцон тогтоож болно. Харин энэ тохиолдолд эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журмыг иш татаж байгаа бол тухайн дүрмээс оруулж буй заалтуудыг гэрээний нөхцөл болгож байгааг танилцуулсан байх ёстой гэх агуулгаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Учир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг жолооч зөрчсөн тохиолдолд түүнд Зөрчлийн тухай хуульд заасан холбогдох арга хэмжээг авна. Энэ утгаар жолооч уг дүрмийг заавал мэдэх үүрэгтэй.

Харин даатгалын гэрээний нөхцөл болгож иш татаж оруулахаар бол мэргэжлийн байгууллага болох хариуцагч ******* ХХК нь тохиолдол бүрийг гэрээний нөхцөлийн хувьд даатгуулагчид тайлбарлаж өгөх үүргийг хүлээнэ. Энэ нь даатгуулагчид жолоочийн хувьд мэдэх ёстой дүрмийг тайлбарлаж буй биш харин гэрээний нөхцөлийг тайлбарлаж буй үйлдэл болох юм. Иймд нөхөн төлбөр олгохоос татгалзсан нөхцөл бүрийг талууд харилцан тохиролцсон байх учиртай бөгөөд ийнхүү нөхцөл бүрээр тохиролцсон байдлаа мэргэжлийн байгууллага нотлох үүрэгтэй, энэ үүргээ хариуцагч тал баримтаар нотлоогүй.

9. Иймд хариуцагч ******* ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 22-01/214 тоот албан бичгээр компанийн шуурхай дуудлагын ажилтан Л.Бямбанарангийн даатгалын тохиолдол, ослын бүртгэлийн тэмдэглэлд даатгалын тохиолдлын шалтгааныг зуны дугуйтай явж байгаад гэрлийн шон мөргөсөн гэж тодорхойлсон нь нөхөн төлбөрийн материалд хавсаргасан фото зургуудаар тогтоогдож байна... гэсэн үндэслэлээр гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.18-д зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь буруу болжээ.

10. Ослын улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашинд баруун урд крыло, капуд, баруун урд хаалга зэрэг эд ангид дунд зэргийн эвдрэл, хойд буфер, баруун дээд баганы хамгаалалтын дэр, баруун хойд цап зэрэг эд ангид эвдрэл үүссэнийг ******* ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт, ******* ХХК-ийн мөн оны 12 дугаар сарын 28-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланг үндэслэн тогтоож, автомашинд учирсан эвдрэл гэмтэл болох 24 төрлийн эд ангиудыг солих, засварлахад гарах шууд зардлыг 7,098,000 төгрөг, 6 төрлийн шууд бус зардалд 1,200,000 төгрөг, нийт 8,298,000 төгрөгийн хэмжээгээр хохирлыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх 35-38, 39-41/

11. Гэрээний 4.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагаатай холбоотойгоор хохирлын 20 хувийг хасч 6,638,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн хэмжээгээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

12. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/03615 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Э.ЗОЛЗАЯА