Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 004

 

Е.Серикмуратад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийж,

 

хяналтын прокурор Б.Ботакөз,

шүүгдэгч Е.Серикмурат, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд,

хохирогч  Х.Серихан, хохирогчийн өмгөөлөгч Х.Зулхаш,

орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Айдынгүл нарыг оролцуулан,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолтой, Е.Серикмуратад холбогдох эрүүгийн 201604000205 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ители овогт Ерланы Серикмурат, Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 26 настай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, ажилгүй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, эцэг, дүү, эхнэр 2 хүүхдийн хамт амьдрах, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай БК90091313.  

Шүүгдэгч Е.Серикмурат нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 83-43 БӨА улсын дугаартай, “Хюндай грес” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад, Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт гурван замын уулзварын Домбортой хөшөөний баруун талд байрлалтай “Домбыра” супермаркетын хажууд засмал зам хөндлөн гарах гэж байсан явган зорчигч, бага насны хүүхэд С.Ахтуйганыг 17 цаг 48 минутад мөргөж, авто осол гаргаж, амь насыг нь хохироосон  гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор

“1. Шүүгдэгч Ители овогт Ерланы Серикмуратыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Е.Серикмуратын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Е.Серикмуратад оногдуулсан 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэж  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Е.Серикмурат, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдолд: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд, шүүгдэгч Ители-Ахбахты овогт Ерланы Серикмурат бид Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн /давж заалдах гомдолд бичсэнээр/ 66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт   "... Хүний амь насыг хагацаасан нь ахин сэргээж, анхны байдалд нь оруулах боломжгүй, түүнийг мөнгөөр дүйцүүлэн төлүүлэх хуулийн зохицуулалт байхгүй боловч шүүгдэгч  Е.Серикмурат  нь  хохирогчийн  хууль   ёсны   төлөөлөгчөөс уучлалт    гуйх,    учирсан    бодит    хохирлыг    төлж    барагдуулах талаар санаачилга огт гаргаагүй өнөөг хүрсэн байна. Харин хүний амь нас хохироосноороо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56.1.4-д заасан “хүнд хор уршиг учирсан", Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56.1.6-д заасан "...бага насны хүүхэд, ..... эрхшээлд байсан, хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн" зэргийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон харгалзан үзлээ" гэж дүгнэжээ. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2-т "Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар,  хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ",  мөн хуулийн 56.2-т "Энэ хуулийн 56.1-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал нь уг хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байгаа бол түүнийг ял оногдуулахад харгалзаж үзэхгүй”, мөн хуулийн 56.3-т "Шүүх ял оногдуулахдаа энэ хуулийн 56.1-д зааснаас бусад байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй" гэж заасныг тус тус ноцтой зөрчиж байна. Анхан шатны шүүх улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн саналыг онцгойлон анхааран, шүүгдэгч Е.Серикмуратад ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгч Е.Серикмуратад ял оногдуулахад Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангид заасан дараах  хөнгөрүүлэх  нөхцөл  байдал тогтоогдсон байгааг анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн   55 дугаар зүйлийн   55.1.1. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,

2. Эрүүгийн хуулийн   55 дугаар зүйлийн 55.1.3. Гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн   55.1.9. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн,

4. Шүүгдэгч Е.Серикмурат нь хувийн байдлын хувьд эвдрээгүй, даруу зан төлөвтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, эхнэр нь ажилгүй, бага насны 2 хүүхэдтэй, нэн ядуу амьдралтай жирийн нэгэн иргэн.

5. Шүүгдэгч Е.Серикмуратын үйлдсэн гэмт хэргийн субъектив санаа зорилго нь болгоомжгүй хэлбэртэй буюу тэрээр санаатай гэмт хэрэг үйлдээгүй байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолын хууль зүйн үндсийг хянан үзээд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551 -т заасныг иш үндэслэл болгон шүүгдэгч Е.Серикмуратад оногдуулсан 4 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгөхийг гүнээ хүсэж байна. Давж заалдах гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд өмгөөлөгч Я.Сьезд, шүүгдэгч Е.Серикмурат бид заавал оролцох хүсэлтэй байна.” гэжээ.

