Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 06

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 123/ШШ2017/0006

Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                                                        

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар би тус аймгийн Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн иргэдийн Нийтийн хуралд холбогдуулан иргэн Ц.Батбаатараас ирүүлсэн “Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, багийн Засаг даргын сонгуулийг дахин зохион байгуулахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын сарын 23-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн Засаг даргад нэр дэмжүүлэх сонгууль 2017 оны 02 сарын 14-ний өдөр явагдсан. Сарлаг баг нь нийт 201 өрхтэй. Сарлаг багийн Засаг даргад Ц.Батбаатар болон Д.Мөнхболд, Ганбаатар гэсэн гурван иргэн нэр дэвшиж санал асуулгыг явуулсан. Эхний санал авахад Сарлаг багийн 100 өрхийн 168 иргэн оролцсон ба нэр дэвшигч нараас 50 хувиас дээш санал авсан хүн байгаагүй. Багийн нийтийн хурлаар өндөр санал авсан 2 нэр дэвшигчид дахин санал хураахаар болсон. Дахин санал хураалтанд нийт 83 өрхийн 137 иргэн санал өгсөн ба Д.Мөнхболд олонхийн саналыг авсан. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11-т зааснаар 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан Засаг даргад нэр дэвшүүлэх сонгуульд Сарлаг багийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцоогүй, ирц бүрдээгүй юм. Мөн Сарлаг багийн иргэдийн нийтийн хурал 2017 оны 02 сарын 14-ний өдөр хуралдсан боловч багийн нийтийн хурлын тогтоол нь 2014 онь 02 сарын 14-ний өдөр гэж гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4 дүгээр тогтоольг хүчингүй болгуулж, багийн Засаг даргын сонгуулийг дахин зохион байгуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга М.Цэнд-Аюуш шүүхэд ирүүлсэн  тайлбартаа:  2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн Засаг даргыг сонгох хурал 14 цаг 10 минутанд эхэлж, орой 20 цагт дууссан. Д.Мөнхбат 70 хүний санал буюу 51,09 хувь, Ц.Батбаатар 67 хүний санал буюу 48,9 хувийн тус тус санал авч 137 иргэн буюу 90 өрхийн ирцтэй хурал явагдсан. Нэхэмжлэл гаргасан Ц.Батбаатарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин явуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2014.02.14 гэж бичигдсэн 04 тоот багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг хүчингүй болгож, Сарлаг 2 дугаар багт Д.Мөнхбод, Ц.Батбаатар нарын хооронд багийн Засаг даргад өрсөлдөх сонгуулийг дахин явуулна гэжээ.

Гуравдагч этгээд Д.Мөнхболд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2017 оны 02 дугаар сарын 14-нд Сарлаг 2 дугаар багийн Засаг даргын сонгууль явагдаж миний бие болон 3 хүн өрсөлдөхөд, нэгээр гарч 50 хувьд хүрээгүй учир дахин сонгууль явагдахад 70 хүний санал, олонхийн санал авсан. Нэхэмжлэгч Ц.Батбаатарын 2 дахь санал хураалт 50 хувьд хүрээгүй учир дахин сонгууль явуулахад татгалзах зүйл байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Батбаатар нь Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, багийн Засаг даргын сонгуулийг дахин зохион байгуулахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 Нэхэмжлэгч Ц.Батбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга М.Цэнд-Аюуш, гуравдагч этгээд Д.Мөнхболд нар нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр гаргаж өгсөн төдийгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагаварын талаар танилцаж зөвшөөрсөн тухайгаа гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харш лаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасны дагуу хариуцагч болон гуравдагч этгээдийн бичгээр гаргасан тайлбар, зөвшөөрлийг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.         

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан иргэн Ц.Батбаатарын гаргасан нэхэмжлэлтэй Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох “Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, багийн Засаг даргын сонгуулийг дахин зохион байгуулахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Батбаатарт олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

                

ШҮҮГЧ                               Д.ЗОРИГТБААТАР