Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1068

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,

Улсын яллагч Э.Ундрах-Хэрлэн,

Шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.Х холбогдох эрүүгийн 1903 00360 0222 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймаг Бат-Ширээт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй,   ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо,  тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Э.Х .

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 02 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Жүли” баарны зүүн хойд замд “Крос” маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь дараах бичиг баримттай байна а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй). 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, .. хэрэглэсэн,... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний замаар явж байсан явган зорчигч Д.Балжиннямыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-4, 6-7, 12-14/, жолооч Э.Х согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-10/, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17/, хохирогч Д.Балжиннямын өгсөн мэдүүлэг /хх-21-23/, гэрч Т.Галбадрахын өгсөн мэдүүлэг /хх-38/, Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-80/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4513 дугаартай дүгнэлт /хх-48/, Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №196 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-53/, шүүгдэгч Э.Х яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-61-62/, шүүгдэгч Э.Х ял шалгах хуудас /хх-71/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Э.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 02 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Жүли” баарны зүүн хойд замд Крос маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь дараах бичиг баримттай байна а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй). 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, .. хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний замаар явж байсан явган зорчигч Д.Балжиннямыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Балжиннямын өгсөн: “...Би Сансарын “Жүли” баар орохоор гурван найзын хамт явж байсан. Доод талын караокед орчихоод суухгүй шууд гараад ирсэн. Манай хоёр найз тэндээ үлдээд би найз Бишрээгийн хамт түрүүлээд гараад явтал араас мотоцикл ирээд баруун талаас мөргөсөн. Тэгээд мөргүүлчихээд босох гэтэл босож чадахгүй байсан. Манай найз цагдаа болон түргэн дуудсан байсан. Удалгүй цагдаа, түргэн хоёр зэрэг шахуу ирээд намайг түргэн гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Баруун шилбэ хугарсан. Хоёр яс нь хоёулаа хугарсан, эмчилгээ хийлгэмээр байна. Баруун хөлний шилбэний хагалгаанд орсон. 2.600.000 төгрөгийн эмчилгээ хийгдсэн. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй, Би шүүх хуралд суухгүй, хэргийн материалтай танилцах шаардлага байхгүй. /хх-21-23/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бишрэлийн өгсөн: “...Сансараас “Жүли” бааранд орохоор явж байгаад баарны зүүн талд мотоциклд найз мөргүүлсэн. Манай найз Б.Ганзориг таксины жолооч ахын утсаар 102, 103-т дуудлага өгсөн. Түргэн ирээд гэмтэл рүү аваад явсан. “/хх-36/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Галбадрахын өгсөн: “...”Жүли” баарны зүүн талаар гэр рүүгээ явж байтал мотоциклтой жолооч явган зорчигч мөргөөд унагасан байсан. Би өөрөө эмч учраас анхны тусламж үзүүлье гэж бодоод очсон.” /хх-38/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Азбаярын өгсөн: “...Тэр Корос маркын мотоцикл миний өөрийнх мөн. Бичиг баримт байхгүй. Сэлбэг маягаар оруулж ирээд угсарсан. Тухайн үед хамт ууж байхад Э.Х байж байгаад унасан. Моторын таг хагарсан.” /хх-44/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4513 дүгнэлтэд:

              1. Д.Балжиннямын биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

              2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл.

              3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

              4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-48/ гэх дүгнэлт,

 

              Мөрдөгчийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 188 дугаартай магадлагаанд:

   1. Корос маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож явсан Э.Х нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1-т заасан “Механикзсан тээврийн хэрэгслийн жолооч нь дараахь бичиг баримттай байна. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй). 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедзэ тээврийн хэрэгсэл жолоодох.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул. саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /хх-ийн 53х/,

   2. Явган зорчигч Д.Балжинням нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна.” /хх-53/ гэх магадлагаа,

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Х яллагдагчаар өгсөн: “...Надад мотоцикл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Би бусдад учруулсан хохирлуудаа бүгдийг төлж барагдуулсан. Маш их харамсаж байна.” /хх-61-62/ гэх мэдүүлэг, 

 

           Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн хуулбарлан ирүүлсэн өвчний түүх /хх-26-35/,

           Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-4, 6-7, 12-14/,

           Жолооч Э.Х согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-10/,

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17/,     

           Шүүгдэгч Э.Х ял шалгах хуудас /хх-71/ болно.

 

Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Э.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 02 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Жүли” баарны зүүн хойд замд “Крос” маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь дараах бичиг баримттай байна а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй). 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, .. хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний замаар явж байсан явган зорчигч Д.Балжиннямыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Д.Балжинням, гэрч Б.Бишрэл, Т.Галбадрах, Д.Азбаяр нарын өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4513 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 188 дугаартай магадлагаа, Э.Х гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон хавтас хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Э.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Э.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан ял шийтгэх оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчийн зүгээс хохирогч Д.Балжинням учирсан 2.600.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх шүүгдэгч Э.Х эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Э.Х эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоохгүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцлоо.  

 

            Иймд шүүхээс шүүгдэгч Э.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг тэнсэхээр шийдвэрлэв.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хадгалж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн ¹1021075 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр тогтов.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Э.Х тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д тус тус зааснаар шүүгдэгч Э.Х тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1  жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Э.Х оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Э.Х нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хадгалж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн ¹1021075 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.Х урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

           9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Х авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                            Э.ЧИНГИС