Хохирогч Х.Сериханы тайлбарт: 1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн/давж заалдах гомдолд бичсэнээр/ шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт заасан "Хүний амь насыг хагацаасан нь ахиж сэргээж, анхны байдалд оруулах боломжгүй, түүнийгээ мөнгөөр дүйцүүлэн төлүүлэх боломжгүй, Е.Серикмурат нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйх, хохирол төлүүлэх талаар санаачилгатай хандаагүй" гэж үзсэнийг эсэргүүцсэн хэлбэртэй давж заалдах гомдолд дурджээ. Шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн /давж заалдах гомдолд бичсэнээр/ 66 дугаар шийтгэх тогтоолын үндэслэх хэсгийн дээрх дүгнэлт бол бодит байдалд нийцэж байна. Учир нь хохирогч X.Серихан надад шүүгдэгч Е.Серикмурат нь “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүх хуралдаанд" авч ирсэн нь түүний гэмт хэрэгт гэмшихгүй байдлыг илтгэж байгаа ба хохирлыг сайн дураар нөхөн төлсөн гэж үзэх боломжгүй. Нөгөө талаар Е.Серикмуратын хэдэн төгрөг төлж өгснөөр миний хүүхэд амьдраад босож ирэхгүй учир Е.Серикмуратын хууль бус үйлдлээс болж,  "нөхөгдөшгүй" хохирол учирсан гэж шүүх тогтоолд үндэслэснийг өмгөөлөгч Я.Сьезд "эсэргүүцэж гомдол" гаргасан нь өмгөөлөгч Я.Сьезд өмгөөлөгчийн ёс зүй, хүмүүнлэг бус, хэрцгий этгээд болохыг харуулж байна.

Шүүгдэгч Е.Серикмурат нь гэмт хэрэг гарсан мөчөөс эхэлж хохирогч бидэнтэй огт уулзаж, учирч, ядахдаа сэтгэл зүйн дэм үзүүлж, уучлалт гуйгаагүй байсан бөгөөд гэмт этгээд Е.Серикмуратыг хохирогч X.Серихан миний бие анх удаа "шүүх хуралдаанд" барааг нь харсан тул шүүхийн “хохирогч уучлалт гуйгаагүй, хохирлыг барагдуулах талаар санаачилга гаргаагүй” гэж үзсэн нь бодит үнэнд нийцсэн, гэмт хэрэгтэн Е.Серикмуратын хувийн байдалд зөв үнэлэлт хийсэн явдал гэж үзэж байна.

 

2. Анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолын үндэслэл хэсэгт "Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг үндэслэн анх удаа хүндэвтэр ангиллын гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ шүүх хуралдаанд гэмшсэн, зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо." гэж тодорхой тусгасан учир Я.Сьезд давж заалдах гомдолдоо " Эрүүгийн хуулийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.9-д заасан хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзан үзээгүй гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

 

3. Шүүгдэгч Е.Серикмуратын үйлдэлд Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 56.1.6, 56.1.10-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал байгаа болох нь тогтоогдсон, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, "нөхөгдөшгүй" хохирол учирсан, хувийн байдлын хувьд гэмт хэрэгт гэмшээгүй, уучлалт хүсээгүй зэрэг нөхцөл байдалтай учир эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан "Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах" боломжгүй болно.

Иймд шүүгдэгч Е.Серикмуратын өмгөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

Ялтан Е.Серикмурат нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагаас 18 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт онгоцны буудал руу явах замын уулзварт, ертөнцийн зүгийн зүүн талд Цагаануурын чиглэлээс ирэх засмал замын  баруун хэсэгт уулзвараас 15 м зайд хатуу хучилттай засмал зам дээр 83-43 БӨА улсын дугаартай “Хюндай Грес” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д зааснаар “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2.7.а-д зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д зааснаар “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэлдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна гэсэн” заалтыг зөрчсөний улмаас засмал зам хөндлөн гарах гэж байсан бага насны буюу 7 настай охин С.Ахтуйганыг мөргөж, амь насыг нь хохироож, 2.500.000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Давж заалдах шатны шүүхээс эрүүгийн 201604000205 дугаартай хэрэгт доорх үндэслэлүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Үүнд:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн акт /хх-ийн 3-11-р хуудас/

 

- Цагдаагийн газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд "...бичлэгийг үзэж байхад 17 цаг 46 минутад Цагааннуур тосгоноос ирэх засмал замаар аймгийн төв рүү Домбортой гурван замын уулзвараар шар болон цагаан өнгөтэй хоёр ачааны том машин өнгөрсөн бөгөөд удалгүй араас нь ногоон өнгөтэй 83-43 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хурдтай ирж байгаад зам хөндлөн гарах гэж байсан цагаан курткатай эмэгтэй хүүхдийг 17 цаг 48 минутад мөргөж амь насыг нь хохироосон бичлэг байсан. Иймд цагдаагийн газрын хяналтын камерт бичигдсэн уг үйлдэлд ач холбогдол бүхий бичлэгээс 17 цаг 40 минутаас 17 цаг 50 минут хүртэлх бичлэгийг хуулбарлан авч, сиди дискэнд буулгав..." /хх-ийн 21-р хуудас/

 

- Хохирогч Х.Сериханы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн: "… Би эхнэр 5 хүүхдийн хамт амьдарч байсан бөгөөд талийгаач охин маань 4 дэх хүүхэд байсан юм. Талийгаач охин маань 2 дугаар бүрэн дунд сургуульд 2 /д/ н.Гүлжайна багшийн ангид сурдаг байсан. Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 13 цагт хичээлд нь хүргэж өгөөд орой 17 цагаас авсан байсан. Ээж нь "Домбор" супермаркет нэртэй дэлгүүрт худалдагч хийдэг бөгөөд гэр ойрхон байдаг тул гэр рүүгээ ганцаараа явж байгаад гурван замын уулзвараар гарах үед нь "Зайд" сургуулийн чиглэлээс ирсэн машин мөргөж, амь насыг нь хохироосон байсан юм. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргаж, хүүхдийн минь амь насыг хохироосон хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү" гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/

 

- Гэрч Н.Саулешийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би Өлгий сумын 10 дугаар багт байршилтай Домборын гурван замын уулзварын хажууд байдаг “Домбор” супермаркетэд ажиллаж байсан. Тэгээд уг өдөр охин болох С.Ахтуйганыг хичээлээс нь тарахад нь аваад дэлгүүрт хамт байж байгаад ойрхон байдаг гэртээ очихоор гарсан юм. Охин маань дэлгүүрээс гараад удалгүй байж байхад чанга дуу чимээ гарахад нь цонхоор харсан тэр үед охин маань машинд мөргүүлж засмал замын уулзварын наад талд газар хэвтэж байхаар нь гүйж очсон юм. Очоод тэврээд авахад толгой тус газраас их цус гарч байсан, нүүр хэсэг нь бүхэлдээ цус болсон байсныг хараад айж сандарч сайн анзаараагүй тэврээд байж байхад нэг үл таних эмэгтэй ирээд эмнэлэгт хүргэж өгье гээд эмнэлэгт авч ирсэн. Эмнэлэгт авч ирээд эмч нар үзэхэд аль хэдий нь нас барсан байсан ба эмнэлгийн анхан шатны тусламж авах боломжгүй байсан. Намайг анх очих үед нас барсан байсан байх, огт хөдлөхгүй ухаангүй байсан. Юу ч гэсэн толгой нь хагарч цус гарч байсан, мөн гутал нь тайлагдсан байсан, цүнх нь урагдаж доторх эд зүйлүүд нь цацагдсан байсан юм. Надад өөр сайн мэдэх зүйл байхгүй. ...Гэм буруутай, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, миний хүүхдийн амь насыг хохироосон Е.Серикмуратад хуулийн дээд хэмжээгээр арга хэмжээ авч өгнө үү." гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/

 

- Шүүгдэгч Е.Серикмуратын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Тэр газраас машинаа унаад  гэрлүүгээ явсан  гэрийн наад талд “Зайд“ сургуулийн хажууд  ирээд тэр 2 багш яагаад надад хүүхдүүдийг өгөхгүй байгаа юм, би дахин уулзана гээд эргээд явсан, хэдэн цагийн хурдтай явж байгаагаа мэдээгүй “Домбор”-ын гурван замын уулзварын хажуугаар явж байгаад замын хажууд явж байсан нэг эмэгтэй хүүхдийг машинаар дайрсныг мэдээд зогссон юм. Эхнэр ч гэсэн хүүхэд дайрчлаа гэж хэлсэн. Машинаас буугаад хүүхдийг засмал замын хажууд хэвтэж байсныг хараад ухаан алдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92-р хуудас/

 

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “... 2. Е.Серикмуратын цусанд 2.7% пропилл этилийн спирт илэрч байна. Иргэн Е.Серикмурат нь тухайн үед хүчтэй согтолттой байсан байна” гэх дүгнэлт.

- Замын Цагдаагийн Тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...

1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.

3. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д зааснаар жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэлдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байна” гэх дүгнэлт  /хх-ийн 75-р хуудас/

 

- Баян-Өлгий аймгийн Авто тээврийн үндэсний төвийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "...

1. Хюундей Грейс маркийн 83-43 БӨА улсын дугаартай микро автобусыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын түр саатуулах хашаанд шалгаж үзэхэд тээврийн хэрэгсэл нь 1996 онд ашиглалтад орсон, арлын дугаар КМFFD37АРТU287937.

2. Уг тээврийн хэрэгсэл осолд орохоос өмнө техникийн хувьд бүрэн
бүтэн байсан байна. 2.Тээврийн хэрэгслийг асааж жолооны механизм, тормозыг шалгаж үзэхэд хэвийн ажиллагаатай байна.

4. Техникийн бүрэн бүтэн байдал хэвийн байна. Авто осол гарах болсон шалтгааныг хэргийн газар үзлэг хийсэн Замын Цагдаагийн байцаагчид тогтооно.

5. “Хюундей Грейс” маркийн 83-43 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд нүүр дотогшоо хонхойж орсон, баруун урд оврын гэрэл сууриараа хагарсан нь бусад зүйлийг хүчтэй мөргөсний улмаас эвдрэл үүссэн байна” гэх дүгнэлт. /хх-ийн 83-р хуудас/

 

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаартай дүгнэлтэд: “...

1.Талийгаач С.Ахтуйганы цогцсонд хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины битүү гэмтэл, няцралт, толгойн хуйхны доор цус хуралттай, гавлын орой яс хугарсан, тархины эдүүдэд бүхэлдээ няцарсан, цус хуралтууд үүсгэсэн хажуугийн болон суурь хэсэгт цус хуралтууд үүссэн, хэлний үзүүрт шархтай, духны баруун талд хацрын баруун тал бүхэлдээ зулгарсан шархтай, зулайн зүүн талд хуйханд гавлын хөндий рүү нэвтэрсэн ил шархтай, зүүн чамархай зулгаралттай, зүүн бугалганд цус хуралттай, баруун алганы зөв гадаргууд бүхэлдээ зулгаралттай, зүүн гуяны урьд хэсэгт ташуу байрлалттай, баруун шагайны арын хэсэгт зулгаралттай баруун гарын 4-5 хуруунд 1-р үений зулгаралттай, баруун шагайны дотор хажууд зулгаралттай, баруун чихний хуруунд 1-р үенд зулгаралттай зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэлтэй гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүссэн болно.

3. Талийгаачийн биед үүссэн гэмтэл амь биед аюултай, хавсарсан хүнд гэмтэлд хамаарагдана.

4. Талийгаачийн тархины битүү гэмтэл, няцралт, толгойн хуйхны доор цус хуралттай, гавлын орой яс олон хэсэг болон цөмөрч хугарсан, тархины эдүүдэд бүхэлдээ няцарсан, цус хуралтууд үүссэн, хажуугийн ховдол болон суурь хэсэгт цус хуралтууд үүссэн зэрэг хүнд хавсарсан гэмтэл нь үхэлд хүргэсэн байна.

5. Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдоогүй...” гэх дүгнэлт “хх-ийн 70-71-р хуудас/

- Гэрч Б.Сайрангүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2016 оны 9 дүгээр сарын 15-ны өглөө 09 цаг өнгөрч байхад нөхөр маань цэцэрлэг рүү хүүхдүүдийг аваад явсан. Өдрийн цайны цагаар ирэхгүй байсан тул утас руу нь залгасан чинь гадуур ажлаар явж байгаа гэсэн. Тэгээд орой хүүхдүүдийг цэцэрлэгээс аваад ирэх байх гэж бодож байсан, 17 цагийн үед цэцэрлэгийн багш Нургүл залгаад “танай нөхөр согтуу ирзэд хуүхдүүдийг авна гэж байна, би өгөөгүй” гэхээр нь хүүхдүүдийг битгий өгөөрэй, би очъё гэж хэлчихээд хүргэн ах Жанибекийн машинаар очиж авахаар цэцэрлэгт очсон. Цэцэрлэгт очиход миний нөхөр Серикмурат согтуу байж байсан ба багш нар хүүхдүүдийг өгөхгүй зогсож байсан. Би нөхрийнхөө машинд суусан, Жанибек хүүхдүүдийг суулгаад хөдлөж, нөхөр маань мөн машинаа асаагаад хөдлөж явах үед урдаас нь мотоцикль гарч ирэхэд нь бултаж жолоогоо мушгих үед Жанибекийн машины зүүн хойд талыг мөргөсөн. Тэр үед хоёр машин зогссон, дотор нь байсан хүүхдүүдийг багш нар аваад үлдсэн. Жанибек бууж ирээд машин зүгээр байна, архи уугаад гээд загнаад машин нь зүгээр байхаар нь нэг их юм хэлэлгүй явчихсан. Араас нь бид хоёр хөдлөөд засмал замаар 3 замын уулзвараар өнгөрч гэр рүүгээ явж байсан ба Зайд бүрэн дунд сургуулийн наад талд нь очих үед “би хүүхдүүдээ очиж авна, надад багш нар яагаад өгөхгүй байгаа юм” гээд дахин эргээд нэлээд хурдтай явсан, чухам яг хэдэн км цагийн хурдтай явсан талаар мэдэхгүй байна. Домбортой 3 замын уулзварын наад талд давхиж байхад хэд хэдэн машин зөрж өнгөрсен, Домбор дэлгүүр талаас буюу замын баруун талаас нэг хүүхэд гараад ирсэн. Би нөхөр Серикмуратад аяархан яваарай гэж хэлж байхад хүүхэд гарч ирэхэд анзаарахгүй хүүхдийг мөргөсөн би машинаа зогсоо хүүхэд дайрчихлаа гэхэд яваад уулзвар өнгөрөөд колонкын хажууд очоод зогссон. Би машинаас буугаад тэр газар руу гүйгээд ирэхэд Домбор дэлгүүрийн урд талд ээж нь гэсэн, хүүхдийг тэврээд уйлаад миний хүүхдийг алчихлаа гэж сууж байсан" гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/

- Гэрч С.Жанибекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Тэгээд би машинаа асаагаад “Зайд” сургуулийн хажууд байдаг гэртээ очоод хадам дүү болох Бердимуратыг дагуулаад болсон асуудлыг хэлээд, та очоод Серикмуратыг авахгүй бол согтуу байна, миний үгэнд орохгүй байгаа гээд дагуулаад машинаараа Домбортой 3 замын уулзварт дөхөж ирэхэд Серикмуратын машин 3 замын уулзварын хажууд байдаг "Рысжан" ШТС-ын хажууд аваарын гэрэл асаагаад байж байсан. Домбор дэлгүүрийн хажууд баахан хүмүүс цугларсан байсан. Серикмурат машинаас буугаад хойшоо чиглээд замаар гүйж байхыг нь хараад Бердимурат машинаас буугаад араас нь гүйсэн, би машинаа замын хажууд тавиад мөн араас нь гүйгээд очиход, Серикмурат засмал замын голоор гүйж байхаар нь татах үед газар унасан юм. Хүүхэд дайрсан байсан болохоор уур хүрээд газарт байхад нь би суганы доод   хэсэгт   нь    ганц   хоёр   удаа    өшиглөсөн, Бердимурат мөн  нэг  хоёр удаа өшиглөсөн. Дахин хэрэг болсон газарт ирэх үед дайрагдсан хүүхдийг эмнэлэг рүү авч явсан болохоор араас нь очиход хүүхэд нас барсан байна гэж аваад гарч байсан" ...Намайг ирэхэд гурван замын хажууд байдаг дэлгүүрийн наад талд мөргүүлсэн хүүхдийг ээж нь тэврээд уйлаад сууж байсан, ойртож очиж харж чадаагүй болно" гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/

 

- Гэрч Е.Бердимуратын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Серикмуратын машин уулзвар өнгөрөөд аваарын гэрлээ асаагаад замд зогсож байсан. Серикмурат засмал замаар хойшоо чиглээд гүйж байхаар нь би юу болсон, ямар авто осол гарсан гэдгийг мэдээд машинаа зогсоогоод хүргэн ах Жанибек бид хоёр машинаас буугаад Серикмуратыг араас нь хөөгөөд 3 замын уулзварт очоод барьж аваад хүзүүнээс нь тэврээд авах гэж барихад Серикмурат замын гол хэсэгт дагзаараа унасан. Би энэ согтуу байна шүү дээ гэж бодоод зүүн талын мөр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн, хүргэн ах Жанибек баруун талын бөөр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед Домбор нэртэй дэлгүүрийн урд нэг эмэгтэй наад жолооч миний хүүхдийг мөргөөд алчихлаа гэж уйлаад нэг хүүхдийг урдаа тэврээд сууж байхаар нь би сандраад хүүхэд дайрсан байна гэж бодоод, Серикмуратыг хүргэн ах Жанибекийн хамт чирээд замаас гаргаад дэлгүүрийн урд газарт сууж байсан хүн рүү гүйж очсон. Намайг очиход хүүхдээ урдаа тэвэрсэн, хүүхэд нь ямар ч хөдөлгөөнгүй байсан. Түргэн тусламж дууд, цагдаа дуудаарай гэж хэлсэн. ....хажууд нь Серикмуратын эхнэр Сайрангүл хамт байсан" гэсэн мэдүүлэг зэргээр тус тус бүрэн нотлогдож тогтоогджээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж, шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, эрүүгийн 201604000205 дугаартай хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон, нотлох баримтуудад үндэслэн хэргийн талаар дүгнэлт хийх бүрэн боломжтой, хэргийн жинхэнэ байдалд анхан шатны шүүхийн дүгнэлт нийцсэн бөгөөд хэргийг зөв зүйлчилсэн байна. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Е.Серикмурат гэмт хэрэг үйлдсэн нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, бусдын амь насыг хохироохдоо Замын  хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7.а, 9.1 дэх заалтуудыг гэм буруутайгаар зөрчсөн, замын хөдөлгөөнд зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлж явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн агуулсан бөгөөд анхан шатны шүүхээс Е.Серикмуратад оногдуулсан биечлэн эдлүүлэх ял болох хорих ялын хэмжээ, нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд бүрэн тохирсон бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Магадлал гаргахад тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох, тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлгүй байна.

 

Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан байдал, хэрэгт чухал ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй, зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийлгээгүй, хэрэгт ач холбогдол бүхий баримт бичиг, эд мөрийн баримтыг шаардан гаргуулж аваагүй, яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, нэг талыг барьсан буюу гүйцэт биш хийсэн, тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчих, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх зэрэг нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Е.Серикмурат нь зам тээврийн осол гарсан өдрөөс хойш анхан шатны шүүх хуралдаан хүртэлх хугацаанд гарсан материаллаг хохирол болон оршуулгын зардлыг төлж барагдуулаагүй байдал /шүүх хуралдаан дээр 2.500.000 төгрөг хүлээлгэн өгснийг тооцохгүйгээр/, Цагдаагийн газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, бичлэг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн / 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 49 тоот шинжээчийн дүгнэлтээр: Иргэн Е.Серикмуратын цусанд 2.7% промилли этилийн спирт илэрч байна, тухайн үедээ хүчтэй согтолттой байсан/, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэний дараа иргэнийхээ үүрэгтээ хандах хандлага буюу хохирогч талд сэтгэл зүйн болон бусад туслалцаа үзүүлээгүй нөхцөл байдал, үйлдсэн хэргийн шинж чанар, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьездийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551.1-ийг хэрэглэн ял оногдуулах саналтай байна...”, “ анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөөч” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөн давж заалдах гомдолд “хүний амь нас хохироосноороо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д заасан “хүнд хор уршиг учирсан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д заасан “...бага насны хүүхэд, ... эрхшээлд байсан, хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн” зэргийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож үзлээ” гэж дүгнэсэн нь буруу болжээ гэжээ.

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолд дурдсан хүндрүүлэх нөхцөл байдалд дүгнэсэн дээрх дүгнэлтийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн 56.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал нь уг хуулийн тусгай ангийн тодорхой зүйл хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байгаа бол түүнийг ял оногдуулахдаа харгалзаж үзэхгүй“ гэсэн заалтаар  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д заасан “хүнд хор уршиг учирсан” гэх хүндрүүлэх нөхцөл байдал, мөн бага насны хүүхэд болон өөр байдлаар эрхшээлдээ байсан хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэсэн нь эрхшээлдээ байсан гэсэн ойлголтод хамаарахгүй бөгөөд  мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д заасан “...бага насны хүүхэд, ... эрхшээлд байсан, хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь тус тус үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Е.Серикмурат, түүний өмгөөлөгч Я.Съезд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-т зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, 

                                            ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                               С.ӨМИРБЕК

 

 

                                 ШҮҮГЧИД                                              Б.ДАМБА

 

 

                                                                                                            Д.МӨНХӨӨ